8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: "Тэц-4"-ийн захирал асан С.Анхбаярт 2 жилийн хорих ял оноож, Л.Отгонбаатар хүрэл медаль хүртсэн өдөр

2018-09-26 18:45:00

 

Нарлаг сайхан өдрийн мэндийг уншигчдадаа хүргэе. Хорвоогийн нэг өдөр улиран одож бидний амьдралын түүхийн хуудас нэг хуудсаар зузаарсан энэ өдөр Монгол оронд ямар үйл явдал тохиосныг тоймлон хүргэж байна. 

Өнөөдөр хэвлэлийн хуудаснаа

Талийгаач Т.Гомбосүрэнг сэжигтэн Б.Махбалын өрөөнд дуудсан ярианы бичлэгийг дэлгэлээ

ЗТХЯ-нд болсон хүн амины хэргийн хохирогч Ч.Гомбосүрэнгийн өмгөөлөгч болон ар гэрийнхэн буюу Аав Р.Төмөрхуяг, Р.Ганхуяг авга ах  өмгөөлөгч З.Хүрэлсүх нар мэдээлэл хийлээ.Мэдээллийн эхэнд талийгаачийн аавд Р.Төмөрхуяг мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Ийм хэрэг болсон маш их харамсаж байна. Манай удам угсаа төрд дөрвөн үеэрээ зүтгэж ирсэн сэхээтэн гэр бүл юм. Ийм хэрэг гарна, ийм зүйл болно гэж санаагүй хүүгээ төрийн албанд би зүтгүүлсэн.Миний хүү архи дарс ууж, тамхи хэрэглэдэггүй.. Хүүгээ би хүмүүжилсэн хүний хувьд хүнтэй нийлж зодоон цохиож хийж, зүй бус үйлдэл гаргах хүн биш гэж хэлмээр байна. 

Талийгаач миний голомт түших ганц хүү минь байсан. Надад одоо 4 ач үлдлээ. Энэ 4 ачаа хүнтэй адил хүн болгох юмсан гэж бодож явна. Хамгийн бага нь ой 4 сартай нялх хүүхэд байна. Энэ хүүхэд 20 жилийн дараа эрийн цээнд хүрэхэд би аав нь ийм хэргээс болж амиа алдсан гэж хэлэхэд хэцүү байна. Миний сэтгэл  санаа тавгүй хэцүү байна" гэв. 

-Р.Ганхуяг: Айлд нэг хүний хайр татсан хүү байдаг. Манай талийгаач тийм л хүн байсан-

Талийгаачийн Авга ах Р.Ганхуяг: Айлд нэг хүний хайр татсан хүү байдаг. Манай талийгаач тийм л хүн байсан. Би авга ах нь. Ийм харамсалтай хэрэг болсонд зүрх зүсэгдэж байна. Энэ өдрүүдэд бидэнд маш хүнд байлаа. Өнөөдөр талийгаачийн 49 хоног болж байна. Гомбосүрэн миний хамгийн хайртай дүү Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваад ид сайхан насандаа төрийн албан хаагч гэх харгис хүний гарт төрийн байгууллагын үүдэнд амиа алдлаа.  Хүүгээ үнсээд гарсан хүн эргэж орж ирсэнгүй. Төрийн албан өрөөнд хамтдаа архидан согтуурсан хүмүүсийг дуудаж ирүүлэхийг хүсэж байна.

Болсон үйл явдал монгол төрийн намчирхал, тэмцэл, төрийн их зөрчил хувилдааны илрэл.  Миний дүүгийн ажил, албан тушаалыг хуул бусаар авахаар 2018 оноос хойш арга ямар нэгэн байдлаар ажил хийж ирсэн. Тухайн өдөр яамны гурван давхарт архидан согтуурч байсан Б.Махбал, Э.Энхбат, н.Цэцгээ зэрэг хүмүүс утсаар нь дуудаж байсан. Тухайн өдөр дүүгийнхээ барьж байсан утсан дээр бичигдэн үлдсэн бичлэгийг хүргэе. /Бичлэгт /Т.Гомбосүрэнг Махбал даргын өрөөнд ороод ир хэмээн дуудаж байгаа нь бичигджээ" энэ баримт бидэнд байна.

