8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хавдрын эсрэг хамтдаа” сэдэвт хос марктай боллоо

2018-09-29 13:15:00

Монгол маркийн түүхэнд эрүүл мэндийн сэдэвтэй марк 7 удаа гарч байжээ.

1960 онд-  “Монголын улаан загалмайн нийгэмлэгийн их хурал”
1963 онд- “Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн 100 жил”
1966 онд- “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага”
1968 онд- “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 20 жилд”
1969 онд- “Монголын улаан загалмайн нийгэмлэгийн 30 жил”
2008 онд- “ДОХ-ын эсрэг тэмцэцгээе” гэсэн сэдэвтэй гарчээ.

Үүнээс хойш 10 жилийн дараа 1038 дах серийн дугаартайгаар өнөөдөр “Хавдрын эсрэг хамтдаа” сэдэвт хоёр нэрийн өглөгийн буюу нэмэгдэл үнэтэй маркийг гүйлгээнд гаргалаа. 

Нэгдүгээр нэрийн марканд монгол гэрийн тулганы дүрсээр хорт хавдрын эмчилгээний гурван гол тулгуур болох мэс засал, туяа, хими эмчилгээг төлөөлүүлэн илэрхийлсэн. Энэ гурван салбарын хөгжил дэвшил, ололт нь монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж буй хорт хавдрыг ялж айл гэрээрээ эрүүл саруул, элэг бүтэн амьдрахыг билэгдсэн.

Хоёрдугаар нэрийн марканд дэлхий нийтэд хорт хавдартай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхийг уриалсан анхны билэгдэл болох ягаан туузыг оруулсны зэрэгцээ хүмүүст эрүүл мэндээ дээдэлж, урт удаан, аз жаргалтай, хайраар дүүрэн амьдрахыг зүрхээр дүрслэн билэгдсэн.

“Хавдрын эсрэг хамтдаа” сэдэвт хос марктай боллоо

Мөн хүн бүрийн сайн мэдэх шуудангийн өдөр тутмын гүйлгээнд хэрэглэдэг эрээн эмжээртэй дугтуйн дээр  “Эрүүл мэндийн даатгалаараа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдацгаая” гэсэн мессежийг байршуулан гаргаж байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 11-р тогтоолоор батлагдсан “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах”  журамд заасны дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд 40, 45, 50, 55, 60, 65 настай даатгуулагч иргэд 50 мянган төгрөгийн 3 төрлийн багц шинжилгээнээс нэг багцыг сонгон гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой болсон билээ. Энэхүү багцын нэг нь хорт хавдрын эрт илрүүлэгийн багц шинжилгээ юм. Шинэ журмын хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл мэнддээ анхаарал тавьж өвдөөгүй байхдаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд ордог зан үйлийг дэмжих, хорт хавдрыг эрт илрүүлснээр үр дүнтэйгээр эмчлэгдэх боломжийг бүрдүүлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамрагдахын ач холбогдлыг ухуулан таниулах ажлыг Монгол шуудан компанитай хамтран хэрэгжүүлэх гэж байна.

Шуудангийн марк бол шуудангийн илгээмжийн үнэ төлөгдсөнийг нотлон мэдээлэх нэрлэсэн үнэтэй, илгээмжид наахад зориулагдсан цавуутай, түүнийг урж салгахад зориулагдсан шивээстэй, зураг, улсын нэр бүхий шуудангийн үнэт цаас юм.

Шуудангийн марк нь шуудангийн төлбөрийн хэрэгсэл болж үнэт цаасны үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ тухайн улс орны тусгаар тогтнолын бэлэг тэмдэг, урлагийн бүтээл, соёлын үнэт өв хөрөнгө, түүхийн хөгжлийн баримт, улс эх орныхоо урлаг соёл, шашин, угаастны зүй, билэгдэл, ёс заншил, түүхэн явдал, байгаль, ан амьтан зэргийг үндэсний болон олон улсын түвшинд сурталчлах сурталчилгааны хүчтэй хэрэгсэл, марк сонирхогчдын цуглуулгын үнэт зүйл, үйлдвэрлэл үйлчилгээ, бизнесийн олон үүргийг давхар гүйцэтгэдэг билээ.

1961 онд 45 ор бүхий “Улсын цацраг туяа” эмнэлэг анх байгуулагдсанаар Монгол улсад хавдар судлалын салбар бие даан хөгжсөөр эдүгээ 57 жил болжээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад харьцангуй шинэ залуу салбар боловч хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, судалгаа шинжилгээний хөгжлөөрөө орчин цагийн анагаах ухааны эрчтэй хөгжилтэй мөр зэрэгцэн урагшилсаар байна.

Монгол улсын засгийн газраас монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж буй хорт хавдрын шалтгаан, өвчлөл нас баралтыг бууруулахад онцгойлон анхаарч олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа энэ цаг үе маркийн түүхэнд  баримт болон үлдэж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment