8o
Улаанбаатар хот
mobile menu

УЛСЫН ХЭМЖЭЭНД 22 ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2018-09-05 11:50:47

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санал оруулсан улсын хэмжээнд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг дэмжсэн байна. Ингэснээр эдгээр газрууд тусгай хамгаалалтай газрын тоонд багтаж байгаа юм. Санал оруулсан 22 газарт есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд энэ удаа өргөтгөлөөр буюу өмнө нь дархан цаазтай болон тусгай хамгаалалттай байсан хэд хэдэн газрын талбайг нэмжээ. Мөн шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Цагаан дэлийн агуй дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн байна. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар сүйдэж, эко байдал нь алдагдах эрсдэлтэй газруудаа хамгаалж, байгалийн унаган төрхийг нь хадгалан үлдэх боломж бүрдэж байгаа юм. Тэсийн гол, Хөх нуур, Мэнэнгийн цагаан хоолой, Улз голын эх зэрэг газруудыг улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 3.2 сая га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 2.1 хувиар нэмэгдэх юм. Өнөөдөр Монгол улсын газар нутгийн 27. сая га газар буюу нийт нутаг дэвсгэрийн 17,8 хувь нь тусгай хамгаалалтанд багтаж байна.

Улсын тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн газруудын жагсаалт:

Өргөтгөлөөр:

– Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,

– Нөмрөгийн дархан цаазат газрын өргөтгөл,

– Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газрын өргөтгөл,

– Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл,

– Дарьгангын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,

– Булган гол, Их онгогын байгалийн цогцолборт газрын өргөтгөл,

– Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөл,

Шинээр:

– Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар,

– Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Улз голын эх, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар,

– Цагаан дэлийн агуй дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ.

ЗАРИМ ГАЗАР НУТГИЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” /УИХ, 2016/ 2.3.1-т “… Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах”, “Ногоон хөгжлийн бодлого” /УИХ, 2014/ 3.2.1-т “байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь хүргэх”, Улсын Их Хурлын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.4-т “Байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгалийн баялгийг арвижуулах, байгаль, түүх, соёлын өвийг хамгаалах зорилгоор байгалийн бүс, бүслүүрийн үндсэн шинж, иж бүрдлийг төлөөлсөн, экологийн онцгой ач холбогдол бүхий газар нутгаар тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, нийт улсын нутаг дэвсгэрийн 30-аас доошгүй хувьд хүргэнэ”, Ус үндэсний хөтөлбөр”-т “Гол  мөрний урсац бүрэлдэх эхийн 60 хувьд хамаарах газрын хилийг нарийвчлан тогтоож, улсын болон орон нутгийн хамгаалалтад авна”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр /УИХ, 2016/-ийн 4.2.1-т “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авна” хэмээн тодорхойлсон төрийн бодлогын баримт бичгийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар “Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг боловсруулсан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл