Улсын хэмжээнд шүд цоорох өвчний тархалт 5-6 настай хүүхдийн дунд 94, 12 настай хүүхдийн дунд 84 хувьтай байна. Шүдний цоорол нь чих, хамар, хоолойн үрэвсэл, эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлийн шууд болон хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлийн дам шалтгаан болдгийг эрдэмтэн судлаач, "эмч, мэргэжилтнүүд анхааруулдаг.
Тиймээс Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулж “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ хөтөлбөр нь 2019-2023 онд хэрэгжих бөгөөд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалт болон цоорлыг эрчмийг бууруулах зорилготой ажээ.
Хөтөлбөрийн хүрээнд шүд цоорох өвчнийг тууштай бууруулахад чиглэсэн шүд, амны хөндийн тусламж үйлчилгээг сайжруулах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлд төлөвшүүлэх, 2-12 насны хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.