2018-09-25 11:30
Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр хийлээ.
Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог "Жаст групп" Стандарт банкнаас их хэмжээний зээл авч ашигласан. Энэ хэрэг дээр яллагдагчаар татагдсан "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригт өнөөдөр прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээг авсан" гэлээ.
2018-09-25 08:31
"Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг хуулийн байгууллага саатуулсан байна. Тодруулбал, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авсан нь хууль зөрчсөн байна гэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт шүүхээс гаргасан. Эрдэнэтийн 49 хувийн талаас шүүхийн процесс дууслаа эрдэнэт үйлдвэрийн 49 хувь маргаангүй гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байсан. Шүүхийн шийдвэр гараад удаагүй байхад хуулийн байгууллага ажлаа эрчимжүүлж "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг баривчилсан байна.
“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэргийн эргэн тойронд...
“Жаст” компанийн захирал Ш.Батхүү 2009 онд Эрдэнэтийн Монголын засгийн газрын эзэмшлийн 51 хувийг барьцаалан Африкийн “Стандарт” банкнаас 102 сая ам.долларын зээл авсан байдаг. Түүнээс хойш “Эрдэнэт" үйлдвэр “Стандарт” банкны гомдлоор олон улсын Арбитрын шүүхэд дуудагдсанаас хойш маргаан ийнхүү таван жил үргэлжилж байгаа. Хамгийн сүүлийн шүүх хурлаар Монголын тал “Стандарт” банкны зээлийн үндсэн төлбөр болон хүү, алдангид нийт 120 сая ам.долларыг төлөх ёстой гэх шийдвэр /2018-02-01/ байдаг. Хэрвээ тус төлбөрийг төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлэх шүүхийн шийдвэр ч мөн гарсан талаар тухайн үед дуулиан дэгдэж байсан.
Хамгийн эхэнд Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахдаа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, нар зээл авахад батламж гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудал дуулиан дэгдээж байсан. Тус мэдээллийн мөрөөр УМБГ-аас Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Дээрх эрхмүүд харин ““Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй холбоотой асуудал огт байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр болоод УБТЗ-ыг өрөнд тавьж гарын үсэг зураагүй” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ гарын үсэг хуурамч эсэхийг шинжээчид шалгаж эхэлсэн юм. Хэрэв Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү баталгаа гаргаж гарын үсгээ зурсан гэдэг нь тогтоогдвол Монгол Улс 140 сая ам.доллар “Стандарт” банкинд төлөх нь тодорхой болно гэж албаныхан мэдэгдэж байсан. Ш.Батхүү дээрх асуудал нийгэм даяар шуугиан тарих үед сэтгүүлчдэд “Хадгаламж” банк юунаас болж дампуурсан, Олон Овоотын ордны нөөц худлаа, ТӨХ болон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ын дарга нар “Стандарт” банкнаас зээл авах үед баталгаа гаргаж гарын үсэг зурсан нь үнэн” гэж мэдээлэл хийж байсан билээ.
Эхэндээ тэд гарын үсэг зурж баталгаа гаргаж өгсөн нь үнэн гэж хэлж байсан Ш.Батхүү гэнэт л 2015 оны гуравдугаар сараас эхлэн өөрийн өгсөн мэдүүлгээсээ буцаж, Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нар энэ хэрэгт ямар ч холбоогүй, би хуурамч гарын үсэг зурж, тамга тэмдэг хийлгэсэн хэмээн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн. Түүний зүйл анги ч өөрчлөгдсөн.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 233.1, 233.2 дугаар зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Дээрх зүйл ангийн заалтад “Тамга тэмдэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэг нь батлагдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин, тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-3 cap хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ” гэсэн зүйл ангиар шалгагдсан. Түүнээс хойш хэдхэн сарын дараа Ш.Батхүү 2015 он долдугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн Өршөөлийн хуульд хамрагдсан. Тэр яагаад өршөөлийн хууль гарахаас өмнө мэдүүлгээ өөрчилсөн бэ. Өршөөлийн хууль хэрэгжиж эхлэх хугацаатай тааруулан өөр дээрээ хэргээ хүлээж, Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарыг уснаас хуурай гаргасан уу гэсэн олон эргэлзээтэй асуудал анхаарлын тэмдэгтэй үлдсэн. . Уг нь бол олон улсын шинжээчдийн байгууллагын зүгээс тамга тэмдэг, гарын үсэг хуурамч биш гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
Тус дуулианд нэр холбогдсон , Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугарын хувьд 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал, 2006 онд Төрийн өмчийн даргаар томилогдож байсан. 2012 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. 2004 онд УИХ-ын гишүүний сэнтийгээс буучихаад байхад нь нутаг нэгт дүү Д.Зоригт Монгол шуудан банкныхаа газрын захирлаар авч ажиллуулж байжээ. Тэрбээр МИАТ-ийн буюу Ч.Хоролсүрэн нартай холбоотой хэрэгт нэр холбогдож байсан. Би дарга байхдаа 41 удаа шүүхэд дуудагдаж байсан хэмээн өөрөө нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг. Түүний хүү С.Цог хар тамхины хэрэгт нэр холбогдож хоригдож байсан гэдгээр нь хүмүүс түүнийг андахгүй.
Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, “Эрдэнэт”-ийн экс ерөнхий захирал Ч.Ганзоригийн хувьд ган бөмбөлөгийн луйврын торыг Н.Энхбаяртай хамт сүлжсэн гэх асуудалд нэр холбогдож явсан. Мөн Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн үеэл болох Ж.Мягмаржаргалын удирддаг “Henlon”, “Great Global international” компаниудын өрийг цайруулсан хүн бол Ч.Ганзориг гэсэн дуулианд ч нэр холбогдож явсан. Насаараа төрийн алба хашиж явсан нэгэн. Түүний төрсөн ах Чимэддоржийн Батзориг оффшор дансаараа хамгийн олон буюу 6 данс эзэмшдэгээрээ оффшор дахь монголчуудыг толгой цохиж байсан. Ч.Батзоригийн оффшор данс нээлгэсэн огноо Ч.Ганзоригийн "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан хугацаатай давхцаж байгааг хэвлэлүүд удаа дараа бичиж байсан.
Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан асуудал ийнхүү өрнөж, гарын үсэг зурсан, зураагүй хэмээн олон янзаар бичигдэж байсан Ч.Ганзоригийг өнгөрсөн шөнө нэг юм саатууллаа. Дуулиант хэрэг цаашаа хэрхэн өрнөх бол.....