8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Бөхийн өргөө рүү хүмүүс дайрч, Монгол Улс багийн дүнгээр Ой тогтоолтын Дэлхийн Аварга болсон өдөр

2018-09-28 18:40:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа.

Л.Пүрэвбаатар: Шүүхийн шийдвэрт гомдолтой байна

-Дээд шүүхээс Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбумын үнэтэй хаусыг хураах шийдвэр гаргалаа-

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Дээд шүүх шүүж өчигдөр шийдвэрлэв. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар 2014-2016 онд захирлаар ажилласан Л.Пүрэвбаатар нь 130 сая төгрөгөөр лексус-570 автомашин болон 1.47 тэрбум төгрөгөөр амины орон сууцыг байгууллагын мөнгөөр худалдаж авсан байдаг.  Дарга асан Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байгааг “”УБТЗ” ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд ийнхүү гурван шатны шүүхэд хандаж, эцэстээ ялагдав. Дээд шүүхээс түүний Зайсан дахь 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргажээ.  

Шүүхийн шийдвэрийн дараа Л.Пүрэвбаатар “УБТЗ-ын дарга байсан хүнд төр хатуу хандлаа. Үе үеийн дарга нар ч үнэтэй орон сууцтай байсан. Одоогийн дарга ч үнэтэй орон сууцанд амьдарч байгаа шүү. Байр орон сууцны асуудлаар бие биенээ  дарамталж, улстөржих шаардлага байхгүй баймаар юм. Шүүхийн шийдвэрт гомдолтой байна" гэв.

Үүнээс гадна уг орон сууцыг зах зээлийн ханшаар худалдаж байгууллагыг хохиролгүй болгох чиглэлийг УБТЗ-ын Ерөнхий хорооноос өгчээ. Гэсэн ч тэрбээр орон сууцыг чөлөөлж өгөхөөс татгалзаж, шүүхэд хандсан энэ аж. 

Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

"Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нь хариуцагч Л.Пүрэвбаатарт холбогдуулан, Замын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь эзэмшүүлж байсан нийгэмлэгийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргаж, хариуцагч Л.Пүрэвбаатар нь маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн шүүхэд гаргасан аж.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Л.Пүрэвбаатарын өмчлөлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд орших орон сууцыг шилжүүлэхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  мөн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд  байрлах орон сууцыг хариуцагч Л.Пүрэвбаатарын эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д шилжүүлэхийг даалгаж,  Л.Пүрэвбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч Л.Пүрэвбаатарын эзэмшлээс чөлөөлж,  нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д шилжүүлэхийг даалгасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв" гэжээ.

Сануулахад, "УБТЗ” ХНН-ээс Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ийн хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулан, эзэмшиж байгааг хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсан  байдаг.

М.Даваажаргал: Аавынхаа Хөдөлмөрийн баатрын одонгоор энгэрээ чимж ирлээ

Намрын дунд сарын шинийн 17-ны балжинням, дашням давхацсан билэгт сайн өдөр буюу өчигдөр  Дархан аварга Ж. Мөнхбатын үүсгэн байгуулсан "Их шавь" дэвжээ, спорт сургалтын төвийн нээлт боллоо. Спорт сургалтын төвийн нээлтэд Ж.Мөнхбат агсны гэргий Ө.Тамир, том хүү М.Батхуяг, аваргын бага хүү мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Хөдөлмөрийн баатар Хакухо М.Даваажаргал, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Дамдиншарав, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган, Улсын аварга Г.Эрхэмбаяр, Хөдөлмөрийн баатар, тод манлай уяач Д.Даваахүү болон үе үеийн төгсөгчид хүрэлцэн иржээ. 

Хакухо М.Даваажаргал энэ үеэр “Би 19 настайгаасаа барилдсанаас хойш 1000 дахь даваагаа авлаа. 22 насандаа аварга болсноос хойш тооцвол 800 даваа авсан байна. Ийм амжилтаар “Их шавь” спорт сургалтын төвийн нээлтэд оролцож байгаадаа маш их баяртай байна. Энэ сайхан бэлгэ дэмбэрэлтэй өдөр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байгаадаа баяртай байна. Аав минь олон хүний багш, хүндлэл хүлээсэн хүн байсан.Өнөөдрийн нээлтэд ирэхдээ аавынхаа Хөдөлмөрийн баатрын одонгоор энгэрээ чимсэн. Аавынхаа их үйлийг үргэлжлүүлэн авч явах нь үр хүүхэд бидний үүрэг. “Их шавь” сургууль өнгөрсөн хугацаанд олон алдартан, мундаг тамирчдыг бэлтгэсэн. Цаашдаа энэ сургуулиас олимпын олон аварга төрнө гэдэгт итгэж байна. Миний аав 1992 онд спортын алдарт зүтгэлтнүүдтэй хамтарч “Их шавь” дээд сургуулийг үүсгэн байгуулсан. Тэр цагаас хойш дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргасан тамирчин, анхдагчид Монголын өв соёлыг тээж яваа үндэсний бөхийн аварга, арслан болон спортын шилдэг боловсон хүчнийг төрүүлж байсан юм. “Их шавь” спорт төвийн шавыг тавихад аав минь амьд сэрүүн байсан" гэв. 

Д.Давааням: Эх орныхоо хөрсөнд хоёр янзын технологиор гүзээлзгэнэ тарьж байна

Одоогоос хоёр жилийн өмнө Монголд албан ёсоор нээгдсэн  “И МАРТ” худалдааны хамт олон  /2018.09.26/ сэтгүүлчдийг хамруулсан автобустай аялалыг зохион байгууллаа. Энэ удаагийн  автобустай аялалаар "И Март" худалдааны төвд зарагддаг өргөст хэмх болон гүзээлгэнээ жимсээ хэрхэн хаанаас худалдан авч хэрэглэгчиддээ хүргэдэг талаар танилцуулсан юм.  “Монгол хүн та 100 наслаг” уриан дор эх орны хөрсөнд ургасан эрүүл, найдвартай хүнсийг хэрэглэгч нартаа хүргэхээр зорилгоор энэхүү “Фермерүүдийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэсэн аж. Тус хөтөлбөрт одоогоор 6 хүлэмж болон мах сүүний фермүүд хамрагдсан байна. Үндэсний фермерүүдийг дэмжиж, тэдний сэтгэл зүрх, хөлс хүчээ шингээн тарьсан жимс, ногоог Имартын салбаруудаар жилийн 4 улирлын турш борлуулж байгаа талаар танилцуулсан юм. Аялалын эхэнд Монгол дахь хамгийн том өргөст хэмхийн хүлэмжийн аж ахуйг эрхэлж буй “Төгс ургац” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. "Төгс Ургац" ХХК нь Голланд загварын бүрэн автомат, дөрвөн улирлын шилэн хүлэмжинд өргөст хэмхээ тарьж ургуулдаг юм байна. Тус хүлэмж нь А,В гэсэн үндсэн хоёр заалтай. Заал тус бүр нь 4032 метр, квадрат талбайтай бөгөөд нийтдээ 10080 метр квадрат талбайд өргөст хэмх тариалж байгаа аж. Энэхүү 10080 метр квадрат талбайгаас өглөө бүр шинэ өргөст хэмх хураан авч Имарт худалдааны төвд нийлүүлдэг аж. Тодруулбал, өглөө 7 цагт хураасан өргөст хэмх бага үдийн 11:00 цаг гэхэд тус худалдааны төвд очиж, хэрэглэгчийн гарт очиход бэлэн болдог аж. Өдөртөө 500 кг-аас -1 тонныг хураан авч Нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангадаг байна. Жилд нийт 500 тонн өргөст хэмх хураан авах хүчин чадалтай аж. 

“Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнхи үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ хэрхэн яаж, зарж борлуулах талаар санаа нь зовдог. Тэгвэл "Төгс Ургац" ХХК-ын хувьд тариалалт, ургацын чанартаа анхаарч илүү эрүүл хүнсээр ард олноо хангах боломжийг нь улам нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулдаг. Имарт худалдааны төвтэй хамтарч ажиллаж эхэлсэнээс хойш зарж борлуулах тал дээр санаа зовохоо больсон” талаар тус компанийн маркетингийн менежер хэлсэн юм.  Эх орны хөрсөнд ургасан эрүүл, шинэ жимс, хүнсний ногооны чанарыг Имарт өөрийн лаборитори болон Мэргэжлийн хяналтаар давхар баталгаажуулагдан хэрэглэгчдийнхээ гарт хүрдэг байна. Голланд технологийн автомат хүлэмжийн онцлог гэвэл бүх усалгаа автоматаар явагддаг аж. 

Д.АРИУНБОЛОР: БҮТЭЭГДЭХҮҮН МААНЬ ХЯМД ӨРТГӨӨР ЭРҮҮЛ, ШИНЭЭР ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРДЭГ

"Төгс Ургац" ХХК-ын маркетингийн менежер Д.Ариунболор хэлэхдээ “Бид 2017 оны дөрөвдүгээр сард анхны ургацаа хураан авсан. Тухайн үед нэг зааландаа улаан лооль, нөгөө зааландаа өргөст хэмх тариалсан. Харин энэ жил хоёр зааландаа зөвхөн өргөст хэмх тариаллаа. Тариалсан шинэхэн өргөст хэмхээ Улаанбаатар хотын нийт хэрэглэгчддээ хүргэдэг байгаа. “И март” болон “Барс” худалдааны төвүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Бүтээгдэхүүн маань хямд өртгөөр эрүүл, шинээр хэрэглэгчдэд хүрдэг” гэлээ.

"Төгс Ургац" ХХК-д зочилсоны дараа Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших “Мөнх ногоон тал” компанийн “Элбэг ургац” фермд мөн очиж бидний идэх дуртай гүзээлзгэнэ жимсийг тариалах үйл явцтай танилцлаа. Тус ферм нь 2012 оноос эхлэн гүзээлгэнэ жимсийг тариалж эхэлсэн аж. Тус компанийн ажилчид мандахын улаан нартай уралдан шинэхэн гүзээлзгэнээ хурааж, цоо шинээр нь Имарт худалдааны төвд нийлдэг аж.

 Компанийхаа үйл ажиллагааныхаа талаар “Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Д.Давааням “Элбэг ургац” жимсний аж ахуй 2012 онд байгуулагдсан.Анх ХХААЯ-наас зарласан “Гүзээлзгэнэ” хөтөлбөрийн дагуу гүзээлзгэнэ тарьж ургуулсан. Хоёр янзын технологиор тариалдаг. Нэгдүгээр эх орныхоо үржил шимтэй хөрсөн дээр тариалдаг. Хоёрдугаарт газар тариалангийн сүүлийн үеийн технолиор усан орчинд ургуулж байна. Энэхүү хоёр технологийг хослуулан тариалж, өнөөдөр жимсний тариалалтыг хөгжүүлэхийг зорьж байгаа. аашид жимсний төрөл зүйлийг олшруулах зорилгоор Европоос бөөрөлзгөний дөрвөн төрөл, алим чавга тариалж, ирэх жилээс усан үзэм тариалахаар бэлтгэл хангаад байна” хэмээн хэллээ. Туршилт амжилттай болсон тохиолдолд дараа жилээс эхлээд монголдоо тарьсан усам үзэмийг идэх боломжтой болох юм байна. 

Монголын анхны бүрэн барааны хайпермаркет И Март худалдааны төвийн хамт олон өдөр тутмын хэрэглээний барааг өдөр бүр шинэ байлгахыг зорилго болгон ажилладаг нь эндээс илт харагдлаа. Ингээд  Имарт худалдааны төвд зарагддаг экологийн цэвэр бүтээгдэхүүнтэй танилцсан нэг өдрийн аялал үүгээр дууслаа. Хэрвээ та эх орны хөрсөнд ургасан, эрүүл бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр худалдан авахыг хүсч байвал ИМАРТ худалдааны төвийг зориорой. 

Автобус, зуурмагийн машин, 2 жижиг тэрэг мөргөлджээ

Зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, өчигдөр орой 21:00 цаг орчимд Гурвалжингийн гүүрний ойролцоо дөрвөн автомашиныг хамарсан ноцтой осол гарсан байна. Зуурмагийн том оврын машин, Тахилт-Саппоро чиглэлийн нийтийн тээврийн автобус болон хоёр Тоёота маркийн автомашинууд мөргөлдсөн байна. 

Энэхүү осол Гурвалжингийн гүүрний урдаасаа хойшоо явах чиглэлд гарсан аж. Ослын үеэр хүн бэртсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Замын цагдаагийн газраас ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. 

Бөхийн өргөө рүү хүмүүс дайрч маргаан үүсгэжээ

Энэ сарын 26-ны өдөр Захиргааны Хэргийн Давж Заалдах Шатны Шүүх хурал болж, Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй, тэргүүн биш гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Тэгвэл “Гацуурт”-ын Л.Чинбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн А.Сүхбат гэсэн хоёр талд хуваагдан хүрсэн бөхийн өргөө рүү өнөөдөр хэсэг хүмүүс дайрч орсон байна.  Тодруулбал Л.Чинбатын талынхан буюу улсын гарьд Б.Гантогтох тэргүүтэй 20 орчим хүн өнөөдөр Бөхийн өргөө рүү хүч түрэн орж маргаан үүсгэсэн гэнэ. Үүнтэй холбогдуулж, тус холбооныхон хуулийн байгууллагад хандсанаар Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид Бөхийн өргөөнд ирээд байгаа аж. 

Оюутолгойд хүчингийн хэрэг гарчээ

Оюу Толгой компанид энэ сарын 4-нд хүчингийн хэрэг гарчээ. Ажлын байран дээр гарсан уг хэргийн сэжигтэн Н нь хэргийг үйлдсэн даруйдаа оргон зайлсан Улаанбаатар хотод саатуулагдсан байна. Хэрэг болсны дараа хохирогч эмэгтэйг нийслэлд авчирч шүүхийн шинжилгээнд хамруулжээ. Гэвч шүүх шинжилгээний дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй байгаа гэнэ.  Хуулиараа шүүх эмнэлгийн дүгнэлт 14-21 хоногийн хугацаанд гарах заалттай байдаг аж. 

Монгол Улс багийн дүнгээр Ой тогтоолтын Дэлхийн Аварга боллоо

Индонези Улсын Жакарта хотноо Ой тогтоолтын ДАШТ болж өнгөрөв. Шведийн Б.Янжаа тэргүүтэй Монголын баг 20 хүнтэй оролцон 21 алт, 21 мөнгө, 15 хүрэл буюу нийт 90 медалийн 57-г хүртэн үнэмлэхүй ялалт байгуулав.

Ирэх сараас хүүхдийн регистрийг төрөх эмнэлэгт нь олгодог болно

Үндэсний статистикийн хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам хамтран өчигдөр санамж бичигт гарын үсэг зуржээ. Хамтран ажиллах санамж бичгийн үр дүнд мэдээлэл солилцох, мэдээллийн сангийн бүтэц, цахим бүртгэлийн системийг боловсруулж нийслэлийн хэмжээнд бэлэн болгох юм. Ингэснээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрмөгц Монгол Улсын регистрийн дугаар олгох, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн эмнэлэгт үйлчлүүлэгчдийг бүртгэх, улсын бүртгэлийн байгууллага төрсний болон нас барсны бүртгэлийг эрүүл мэндийн мэдээллийн санд үндэслэн хөтлөх аж. Уг ажлыг ирэх сарын 01-нээс нийслэлийн долоон өрхийн эмнэлэг, 2018 оны арваннэгдүгээр сараас эхлэн улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ.

Авлигалын хэрэгт холбогдсон шинжээчдийг ажлаас нь түдгэлзүүлжээ

Цагдаа, АТГ-аас хамтарсан ажлын хэрэг гарч ШШҮХ-д ажилласан байна. Улмаар тус газрын сэжиг бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийг 30 хоног саатуулахаар боллоо.

Тодруулбал, прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах санал ирүүлснийг уржигдар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байна. Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулахаар болсон бол ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьсан байна. Тэдний нэг нь жирэмсэн учраас ийнхүү хориог тавьжээ.Хэрэгт холбогдсон шинжээчид нь бичиг судлалын лабораторийн шинжээчид байсан юм. Тэгвэл тэдний гурвыг нь цагдан хорьж, хоёр эмэгтэйг нь гадуур байцааж байгаа юм. Хууль сахиулахын алба хаагчтай холбоотой байж магадгүй тэднийг лицензийн хэрэгт холбогдуулан шалгаж юм байна.  Тэгвэл энэхүү 1.3 сая ам.долларын хэрэгт холбогдсон шинжээчдээ ажлаас нь түдгэлзүүлэх шийдвэрийг ШШҮХ-ийн дарга гаргажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment