8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч хувийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөөрөө “ Үндсэн хуулийн реформ” хийхийг уриалав

2018-10-01 16:22:10

Өнөөдөр Улсын Их Хурал намрын чуулганы нээлтээ хийлээ. Намрын чуулганы нээлт дээр ерөнхийлөгч маань Монгол улс тогтолцооны хямралд орчихоод ямар ч нам хүчин, улс төрч гараад нэмэргүй байгаа тул Үндсэн хуулийн реформ хийх хэрэгтэй байна гэж хэлэв.

Ерөнхийдөө Үндсэн хуулинд дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэгт судлаачид, хуульчид, улс төрчид санал нэг байгаа юм. Харин ерөнхийлөгч яг ямар өөрчлөлт хийх нь зохимжтойг дурьдсангүй. Харин ард түмний санаа бодлыг сонсож, олон нийтээрээ хэлэлцүүлж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гэдгээ хэллээ. Үүнээс харахад ерөнхийлөгч өөрөө бол тодорхой хувилбар санал болгохгүй, цэвэр олон нийтийн санаа бодол дээр тулгуурлаж, түүнээс гарсан хувилбарыг дэмжих юм байна гэж ойлгогдлоо.

 Гэтэл улс орны төрийн тэргүүн Үндсэн хуулийн реформ хийхдээ эрдэмтэн мэргэдийн  судалгаа, дүгнэлтэнд үндэслэсэн, алс хэтийг харсан бодлогын хувилбар санал болгохын оронд шууд ард түмэнд хандаж байна гэдэг бол "популизм" гэх юмуу "популист арга" гэж хардагдахаар байна. Хувийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр Үндсэн хуулийн реформ хийхийг уриалах нь сөрөг үр дагавартай байх магадлалтай.

Ерөнхийлөгчийн үгэн дэх дараагийн нэгэн анхаарал татсан зүйл бол засаглалын өөрчлөлт хийж буй сайн улсын жишээ гэж Гүржийг дурьдсан явдал юм. Гүржийг ийнхүү сайн засаглалын жишээ болгон хэлсэн нь гайхашралыг төрүүлж байгаа юм.

Учир юу гэвэл улс орнуудын ардчилал, эрх чөлөөний түвшинг жил бүр хэмжиж гаргадаг Freedom House олон улсын байгууллагын судалгаагаар Гүржийн ардчилал, эрх чөлөөний нөхцөл байдал жил ирэх тутам муудаж байгаа. Гүрж улс ардчилсан чөлөөт гэдэг ангиллаас сүүлийн 9 жилд хагас эрх чөлөөт гэдэг рүү ухарсан үзүүлэлттэй яваа.

Тухайлбал, 2018 оны судалгаагаар хууль шүүхийн хараат бус байдал, чөлөөт хэвлэл, ардчиллын ерөнхий үзүүлэлт гэсэн гурван гол шалгуур нь өмнөх жилийнхээс муудсан дүнтэй байна.

Гэтэл Монгол улс маань Freedom House-ын болон бусад олон улсын ардчиллын харьцуулсан судалгаануудаар ямагт эрх чөлөөт ангилалд явж ирсэн, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, улс төрийн засаглалын хувьд дэлхий дахинаа "Ардчилсан Монгол улс" гэж нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн улс билээ.

Тийм учраас ерөнхийлөгч Х.Баттулгыг судалгааны дүгнэлтээр хангадаг, дэлхийн улс орнуудын нөхцөл байдал, засаглалын индексийн талаар зөвлөгөө өгдөг улсууд нь маш хариуцлагагүй, эсвэл санаатайгаар ташаа мэдээлэл өгөөд байна уу гэж бодогдож байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл