8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Түвдэндорж: Монголын дуу хөгжмийн 100 жилийн түүх "World Music Gallery"-д дэлгэгдлээ

2018-09-18 09:00:00

Монголын хөгжмийн урлагийн түүхэнд нэгэн тод үсгээр тэмдэглэгдэх чухал өдөр болж  "World Music Gallery"-н нээлтээ хийсэн явдал юм. Нэртэй цуглуулагч Д.Батбилэг, С.Түвдэндорж нарын гайхалтай ховор цуглуулга, шинэ цагийн Монголын хөгжмийн урлагийн үүх түүхтэй холбоотой олон ховор баримт ном товхимол, зурагт хуудас, пянз бичлэг, хэрэглэгдэж байсан дуу сэргээн тоглуулагч төхөөрөмжүүд, уран зураг баримал зэрэг урлагийн бүтээлүүдийг үзэн сонирхон танилцах бүрэн боломжтой боллоо. Мөн дэлхийн рок поп урлагийн талаар гарсан 500 гаруй номтой баялаг номын сан, 20-р зууны сүүлийн хагаст хамаг ихээр алдаршиж хит парадуудад тэргүүлэн торгон жолоогоо өргүүлсэн хамтлаг дуучдын пянзнууд эх хувиараа "World Music Gallery"-д дэлгэгдэж байна.  Тус галлерэйн тэргүүн С.Түвдэндоржтой ярилцлаа

-Монголын дуу хөгжийн урлагт тодоор бичигдэх нэгэн үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна. Монголын дуу хөгжмийн анхны музейг нээж байгаад баяр хүргэе.

-Баярлалаа. World music gallery нь нээлтээ хийж Дэлхийн болоод Монголын дуу хөгжмийн алтан сан хөмрөгийг дэлгэн толилуулж эхэллээ. Монголдоо анх удаа дэлхийн дуу хөгжмийн түүх болоод өв соёлыг дэлгэрүүлэх, шүтэн бишрэгч, цуглуулагч болон хүүхэд залуучуудын оюуны боловсролд жинтэй хувь нэмэр оруулах зорилготой байгуулагдсан анхны галерей. Дэлхийн болоод Монголын дуу хөгжмийн үүсэл хөгжил, чиг урсгал, хамтлаг дуучдын түүх намтар, пянз цомог, уран зураг, уран баримал, ном сэтгүүл, эд өлгийн зүйлсээр сангаа бүрдүүлсэн. Монголын дуу хөгжим зуу, зуун жилийн түүхтэй агуу урлаг. Монгол хүн болгоны зүрхэнд байдаг тийм нандин зүйл бол монголын дуу хөгжмийн түүхэн замнал, хөгжил, дэвшил, сэтгэлд хоногшсон дуу, хөг аялгуу, зэмсэг тэр чигтээ яруу сайхан байна. Тийм ч учраас энэ ард түмэн урлаг, өв соёл хэвээр хадгалж үлдсэн цөөхөн ард түмний нэг юм. Би дуу хөгжмийн мэргэжлийн хүн биш. Инженер мэргэжилтэй хүн. Гэхдээ маш олон жил дуу хөгжим сонсож, цуглуулж, хамгаалж, хайрлаж ирсэн.

Ялангуяа монголын дуу хөгжмийн пянз хэдий үеэс эхлэлтэй, соронзон бичлэг хэрхэн яаж бичигдэж ирсэн талаар 20 гаруй жил судалж ирсэн. 20 жил гэдэг нь судалгааны хувьд асар богино хугацаа байж магад. Гэхдээ өнөөдөр ч би монголын дуу хөгжмийн арвин баялаг түүхийг судалсаар ирсэн.  Энэ судалгаа шинжилгээний үр дүнд өнөөдрийн “World music gallery”-г нээж байна.   

-Монголын дуу хөгжмийн түүхийг судлаад үзэхэд хэдий үеэс эхлэлтэй гэж түүхэн ном судар, бичигт дурсан байна вэ?

- Монголын дуу хөгжим олон жилийн үүх түүхтэй. 1920-оод оны дундаас тэр үеийн ЗХУ-аас ирсэн газар зүйн мэргэжилтэн монголын язгуур урлаг, ардын дуу, туйлс бичих студи хүртэл байгуулж байсан түүхтэй байдаг. Энэ нь монгол пянзны эхлэл гэж үздэг. 1933 онд Москва руу манай жүжигчид, цэргийн хөгжимчид олон улсын театрын олимпиадад оролцож нэгдүгээр байр эзэлсэн байдаг. Тэгэхдээ анхны дугуй хар пянзанд бичлэг үлдээж байдаг. Энэ пянзнууд яг одоо миний ард өөрөөтэй байна. 1934 онд алдарт, Гавьяат дуучин Монголын шинэ үеийн дууг үндэслэгч Магсархурцын Дугаржав тэргүүтэй Баянмонгол, Идэржинчин, Жавхлантсүрэг, Ичинхорлоо гуай алдарт “Аргагүй амраг”, “Гоолингоо”-гоо дуулж Москвад бичүүлсэн зэрэг содон түүхтэй зүйлс олон бий.

-“World music gallery”-д нийт хэчнээн пянз, дуу хөгжмийн зэмсэг, бичиг баримт дэлгэгдээд байна вэ?

- Монгол талын хэсэгт “Эрдэнийн Очир” нийгэмлэгийн тэргүүн миний хувийн цуглуулгаас бүрдсэн. Төрийн соёрхолт Шаравын 2-р симфони хүртлэх нэн ховор 300 орчим пянзны цуглуулга багтсан. Монгол улсын дуу хөгжмийн түүхэн замналын хугацаанд хийгдэж байсан тэмдэг одон медаль, хэвлэгдэн гарч байсан ил захидал, ном зохиолоос гадна нэн ховор үзмэрүүд багтсан. Дэлхийн дуу хөгжмийн хэсэгт Зураач, цуглуулагч Д.Батбилэгийн уран зургийн бүтээлүүд болон түүний цуглуулгаас бүрдсэн Rock, Jazz, Blues, Pop, Hip hop, R&B гээд хөгжмийн бүхий л чиглэл урсгалаар уран бүтээлээ туурвисан хамтлаг дуучдын пянзнууд багтсан.  Алдарт Битлз хамтлагийн The Beatles /White/ цомгоос эхлээд тухайн цаг үедээ жагсаалтад тэргүүлж байсан хамтлаг дуучдын бүх цомгийн эх хувь, Рок н Роллын нэрт төлөөлөгч Bill Haley-с эхлээд домогт Queen, AC DC, Michael Jackson зэрэг олон алдартнуудын уран зураг болон 2000 орчим пянзны эх хувиас сонсож аналоги буюу хөгжмийн амьд дугаралтыг та мэдрэх боломжтой. Мөн 600 гаруй намтар түүхийн ном зохиол, сонин, сэтгүүлтэй уншиж танилцан дуу хөгжмийн далайгаас хүссэн мэдээллээ ая тухтай орчинд олж авах боломжийг бүрдүүлсэн. World music gallery-д та бидний амьдралын салшгүй нэг хэсэг болох урлагийн ертөнц юм.  1933-1980-иад оныг дуустал монголын хөгжмийн урын санд 300 гаруй пянз байна. 1700 гаруй дуучид, бүжигчид, оркестор, хөгжмийн зохиолчдын бүтээл орсон. 1935 оны монгол ардын дууны анхны түүвэр, дууны 600 гаруй сурах бичиг, түүхэн баримт бичгүүд дэлгэгдээд байна. Тухайн цаг үеийн 1960-иад оныг дуустал хэрэглэж ирсэн патиконы эгшигт хайрцаг үзмэр болж тавигдсан.  

Гурван минут орчин дуу явдаг пянз, 1960-иад оны 7 инчийн синглэ пянз 100 гаруй байна. Улаан эргэлттэй буюу 18-20 минут явдаг 40 гаруй пянз, Франц, итал, гярман, унгар, кува зэрэг олон улсад бичигдсэн 10 гаруй пянз хадгадагдаж үзмэр болж олон нийтэд дэлгэж байна. 

-Он жилийн явцад түүхийн маш олон дурсгалт зүйл, сурвалжит баримтууд ихээр устаж үгүй болсон байдаг. Монголын дуу хөгжмийн ийм арвин түүхийн өвийг цуглуулж, нэгтгэж музей нээх хэмжээнд хүрнэ гэдэг амаргүй байсан байх? 

-Түүхийн үнэт зүйл, өв соёл гэдэг тухайн улс үндэстний оршин тогтнох үндэс, эх суурь нь болж өгдөг. Дуу хөгжим ч ялгаагүй. Тэгэхээр дуу хөгжмийн түүхэн бичиг баримт, пянзуудыг цуглуулахад төрийн байгууллага төдийгүй хувь ч асар их хөдөлмөр цаг хугацаа, сэтгэл зарцуулдаг. Ингэж байж бид оршин тогтнож, үүх түүхээ, өв соёлоо авч үлдэх ёстой. Дэлхийн бүх улс оронд ийм жишигээр явдаг. Улс орон бүрт өөр өөрийн гэсэн дуу хөгжмийн түүх, өв соёл, зан заншлыг харуулсан түүхэн үзмэрүүд байдаг. Монголын хүүхэд залуучууд төдийгүй, ард түмэн ойрын 20 жилийн хөгжмийн урлагын түүх, соёлыг мартахад хүрээд байна. Тийн зөвхөн ойрын хорин жилийг биш монголын дуу хөгжмийн түүхийг энд галлерэйд дэлгэн харуулж, ард түмэн сурталчилан таниулж, түгээн дэлгэрүүлж авч үлдэхийн тулд нээсэн. Галлерэйд тавигдсан бүтээлүүдийг ихэвчлэн судалгааны ажлын үндсэн дээр олж илрүүлэн, цуглуулсан үзмэрүүд бий. Мөн миний хувийн цуглуулга, урлагт хайртай ард түмэн, урлаг судлаачид шинжээчид зэрэг маш олон хүний хүчин зүтгэл орсон. Манайх нүүдэлчин соёл иргэншилтэй ард түмэн. Үүнийг дагууд соёлын биет болон биет бус өвүүл айлаас айл, гэрээс гэрт, хүнээс хүнд дамжиж явж ирсэн байдаг. Тиймээс орон нутгаар нэлээд явсан. 20 гаруй аймгаар явж байж олж авсан ховор бүтээл бас бий. Зарим нь устаж үгүй болсон зүйл ч олон байна.

-Эдгээр ховор пянзнуудыг эргээж сонсох боломжтой юу. Цаашид хэрхэн хадгалж хамгаалах вэ?

-Түүхийн эд зүйл, ховор нандин зүйлийг хамгаалж үеийн үед хадгалж ирнэ гэдэг мэдээж амаргүй зүйл. Манай “Эрднийн очир” нийгэмлэг нь хөгжмийн өв соёлыг сурталчилах, таниулах, хадгалах, хамгаалах тал дээр түлхүү ажиллах зорилго тавьж ажиллаж байна. 

-Ярилцсанд баярлалаа.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл