-8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Бямбацогт татварын ээдрээг тайлах асуулга тавив

2018-09-14 09:46:45

Аливаа улс орон баялаг бүтээгчдээ дэмжиж байж хөгждөг. Тийм ч учраас төрөөс үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдээ гааль татварын бодлогоор дэмжиж, импортыг орлох экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гол зорилгоо болгодог. Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний хөрөнгө оруулагчдыг бүхий л талаар дэмжиж, эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл орлогын албан татвараас хөнгөлж, чөлөөлөх, Монгол Улсад үйлдвэрлэсэн уул уурхайгаас бусад салбарын бүтээгдэхүүний 50-иас дээш хувийг экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгж болон нийт дотоодын үйлдвэрлэлийг гааль, татварын бодлогоор дэмжих тухай тодорхой зорилтууд туссан. Тэгвэл 2016 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, татварт ногдох орлогын албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг суманд 90 хувиар хөнгөлөх заалтыг тусгаж өгсөн. Харамсалтай нь энэ хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна. Тухайлбал Ховд аймагт бүртгэлтэй 1848 татвар төлөгч аж ахуйн нэгжээс ердөө 13 нь татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан гэсэн мэдээ байна. Мөн манай улсаас экспортолж буй бараанд Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7200, Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд 9300 төрлийн бараанд тэдгээр улсын гаалийн тарифын хөнгөлөлтийг эдлэх боломжтой болсон ч энэ бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа юм. Иймээс энэ асуудлыг эрчимжүүлэх талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан асуулга тавьжээ. Тэрээр асуулгадаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд алслагдсан бүс нутагт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа хэдэн аж ахуйн нэгж 50-иас 90 хувийн татварын хөнгөлөлт эдэлсэн, энэ нь нийт дүнгээрээ хэдэн төгрөгт хүрсэн талаар асуусан байна. Мөн Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем /XEC буюу GSP/, Япон улстай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЭЗТХ буюу EPA/-ийн хүрээнд гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой 9300 төрлийн бараанаас хэдэн төрлийн бараа экспортод гарч, ямар хэмжээний тарифын хөнгөлөлт үзүүлсэн талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүсчээ. Түүнчлэн хөрш орнууд болох БНХАУ, ОХУ болон БНСУ, Хойд Америк, Ази-Номхон далай, Арабын орнуудын зах зээл рүү гаалийн татваргүй буюу татварын хөнгөлөлттэй нөхцлөөр бараа бүтээгдэхүүн экспортлох боломжийн хүрээнд Засгийн газар, Гадаад харилцааны яам, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газраас хийж буй ажлын талаарх тодорхой мэдээлэл боловсруулж ирүүлэхийг асуулгадаа дурдсан байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 97