8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: УИХ-ын Намрын чуулганы тов гарч, 400 сэтгүүлчийг орон сууцаар хангах гэрээнд гарын үсэг зурсан өдөр

2018-09-27 18:50:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн өдөр танд талархая.

Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. 

Деклан Магий: Төсвийн зарлага, орлого дээрээ мэдрэмжтэй хандаж, зөв шийдвэр гаргах нь чухал

Монгол Улсын эдийн засгийн өсөлт цаашид үргэлжилнэ гэсэн таатай мэдээг Азийн хөгжлийн банкнаас мэдээллэв. Тус банкны Суурин төлөөлөгчийн газраас Монгол Улсын эдийн засгийн 2019 оны төлөвийг өчигдөр танилцуулсан юм.Энэ үеэр АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магийгаас тодрууллаа. 

-Манай улсын эдийн засгийн энэ онд хэр өсөлттэй байв? 

-Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагаст 6.3 хувийн өсөлттэй гарсан.  Өмнөх оны тооцоолж байсан өсөлтийг ахиулсан дээрх үзүүлэлтэд иргэдийн (өрхийн) зээл олголт нэмэгдэж, хэрэглээ өссөн болон нүүрсний экспорт, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь нөлөөлсөн.  Өнгөрсөн дөрөвдүгээр сард АХБ-наас гаргасан таамгаар энэ онд эдийн засгийн өсөлт 3.8 хувиар, 2019 онд 4.3 хувь байхаар таамагласан байна. Харин тайлангийнхаа шинэчилсэн дугаарт тэд Монгол Улсын эдийн засгийг энэ онд 6.4, ирэх онд 6.1 хувиар өснө хэмээн таамагласан. Ази, Номхон далайн эдийн засгийн төлөв эерэг харагдаж байна. Эдийн засгийн өсөлт хадгалагдана гэсэн таамгыг дэвшүүлж байгаа. Бүс нутаг даяар эерэг төлөв харагдаж байгаа нь дотоодын эрэлт нэмэгдсэн. Гэхдээ худалдааны маргаан, дайн биеллээ олвол эрсдэлд орж болзошгүй. Тийм учраас бүс нутгийн хүрээнд эдийн засгийн харилцаагаа бататгах тал дээр тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. 

-Монгол Улсын эдийн засгийг ирэх онд 6.1 хувиар өснө гэж таамаглаж байна. Энэ таамгаас харахад ирэх жил манай улсын эдийн засагт ямар эерэг хандлага гарах бол?

-Өнөөгийн өсөлтийг хэвээр хадгалах боловч хөрөнгө оруулалт бага хэмжээгээр саарч, ирэх оны өсөлт 6.1 хувьтай байна. Шатахууны үнийг тогтворжуулах зорилго бүхий бодлогын алхмыг хийвэл инфляцын төлөв байдал өсөхгүй байх эерэг хандлагууд хадгалагдана.

 Аймаг орон нутаг гантай байснаас хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт эзлэх хувийн жин 0.5 нэгж хувь болж буурсан байна. Үүнийг эс тооцвол нүүрсний экспорт өссөнөөр уул уурхайн салбар эрчимжиж, хөрөнгө оруулалт нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсан. Эдийн засгийн өсөлтийн гол нөлөөлөл үзүүлж буй хөрөнгө оруулалт нь ДНБ-ийн 12.6 хувийг бүрдүүлж байгаа бол өрхийн зээл эрс өссөнтэй холбоотой .Иргэдийн хэрэглээ нь ДНБ-ийн 3.9 хувийг бүрдүүлж байна. Энэ жил уул уурхайн салбарын хувьд үйл ажиллагаа эрчимжиж импорт өссөн нь нийт импортын өсөлт экспортын өсөлтөөс давж цэвэр экспортын ДНБ-д эзлэх хувийн жин 10.3 хувиар буурахад нөлөөлсөн. 

-Өрийн дарамт, валютын ханш, шатахууны үнэд Монгол Улсын төр, засгаас бодлогын түвшинд ямар арга хэмжээ боломжит хувилбар байна вэ? 

 -Валютын ханшид анхаарахаар төлөв гарсан. Гэхдээ одоо зарим хүний яриад байгаа шиг хяналтаас гарсан, давсан зүйл байхгүй. Энэ бол экспортыг дэмждэг, импортод ч мөн нөлөөлдөг хоёр талтай. Валютын нөөцөө хадгалан нэмэгдүүлж зардлаа хянах зэргээр хамгаалалтын арга хэмжээ авч дархлаа бий болгон мөнгөний бодлогоороо зохицуулах шаардлага бий.

Өрийн дарамтын хувьд төсвийн зарлага доогуур үзүүлэлттэй, орлого давамгайлсан зэрэг ДНБ-д хамаарах эерэг хавсарсан нөлөөлөлтэй байгаа хандлага ирэх онд хадгалагдана гэж үзэж байна. Тиймээс төсвийн зарлага, орлого дээрээ мэдрэмжтэй хандаж, зөв шийдвэрүүд гаргаад явах нь чухал байна.

Уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжгэй байлгах, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг өндөрсгөх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд төр, засгаас гарах бодлогууд чухал үүрэг гүйцэтгэнэ.

400 сэтгүүлчийг бүрэн цутгамал чанартай орон сууцаар хангах гэрээнд гарын үсэг зурлаа

“Сэтгүүлчдийн ордон” төслийн нээлт, Сэтгүүлчдийн орон сууцны эхний үе шатны барилгын ажлын шав тавих ёслолын арга хэмжээний талаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс мэдээлэл хийлээ. 

Энэ талаар МСНЭ-ийн Х.Мандахбаяр " “Эвлэлийн шинэ удирдлагууд сонгогдоод хагас жил болж байна. Хараат бус сэтгүүл зүй, чөлөөт сэтгүүлчийн асуудал ярьдаг. Сэтгүүлчид хариуцлагатай, ёс зүйтэй байх асуудал ярьдаг. Энэ нь сэтгүүлчдийнхээ өмнө редакц, салбар нь хариуцлага хүлээх шаардлагыг бий болгож байна гэж би хувьдаа үздэг. Тодруулбал, сэтгүүлчийн нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр дээрээс нь энэ салбар санхүүжилтийн цэвэр эх үүсвэрийг бий болгохгүйгээр дараагийн хөгжлийн асуудал ярихад төвөгтэй юм. Тиймээс бид ажил авснаасаа хойш энэ асуудалд ахиц дэвшил гаргахыг хичээж ажилласан. Ингээд энэ сайхан билэгшээлтэй өдөр “Сэтгүүлч” ордон барих төсөл болон 1,000 сэтгүүлчийг хямд үнээр чанартай орон сууцтай болгох хөтөлбөрийн нээлтээ хийх гэж байна” хэмээн хэллээ. 

МСНЭ-тэй хамтарч ажиллахаар болсон "Шинэ гарц" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бадамрагчаа "Нийслэл хотыг хөгжүүлэх 2030 он хүртэл ерөнхий төлөвлөгөө болон гэр хороололын дахин төлөвлөлтийн дагуу Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллыг орон сууцжуулах 1620 айлын иж бүрэн цогцолбор хорооллын "Шинэ гүрэн" иж бүрэн цогцолбор хорооллын төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл 10 жилийн хугацаатай хэрэгжих юм. МСНЭ-ээс манай компанид сэтгүүлчдийг хямд өрөг бүхий орон сууцаар хангах 1000 сэтгүүлчийг орон сууцаар хангах төслийг хамтран хэрэгжүүлэх санал тавьсан. Бид судалж үзсэний үндсэн дээр"Шинэ гүрэн" хорооллын хүрээнд нэг метр квадратыг нь 1,099,000 төгрөгөөр 400 сэтгүүлчийг бүрэн цутгамал чанартай орон сууцаар хангах гэрээнд гарын үсэг зурж байна. Бид энэхүү төслийг харилцан ашигтай, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн, нийслэл хотынхоо  утааг бууруулах, хөрсний бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулсан үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил хэмээн  үнэлж, төсөлд хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Шинэ гүрэн төслийн хувьд бүрэн цутгамал орон сууцны зах зээлийн анхны үнэ 2,300,000 төгрөг боловч МСНЭ-тэй байгуулсан гэрээний хүрээнд сэтгүүлчдэдээ 1,099,000 төгрөгөөр нийлүүлнэ. Гэвч чанарын хувьд ямар нэгэн ялгаа гарахгүй, харин сэтгүүлчдэдээ илүү түргэн шуурхай үйлчлэх, эхэлж ашиглалтад орсон барилгаас олгож эхлэх чиглэлийг барьж ажиллана" хэмээн хэллээ. 

16 ДАВХАР “СЭТГҮҮЛЧ” ОРДОН БАРИГДАНА 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр энэхүү албан тушаалд сонгогдохдоо мөрийн хөтөлбөртөө Монголын сэтгүүлчдийн ордон барина хэмээн тусгасан байсан. Түүнчлэн өнгөрөгч тавдугаар сарын 3 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зохион байгуулсан "Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Сэтгүүлч” ордоны газрыг шийдвэрлэж өгөхөө нийт сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Энэ дагуу Хотын дарга  "Сэтгүүлч" ордон барих газрын гэрчилгээг МСНЭ-д олгосныг МСНЭ-ийн Ерөнхийлөгч мөн өнөөдөр танилцууллаа. Уг ордон нь Сүхбаатарын талбайгаас хоёр км-ийн зайд 32-ын тойрогт төв зам дагуу 678 м.кв газарт 16 давхар баригдах юм байна.  Барилгын зураг төсөл боловсруулах гэрээг өнөөдөр "Марс Констракшн" компанитай байгуулснаар “Сэтгүүлч” ордон барих ажил эхэллээ. 

Чойжин ламын сүмийн хашаанд зөвшөөрөлгүй эзэмшиж байсан газрыг чөлөөлжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны тогтоолыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлахтүүх, соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270м2 талбай бүхий хоёр давхар барилгыг албадан буулгах захирамж гаргасан байна.Энэхүү чөлөөлсөн талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс тохижилтын ажил хийж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байгаа аж. 

Төрийн ордонд хүн нас баржээ

Төрийн ордонд өнөөдөр “1000 багшийн дурсамж” уулзалт, зөвлөгөөн болов. Харин энэхүү арга хэмжээнд оролцож байсан 87 настай өндөр настан гэнэт амьсгал хураасан харамсалтай хэрэг дөнгөж сая гарчээ.Талийгаач нийслэлийн Багануур дүүргийн харьяат, 87 настай, эрэгтэй С байсан бөгөөд тэрээр Багануур дүүргийн ахмад багш нарыг төлөөлөн ирсэн байжээ.Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. 

УИХ-ын Намрын чуулган ирэх даваа гарагт нээнэ

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулган Даваа гарагт буюу аравдугаар сарын 1-нд эхлэх тов гарчээ. 

УИХ-ын дарга М.Энхболд  захирамж гаргаж, УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон.  Уг захирамжаар намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг доор дурдсанаар тогтоосон юм.

Үүнд:

1/Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2/Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
6/Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
7/Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8/Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
9/Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
10/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
11/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
12/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
13/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;
15/Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;
16/Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
18/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
19/Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл;
20/Эрүүгийн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
21/Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
22/Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл;
23/Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
24/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
25/бусад.

Мөн энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон намрын ээлжит чуулганы явцад хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн бүрд нь Улсын  Их Хурлын даргын Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоожээ.

Монголын жүдочид Японы багтай учраа таарчээ

Азербайжан улсын Баку хотноо үргэлжилж буй Жүдо бөхийн ДАШТ-ий багийн холимог барилдаан болно. Энэ удаагийн холимог барилдааны нэг онцлох үйл явдал бол Өмнөд болон Хойд Солонгосын баг нэгдэж оролцох юм. Багийн барилдаанд нийт 19 улсын тамирчид өрсөлдөх  юм байна .

Энэ төрөлд эрэмбээрээ Япон, Бразил, Герман эхний гуравдугаарт бичигдэж буй. Харин өмнөд, хойд Солонгосын нэгдмэл баг дөрөвдүгээрт жагсжээ.Өнөөдрийн барилдаан эрэгтэйчүүдийн 73 кг жингийн барилдаанаар эхлэх юм. Монголын шигшээ багийн хувьд эхний тойрогт Японы багтай учраа таарчээ. Тэднийг ялвал Азербайжан, Австрийн ялсантай нь хүч үзэх юм байна. 

Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг нь хаслаа

Өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар барилдсан дөрвөн бөхөөс сэргээш хэрэглэсэн талаар мэдээлэл цацагдаж байсан. Тодруулбал, 

  • Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш 
  • Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан С.Майнбаяр 
  • Сүхбаатар Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай нараас сэргээш илэрч байсан. 

Харин энэ жилийн баяр наадмаар барилдсан гурван бөхөөс сэргээш илэрсэн байна. Тэгвэл МБҮХ-ны тэргүүлэгчид уржигдар хуралдаж, улсын цолтой нэр бүхий гурван бөхийн барилдах эрхийг хассах шийдвэр гаргасан байна. Тодруулбал,  Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын харцага А.Цацавшир, энэ жил Улсын начин цол хүртсэн Ц.Бямба-Очир нараас сэргээш илэрсэн нь тодорхой болж барилдах эрхийг нь хассан байна.  Дээрх гурван бөхийн нэг нь сорьцийн хариугаа хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжлүүлэхээр гадагшаа явуулсан гэж байсан. Тэгвэл тэр бөх нь Улсын начин Ц.Бямба-Очир аж. 

СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ?

 Улсын гарьд Н.Ганбаатарыг олон түмэн сайн танина. Түүний хувьд улсын цолтой бөхөөс гадна Монгол бөхийн өргөөний үүсгэн байгуулагчдын нэг Ц.Нямдоржийн хүү гэдгийг олон түмэн сайн мэднэ. Түүний хувьд Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд цолтой. Тэрбээр сэргээш хэрэглэсэн ил боллоо гэсэн мэдээлэл гарсан даруйд мэдэгдэл гаргасан. Тэрбээр “надаас илэрсэн гэх хориотой бодис нь булчингийн урагдал болон зөөлөн эдийн тасралтанд эмнэлгийн практикт хэрэглэдэг аж. 2008, 2009 онд өвдгөндөө авсан бэртэл сэдэрч БНХАУ-ын Бээжингийн гэмтлийн төв эмнэлэгт мэс засалгүй эмчилгээ хийх хүсэлт тавьсны дагуу дөрвөн өдрийн турш Хятад бичигтэй тариа хийж эмчилсэн. Өөр ямар нэгэн байдлаар эм болон тариа хэрэглэсэн зүйл байхгүй бөгөөд олон сарын өмнө хийлгэсэн энэ эмчилгээнээс ийм зүйл илэрнэ хэмээн санаж байсангүй. Миний бие өдгөө 36 настай бөгөөд өөрийн энэ өндөр цолонд 10 жилийн өмнө хүрсэн. Бөх хүний хувьд ард түмнээ хүндэтгэж бөхийн ариун дэвжээндээ ёс суртахуунтай барилдаж, даваа наймалцах асуудлаас хол байж ирсэн. Иймд үргэлж намайг дэмжиж, хайрлаж, урам өгч байдаг Монголын нийт ард түмэндээ баярлан талархаж явдгаа илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье” гэсэн мэдэгдэл гаргасан юм. 

ХаринУлсын начин Цогбадрахын Бямба-Очирын хувьд  Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Хантайшир бөхийн дэвжээ, Хилийн цэргийн 0208-р ангийх бөх. Үндэсний бөхийн улсын начин цолтой бөх. Улсын начин Ц.Бямба-Очир 2013 онд аймгийн начин, 2015 онд аймгийн заан, 2016 онд Налайх дүүргийн баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн. Тэгвэл энэ жилийн улсын наадамд улсын арслан Э.Оюунболдоор тав давж шөвгөрөн улсын цол хүртсэн. 

Харин Улсын харцага А.Цацавширын хувьд өнгөрсөн жил одтой сайхан барилдсан бөхчүүдийн нэг. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тавын даваанд Дорноговь аймгийн харьяат, улсын харцага А.Цацавшир 2016 оны  наадамд үзүүрлэсэн, улсын арслан Р.Пүрэвдагвыг давж, шөвгөрч байсан. Цаашид ч улсын цолоо ахиулах бүрэн боломжтой бөхчүүдийн тоонд орж байсан  Улсын харцага А.Цацавшираас сэргээш илэрч, барилдах эрхийг нь хассан байна. 

Хурд тохируулж, хамгаалах бүс зүүгээгүй улмаас харамсалтай осол гарчээ

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангай аймийн Есөнзүйл сумын IV баг, Цагаан чулуутын гүүр гэх газарт Тоёота приүс-11 маркийн автомашины жолооч Б нь зам тээврийн ноцтой осол гаргажээ. Ослын улмаас нэг хүн амиа алдаж, гурван хүн бэртэл авсан байна.

Приүс маркийн машины жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 9-1 заалт “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал,тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2-3-Б заалт "Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гүүрний дугуй цохигч мөргөн онхолдож 100 метрийн цаана зам дээр зогсож байсан "Тоёота Ланд крузер-200" маркийн автомашиныг мөргөж алтан амиараа хохирч, гурван зорчигчийн биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгджээ.

Бид хууль дүрмээ хэрэгжүүлээгүйн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна хэмээн тус аймгийн Замын цагдаагийн газраас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment