8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Увс, Ховд, Хөвсгөлийн зарим нутгаар цас орж, Нобелийн шагналтны лекцийг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болсон өдөр

2018-09-19 18:40:00

Алтан гар намрын халуун нар ивээгээд
Атар сайхан хөндийд хадлангийн ургац халиураад
Аварга хүчит комбайн хүнгэнэж байдаг намрыг
Ариун зорилгот пионерууд зугаа цэнгэлтэй өнгөрүүлдэг.
Хангайн модонд явж самар түүх сайхан
Хар улаан жимсээр саваа дүүргэх сайхан
Хавх урхи зүүгээд зурам ч агнах сайхан
Хадлангийн талбайд очоод тусалж ажиллах сайхан
Сайхан явдлууд намарт олон тохиолддог хэр нь
Сайхан сайхны дундаас онц сайхан гэж байдаг
Санаа сэтгэл хөдөлгөсөн ер бишийн сайхан нь
Сайн нөхөдтэйгээ хамт сургуульдаа цуглах нь сайхан гэсэн намрын сайхан мөртүүд сэтгэлд тодхон. Ай даа намар цаг хэмээн налайгаад сууж байтал өнөөдрийн цаг агаар өвлийн улирал хаяанд ирсэнийг  сануулж байна. Ингээд үдэш бүхний энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа дараах сэрэмжлүүлэг мэдээгээр эхлүүлье. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Увс, Ховд, Хөвсгөлийн зарим нутгаар 10-16 мм цас ороод байна

Өнгөрсөн хоногт Увс, Ховд, Завханы ихэнх, Баян-Өлгий, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Булганы баруун хэсгээр  0,1-16,9 мм бороо, нойтон цас оржээ. Үүнээс хамгийн их нь Увсын Түргэн, Ховдын Дарви, Дунд-Ус, Баян-Өлгийн Булган, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчинлүхмбэд 10,0-16,9 мм хур тунадас, нойтон цас орсон байна. 

Шөнө баруун аймгуудын нутгаар өмнөх шөнөөс 1-9 градусаар сэрүүсч, бусад нутгаар өмнөх шөнөөс 1-9 градусаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  хасах нэгээс -10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нэмэх зургаагаас +14 градус, бусад нутгаар 2-8 градус дулаан хоножээ. Өнөө өглөөний 08 цагийн хэмжилтээр Увс, Ховдын зарим газар, Говь-Алтайн баруун хэсгээр 1-7 см цастай байна.

Намын хорооны хурлын үеэр архидсаны улмаас багийн Засаг дарга амиа алджээ

Өнгөрсөн наймдугаар сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд онц ноцтой хүн амины хэрэг гарсан талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Тус  яамны албан тушаалтнууд ажлынхаа байранд архидан согтуурсаны улмаас маргалдаж зодолдсоноос нэгнийхээ аминд хүрсэн байдаг. Тодруулбал, Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Гомбосүрэнг  Төрийн тусгай удирдлагын газрын дарга Махбал зодож аминд нь хүрсэн. Эл хэргийн ул мөр балраагүй, хэргийг харьяа  дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. 

Тэгвэл гурван хоногийн өмнө нь мөн архидан согтуурсны улмаас нэгний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 16-нд Баруун-Урт хотноо Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны 24 дүгээр бага хурал болжээ. Тус хурлаар Намын хорооны бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, аймгийн намын хорооны шинэ даргаараа Барилга, хот байгуулалт (БХБ)-ын дэд сайд Ш.Лхамсүрэнг олонхийн саналаар сонгосон аж. Энэхүү Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны ээлжит хурлын үеэр Эрдэнэцагаан сумын төлөөлөгч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гасан байна.

  Эх сурвалж мэдээлснээр “Намын даргын төлөөх өрсөлдөөн ширүүхэн өрнөж, Удирдах зөвлөлийн шийдвэрээр Засаг дарга Ж.Эрдэнэбаатарыг дэмжсэн ч Ш.Лхамсүрэн будлиан хутгасан. Ш.Лхамсүрэн хуралд оролцсон төлөөлөгч тус бүрт 100 мянган төгрөг тарааж, шөнөжин архидуулсны улмаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын VI багийн Засаг дарга Ж.Б амиа алдсан” гэв. 

Г.Баасан: 60 тэрбумын хэргийг шалгуулахыг шаардсан хүмүүсийг шалгаад байгаа нь буруу

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс ээлжит мэдээлэлээ өнөөдөр хийлээ.Мэдээллийн эхэнд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "АТГ, прокурор, ШШҮХ гэхчлэн Монгол Улсын хуулийн байгууллагууд 60 тэрбумын асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэж чадсангүй. Энэ нь хууль, хяналтын байгууллагууд авлигад хүчтэй идэгдсэнийг харуулж байгаа юм. 60 тэрбумын бичлэг Эрүүгийн хуулийн 19.2, 19.9-р заалтуудыг ноцтой зөрчсөн.
 
Энэ заалтуудыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1.1-д үндэслэн Тагнуулын ерөнхий газар ажиллах ёстой. Гэтэл авлигал авахыг завдсан гэх зүйлчлэлээр зөвхөн АТГ шалгаж, төрийн албанд томилогдсон хэдэн хүмүүсээс  тайлбар авсан болонгуутаа нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт гаргачихсан. Тиймээс АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс 60 тэрбумыг асуудлыг ТЕГ шалгах ёстой гэж үзэж байна. Нөгөө талаар УИХ-ын дарга М.Энхболд уг схемийн талаарх яриаг сонссон. Гэхдээ би дэмжээгүй” гэсэн байдлаар байр сууриа илэрхийлчихсэн байхад үүнийг зохиомол хэрэг гэж үзсэн.

Дээрээс нь 60 тэрбумын хэргийг шалгуулахыг шаардсан хүмүүсийг шалгаад байгаа нь буруу. Монгол Улс бол эрхзүйт төртэй орон. Гэтэл хуулийн дор иргэд нь тэгш эрхтэй амьдарч чадахгүй байна" хэмээн мэдээлэл хийлээ. 
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны лекцийг үнэ төлбөргүй зохион байгуулна

Нобелийн шагналт тархи судлаач, профессор ЭДВАРД МОЗЕР Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны цуврал лекц, эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ жил Нобелийн шагналт, Норвеги Улсын эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон дэлхийн 11 орны 30 гаруй шилдэг тархи судлаач эрдэмтэн, удирдлагууд оролцох “Тархи судлал – XXI зуун” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүндэтгэлийн лекцийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн ордны Их танхимд үнэ төлбөргүйгээр зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын www.president.mn цахим хуудсаар 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагаас эхлэн хуралд оролцохыг хүссэн 200 хүнийг бүртгэнэ. Бүртгүүлэх бол ЭНД дарна уу. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын нейросайнсын нийгэмлэг; хамран зохион байгуулагчаар Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан технологийн сан ажиллаж байна.

Автомашингүй өдөр” дараах замууд хаагдана

“Автомашингүй өдөр” есдүгээр сарын 22-нд буюу Бямба гарагт болно. Энэ өдөр 08:00-17:00 цагийн хооронд хаагдах замуудын мэдээллийг хүргэж байна. 

  1. Зүүн 4 замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсгийн баруун талын туслах зам
  2. Бээжингийн гудамж
  3. Залуучуудын гудамж
  4. Сөүлийн гудамж
  5. Байгалийн түүхийн музейн уулвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаах юм.

Энэ үеэр Тээврийн цагдаагийн албанаас автомашингүй бүсчлэл болон бүсчлэлээс гадуур иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийт 260 гаруй алба хаагч ажиллах аж.

“Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор зам тээврийн осол болон автомашины хор хөнөөлийн талаар олон нийтэд таниулах, автомашины хэрэглээг багасгах, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг олон нийтэд уриалж, олон төрлийн тэмцээн уралдаан, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах юм. 

Ардчилсан намын төлөөлөгчид архидаж байгаад нэгнийгээ түлжээ

Арчилсан намын хуралд оролцсон төлөөлөгчид архидан согтуурж улмаар нэгнээ түлж гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Ардчилсан намын "Нийслэлийн чуулган -2018"  энэ сарын 14-16 ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань суманд болсон аж.  Уг чуулганд хот, хөдөөгийн 1000 гаруй гишүүн оролцжээ.  Чуулганд оролцсон тус намын зарим гишүүд архидан согтуурч БЗД-ийн төлөөлөгч М нь өөр нэг намынхаа гишүүнтэй муудаж зодолдсон байна. Харин тус маргаан дундуур орсон эмэгтэйг зуух руу түлхэж түлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Хэрлэн голын бохирдлыг тогтоожээ

Дорнод аймгийн УЦУОШГ-аас голуудын усны химийн найрлага, чанарын үзүүлэлтэд судалгаа хийж, Хэрлэн, Улз голуудын ус бохирдсон байгааг тогтоожээ.

Тодруулбал, Хэрлэн голын дөрвөн цэгээс дээж авч, лабораторид шинжлэхэд нитритийн ион, аммони ион хүлцэх агууламжаас давсан, Улз голын усан дахь фторын агууламж өндөр гарчээ. Харин Халх гол, Буйр нуурын ус цэвэр, хүлцэх агууламжаас давсан зүйл ажиглагдаагүй гэж мэдээлэв.

Халх голын ус дахь эрдэсжилт 145-289 мг/л, Буйр нуурынх 248 мг/л байгаа юм. Тэгвэл Хэрлэн голын усны эрдэсжилт 274-326 мг/л, Улз голынх 388-698 мг/л буюу эрдэсжилт нь Буйр нуур, Халх голын уснаас даруй нэгээс дөрөв дахин их байна. 

БОЛГООМЖИЛ: Гэр бүлийн 4 хүн угаартаж амиа алджээ

Гэр бүлийн 4 хүн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, БЗД-ийн 21 дүгээр хороонд нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартлаа гэх дуудлага энэ сарын 18-ны 20.40 минутад Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна.  Дуудлагын дагуу очиход нэг гэр бүлийн  13, 22, 51, 52 настай дөрвөн хүн буюу  хоёр хүү, аав, ээжийн хамтаар угаартаж нас барсан байжээ.

Одоогоор Цагдаагийн байгууллага болон шинжээчдийн баг бүрэлдэхүүн гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Хүйтний эрч чангарч байгаа энэ цагт  иргэд галын аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг албаны хүмүүс анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл