8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Одбаяр: Хүрэн нүүрсний 30 гаруй тэрбум тонн нөөцийг шинэ технологиор ашиглана

2018-09-07 13:56:00

Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх нүүрсний экспорт, худалдаа тээвэр ложистикийг сайжруулах зорилготой “Coаl Mongolia” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн хоёр өдөр болж өнгөрлөө. Чуулганыг хамтран зохион байгуулсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяртай ярилцлаа.

- Дэлхий нийтээрээ эрчим хүчний буюу хүрэн нүүрснээс татгалзаж эхлээд байна. Манай улс  эрчим хүчний нүүрсний нөөцөө хэрхэн ашиглах талаар шинэ санаа, шийдэл юу байна вэ?

-Монгол Улс  эрчим хүчний нүүрсний 37,4 тэрбум тонны батлагдсан нөөцтэй. Багануур, Шивээ овоо,  Шарын гол, Адуунчуулууны уурхайнууд эрчим хүчний нүүрсийг олборлож төвийн цахилгаан станцуудад нийлүүлж байна. Ер нь 30 гаруй тэрбум нөөцийг хэрхэн ашиглах вэ гэсэн асуулт байна.Таны хэлснээр дэлхий нийтээрээ байгаль орчны асуудлаас болж эрчим хүчний нүүрснээс татгалзаж байна. Монголчууд бид үүнээс татгалзах хараахан болоогүй байна. Гэхдээ бусад орнууд, тухайлбал, Австрали Хятад Канад зэрэг орнуудад  хүрэн нүүрснээс шингэрүүлсэн түлш, химийн элемент гаргах гэх мэт  газ гаргах маш олон технологиудыг нэвтрүүлээд хэрэгжүүлж байна. Австрали, БНХАУ-ын Засгийн газар нь гэхэд энэ чиглэлийн төслүүддээ хөрөнгө гаргаж санхүүжүүлэн ажиллаж байна. Тиймээс Монгол Улс хүрэн нүүрсний энэхүү баян нөөцөө ашиглаад шингэрүүлсэн түлш, газ, метан гаргах төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.  Энэ чиглэлээр “Эрдэнэс Монгол” компани судалгаа хийж байна. Бид АНУ-ын “Polaris” төслийг хэрэгжүүлэхээр судалгаа хийсэн. Мөн Хятадын компанитай өчигдөр л гэхэд хүрэн нүүрсийг хэрхэн ашиглах, хөрөнгө оруулалтыг ямар түвшинд хийгдэх энэ чиглэлээр уулзалт яриа хийсэн байгаа. Тодруулах юм бол Шивээ Овоогийн уурхайг түшиглээд нүүрс шингэрүүлэх үйлдвэр барихаар санал солилцож байна. Энэ мэтчилэн хүрэн нүүрсний хэрэглээг уламжлалт технологиос арай өөр байдлаар ашиглах шаардлагатай байна. Эс тэгвээс бидний ашиглаж чадахгүй арвин их нөөц байсаар л байх нь байна. 

О.Одбаяр: Хүрэн нүүрсний 30 гаруй тэрбум тонн нөөцийг шинэ технологиор ашиглана

-Хүрэн нүүрсийг шингэрүүлэх яриа хэлэлцээрийн төвшинд  хөрөнгө оруулалтыг хэр хэмжээгээр тооцоолсон бэ. Манай зүгээс хөрөнгө санхүүгээ хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөө байгаа юу?

-Хүрэн нүүрсний нөөц их байгаа боловч илчлэг харьцангүй бага буюу 2800-3000 ккалорийн илчлэгтэй. Бид жилдээ 6-7 сая тонныг жилдээ цахилгаан станцуудад ашиглаж байна. Яг өнөөдрийн энэ хэрэглээгээр тооцох юм бол бид 3700 жил хүрэн нүүрсээ ашиглах болж таарч байгаа.

Эхний ээлжинд гаднаас импортоор авдаг дизель түлшийг хүрэн нүүрснээсээ гаргаж авахаар ажиллаж байгаа. Энэ тал дээр түрүүн дурьдсан Америкийн “Polaris”  төсөл,  Фишер троппын арга, хятадуудын хүрэн нүүрсэндээ хийсэн судалгааны арга зэргээс манай орны нүүрсний онцлогт аль арга нь тохирох вэ гэдгээс технологийг тохируулан хэрэгжүүлнэ. Хүрэн нүүрснээс дизель түлш дөнгөж гаргаад явж байгаа хамгийн ойрын жишээ манай урд хөршийн Өвөрмонголд байна. БНХАУ-ын Засгийн газар энэ төсөлд 7,2 тэрбум юаны хөрөнгө оруулалт хийсэн, үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. Эдгээр төслүүдийн үр дүн 2020 онд гарна. Гэхдээ улс орнууд эдгээр төслүүдээ хэрэгжүүлж үйлдвэрт нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгааг бид харж байна. Тиймээс бидэнд хүрэн нүүрсний баялаг нөөц байна, нөгөө талд гадаадын хөрөнгө оруулагчдад бэлэн технологи байгаа учраас хоёр талаасаа тохиролцох боломжтой. Ганцхан бэрхшээл нь хүрэн нүүрснээс олборлож байгаа дизель түлш, метан, химийн бодисууд өндөр өртөгтэй гарч байгаа. Энэ өртгийн асуудлыг бууруулах чиглэлээр судлаачид ажиллаж байна.  “Эрдэнэс Монгол” компанийн судалгааны баг энэ чиглэлээр давхар ажиллан гадны экспертүүдтэй хамтарч байгаа.

Засгийн газрын түвшинд түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзах  шийдвэр гаргасан. Тиймээс бид нүүрсийг бид газын хий, дизель түлшээр орлуулах ёстой. Аль болох түүхий нүүрснээс татгалзах бүтээгдэхүүн шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор хүрэн нүүрснээс сайжруулсан түлш гаргах чиглэлээр судалгааны ажлууд хийгдээд явж байгаа. Хүрэн нүүрсийг сайжруулсан түлш, шахмал түлш болгох буюу байгаль орчинд ээлтэй илчлэг түлш гаргах тал дээр судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. Энэ төсөлд БНСУ болон БНХАУ-ын  компаниуд бидэнтэй ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлахад 500 сая ам.долларын зээлийг тус улсаас сайжруулсан түлш бэлтгэх буюу утаатай тэмцэхэд зарцуулахаар  гаргасан. Энэ төсөлд солонгосын компаниуд хамтран ажиллана.

-Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Монгол” компани хэдий хэмжээний нүүрс экспортлоод байгаа вэ. Тээвэрлэлтийн улмаас гарч буй хүндрэл бэрхшээлийг яаж шийдвэрлэж байна вэ?

-Гашуунсухайтын зам 18 сая тоннын даацтай. Тэр замаар “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн Тавантолгой, “Энержи ресурс” компаниуд, түүний дээрээс “Оюутолгой” ХК бас зэсээ явуулж байна. Тиймээс Гашуунсухайтаар  ойролцоогоор жилдээ 25 сая тонн бүтээгдэхүүн нэвтрүүлж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” өнөөдөр 10-аад сая тонн нүүрсний борлуулалтыг хийгээд байна. Манай компани 2018 онд 11 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Одоогийн байгаа замын явц, эргэлт, хил гаалийн нэвтрэх чадварыг харахад, өдөртөө 1000 гаруй машин хил нэвтрээд байх юм бол оны эцэст 11-12 сая тонн хүрэх боломжууд бий. Ингэснээр эдийн засагт томоохон эерэг нөлөөлөл авчирна. Өнөөдөр “Coal Mongolia-2018” чуулга уулзалтад Хятадын судлаачид ирсэн байна. Тэдэнтэй уулзаж ярилцахад, цэвэр коксжих нүүрсний худалдан авалт буурахгүй бөгөөд 2019-2020 онд   хятадын зах зээл дээр байгаа үнэ тогтвортой байна гэдгийг хэлж байна. Энэ нь манай ашигтай учраас нөхцөл байдлыг ашиглаад нэвтрэх хүчин чадлаа нэмэгдүүлэх ёстой. Одоогоор Монгол Улс  Баяннуур аймгийн Ганц мод  гэдэг боомтоор бүх түүхий эдийн экспортоо гаргаж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ дахь Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо Владивосток боомтоор нүүрс гаргах талаар яриа хэлэлцээ хийсэн байсан. Энэ тухай яригдсан албан ёсны гэрээ хэлэлцээр байгаа юу?

-2018 оны хавар Орос-Монголын хамтарсан чуулга уулзалтын үеэр тус улсын бизнес эрхлэгчид монголын бизнесменүүдтэй уулзаж ярилцсан. Тэдний талаас олон санал тавьсны нэг нь нүүрс авья гэсэн. ОХУ жилд 400 сая тонн нүүрс олборлож байгаа. Гэсэн хэдий ч манай Тавантолгойн нүүрс калори маш өндөртэй, гайхамшигтай нүүрс. Тиймээс тус улсын зүгээс жилд  2-3 сая тонныг авах боломжтой гэдгээ илэрхийлсэн.

Тэгэхээр бид Тавантолгойн нүүрсийг ганцхан Владивосток гэлтгүй төв магистралл төмөр зам дээрээ авчрах эхний ээлжийн шийдэл хэрэгтэй. Тиймээс миний харж байгаагаар эхний ээлжид Чойр, Сайншанд руу төмөр зам тавих, үгүй юм бол автозам тавиад нүүрсээ авчирч буулган тэндээсээ олон улсад гарцаа нэмэх боломжтой. Владивосток руу Тавантолгойн нүүрсийг тээвэрлэхтэй холбоотойгоор тээврийн өртгийг тооцож үзэхэд хятадын зүүн эрэг орох зардалтай ойролцоо гарч байгаа.  Хятадаар дайрч аваачих нь өөрөө бас өндөр зардалтай. Ганц модоос гараад Баяннуур, Баяннуураас  Шаньси, Шаньсигаас Хэбэй, Хэбэйгээс зүүн эрэг явах зардал шууд явах зардлыг тооцоолоход ийм байгаа.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
АГУУ ИХ
емхий шуналт хvн жоом чи Улс орон уул усаа ухаж тенхеж сенеецгоое л гэж байнуу. Чи муу жоом хойд насандаа яана даа. Бараг л энэ насандаа баларна даа. Ха ха ха ха ха четгер чамайг авах о. одбаяраа
2018/09/09 107.77.83.33