Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70 хувийг дангаараа хангадаг Дулааны IV цахилгаан станцад өнгөрсөн сарын дундуур гэнэтийн осол гарч, эрчим хүчний төв систем 2-10 цагийн турш тэг зогсолт хийсэн. Улс орон даяар тоггүй болж үйлдвэрлэл үйлчилгээ зогсож иргэд ч нэлээдгүй сандарлаа. Тус тэг зогсолт манай улсад анх удаа тохиолдож байгаа зүйл биш ээ. Тодруулбал, өмнө нь 2006, 2015, 2018 онуудад гурван удаа тэг зогсолт хийсэн. Дахиад дүн өвлийн хүйтэнээр ч тэг зогсолт хийж магадгүй байна. Учир нь "ТЭЦ-4"-т шинэчлэл, сэлгэн засалт хийх цаг болсоныг "ТЭЦ-4" ТӨМК-д ажилладаг мэргэжлийн хүн тодотгож хэллээ.
Гэнэтийн осол болсоноос хойш арав гаруй хоногийн хугацаанд яамнаас ажлын хэсэг томилогдон ажиллаж дүгнэлт гаргаад байгаа аж. Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарсан талаар албаны эх сурвалж мэдээлэл өгөхдөө “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” /ЦДҮС/ ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” /ДҮТ/ ХХК-ийн инженерүүд хамтран сэлгэн залгалт хийх явцад тус осол гарсан байна. Тодруулбал, сэлгэн залгалт хийх явцад алдаа гарч тэдгээрийн хоорондын уялдаа холбоо алдагдаж осол гарсан” байна. Тухайн ослын буруутай этгээдийг ажын хэсгийн дүгнэлтэд бичихдээ:
1. Гүйцэтгэгч “ДЦС-4” ТӨХК
2. Зохицуулагч, хяналт тавигч “Диспетчерийн үндэсний төв” ХХК
3. Гүйцэтгэгч “ДЦС-4” ТӨХК гэсэн гурван буруутай гэсэн дүгнэлт гарсан байна.
“ТЭЦ-4” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Дашдаваа хариуцлага тооцох хүсэлтээ явуулжээ
Тухайн гурван компаниас гадна яг энэ үйлдвэрлэл аюулгүй байдлыг ерөнхий инженер хариуцдаг юм байна. Тодруулбал, тухайн ослын хариуцлагыг “ТЭЦ-4” ТӨХК-ийн ерөнхий инженер буюу дэд захирал Б.Дашдаваа бүрэн хариуцах ёстой аж. Уншигч та бүхэн санаж байгаа бол өмнө нь буюу 2018 оны нэгдүгээр сард ТЭЦ-т “Дулааны цахилгаан станц 4”/ДЦС/-т ТӨХК-д үйлдвэрлэлийн осол гарч, нэг хүн хүчтэй ууранд түлэгдэж нас барсан хэрэг гарсан. Тус хэргийн дараа ТЭЦ-4” ТӨХК-ийн ерөнхий инженер буюу дэд захирал Б.Дашдаваад хариуцлага тооцуулахаар албан хүсэлт явуулсан ч өнөөдрийг хүртэл тус асуудлыг шийдвэрлээгүй байна. ТЭЦ-4” ТӨХК-ийн ерөнхий инженер буюу дэд захирал Б.Дашдаваагийн хувьд “ТЭЦ-4” ерөнхий инженерээр томилогдоод хоёр жил болж байгаа. Мөн НИТХ-ын дарга асан н.Билэгтийн хүү. Өнгөрсөн нэгдүгээр сард л ажлаас чөлөөлөх хүсэлт явуулсан ч өнөөдрийг хүртэл уг асуудлыг шийдээгүй байна.
Ерөнхий инженер Б.Дашдаваад зориулж Ерөнхий инженерийн орлогч гэсэн албан тушаалыг нэмсэн үү??
2016 онд Ерөнхий инженер Б.Дашдавааг томилогдож ирсэний дараахан Ерөнхий инженерийн орлогч гэсэн орон тоог нэмсэн аж. Учир нь өмнө буюу 30 гаруй жилийн хугацаанд Ерөнхий инженерийн орлогч гэсэн албан тушаал байхгүй байсан аж. Үүний цаад шалтгаан нь Ерөнхий инженер Б.Дашдаваа нь мэргэжлийн бус хүн аж. Мэргэжлийн бус хүн ганц Ерөнхий инженер Б.Дашдаваагаар дуусахгүй. Тодруулбал, Станцын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Анхбаярыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүн гэдэг. Мөн Нийгмийн ажил эрхэлсэн дэд захирал Н.Мөнгөн нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын эгчийнх нь хүүхэд, бизнес эрхэлсэн дэд захирал А.Бямбадорж нь сайд асан Ганхүүгийн ойр дотных нь хүн гэдэг. Нөхцөл байдал ийм байхад станцид ямар ч осол гарсан "хав" дараад хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрсөөр байх уу.
Ерөнхий инженерт яам өөрөө хариуцлага тооцох эрх мэдэлгүй аж. Өөрөөр хэлбэл компаниудыг удирдаж, төсөв төлөвлөгөөг нь баталж байгаа, хариуцлага тооцох субъект нь ТӨХ болчихсонд л хамаг учир байгаа аж. Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагад хариуцлага тооцох эрх нь ТУЗ-д байдаг тухай хэлж байна. Тодруулбал, “Төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилохдоо Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл, Засгийн газрын 80 дугаар тогтоолын дагуу холбогдох яамдын саналыг үндэслэн ЗГХЭГ-тай зөвшилцсөний үндсэн дээр ТӨБЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэдэг аж. Харин “ТЭЦ-4”ажилладаг албаны хүний өгсөн мэдээллээр “ТЭЦ-4”-өөс удирдах албан тушаалтаныг халах асуудал “ТЭЦ-4” ТУЗ шийдвэрлэдэг. Тус ТУЗ-д 9 хүн байдаг. Тодруулбал, Эрчим хүчний яамнаас 2, ТӨХ 4, хараат бус гурван хүн байдаг” гэсэн мэдээллийг өглөө.
Эрчим хүчний салбар өчүүхэн ганц муу шувуунд чадуулсаар байх уу
Өнгөрсөн жилүүдэд гурван удаа буюу 2006, 2015, 2018 онд тэг зогсолт болж байсан талаар дээр дурьдсан. Саяхан “ТЭЦ-4”-ийн албаны хүн шувууны буруутай үйл ажиллагаас болж тэг зогсолт болж байсан хэмээн хэлж олны элэг доог болсон. Олон нийт үүнийг ойлгоход хэцүү ч эрчим хүчний салбар ганц шувуунд чадуулсан нь үнэн. Энэхүү үйл явдал нь энэ салбар хэр эмзэг, шинэчлэлт хэрэгтэйг анхааруулж байгаа юм. Тухайн үед буюу 2015 оны тавдугаар сард Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит ХХК-ийн 220/110 35 квт-ын Улаанбаатар дэд станцад богино холболтын улмаас гал гарч үүнээс үүдэн нийслэлчүүд цахилгаангүй болсон байдаг. Галын шалтгаан нь дэд станцын хаалтны завсар зайгаар өчүүхэн жаахан шувуу нисч ороод хүчдэлд наалдан богино холбоо үүсгэсэн гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тус үйл явдал нь бодьтой болсон зүйл хэмээн “ТЭЦ-4”-т ажилладаг албаны хүн тодотгож хэллээ. Цаашид болзошгүй эрсдэлээс хамгаалж шинэчлэлт хийхгүй бол дүн өвлийн хүйтнээр ч тэг зогсолт болж магадгүй аж.
Осол болсоноос хойш 10 гаруй хоног болсон ч “ТЭЦ-4”-ийн үйл ажиллагаа бүрэн сэргэж амжаагүй байгаа аж. Тодруулбал, нийслэлийн зах хэсэгт цахилгаан хязгаарлалт хийж, үйл ажиллагаагаа жигдрүүлэхээр ажиллаж байгаа аж.