8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэс Монгол” ХХК дэд бүтэц, ложистик, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ

2018-09-07 15:10:00

Discover Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалт манай улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүний зах зээл эерэг болж, томоохон төслүүдийг урагшлуулах алхам хийгдэж байгаа цаг үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.

Чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ болон уул уурхай, бизнесийн салбарын ТББ, хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулалтын сангийнхан, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, судлаач, шинжээчид зэрэг 25 орны 600 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

Чуулга уулзалтыг нээж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар илтгэл тавьсан бөгөөд тэрээр уул уурхайн хайгуул, олборлолт, нэмүү өртөг шингэсэн боловсруулах салбар, шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг дуулгаад энэхүү өндөр хөрөнгө оруулалтын хэрэгцээг хангахад бүтээлч хамтын ажиллагаа шаардлагатайг онцоллоо. Салбарын сайд геологи хайгуул, уул уурхайн салбарын өнөөгийн байдал болон Таван толгой, Оюу толгой ордуудын талаар мэдээлэл өгч,  нэмүү өртөг шингэсэн, боловсруулах үйлдвэрлэл, бүс нутгийн интеграци ба дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар  танилцуулсан нь төлөөлөгчдийн анхаарлыг татсан юм.

Энэ удаагийн чуулганаар анх удаа бүс нутгийн худалдааг уул уурхайтай холбосон салбар хуралдаан болж хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү онцлох илтгэлийг тавив. “МУ-ын хөгжилд Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт түүний илтгэлд “Эрдэнэс Монгол” компани дунд хугацаанд  үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, эрчим хүч дэд бүтэц, ложистик, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгааг дуулгалаа. Нүүрснээс түлш боловсруулах, ган төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үнэт металл цэвэршүүлэх зэрэг үйлдвэрийн төслүүдийн явц, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж, Багануур, Шивээ Овоогийн уурхайд өргөтгөл, техникийн шинэчлэл хийх шаардлага бийг хөрөнгө оруулагчдын сонорт хүргэв. 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааны асуудлаар хийсэн мэдээлэл төлөөлөгчдийн сонирхлыг татсан. Засгийн газрын тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” ХХК  гурван сая ширхэг хувьцааг санхүүгийн тайландаа бүртгэсэн ч хүн амын өсөлтийг харгалзан давуу эрхийн хувьцааг таван сая болгон компанийн дүрэмд нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд давуу эрхийн хувьцаа эзэмшигч стратегийн ач холбогдол бүхий 16 ордын үр ашгийг хүртэнэ” гэдгийг П.Ганхүү захирал илтгэлдээ онцолсон юм.   

“Дисковери Монголиа”чуулга уулзалт хоёр өдөр үргэлжилнэ. Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын давуу тал, боломжуудыг таниулах, тулгарч буй сорилтуудыг хэрхэн даван гарах зэрэг сэдвүүдийг онцгойлон хэлэлцэх юм.

 

Боловсруулсан: С.Хүрэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл