-10o
Улаанбаатар хот
mobile menu

Цэнхэр дуулгатнууд жанжин туганд хүндэтгэл үзүүллээ

2018-09-04 16:58:06

БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 8 дугаар ээлжийн мотобуудлагын баттальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зорих гэж байна.

Тэд өнөөдөр уламжлал ёсоор цэрэг эрсийн сүлд хийморийн бэлгэдэл болсон оройн дээд Жанжин туг, Бүх цэргийн их Хар сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК, Төрийн цэргийн байгууллагуудын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд цэнхэр дуулгатнуудад хандаж хэлсэн үгэндээ, “Мянга мянган жилийн баатарлаг түүхэн уламжлалтай монгол цэргийн дайчин замнал, халуун эх оронч үйл хэргийг өнөө цагт нэр төртэйгөөр залгамжилсан манай цэнхэр дуулгатнууд хүн төрөлхтний амар амгалан байдал, дэлхий дахины энх тайван аюулгүй байдлын төлөө эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа дайчлан оролцож, монгол цэргийн нэр хүндийг дэлхий дахинд дуурсган Зэвсэгт хүчнийхээ түүхийг баяжуулсаар байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин болон Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүнийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үзүүлж буй амжилт, мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалтыг олон улсын хэмжээнд өндрөөр үнэлж байгаа нь манай энхийг сахиулагч бүрийн уйгагүй хөдөлмөр зүтгэлийн үр дүн билээ. Эх орон ард түмэндээ өргөсөн андгай тангарагтай энхийг сахиулагч та бүхэн өмнөх ээлжийнхээ амжилт бүтээлийг улам бататгаж, дэлхийн олон нийт, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ гүнээ ухамсарлан тухайн орны хууль дүрэм, ёс заншлыг хүндэтгэн, энхийг сахиулагчийн ёс зүй, сахилга хариуцлага, дэг журмыг чанад сахин Монгол Улсын төр засаг, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагаас хүлээлгэсэн өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт бид бүрэн дүүрэн итгэж байна.

Ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх явцад Та бүхний өмнө үүсч болох аливаа асуудлыг шийдвэрлэхэд БХЯ, ЗХЖШ-аас бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллах болно” хэмээн тодотгов. Ийнхүү тангараг өргөсөн цэргийн хүний ёсоор эх дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө үүрэг гүйцэтгэх эрэлхэг цэрэг дайчид маань итгэл зүтгэл, хүсэл тэмүүлэл дүүрэн дүүлэн нисэх гэж байна. Цагийн байдлын амаргүй эрсдэлтэй газар оронд эх орон, элгэн саднаасаа хол бүтэн нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг цэргийн алба хаагч бүрээс, гэр бүл бүрээс итгэл үнэмшил, эр зориг, эх оронч сэтгэл шаардсан шийдвэр байдаг бөгөөд энэхүү үйл хэргийг хүн бүр хүндэтгэн бахархдаг билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment