18o
Улаанбаатар хот
mobile menu

Тусгай хамгаалалтын бүсийн нүхэн жорлонгуудыг цэгцэлж эхэллээ

2018-09-11 15:00:00

Улаанбаатар хотын ундны эх үүсвэр, усан сан бүхий газар дахь хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж, Нийслэлчүүдийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд байгааг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт баталж байгаа билээ. Усан сан бүхий газрын хөрсний бохирдол нь Улаанбаатар хотыг богино хугацаанд ундны хомстолд хүргэхээс гадна, олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд мөн анхааруулж байна. 

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд 3.852, энгийн хамгаалалтын бүсэд 18.381, эрүүл ахуйн хориглолтын бүсэд 3.629, нийт 25.862 иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж, ашиглаж байгаа талаарх судалгаа байдаг. Энэхүү хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх нь битүүмжлэлгүй нүхэн жорлон, угаадасны нүх ашигладаг нь усны сан бүхий газрын 28554,6 га, ус хангамжийн эх үүсвэрийн 12708,6 га газар болон Улаанбаатарчуудын ундны эх үүсвэрийг бохирдуулж байгаа нь хотын иргэн бүрийн санаа зовох асуудлын нэг болоод байсан билээ.

Харин Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой, энгийн хамгаалалтын  бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын, хязгаарлалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага стандартын бус нүхэн жорлон, угаадасны нүх ашиглахыг хориглох” захирамж гаргалаа. Уг захирамж хэрэгжиж эхэлснээр усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд газар эзэмшиж ашиглаж байгаа 25.862 иргэн, аж ахуйн нэгж байгууллага "Техникийн шаардлагаМNS5924:2015 стандарт"-ын дагуу нүхэн жорлон, ариун цэврийн байгууламжтай болж, хамгаалалтад авсан усны сан бүхий газрын 28.554,6 га, ус хангамжийн эх үүсвэрийн 12.708,6 га газрын хөрс, ус бохирдох нөхцөлийг эрс бууруулах юм. Мөн “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлагаМNS5924:2015” стандартыг сурталчлах, хориглосон бүсэд стандартын бус нүхэн жорлон, угаадасны нүх ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын гэрчилгээ сунгах, нэр шилжүүлэх, байгалийн дагалт баялаг ашиглах эрхийн бичиг, худгийн зөвшөөрөл, байгаль орчны дүгнэлт олгох үйлчилгээ үзүүлэхгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Газрын албанд тус тус үүрэг болголоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment