8o
Улаанбаатар хот
mobile menu

“МИАТ” ТӨХК “Jetstar” групптэй хамтран ажиллана

2018-08-05 16:00:00

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Азийн бага зардлын агаарын тээврийн компанийн нэг болох Австрали Улсын Мельбурн хотод төвтэй Jetstar группийн ”Jetstar Airways”, ”Jetstar Asia”, ”Jetstar Pacific”,”Jetstar Japan” компаниудтай электрон тийзийн гэрээ, нэг талын тээвэрлэлтийн болон тусгай тарифын гэрээ байгуулан үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэллээ.

Нэг талын тээвэрлэлтийн болон тусгай тарифын гэрээний дагуу МИАТ компанийн тийз борлуулалтын төв болон гэрээт борлуулагч агентууд дээрх бага зардлын агаарын тээврийн компанийн нислэгүүдэд зорчигчийн тийз бичиж үйлчлэх боломжтой боллоо.

Бага зардлын агаарын тээврийн компаниуд нь суудал захиалгын системийн боломж, үйлчилгээний стандартаас хамаарч олон улсын болон орон нутгийн нислэгт тийз худалдан авсан зорчигчдод олон улсын нисэх буудал дахь бүртгэлийн цэгт хүрэлцэн очиж нислэгийн тийз болон тээшээ бүртгүүлэх, эсвэл цахим хуудсаар дамжуулан нислэгийн тийз бүртгэх үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг.

Иймээс дээрх компани болон бусад бага зардлын агаарын тээврийн компаниудын нислэгт тийз худалдан авсан нөхцөлд “МИАТ” ТӨХК нь нислэгийн тийз болон тээш бүртгэлийг дамжин өнгөрөх хотоос эцсийн цэг хүртэл хийхгүй бөгөөд дамжин өнгөрөх хотын нисэх буудлын хил гаалийн шалгалтаар нэвтрэн, эдгээр компаниудын бүртгэлийн цэгт очиж тухайн нислэгтээ бүртгүүлэх юм. Энэ тохиолдолд дамжин өнгөрч буй улсын визийг заавал авсан байх шаардлагатай.

Сүүлийн жилүүдэд агаарын тээврээр үйлчлүүлэгчид бага зардлын агаарын тээврийн компаниудын цахим хуудсаар дамжуулан хямд үнэтэй нислэгийн тийзийг худалдан авч Сөүл, Токио, Берлин, Франкфурт хотоор дамжин гуравдагч улс руу нисэж байна.

Тухайлбал агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн дийлэнх нь Сөүл хотын Инчон олон нисэх буудлаар дамжин бага зардлын агаарын тээврийн компаниуд болох гадаад улсын Cebu Pacific, Air Asia, Air Asia X, Peach Aviation, Scoot & Tiger, Vietjet Air, Sky Angkor Airlines, БНСУ-ын Jeju Air, Jin Air, Air Seoul, Tway Air, Eastarjet компанийн дамжин өнгөрөх нислэгүүдээр зорчиж байна. Энэ тохиолдолд Инчон нисэх буудлын хил гаалийн шалгалтаар нэвтрэн, дээрхи компаниудын бүртгэлийн цэгт очиж тухайн сонгосон нислэгтээ тийз болон тээшээ бүртгүүлэх бөгөөд БНСУ-ын визийг авсан байх шаардлагатай юм.

МИАТ ТӨХК нь гадаад улсын агаарын тээврийн томоохон компаниудтай харилцан зорчигч болон тээшийг хүлээн зөвшөөрч тээвэрлэх зорилгоор хоёр талын тээвэрлэлтийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Энэхүү гэрээгээр агаарын тээврийн компаниуд харилцан зорчигч болон тээш тээвэрлэх, түүнтэй холбогдох харилцааг зохицуулдаг бол нэг талын тээвэрлэлтийн гэрээгээр оролцогч нэг тал нь нөгөө талын зорчигч болон тээшийг хүлээн авч, тээвэрлэх үүрэг хүлээдэг.

Өнөөдрийн байдлаар МИАТ ТӨХК нь БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан, ХБНГУ, Япон, АНУ, Австрали, Франц, Итали, Дани, Их Британи, Малайз, Сингапур, Тайланд, Энэтхэг, Вьетнам, Катар, Турк зэрэг гадаадын 20 улсын 30 гаруй агаарын тээврийн компани, ХБНГУ-ын Deutsche Bahn галт тэрэгний компанитай зорчигч болон тээш тээвэрлэх гэрээ байгуулан хамтран ажилласнаар дэлхийн өнцөг булан бүрд МИАТ компанийн нислэг болон хамтрагч компанийн нислэгээр дамжин хүрэх боломжийг бүрдүүлж байна.

Хоёр талын болон нэг талын тээвэрлэлтийн гэрээтэй компаниудын жагсаалттай танилцана уу.

  1. Aeroflot-Russian Airlines
  2. Air Astana
  3. Air China
  4. Air India
  5. Air France
  6. Alitalia
  7. All Nippon Airways
  8. Asiana Airlines
  9. British Airways
  10. Cathay Pacific
  11. China Airlines
  12. China Southern
  13. Condor
  14. Delta
  15. Eva Airways Corporation
  16. Hainan Airlines
  17. Hanh Air  (нэг талын гэрээ)
  18. Hongkong Airlines
  19. Hongkong Dragon Airlines
  20. Japan Airlines
  21. Jetstar Airways (нэг талын гэрээ)
  22. Jetstar Asia (нэг талын гэрээ)
  23. Jetstar Pacific (нэг талын гэрээ)
  24. Jetstar Japan (нэг талын гэрээ)
  25. KLM Dutch Airlines
  26. Korean Airlines
  27. Lufthansa
  28. Malaysian Airline System
  29. Qantas Airways
  30. Qatar Airways
  31. Singapore Airlines
  32. Thai Airways
  33. Turkish Airlines
  34. Uni Airways Corporation
  35. United Airlines
  36. Vietnam Airways

Дээрхи жагсаалтад ороогүй агаарын тээврийн компаниудын нислэгт тийз худалдан авсан нөхцөлд нислэгийн тийз болон тээш бүртгэлийг дамжин өнгөрөх хотоос эцсийн цэг хүртэл хийхгүй бөгөөд дамжин өнгөрөх хотын нисэх буудлын хил гаалийн шалгалтаар нэвтрэн, эдгээр компаниудын бүртгэлийн цэгт очиж тухайн нислэгтээ бүртгүүлэх юм. Энэ тохиолдолд дамжин өнгөрч буй улсын визийг заавал авсан байх шаардлагатай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл