8o
Улаанбаатар хот
mobile menu

Бэлчээрийн даац хэтэрсэн сумдын нутгаар өвөлжилт хүндэрнэ

2018-09-17 09:51:34

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, шинжилгээний хүрээлэнд 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн ургац, малын тоо, талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцоолж гаргажээ. Дээрх дүнгээс авч үзвэл нийт нутгийн 42 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 21 нь хүрэлцээтэй, 23 хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн байна. Мөн таван хувь нь бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, есөн хувьд нь түүнээс олон дахин хэтэрсэн байна.

Бэлчээрийн даацын зургаас нутгийн 60 гаруй хувьд ирэх оны өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас үзжээ. Харин нутгийн 40 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна. Ховд, Баянхонгорын ихэнх, Говь-Алтай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян- Өлгий,Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговийн зарим сум оржээ. Энэ сарын цаг агаарын нөхцөл байдлын хувьд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас урьдчилан мэдээлэв. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Ховдын ихэнх нутаг, Увсын өмнөд, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх аж. Харин ирэх сарын хувьд Баян-Өлгий, Ховд, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд, Увсын ихэнх нутаг, Хөвсгөл, Дорноговийн зүүн, Өмнөговийн зүүн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл