Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын
Үндэсний бөхийн холбоонд үүссэн маргаантай холбоотойгоор өнгөрсөн дөрөвдүгээр сард маргалдагч талуудыг хүлээн авч уулзан "Тавдугаар сард багтаан асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол Бөхийн өргөөг улсын өмчид авна" хэмээн хэлж байлаа. Үүнийхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх асуудлаар арга хэмжээ авах тухай албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээлээ. Албан бичигтээ "Бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдийн хүрээнээс хальж, бөх сонирхогчдыг хүртэл талцуулах хэмжээнд хүрсэн энэхүү үйл явдлыг иргэд, олон нийт илт буруушааж, улсын төсвийн хөрөнгө, ард түмний хандив, тусламжаар байгуулагдсан Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах ёстой гэдэг санал, шаардлагыг гаргах болсон нь зүй ёсны хэрэг бөгөөд анхаарч шийдвэрлэвэл зохих үндэслэл бүхий асуудал” гэжээ.
Албан бичигтээ "Бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдийн хүрээнээс хальж, бөх сонирхогчдыг хүртэл талцуулах хэмжээнд хүрсэн энэхүү үйл явдлыг иргэд, олон нийт илт буруушааж, улсын төсвийн хөрөнгө, ард түмний хандив, тусламжаар байгуулагдсан Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах ёстой гэдэг санал, шаардлагыг гаргах болсон нь зүй ёсны хэрэг бөгөөд анхаарч шийдвэрлэвэл зохих үндэслэл бүхий асуудал” гэжээ.
Түүнчлэн албан бичигт, “Засгийн газар Бөхийн өргөөний барилгын дуусгалд шаардагдаж байгаа 1.1 тэрбум гаруй төгрөгийн 800 сая төгрөгийг нь улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэж, 1998 оны хоёрдугаар сарын 01 болон 10-ны өдрүүдэд Засгийн газрын холбогдох яам, агентлаг нь Монголын Үндэсний бөхийн холбоотой гэрээ байгуулж, хуваарийн дагуу санхүүжүүлснээр Монгол бөхийн өргөө ашиглалтанд орсон түүхтэй” байдаг талаар бичжээ.
Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд дээрхийг авч үзвэл нийт зардлын дийлэнх хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн байгуулсан Монгол бөхийн өргөөний гол өмчлөгч нь төр байхаар байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.
Тухайлбал,
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна”,
6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна”,
3 дахь хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна” гэж заасан байдаг.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Засгийн газар “төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах, төрийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах” үүрэг хүлээж байгаа” талаар албан бичигт дурджээ.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хуулийн дагуу Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүссэн байна.