Хоёрдугаар сарын 12 буюу өнгөрөгч баасан гаригт нэгэн эмэгтэй “Хүннү молл” худалдааны төв өдрийн 15:10-16:40 цагийн хооронд есөн настай хүүгээ, дүүгийнх нь хамт нэг цаг, гучин минут тоглуулахаар оруулсан байна. Гэтэл 10 гаруйхан минутын дараа хүүгийн чих нь сэтэрч, их хэмжээний цус алдсан, мөгөөрс нь хуваагдсан байдалтай гарч иржээ. Хүүхдийг чихээ сэтэлсэнээс хойш 20 минутын турш хүүд хэн ч, ямар ч анхан шатны тусламж үзүүлээгүй, чих нь сэтэрч цус нь гарсан хэвээр тоглоомын тасгийн шалан дээр ганцаараа уйлж суусан бичлэг нь үлдсэн байна. Тус төвийн тоглоомын тасгийн ажилтнууд цусыг арчиж цэвэрлээгүй хайхрамжгүй хандсан байна. Одоо хүү эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд чихэндоо оёдол тавиулжээ. “Хүннү молл” бол Монголын хамгийн анхны томоохон худалдаа үйлчилгээний цогцолбор төв. Тэд өөрсдийгөө "Амьдралын аз жаргалтай цаг мөчүүдийг өнгөрүүлэх Монгол улсын тэргүүлэх, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн "АЗ ЖАРГАЛЫН ӨРГӨӨ" гэж рекламддаг. Түүгээр ч барахгүй "Хэрэглэгчээ дээдэлж, үйлчилгээний өндөр стандарт, аюулгүй байдлыг чухалчилж ажиллана" гэж зарладаг. Гэвч тэд өөрсдийгөө сурталчилдаг шигээ хэрэглэгчээ дээдэлсэнгүй,стандарт, аюулгүй байдлыг чухалчилж чадсангүй. Харин ч айл гэрийн аз жаргал болсон хүүхдийг эрүүл мэндээр нь хохироолоо. Сүүлийн үед эцэг эхчүүд тус газрын тоглоомын тасгаар үйлчлүүлэх болсон. Гэвч энэ мэт алдаа дутагдал гаргаж, бяцхан үрсийн эрүүл мэндээр тоглоод байвал яах вэ... Хариуцлага тооцох, хяналт тавих газар байна уу...
“Хүннү молл” худалдааны төвийн ажилчдын хайхрамжгүй байдлаас болж 9 настай хүү чихээ сэтэлжээ
2016-02-17 12:52:00