Манай дүүг хөдөө томилолтоор явсан хойгуур ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ түүний оронд Дорждагва гэгч этгээдийг томилуулахаар хүсэлтээ өгсөн байдаг. АТГ-аас энэ хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж буцаасан байгаа юм.

Энэ аймшигтай хэргийн маргааш би хөдөөнөөс ирж, дүүгийнхээ өрөөнд ороход өрөөнийх нь гэрэл нь асаалттай, пиджак нь сандал дээрээ өлгөөтэй, хийж байсан бичиг баримтууд нь ширээн дээр нь дэлгээтэй байдалтай байсан. Миний дүүгийн амь насыг золин байж албан тушаалыг нь булаан авах гэж байсан энэ асуудалд УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд анхаарлаа хандуулахыг хүсч байна" гэсэн юм. 

-З.Хүрэлсүх: Талийгаачийг ажлаа хийж байхад нь дуудаж гаргасныг нотлох баримтаар үзүүллээ-

Талийгаачийн өмгөөлөгч З.Хүрэлсүх: "Энэ хэргийн дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан албан тушаал булаацалдсан юм байхгүй. Хувийн өс хонзон байсан гэж худал мэдээлэл өгч иргэдийг төөрөгдүүлсэн. Хэргийг одоо ч шалгаж тогтоогоогүй. Энэ хэргийг зүгээр нэг хэвлэлийн төлөөлөгч ярихгүй ээ. 14 цагийн дотор шалгаж тогтоодог зүйл байхгүй. Талийгаачийг ажлаа хийж байхад нь дуудаж гаргасныг нотлох баримтаар үзүүллээ. Талийгаач төрийн албаны шалгалтад тэнцсэн. Мэргэжлийн хүн байсан. 

Хэргийг анх БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байсан. Өнгөрсөн наймдугаар сард НЦГ-ийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байсан бол яг одоо ЦЕГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн

ИНЕГ-ын зардлаар хэн гэгч даргын хүүхэд гадаадад суралцав

Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцсон билээ. Энэ үеэр ИНЕГ нь өөрийн зардлаар гадаад улсад нарийн мэргэжлээр суралцуулж хүний нөөцийг бэлтгэдэг талаарх мэдээллийг онцолсон юм.

2016.10.01-ний өдрийн байдлаар 30 төрлийн мэргэжлээр 13 улсад 107 оюутан суралцаж, 25 оюутан төгссөн байна.Үүнээс мэргэжлийн сургалтад 25, баклаврын сургалтад 56, магистрийн сургалтад 20, докторантурт 6 хүн суралцсан. байна. Харин гадаадад гэрээгээр сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрт 2013 онд 2.70 тэрбум, 2014 онд 2.74 тэрбум, 2015 онд 3.4 тэрбум, 2016 онд 838 сая төгрөг зарцуулсан бөгөөд 4 жилийн хугацаанд нийт 9.8 тэрбум төгрөгийн зардлыг зарцуулсан байна.

ИНЕГ-ын тэтгэлгээр 2015-2017 онд 93 оюутан гадаад улсад суралцан төгсөж ирснээс 39 нь ажилд ороогүй гадаад улсад үргэлжлүүлэн суралцаж байгаа бол 2017 онд 13 оюутан төгсөж ирснээс 12 нь хүний нөөцийн бүртгэлд орсон буюу ажилд орж чадаагүй аж. 

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 74 оюутан гадаад улсад суралцаж байгаагаас С.Манлай, Ж.Өлзийхишиг, Д.Лхагважав, Л.Хонгорзул, Б.Номундалай, Б.Ундрал, Ч.Сэржмаа, Э.Энхмөнх, Л.Болд-Эрдэнэ нарын 9 хүн нисэхээс өөр мэргэжлээр буюу Бизнесийн удирдлага, улс төр, гадаад харилцаа, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлээр суралцаж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,  7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

ИНЕГ-ын тэтгэлгээр гадаад улсын их дээд сургуулиудад оюутан суралцуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулах, хүний нөөцийн хэрэгцээ шаардлагыг бодитоор төлөвлөх, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангах зөвлөмж тус газарт хэрэгжихгүй өмнөх оны шалгалтаар илэрсэн зөрчил давтагдан гарсаар байна.  2017 онд тус газрын тэтгэлгээр нийт 22 хүн 583.260 ам.долларын тэтгэлгээр гадаадад суралцахаар явсан байна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй бус, ил тод бус байдлаар зохион байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангаагүй байна. Дээрх оюутнуудаас Б.Түвшинбат, Ж.Отгонбаяр, Б.Бадрал, Б.Гангэрэл, Ч.Лхагвасүрэн, Ч.Батсайхан нарын 6 хүн тус газарт ажиллаж байгаад мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр суралцаж байгаа бол бусад 16 оюутны эцэг, эх нь Зам тээврийн яам, ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий этгээд байна. 

Тухайлбал, Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержаны хүүхэд Б нь АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр, ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны дарга Б.Цогоогийн хүүхэд Т нь ОХУ-ын Сибирийн нисэхийн академид агаарын хөлгийн техникийн ашиглалт мэргэжлээр, “УБТЗ” ХНН-т орлогч даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэдалайгийн хүүхэд Б нь Австрали улсын Свинборны технологийн их сургуульд нисэхийн менежмент чиглэлээр тус тус суралцахаар сургалтын төлбөрөө төлүүлсэн байна.

С.Мөнхтуяа: Нэг ширхэг тамхины утаанд 7000 гаруй төрлийн хортой бодис, 56 төрлийн хавдар үүсгэдэг бодис агуулагддаг

ДЭМБ, ЭМЯ, СЭМҮТ хамтарсан Монгол Улсад Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх туршилт судалгааны нээлт өчигдөр боллоо. Тус нээлтийн үеэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн  мэргэжилтэн, анагаах ухааны  доктурант С.Мөнхтуяатай Тамхины хяналтын тухай хууль болон тамхины хор уршигийн талаар ярилцлаа.

НЭГ ӨДӨРТ ДЭЛХИЙ ДЭЭР 10 МЯНГАН ХҮН ТАМХИНААС ШАЛТГААЛСАН ӨВЧНӨӨР НАС БАРЖ БАЙНА

-Тамхины хяналтын хууль батлагдаад нэлээд хэдэн жил өнгөрлөө. Гэтэл өнөөдөр бодит нөхцөл байдал дээрээ хэрэгжихгүй байна. Хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь юу байна вэ?

-Манай СЭМҮТ, ЭМЯ, ДЭМБ-тай хамтраад Монголд анх удаагаа тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн  туршилт судалгааг явуулах гэж байна. Энэ судалгаа нь бусад судалгаанаас  маш их онцлогтой. Тодруулбал, энэ судалгаа гар утсаар ард иргэдээсээ санамсаргүй түүвэрийн аргаар олон нийтийн саналыг шууд хүлээн авч хуулийн хэрэгжилт хуулийн зарим заалт дээр байгаа тамхины зар сурталчилгаа, тамхины ивээн тэтгэлэг, тамхи үйлдвэрлэлтийн байдал, тамхигүй орчин бүрдүүлж байгаа байдал гэсэн хуулийн зарим заалт дээр судалгаа хийх гэж байна. Судлаачид 8 аймаг, найман дүүргийг сонгож аваад 4000 ажиглалтыг хийнэ. Ажиглалтыг гар утас  дээрээ аплэйкшин татаж аваад ажиглалтыг хийнэ. Энэ Монголд анх удаагаа хийгдэх гэж буйгаараа онцлогтой. Тамхины хяналтын тухай хууль  2013 оны 3 сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжихгүй байгаа ямар асуудал байна гэхээр  тамхины хуулийг зөрчиж байгаа хүнийг 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн хуулийн зүйл заалт байгаа. Иргэний хариуцлага  аж ахуй нэгжийн хариуцлагыг оногдуулах боломж байхгүй гэж үздэг. Мөн хэн торгох вэ гэдэг нь тодорхой байгаа. Тухайн хорооны хэсгийн дарга,  сум дүүргийн засаг дарга, аж ахуй нэгжийн байгууллагын дарга нар нь торгоно гэж заасан байгаа. Энэ бүхэн нь тодорхой байгаа боловч 50,000 төгрөгийг тухайн хүнээс авч чадахгүй байна гэдэг ч юм уу мөн МХЕГ-ын тодорхой тооттой торгуулийн хуудас байхгүй гэсэн шалтгаанаас болоод тамхины хяналтын тухай хуулиуд хэрэгжихгүй байгаа шалтгаан байна. Мөн Хууль гарсаны дараагаар дахиад нэмэлт заалт орж ирсэн байгаа. Энэ нэмэлт заалт нь дотоод орчин нь 100% тамхигүй орчин байх ёстой гэсэн заалтаа зөрчсөн заалт гарч ирсэн. Тамхи татах тусгайлсан цэг байгуулсан. Цэг маань тодорхой шалтгааны улмаас ажиллахгүй байгаа нь хуулиа зөрчиж гарч ирсэн.

-Цаашид тамхины хяналтын тухай хуулийг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд бодлогын түвшинд ямар асуудлыг шийдэх хэрэгтэй байна вэ?

-2013 онд манай улс тамхины хяналтын суурь конвекцод элсэж орсон байгаа. Тамхины хяналтын суурь конвекцод 181 улс нэгдэж орсон байдаг. Тамхины хяналтын суурь конвенц гэдэг 6 суурь зарчим байдаг. Тамхи үйлдвэрлэлтэд хяналт тавих, тамхийг аль болох нэмэгдүүлэхгүй байх, тамхины онцгой албан татварыг  жил болгон нэмэгдүүлж байх гэсэн суурь зарчмууд байгаа.2018 онд тамхины онцгой албан татварыг дахиад 20 хувиар нэмсэн байгаа. Онцгой албан татварыг нэмснээрээ 1 тамхинд ногдох үнэ нэмэгдэнэ. Үнэ нэмснээр тамхийг ширхгээр авах, 21 нас хүрээгүй залуучуудын хэрэглэгээ багасна. Тамхинд зарцуулах мөнгөөрөө эрүүл мэнддээ хэрэгтэй зүйлд зарцуулах нь хүн амын эрүүл анхаарч байна гэж үздэг. Мөн тамхины хяналтын чухал суурь зарчим байгаа. Энэ нь олон нийтэд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах, тамхинаас гарах гэж байгаа хүмүүст зөвлөгөө мэдээлэл өгөх, уриалах бусдад дэлгэрүүлэх гэсэн зургаан зарчим байгаа. Тамхины хяналтын тухай хууль маань тамхины хяналтын суурь конвекцтойгоо уялдаж байгаа.

-Сүүлийн үед тамхины хор уршгаас  шалтгаалсан нас баралт өндөр байна гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ талаарх судалгаа байдаг уу?

-Тамхинаас шалтгаалсан нас баралт халдварт бус өвчний тэргүүлэх шалтгаан болж байна. Нэг өдөрт дэлхий дээр 10 мянган хүн тамхинаас шалтгаалсан өвчнөөр нас барж байна гэсэн тоо баримт байна. Эдгээр өвчтөнүүд дотор уушгины хавдар, бүх төрлийн хорт хавдар, зүрх судасны өвчлөл, даралт ихсэх, зүрхний шигдээс цусан хангамжийн дутагдалд орж нас барж байна. Тийм учраас дэлхий нийтээрээ халдварт бус өвчний тэргүүлэх нэг номерын шалтгаан нь тамхинаас үүдэлтэй өвчин орж байна.

-Нэг ширхэг тамхинд хэдий хэмжээний химийн бодис ордог вэ?

-Тамхийг зүгээр нэг хэрэглэхгүй шатааж химийн бодис гаргаж хэрэглэдэг учраас тамхины утаанд байдаг бодисуудыг жил болгон судалдаг. Нэг ширхэг тамхины утаанд 7000 гаруй төрлийн хортой бодис, 56 төрлийн хавдар үүсгэдэг бодис агуулагдаж байна гэж үздэг. Мөн никитон гэдэг бодис маань донтох, сэтгэцийн хараат байдлыг үүсгэдэг. Мөн бусанд хортой бодисууд хүртэл байгаа. Хамгийн том тамхи татахын хор уршиг нь юу байна гэхээр тамхины утаагаар бусад хүмүүст адилхан нөлөө үзүүлдэг. Бусад хүмүүс тамхи татахгүй ч гэсэн тамхи татаж байгаа хүний утаанд хордож байгаа учраас тэдгээр хүмүүст бас шаардлага хэрэгтэй байна.

-Манай улсын тамхины хэрэглээ ямар байна вэ. Хүн амын хэдэн хувь нь тамхи татаж байна. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас дурьдахгүй юу?

-Эрүүл мэндийн яамнаас  3 жил тутамд судалгаа хийдэг байгаа. Сая 2018 онд хийсэн судалгааны  тоо гарсан. Судалгаанаас үзэхэд эрэгтэйчүүдийн 47% тамхи татаж байна. Эмэгтэйчүүдийн тамхи таталтын тоо 8%-иар, охидын тамхи таталт 1,3%-иар нэмэгдсэн гэсэн тоо баримт гарсан. Эмэгтэйчүүд тамхи татсанаараа маш их хор хөнөөл гарч байна. Жирэмсэн эмэгтэйн ураг маань хүчил төрөгч буюу эх, ихэсээрээ дамжуулаад хүчил төрөгчийг авч эрүүл саруул бойжих ёстой. Гэтэл тамхи нь тэр чигээрээ нүүрс хүчлийн хийгээр баялаг байдаг. Тийм учраас ураг маань байнгын угаарталтын байдалтай буюу бүгчим орчинд бойжиж байна гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор эхний гурван сардаа амьдрах чадваргүй буюу ураг амьгүй болдог. Яахав, амьдралаа гэхэд явцын дунд тархины даралттай, оюуны хомстолтой болдог. Энэ нь хүчил төрөгчийн дутагдалтай холбоотой. Мөн эмэгтэйчүүдийн ясжилтад их нөлөөлдөг. Шүд эрт унах, шүд цоорох, сүүн шүд унаагүй байхад л цооролт үүсчих ийм байдлаар их нөлөөлдөг. Тийм учраас жирэмсэн эмэгтэйчүүд тамхийг хоргүй гэж ойлгож болохгүй.  Залуучаад маань гэр бүл төлөвлөхөөсөө жилийн өмнө тамхинаас гарах хэрэгтэй. Мөн илрүүлэлт маш сайн болсон. Ураг гажигтай байлаа гэхэд ургийн өсөлт бойжилтыг зогсоодог болсон. Үүний голлох шалтгаан нь тамхинаас үүдэлтэй шалтгаан зонхилж байна.

-Насанд хүрсэн хүмүүсээс гадна өсвөр насны хүүхдүүд тамхины хор уршгийг мэдэхгүйгээсээ болж бага наснаас эхлэн тамхи татаж байна. Үүнд танай байгууллагаас хэрхэн анхаарал хандуулж байна вэ?

-Тамхины хор хөнөөл, эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ гэдэг нь ерөөсөө дадал зуршил. Өсвөр насны хүүхдүүд багаасаа цэцэрлэгийн наснаас эхлүүлээд зөв дадал суулгахаас эхэлнэ. БСШУЯ, ЭМЯ-тай хамтраад энэ жилээс эхлээд эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрт шинээр өөрчлөлт оруулсан. Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрт Сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын цагийг нэмсэн. Энэ сургалтаар хүнтэй яаж харьцах, ямар байдалд за эвсэл үгүй гэж хариулах вэ гэх мэтчилэн мэдлэг олгох сургалтыг эхэлж байгаа.

ШШГЕГ-аас С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар мэдэгдэл гаргажээ

“С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ” гэх гарчигтай мэдээлэл 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зарим өдөр тутмын хэвлэлүүд болон цахим сайтуудад нийтлэгджээ.

Тус нийтлэлд “... хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын дээд шүүхийн шийдвэрийг зөрчиж, дээрх ялтнуудыг хаалттай хорих ангиас нээлттэй хорих анги руу гэнэт шилжүүлсэн нь гэмт этгээдүүдийн эрүүл мэнд, амь насанд халдах гэсэн, эсвэл тэднийг айдас дарамтад оруулах гэсэн маш ноцтой үйлдэл мэтээр харагдаж байх юм ...”“... хаалттай хорих ангид хоригдож буй ялтнууд гадаад орчноос бүрэн тусгаарлагдаж, өрөөндөө ганц ганцаараа байрладаг бөгөөд гадны хэн нэгэн этгээд халдах нь бүү хэл өөрийнхөө ч амь насыг хорлох боломжгүй хатуу чанга хяналтан дор ялаа эдэлдэг байна. Харин нээлттэй хорих ангид шилжсэнээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт хамгаалалт суларч, Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар нээлттэй хорих ангид шилжин амьдрах, тэр ч бүү хэл нэг өрөөнд хэд хэдэн ялтантай хамт амьдарч эхлэх учраас хэн хүссэн нь тэдний эрүүл мэнд, амь насанд халдах боломж үүсгэх аж...”, “... ХЗДХ-ийн сайдын шийдвэрээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хорих 409 дүгээр анги руу шилжүүлжээ ...” гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц ташаа мэдээллүүдийг нийтэлжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохих шийдвэрийн дагуу Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хаалттай дэглэмийн хорих ангийн тусгай зэрэглэлд шилжүүлэн, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан үүргээ биелүүлж, хорих ял шийтгүүлсэн этгээдүүдийн хууль ёсны эрхийг нь хангаж буй явдал юм.

Хорих анги, байгууллагуудын харуул хамгаалалтын үйл ажиллагаа зохих журмын дагуу явагдаж байна.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Судалгааны үр дүнг сурах бичигт ашиглаж байна

Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн шударга байдал, ёс зүй, ёс суртахуун, зөв төлөвшилтийн түвшинг тодорхойлох, цаашид хүүхдүүдийг шударга иргэн болгон төлөвшүүлэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г жил бүр улсын хэмжээнд зохион байгуулж, үр дүнг олон нийт болон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, эрдэмтэн, судлаачдад хүргэдэг билээ.

Хүүхдийн шударга байдлын түвшинг хэмжих зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн хүүхдүүдийг судалгаанд хамруулдаг юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 8 дугаар ангийн “Нийгэм судлал”-ын сурах бичгийн 8 дугаар талд тус судалгааны үр дүнгээс дараахь байдлаар тусгажээ.

(Ч.Алтангэрэл ба бусад, 2017 он, Нийгэм судлал VIII: Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 8 дугаар ангийн сурах бичгийн хэсгээс)

Ийнхүү сурах бичигт судалгааны үр дүнг ашиглаж байгаа нь сайшаалтай бөгөөд шударга байдлын талаарх ойлголт, зан үйлийг 12-17 насны хүүхдүүдэд бодит тооцоолуур, хэмжилтийн үр дүнд төлөвшүүлж байгаагаараа ач холбогдолтой гэж Авлигатай тэмцэх газар үзэж байна.

"Тэц-4"-ийн захирал асан С.Анхбаярт 2 жилийн хорих ял оноожээ

Өнгөрсөн гуравдугаар сард АТГ-аас "Дулааны IV цахилгаан станц" Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг С.Анхбаярыг саатуулсан билээ. Түүнд холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн байна.  Түүнтэй хамт Л.Дэмбэрэлнямыг мөн шүүжээ. Улмаар шүүхээс С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг 3 жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноосон байна. 

Оны эхний хагас жилд 279 цахим гэмт бүртгэгджээ

Сүүлийн үед цахим орчноор залилан хийх, дарамтлах, садар самуунд уруу татах зэрэг гэмт хэргүүд гарч байгаа. Үүнээс үүдэн ЦЕГ-аас цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх "Unfriend хөдөлгөөн" өрнөж байна.

Монгол улсын хэмжээнд интернет хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа юм. 2017 оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт бүртгэгджээ. Үүнээс 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн. ЦЕГ-ын хэмжээнд 2018 оны 9-р сарын 05-наас цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Unfriend хөдөлгөөн" арга хэмжээг 1 сарын хугацаанд  зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх , нөлөөлөх, мэдээлэл хийх, зөвлөгөө өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн Фейсбүүк цахим орчинд "Хар жагсаалт" бүлгэмийг шинээр нээж нийгмийн сөрөг мэдээ мэдээлэл, садар самуун зүйлийг Фэйсбүүк компанид Report хийж мэдэгдсэнээр олон удаагийн гомдол, саналаар устгагдах боломж бүрдэх юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.

Баку 2018: Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ

"Баку-2018" жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд манай улсаас  ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Л.Отгонбаатар Зооны аваргын төлөө Гүржийн Варлам Липартелианитай барилдан цагийн төгсгөлд вазари үнэлгээр алдан ялагдсан. Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга Японы Аарон Вольфтой хүч үзэн ялалт байгуулсанаар ДАШТ-ээс анх удаа хүрэл медаль зүүлээ.

Улмаар манай улс "Баку-2018" жүдо бөхийн ДАШТ-ээс ийнхүү 2 дахь хүрэл медалиа хүртээд байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл