8o
Улаанбаатар хот
mobile menu

" Зөрчил гаргасан 1345 иргэнд 29.307.000 төгрөгийн торгуул ногдуулсан"

2018-09-10 13:53:50

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 29807, гэмт хэргийн шинжтэй 973, бусад 1642 дуудлага бүртгэгдсэн байна. Нийслэлийн Засаг даргын “Хүн, мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/720 дугаар захирамжийн хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран нийт 16 алба хаагч, 24 цагаар үүрэг гүйцэтгэн, 7739 зорчигчдын ачаа тээш, 42847 тээврийн хэрэгсэл, иргэдийн эзэмшлийн болон тууварлаж яваа 7571 толгой малд шалгалт хийсэн. Шалгалтаар 9 тээврийн хэрэгсэл журамлаж, 2526 санамж, сэрэмжлүүлэг тарааж, зөрчил гаргасан 1345 иргэнд 29.307.000 төгрөгийн торгуул ногдуулсан” гэж танилцуулав.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө +15, +17 хэм, шөнөдөө  +3, +6 хэм дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 5-10 м/с байх төлөвтэй байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын 101 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 82, эрэн хайх, аврах ажиллагааны 19 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагаанаас нийт 103 иргэн, 220 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан. Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай “Газрын тос олборлодог, хадгалдаг, борлуулдаг байгууллага”-уудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт шалгалтыг зохион байгууллаа.   Шалгалтаар 9 дүүргийн нийт 106 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартыг зөрчсөн 708 зөрчлийг илрүүлж, 140 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 89, мэдэгдэл 9-ийг тус тус хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна” гэж танилцуулав.

“Манай газраас өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. “Абсолют кэш энд кэрри” ХХК-нд төлөвлөгөөт бус шалгалт хийж 6 сая төгрөгийн торгууль ногдуулж,  албан шаардлага болон “Эрх бүхий албан тушаалтны албан даалгавар” хүргүүлж, хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар зогсоосон. Мөн Сонгинохайрхан дүүргийн Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх газруудад хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтад хамрагдсан 15 иргэн, ААН-ээс “Мал төхөөрөх үйл ажиллагааг үнэлэх” үнэлгээрээр бага эрсдэлтэй 3, дунд эрсдэлтэй 2, их эрсдэлтэй 10 аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжид илэрсэн зөрчил дутагдалд 7.8 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. “Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгасан саналаа энэ долоо хоногтоо багтаж НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэст тулгаж дуусгахад анхаарч ажиллах хэрэгтэй байна” гээд “Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Засаг дарга нарын хамтрасан ажлын хэсгийг байгуулж боловсролын салбарт үүсээд нөхцөл байдлын асуудлаар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзалт, ярилцлага зохион байгуулж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явуулахад тодорхой үр дүн гаргаж ажиллах, Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээлэж байгаа сургуулуудын судалгааг гаргаж, хоёр ээлжинд шилжүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажлын явцтай уялдуудан үзлэг шалгалт зохион байгуулж, засврын ажлыг эрэмбэлж 2019 оны төсөвт саналаа тусгаж ажиллах, Авто зам болон хот нийтийн аж ахуйн хяналтыг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулинд төрийн болон төрийн бус байгууллагын албан байр, хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байх тул хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл