Өглөө 09.00 цагаас хуралдах байсан ээлжит бус чуулган хуралдахад 2 гишүүн дутсанаар 14.00 цаг болтол хойшлуулаад байгаа билээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг 35 гишүүнтэйгээс 34 нь, УИХ дахь МАН-ын бүлэг 26 гишүүнтэй ч нэг ч гишүүн ирээгүй юм. УИХ дахь МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлэг 10 гишүүнтэй ч хоёр нь гишүүн нь ирсэн. Ингээд улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар АН-ын дарга, УИХ-ын дарга З. Энхболдоос дараах хариултыг авлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулган ирц бүрдэхгүйгээс хойшилсоор байна. Таныг хууль зөрчсөн учраас МАН хуралдаа суухгүй гэсэн хариултыг өгч байна?
-Ээлжит бус чуулган хуралдаж чадахгүй байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ 26 жилийн хугацаанд Ардчилсан хүчинд дангаар нь Засгийн эрх барих боломжийг хэрхэн Монголын ард түмэн өгч үү гэдгийг үзэхэд УИХ 76 гишүүнтэй, 1996 онд 51 гишүүнээр ирц бүрддэг байсан. Та бүхэн санаж байгаа бол 1996 оны эхний 2 сар УИХ хурлаа хийж чадаагүй, бид 50 гишүүнтэй байсан. 1 гишүүн дутсан байдаг юм. Түүнээс хойш бид Засгийн эрхийг дангаар барих боломж байгаагүй юм байна. Өнөөдөр АН-ын Бат-Эрдэнэ гишүүнээс бусад нь бүгд орж суусан. Иргэний зориг нам орсон. МАХН, МАН-ын гишүүд нэгэн ч ирээгүй учраас ирц бүрдээгүй байгаа. 37 гишүүнээс 2 гишүүн дутаад байгаа. Одоо гишүүдийг хуралдаа ирэхийг урьж байна. Хоёрдугаар сарын үлдсэн хэд хоног, гурвандугаар сар бүтэн байна. Энэ хооронд улсын ажил тасралтгүй явж байх ёстой. Энэ гуравдугаар сард гишүүд тойрогтоо очиж ажиллах ёстой. Би очоод юу ярих вэ гэдгээ бодох ёстой. Цалин авдаг, ажлаа хаясан тухайгаа ярих юм уу МАН-ынхан. МАХН-ынхан Н.Энхбаярыг Шадар сайд болгоогүйн төлөө хуралдаа суугаагүй гэж ярих юм уу. Тэд нарын хувьд их л хүндрэлтэй асуудал үүсэх байх. АН, ИЗНН, МҮАН-д бол асуудал алга.
-УИХ-ын гишүүд цагаа баримтлах ирдэггүй асуудал хэрээс хэтэрлээ. Үүнд та ямар дүгнэлт хэлэх вэ?
-26 жилийн өмнө гудамжинд машин байгаагүй. Түүнээс хойш олон юм өөрчлөгдсөн. Гэхдээ УИХ-ын гишүүдийн хариуцлага гэдэг зүйл энэ их хурлын үед улам дордсон. Өглөө УИХ-ын гишүүд цагтаа ирдэггүй, тэрийг та бүхэн ч мэдэж байгаа. Хэлэлцэж байгаа санал нийлэхгүй байж болно, хуралдаа ирээд санал бодлоо хэлнэ. Гэхдээ энэ хугацаанд сайн юм аа ярилгүй, муу юмаа их ярьдаг. Манай улсад сайн юм зөндөө байгаа. Шударга ёс байхгүй гэж ярьж байна. Шударга ёс байна, авлигатай тэмцэж байна. Аливаа юмыг наанатай, цаанатай харж үзэх хэрэгтэй. 26 жилийн дотор АНУ шиг хөгжилтэй улс болж чадахгүй, гэхдээ тэр зүг рүү маш том алхамыг хийсэн. ДНБ 9 дахин өслөө. Гудамжаар машин багтахаа больлоо. Одоо цалингаа авдаг гишүүд ирэх хэрэгтэй. 76 гишүүн гэж гаднаасаа харагдаж байгаа боловч УИХ дотор 5 намын гишүүд байна. Энэ таван намын гишүүдээс 3 нам хариуцлагатай хуралдаа ирж байна.
-ҮХЦ-ийн дунд суудлын шийдвэр гарчихаад байхад ҮХЦ-ийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх нь хууль зөрчсөн асуудал гэж гишүүд хэлж байна. Хууль зөрчиж энэ асуудлыг хэлэлцэх гэж улайраад байгаа юм бишүү?
-ҮХЦ-ээс УИХ-ын баталсан хуулийг бүхэлд нь хүчингүй болгоогүй. Зарим зүйлийг нь хүчингүй болгосон. Тухайлбал Х.Тэмүүжингийн хууль гарахаас өмнө хууль зөрчсөн гэдгийг шүүх тогтоодог байсан. Харин Х.Тэмүүжингийн хуулиар эрх бүхий байгууллага тогтооно гэсэн байгаа. Аль аль нь хүчингүй болсон тул ҮХ-д зааснаар хууль зөрчсөн эсэхийг УИХ өөрөө шийдээд явна. ҮХЦ-ийн дарга чинь хүчин төгөлдөр болоогүй хуулийг хэрэглэж болохгүй гэдэг бичиг ирүүлснийхээ төлөө огцрох гээд байгаа юм шүү дээ. Хуулийг хүчин төгөлдөр гэдгийг УИХ л хэлэх ёстой. ҮХЦ-д ийм эрх байхгүй. Ийм алдаанаас бол Ж.Амарсанаа огцрохдоо тулсан.
-АН ирэх сонгуульд МАХН-тай нэгдэж сонгуульд орох тухай яриа гарч байна. Аль нэг намтай эвсэх үү. Хуралд ирэхгүй байгаа шалтгаан МАН,МАХН нэгдсэн гэж харагдахаар байна?
-АН 2004 оноос хойш хэнтэй ч эвсээгүй. Эвсэх ч үгүй. Харин УИХ-д суудалтай жижиг намууд манай намд нэгдэж болно. МАХН-д нэгдэх урилга явуулаагүй. Нэгдэх ч үгүй. Бид дангаараа олонхи болох зорилго тавьж ажиллаж байна. Бид 76 мянган айлыг орон сууцанд оруулмаар байна, 100 мянган малчнаа үйлдвэрлэгч болгомоор байна гэх мэтээр хийх ажил зөндөө байна.
Б.Анх