“Сэтгүүлчдийн ордон” төслийн нээлт, Сэтгүүлчдийн орон сууцны эхний үе шатны барилгын ажлын шав тавих ёслолын арга хэмжээний талаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс мэдээлэл хийлээ.
Энэ талаар МСНЭ-ийн Х.Мандахбаяр " “Эвлэлийн шинэ удирдлагууд сонгогдоод хагас жил болж байна. Хараат бус сэтгүүл зүй, чөлөөт сэтгүүлчийн асуудал ярьдаг. Сэтгүүлчид хариуцлагатай, ёс зүйтэй байх асуудал ярьдаг. Энэ нь сэтгүүлчдийнхээ өмнө редакц, салбар нь хариуцлага хүлээх шаардлагыг бий болгож байна гэж би хувьдаа үздэг. Тодруулбал, сэтгүүлчийн нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр дээрээс нь энэ салбар санхүүжилтийн цэвэр эх үүсвэрийг бий болгохгүйгээр дараагийн хөгжлийн асуудал ярихад төвөгтэй юм. Тиймээс бид ажил авснаасаа хойш энэ асуудалд ахиц дэвшил гаргахыг хичээж ажилласан. Ингээд энэ сайхан билэгшээлтэй өдөр “Сэтгүүлч” ордон барих төсөл болон 1,000 сэтгүүлчийг хямд үнээр чанартай орон сууцтай болгох хөтөлбөрийн нээлтээ хийх гэж байна” хэмээн хэллээ.
МСНЭ-тэй хамтарч ажиллахаар болсон "Шинэ гарц" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бадамрагчаа "Нийслэл хотыг хөгжүүлэх 2030 он хүртэл ерөнхий төлөвлөгөө болон гэр хороололын дахин төлөвлөлтийн дагуу Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг орон сууцжуулах 1620 айлын иж бүрэн цогцолбор хорооллын "Шинэ гүрэн" иж бүрэн цогцолбор хорооллын төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл 10 жилийн хугацаатай хэрэгжих юм. МСНЭ-ээс манай компанид сэтгүүлчдийг хямд өрөг бүхий орон сууцаар хангах 1000 сэтгүүлчийг орон сууцаар хангах төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавьсан. Бид судалж үзсэний үндсэн дээр "Шинэ гүрэн" хорооллын хүрээнд нэг метр квадратыг нь 1,099,000 төгрөгөөр 400 сэтгүүлчийг бүрэн цутгамал чанартай орон сууцаар хангах гэрээнд гарын үсэг зурж байна. Бид энэхүү төслийг харилцан ашигтай, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн, нийслэл хотынхоо утааг бууруулах, хөрсний бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулсан үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил хэмээн үнэлж, төсөлд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Шинэ гүрэн төслийн хувьд бүрэн цутгамал орон сууцны зах зээлийн анхны үнэ 2,300,000 төгрөг боловч МСНЭ-тэй байгуулсан гэрээний хүрээнд сэтгүүлчдэдээ 1,099,000 төгрөгөөр нийлүүлнэ. Гэвч чанарын хувьд ямар нэгэн ялгаа гарахгүй, харин сэтгүүлчдэдээ илүү түргэн шуурхай үйлчлэх, эхэлж ашиглалтад орсон барилгаас олгож эхлэх чиглэлийг барьж ажиллана" хэмээн хэллээ.
16 ДАВХАР “СЭТГҮҮЛЧ” ОРДОН БАРИГДАНА
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр энэхүү албан тушаалд сонгогдохдоо мөрийн хөтөлбөртөө Монголын сэтгүүлчдийн ордон барина хэмээн тусгасан байсан. Түүнчлэн өнгөрөгч тавдугаар сарын 3 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зохион байгуулсан "Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Сэтгүүлч” ордоны газрыг шийдвэрлэж өгөхөө нийт сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Энэ дагуу Хотын дарга "Сэтгүүлч" ордон барих газрын гэрчилгээг МСНЭ-д олгосныг МСНЭ-ийн Ерөнхийлөгч мөн өнөөдөр танилцууллаа. Уг ордон нь Сүхбаатарын талбайгаас хоёр км-ийн зайд 32-ын тойрогт төв зам дагуу 678 м.кв газарт 16 давхар баригдах юм байна. Барилгын зураг төсөл боловсруулах гэрээг өнөөдөр "Марс Констракшн" компанитай байгуулснаар “Сэтгүүлч” ордон барих ажил эхэллээ.