8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:Сүхбаатар аймаг өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжиж, Засгийн газар хууль зөрчсөнийг тогтоосон өдөр

2018-09-20 18:40:00

Монгол улсын нийт нутгаар анхны цас орсон гэгээн өдрийн мэнд хүргэе. Хэдийгээр анхны цас орсон ч ихэнхи нутгаар үргэлжлэн цасан шуурга шуурч байна. Иймд та бүхэнд дараах сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна. 

Өнгөрсөн шөнө орсон нойтон цасны улмаас нийслэлээс орон нутгийг зорих авто замуудад халтиргаа гулгаа үүсч, хөдөлгөөн саатахад хүрч байгаа аж. Яг одоо хойт чиглэлийн зам болох Сонгинохайрхан дүүргийн нутаг 52-ын даваанд халтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсээд байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тиймээс хөдөө орон нутаг руу зорчих жолооч нарыг анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулж зорчихыг анхааруулж байна.

Халтиргаа гулгаатай нөхцөлд хурдаа тохируулалгүй явснаас болж осол аваар гаргасан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Тухайлбал, нийслэлийн Налайх дүүргийн V хорооны нутагт өчигдөр 05:56 цагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Зам дээр зогсож байсан “Дэү” загварын ачааны машины араас “Грейс” маркийн бага оврын автобус мөргөснөөс болж  25-61 настай дөрвөн том хүн, 1-5 сартай хоёр нялх хүүхэд амиа алдсан байна.Ингээд үргэлжлүүлэн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Гэр бүлийн долоон хүн амиа алдсан ослын талаар шинэ нотлох баримт олджээ

2016 оны наймдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт автын осол болж нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Хэрэг гарсанаас хойш өнөөдрийг хүртэл хэрэг шийдэгдээгүй байгаа бөгөөд ар гэрийнхэн нь хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийж байгаа. 

Тус хэргийн талаар өмнөх хэвлэлийн хурал дээр  амиа алдсан жолоочийн төрсөн эгч Х.Алгирмаа “Осол болохыг харсан гэрчийн хэлснээр манай дүүгийн машиныг нэг машин шахсаны улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн. Ингээд 10-20 минутын дараа машинд гал гарсны улмаас зорчигчид бүгд шатаж амиа алдсан юм билээ. Тэнд байсан бүх машинууд туслах гэж хичээсэн, хэргийг харсан гэрчүүд зөндөө бий. Дүүгийн маань машиныг шахсан шаргал өнгөтэй машин хэргийн газраас зугтсан.Гэрчүүд сандарсан учраас машины дугаар, маркийг харж амжаагүй байдаг" хэмээн хэлж байсан билээ. 

Хэрэг болсноос жилийн дараа гэхэд гурван удаа прокурор солигдож, гурван удаа хэрэг хаагдсан байна. Хаагдсан шалтгааныг эзэн холбогдогч нь нас барсан, хариуцлага хүлээх хүн байхгүй гэж тайлбарлаж байгаа. Тэр осол юунаас болж гарсан, осолд орсон машин ямар шалтгаанаас болж урсгал сөрсөн бэ гэдгийг цагдаагийн байгууллагаас тогтоогоогүй байгаа аж. 

Ийнхүү хэрэг шийдэгдэхгүй явсаар 7 хүний амийг хохироосон жолоочид ял завших боломж олгосон прокурорын шийдвэрийг эсэргүүцэж амь үрэгдэгсдийн гэр бүлээс саяхан мэдээлэл хийсэн юм.  Тэгвэл сэтгүүлч Л.Мөнхбаясгалан дөнгөж сая өөрийн нүүр номын хуудсандаа шинэ нотлох баримт олдсон талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, “Нэвтрүүлгийн үеэр гурван жилийн өмнө осол болсон газраар явж өнгөрөхдөө санаандгүй бичлэг хийсэн хүмүүс байвал бичлэгээ өгч үнэнийг олоход туслаач гэж ард иргэдээсээ гуйсансан. Харин нэгэн бичлэгийг Австарлиас ирүүлсэн байна. Бичлэг хийсэн хүн яг тухайн цаг үед хэргийн газраар явж өнгөрөхдөө гар утсаараа бичжээ.

Гурван жилийн турш энэ бичлэгийг устгаагүй хадгалж чадсан энэ хүнд сөгдөн мөргөхөд ч багадана. Учир нь энэ бичлэг бол осол гарсан газрын бүдүүвч зургийг үнэн мөнөөр нь гаргаагүйг нотлох баримт юм. Мөн нэвтрүүлгийн дараа хэргийг Төв аймгийн прокуророос салгаж нийслэлд авчирчээ. Энэ хэргийн араас прокурор гурав дахь удаагаа хэрэгсэхгүй болгосны дараа үнэн мөнийн араас ямар ч үнэ төлбөргүйгээр цуцалтгүй явж ажиллаж байгаа Р.Булгамаа ахлагчтай хуульчдын багт чин сэтгэлээсээ баярлаж амжилт хүсч байгаагаа үүгээр уламжилья.

13 настай охин буудалд амиа алдсан хэргийг гадны нөлөөгүй нас барсан гэсэн дүгнэлт гарчихаад байхад мөн л манай студид ирж "Цензургүй яриа" нэвтрүүлгээр ноцтой баримтуудыг олонд дэлгэж байсан билээ. Р.Булгамаа маань хэргийн араас явж хөөрхий охиныг гадны нөлөөтэйгөөр амь насаа алдсан, алуурчид алсан болохыг тогтоож өгсөн билээ. Удахгүй шүүх хурал нь болно. Үнэн ялдаг жамтай. Тиймээс нэг гэр бүлийн долоон хүн амь насаа алдсан энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс минь энэ хэргийн талаар өөр мэдэх харсан үзсэн бол үнэний төлөө гэрч болж, эсвэл хийсэн бичлэг байвал мөн авчирч өгч туслалцаа үзүүлнэ үү” хэмээжээ.

Дээд шүүх: Засгийн газар хууль зөрчсөн

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Монголиан коппер корпорейшн” ХХК  Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн гурван байгууллагад холбогдуулан нийт 13 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх уг хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 9-ийг нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 2-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 5-ыг нь хангаж, 1 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 7-г нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 6-г нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 5-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэв. Дээд шүүх хэргийг ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж,  зарим шийдвэрүүдийг гаргасан байна гэж дүгнэжээ.

Харумафүжи Д.Бямбадорж үзэсгэлэнгээ дэлгэлээ

Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж Япон улсын Токио хотноо өөрийн зурсан зургуудаараа үзэсгэлэн гаргажээ. Тэрбээр багаасаа уран зураг сонирхдог байсан аж. Мөн  сүмогоор барилдаж байх үедээ чөлөөт цагаараа ийнхүү зургаа зурдаг байжээ. 

ЗЦГ: Шангри-Ла, Хүүхдийн ордны уулзвараар Энхтайваны гүүр рүү эргэх боломжтой

Замын цагдаагийн газраас түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын зарим хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ.

Өчигдрөөс буюу /2018.09.17/  Нэгдүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгожээ.
Есдүгээр сарын 13-наас ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгосон байна.
Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийш эргэх нөхцлийг бүрдүүлж, гэрлэн дохионы тохируулга туршилтын ажлыг хийж байна.
Ингэснээр иргэд ГХЯ-ын уулзвараар Олимпийн гудамж руу эргэж Шангри-Ла төвийн уулзвараар баруун эргээд Гэндэнгийн гудамжаар зорчиж, Хүүхдийн ордны уулзвараар Энхтайваны гүүр рүү эргэх боломжтой болох аж. Харин Скайтел төвийн хажуугийн автобусны буудлыг Хүүхдийн ордны хойд талд шилжүүлэн байгуулах ажил судалгааны шатанд явж байгаа гэнэ.

Түүнчлэн Богд уулын арын замын баруунаас зүүн чиглэлийн урсгалыг хааж, Яармагийн гүүр рүү нэвтрэх хэсгийн нэгдүгээр эгнээг нарийсган гүүрийн бүтээн байгуулалтын ажил хийж байгаатай холбоотойгоор Яармагийн зам баруунаасаа зүүн чиглэлд тогтмол ачаалалтай байгааг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

Япон улстай аялал жуулчлалын салбарт хамтарна

Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй “JATA2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Баясгалан, НАЖГазрын дарга Д.Батсүх, МИАТ ХК-ны захирал Д.Баттөр, МАЖХолбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр болон бусад төлөөлөгчид оролцож байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ Монгол Улс, Япон улстай аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах бүрэн боломжтойг холбогдох албаныханд хэлж байлаа.

2018 оны есдүгээр сарын байдлаар Япон улсад аялагчдын тоо 28.6 саяд хүрч 4 их наяд 410 орчим тэрбум иенийн орлого олсон нь тус улсын автомашин, цахилгаан барааны экспортын дараа буюу 3 -т орсон нь аялал жуулчлалаас олсон орлого тус улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг гэдгийг илтгэж байна. Мөн Япон улсын иргэд гадаад улсад аялсан тоо нь 17.888 саяд хүрч 4.5 % өссөн үзүүлэлттэй байгаа нь Монгол Улсын хувьд Японы аялал жуулчлалын зах зээлээс жуулчин татах бүрэн боломж байгааг харуулж байна.

Энэ сарын 20-23 өдрүүдэд болох тус үзэсгэлэнд энэ жил 136 орны бус нутаг, Япон улсын 44 муж нийт 1400 аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, бизнес, олон улсын байгууллагууд оролцож байна.

Сүхбаатар аймаг өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжлээ

Сүхбаатар аймгийн засаг даргын 2018 оны есдүгээр сарын 19-ний захирамжаар аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болохтой холбогдуулан төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлжээ. 

Энэ үеэр олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан, соёл урлагийн арга хэмжээ, бусад сургалт семинар зохион байгуулах, ажлаар явахыг хориглож, архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг иргэд, аж ахуй нэгжүүдэд үүрэг болгосон байна.

Мөн зайлшгүй шалтгаанаар сургуулиас чөлөөлөгдөх шаардлага гарвал холбогдох зөвшөөрлийг авах ба санаатайгаар нэгдсэн цугларалт, сургалт, дадлага сургуулилтыг тасалсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцохыг сануулав.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ноос мөрдөх бөгөөд энэ нь гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль дуусах хүртэл үргэлжилнэ. Гамшгаас хамгаалах сургуулилт есдүгээр сарын 25-наас 28-ныг  хүртэл Баруун-Урт, Сүхбаатар суманд тус тус болох юм байна

Пёньяны тунхаглалыг Монголын Засгийн газар өндрөөр үнэлж байна

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд түвшний гурав дахь уулзалт 2018 оны 9 дүгээр сарын 18-19-нд Пёньян хотод амжилттай зохион байгуулагдсанд Монгол Улсын Засгийн газар баяр хүргэж байна.

Уулзалтын дүнд гаргасан Пёньяны тунхаглал нь Өмнөд, Умард Солонгосын хооронд итгэлцлийг бэхжүүлж хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, бат бэх энх тайвныг тогтооход чиглэсэн яриа хэлэлцээг урагшлуулахад ач холбогдолтой боллоо хэмээн Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна.

Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 21-НЭЭС 09 ДҮГЭЭР САРЫН 25-НЫГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр хүрч цасан  болон  шороон шуурга шуурна. 21-22-нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Дээд шүүх: Засгийн газар хууль зөрчсөн

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Монголиан коппер корпорейшн” ХХК  Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн гурван байгууллагад холбогдуулан нийт 13 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх уг хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 9-ийг нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 2-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 5-ыг нь хангаж, 1 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 7-г нь хангахгүй орхиж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 6-г нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 5-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэв. Дээд шүүх хэргийг ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж,  зарим шийдвэрүүдийг гаргасан байна гэж дүгнэжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл