8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэс Монгол"-ын удирдлагууд АХБ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа

2018-09-18 14:52:48

Эрдэнэс Монгол” ХХК, Азийн хөгжлийн банк хооронд “Компанийн үйл ажиллагааг сайжруулах, менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийн зээлийн гэрээг 2016 оны дөрөвдүгээр сард байгуулж, энэ хугацаанд “Санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн бодлогын баримт бичиг”, “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ийг боловсруулан нэгдлийн хэмжээнд мөрдөж байна. Мөн хууль, мэдээллийн технологи болон татвар, үнийн шилжүүлгийн чиглэлийн ажлыг төслийн хүрээнд хийж гүйцэтгэжээ.

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ахлах мэргэжилтэн Сеүн Мин, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нар өчигдөр уулзаж, төслийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

“Эрдэнэс таван толгой” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарч, компанийн бүтцэд өөрчлөлт орсон ч, төслийг цаашид тогтвортой үргэлжлүүлнэ гэдгийг Гүйцэтгэх захирал П.Ганхүү уулзалтын эхэнд тодотгов. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах бэлтгэлээ хангаж буй бөгөөд үүнд төслийн үр өгөөж томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нийт 35 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих уг төслийн зөвлөх үйлчилгээ, худалдан авах ажиллагаа зэрэгт одоогийн байдлаар 6 сая ам.доллар зарцуулаад байгааг Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ахлах мэргэжилтэн Сеүн Мин онцлоод  цаашид төслийн баримт бичигт өөрчлөлт оруулах боломжтойг дурьдсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр зэргээс шалтгаалж цаг хугацааны хувьд тодорхой өөрчлөлт гарсан ч, төсөл амжилттай хэрэгжиж байгааг үнэлэв.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс уг төслийг богино хугацаанд, үр өгөөжтэй хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа танилцууллаа.

Эх сурвалж: "Эрдэнэс Монгол" ХХК  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл