8o
Улаанбаатар хот
mobile menu

ЭРДЭС БАЯЛГИЙН БИРЖ БАЙГУУЛАХ ШАЛТГААН, ЯАГААД ОДОО ГЭЖ?

2018-09-06 21:00:00

Дисковери Монголиа чуулга уулзалт үргэлжилж байна.  Үдээс хойшх хуралдаан  “Засгийн газрын санаачлагууд”, “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо”  сэдвийн хүрээнд өрнөж байна.

Хэлэлцүүлэгт  УУХҮ-ийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр “Үндэсний баялгийн сан”,  Эрдэнэс Монгол ХХК-ийн Дэд захирал Г.Ганболд  “Эрдэс баялгийн бирж ба Эрдэнэс Монголын хөгжил”,  Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ЭЗХО хариуцсан захирал С.Ашидмөнх  “Эрдэнэс Тавантолгой”-н бизнес хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэлээ.  Уул уурхайн зах зээлийн мөчлөг өгсөх хандлагатай байгаа бөгөөд энэ ашигтай үеийг Монгол улс ухаалгаар ашиглах шаардлагатай байгааг илтгэгчид онцолсон.

Өнгөрсөн жилийн гүйцэтгэлээр манай улс 4.9 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолсон нь 2016 оныхоос 41.6 хувиар илүү байгаа ажээ. 2016 онд нэг тонн нүүрсний хилийн дундаж үнэ 37.8 ам.доллар байсан бол 2017 оны мөн үед 68.4 ам.долларт хүрч өссөн байна.

“Эрдэс бүтээгдэхүүний экспорт улам өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа учраас  Эрдэс баялгийн бирж байгуулж стратегийн түүхий эд буюу эрдэс баялгаа  зах зээлийн бодит ханшаар худалдах цаг нь ирсэн” гэдгийг  Эрдэнэс Монгол ХХК-ийн Дэд захирал Г.Ганболд онцолсон. Тэрээр “Эрдэс баялгийн бирж байгуулагдвал худалдагч, худалдан авагчийн харилцаа нээлттэй, ил тод, шилэн болохоос гадна   нүүрсний зах зээлд эрүүл өрсөлдөөн бий болно.  Улсын төсөвт их хэмжээний орлого бүрдүүлж өгнө” гэлээ.

Г.Ганболд захирал одоогийн Монгол улсын нүүрсний нийлүүлэлтийн гинжин хэлхээг загварчлан үзүүлсэн нь төлөөлөгчдийн сонирхлыг татсан.  Хөдөө аж ахуйн биржийн зах зээлд үзүүлсэн шууд үр дүнг харьцуулах хэлбэрээр Эрдэс баялгийн биржийн нүүрсний зах зээлд үзүүлэх шууд нөлөөг тодорхой тайлбарлалаа.

Монгол улсын Эрдэс баялгийн биржийн ирээдүйг “Олон улсад нээлттэй, хүлээн зөвшөөрөгдсөн таваарын бирж, Монгол Улсын Талын зам, БНХАУ-ын Бүс ба Зам санаачилга, Монгол Улс, Орос Улс, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах субъектын үүргийг гүйцэтгэх боломжтой” гэж тэрээр тодорхойлов.

Дисковери чуулга уулзалт маргааш үргэлжилнэ. Маргаашийн хэлэлцүүлэг уул уурхайн салбарын татвар, хууль эрх зүйн орчны шинэчлэл, Засгийн газрын дэмжлэг, орон нутаг, байгаль орчны чиглэлийн санаачилга, хөрөнгө оруулалт , томоохон компаниудыг татах чиглэлд төвлөрөх аж.

 

Боловсруулсан:  С.Хүрэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл