8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, ТЕГ Гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэнийг саатуулсан өдөр

2018-10-02 18:45:00

Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ "Монголын нэг өдөр" тойм мэдээллээ хүргэх гэж байна.

С.ЗОРИГ: УИХ-ын гишүүн болчихоор их юм мэддэг, ухаантай хүн болчихлоо гэж бодоод байх шиг байна

Ардчилсан хувьсгалын алтан хараацай гэгддэг С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр амьд сэрүүн байсан бол 56 нас хүрэх байжээ. Тэртээх 1998 онд тэрээр бусдын гарт цаг бусаар амиа алдлаа гэсэн мэдээ Монголын ард дуулсан юм. Тэрхүү харамсалт үйл явдлаас хойш жил бүрийн энэ өдөр түүний гэр бүлийнхэн, АН-ынхан, журмын нөхөд, ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд болон үйл хэргийг нь мэддэг, хүндэтгэдэг ард түмэн хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэдэг уламжлалтай билээ.

Тэртээх 20 жилийн өмнө төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэлж байсан онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

  • Би монгол хүний саруул ухаанд итгэдэг /гадаадад сурдаг дүү охиндоо бичсэн захидалд/
  • Бидний хувь заяа бидний гарт л байна.
  • Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай.
  • Залуучуудыг дэвшvvлж гаргах нь зөв. Харин мэргэжлийн өндөр ур чадвартай хvмvvст зайлшгvй тулгуурлан ажиллах шаардлагатай. Одоо тэднийхээ vгийг сонсохгvй байх хандлага зарим газар илрээд байна. Төрийн залгамж холбоо гэдэг юм зайлшгvй зvйл.
  • Улс төрч өөрөө асар ухаантай хvн байх шаардлагагvй. Тодорхой хэмжээний өргөн мэдлэг, хvмvvсийг өөртөө татаж, хойноосоо дагуулах чадвар шаардлагатай. Бусад хvний оюуныг зөв ашиглаж, тэдний хуримтлуулсан мэдлэгийг бөөгнөрvvлээд чиглvvлж чаддаг байх нь чухал. Чадалтай хvмvvстэй нягт хамтран ажиллаж чадвал тэр нь хамгийн сайн чанар.
  • Шинэ баялгийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдvvлэх, ингэснээр хvмvvсийг ажилтай болгох нь чухал.
  • Улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхолыг дараалж авч vзэх хэрэгтэй. Эхний ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг, намынхаа ашиг сонирхлыг, аливаа нэг санхvv эдийн засгийн бvлэгт ордог, тийм сонирхол байдаг бол бvлгийн сонирхлыг, хамгийн сүүлд хувийн сонирхлоо тавья. Энэ дарааллаа алдаж болохгүй алдах юм бол ялзрах тvвшинд орно.
  • Би хамгийн гэдэг үгэнд дургүй.  Хамгийн гэж ганц юм хэзээ ч байхгүй.
  • Манайхан УИХ-ын гишүүн болчихоор өөрийгөө хамгийн их юм мэддэг, хамгийн ухаантай хүн болчихлоо гэж бодоод байх шиг байна.
  • УИХ-ын гишүүд бид бие биеэ хүндлэхгүй бол, төр нь өөрөө өөрийгөө хүндлэхгүй бол энэ улс чинь яаж нэгнийгээ хүндэлдэг, хайрладаг нийгэмтэй болох юм бэ.
  • Монголчууд бид цөөхөн. Тиймээс бие биедээ итгэж байж л хөгжинө.
  • Өнөөдөр жижиг сонирхлууд давамгайлах хандлага гаргачихаад байна. Үүнийг шийдвэртэй даван туулах цаг боллоо шүү дээ. Энэ бол ардчиллыг шалгах хоёр дахь шат юм. Үүнийг хэр давахаас хөгжлийн ойрын ба хэтийн төлөв тодорхойлогдоно.
  • Амралт нь ажил. Ажил нь амралт юм. Хүний хийж байгаа ажил санаанд нь нийцэж байвал түүний зааг алга болдог.
  • Ухаан бол өөрөө авьяас
  • Тайван замын тэмцэл бидний гол зорилго. Ард түмэн бидний хэн болохыг ширтэн харж байна. Бидэнд ардчилалд тэсвэр, тэвчээр хэрэгтэй.
  • Аугаа зорилго тавьсан бол түүндээ гагцхүү далайцтай сэтгэж, хүлээцтэй хандаж чадвал хүрч болно.

Өмнөд Солонгос Монголоос гэрээт ажилчин авахгүй

Өмнөд Солонгос улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн холбоо өнөөдрөөс эхлэн тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаад ажилчдын захиалгыг авч эхэлжээ. Ажил олгогчдын захиалгын дагуу энэ оны дөрөвдүгээр улиралд тухайн компанид ажиллах гадаадын 7.336 ажилчин бэлэн болох ба хөдөлмөрийн гэрээгээр Непал, Мьянмар, Бангладеш, Вьетнам, Шри Ланка, Индонез, Узбекистан болон Кампучи гэсэн 8 орны иргэдийг санал болгосон байна.

Ингэснээр Өмнөд Солонгос улс дөрөвдүгээр улиралд Монголоос гэрээт ажилчин авахгүй болж байгаа юм байна.

Өмнөд Солонгос улс 2019 онд гадаадаас хамгийн багадаа 27.000 гаруй ажилчин шинээр авахаар төлөвлөсөн ба Монголоос гэрээт ажилчин авах эсэх нь өнөөгийн байдлаар тодорхойгүй байна.

Г.Занданшатар: ЗТХЯ-ны дараагийн сайдын асуудал яригдаагүй

ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх асуудлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас тодрууллаа. 

-ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний хүсэлтийг хүлээн авахгүй байх боломж бий юу?

-ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёсзүйн хариуцлагаа хүлээж, албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Гэхдээ сайдын асуудал УИХ-аар шийдвэрлэгддэг. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д өргөн мэдүүлэх журмын дагуу ажиллаж байна. Өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байгаа учир Ерөнхийлөгчид зөвшилцөх бичиг хүргүүлсэн. Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 24-ний өдөр хариу бичиг илгээсэн. Үүнийг нь үндэслээд чуулган нээлтээ хийсэн өдөр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн өргөдлийг шийдвэрлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. 

-ЗТХ-ийн дараагийн сайдын асуудал яригдаж эхэлсэн гэх мэдээ төрийн ордонд яваад байсан? 

-Тийм зүйл байхгүй. Дараагийн сайдын асуудал яригдаагүй байна. Ерөнхийлөгчтэй ч зөвшилцөөгүй байгаа. 

-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг дунд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бий. Энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцэж амжих болов уу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж 67 гишүүн гарын үсэг зурсан байгаа.Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ Үндсэн хуулийн тогтолцоог өөрчлөх саналтай байгаагаа илэрхийлчихлээ.  Бид "Цэгцрэх хөдөлгөөн" номондоо системийн хямрал, хариуцлагын хямралын талаар тодорхой бичсэн. Ер нь хэлэлцүүлэг, ард түмний санал асуулга, зөвлөгөөн, зөвлөлдөх уулзалт зэргээс өөрчлөх ёстой юм байна гэсэн ойлголцолд хүрч байгаадаа баяртай байна.

ТЕГ: Гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэнийг шалгаж саатуулсан

“Голомт” хотхонд гүйцэтгэх ажиллагаа явуулж дөрвөн хайрцаг бүхий нотлох баримт бүхий бичиг баримтыг ТЕГ-аас өрийн 14:00 цагийн орчимд хураасан билээ. Уг ажиллагаатай холбогдуулан ТЕГ-аас мэдээлэл хийлээ. ТЕГын м эдээлж буйгаар "Тагнуулын ерөнхий газар нь тагнуулын байгууллагын хуульд заасан 10, 11 дүгээр зүйлийн дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол улсын Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлд заасан тагнуул хийх гэмт хэргийн шинж агуулсан гадаад улсын иргэний үйл ажиллагааг Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж саатуулсан. Одоогоор мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Тийм учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 22.3-т заасны дагуу прокуророос албан ёсоор зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны талаар албан ёсоор мэдээлэл өгөхөөс татгалзсан байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг прокурорын байгууллагаас авч болно" гэх товч мэдээллийг өгсөн юм.

 Улмаар сэтгүүлчдийн асуусан асуултанд хариулахаас татгалзлаа. 

Дипломат пасспорт хүчингүй боллоо

Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү журам 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө.

Монгол Улс нь гадаад паспортын хүчинтэй хугацааг гар аргаар сунгахгүй байх тухай Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ICAO)-ын холбогдох зөвлөмж, стандартын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн паспортад сунгалт хийхээ албан ёсоор зогсоосон бөгөөд одоо хэрэгжиж байгаа “Монгол Улсын дипломат албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах” журмаар дипломат, албан паспортыг 5 хүртэл жилийн хугацаатай олгоно гэж заасан.

Иймд дээр дурдсан үндэслэлээр таван жилийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болж байгаа 2013 оны есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл олгогдсон нийт дипломат, албан паспорт өнөөдрөөс буюу 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болохыг мэдэгдэж байна

ХЗБХ: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр (2018.10.02) 11 цаг 20 минутад 66.7 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны есдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хуралдааны эхэнд хэлэлцэв. Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлж хамгаалах, хууль зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх замаар нийгэмд шударга ёс, дэг журмыг тогтоох нь төрийн үндсэн чиг үүргүүдийн нэг гэдгийг төсөл санаачлагч танилцуулгынхаа эхэнд онцоллоо.

Монгол улсад 1990-ээд оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтээс харахад эрүүгийн хууль тогтоомжид заасан 200 гаруй гэмт хэргээс 6-7 төрлийн гэмт хэрэг Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлж байгааг төсөл санаачлагчийн илтгэлдээ С.Бямбацогт гишүүн танилцуулав. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг нийт бүртгэгдэж буй гэмт хэргийн 30 гаруй хувийг, бусдын бие мах бодид гэмтэл учруулах төрлийн гэмт хэрэг 30 орчим хувийг, мөн залилан мэхлэх гэмт хэрэг 10 орчим хувийг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн ойролцоо хувийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд шинэ төрлийн гэх нэршил аваад байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, хүн худалдаалах болон цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоог нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоотой харьцуулахад эзлэх хувь бага боловч нийгэмд учруулах хор уршиг, аюулын хувьд өндөр бөгөөд сүүлийн жилүүдэд тоо нь хурдацтай өсөж байгаа гэв.

Монгол улсад гэмт хэрэг гаралтын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсөлттэй байгааг тэрбээр танилцуулгынхаа үеэр дурдав. 2017 онд улсын хэмжээнд 32,2 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5,0 мянга буюу 18,7 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас 37,2 мянган хүн хохирсноос 4,7 хувийг нь хүүхэд, 48,8 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өмнөх оноос 500 орчмоор нэмэгдсэн нь жил ирэх тусам гэмт хэргийн учруулж байгаа хохирол, хор уршиг өсөн нэмэгдэж байгааг харуулж байна гэлээ.

Зөрчлийн хуулийн хүрээнд зөрчлийг бүртгэж байгаа бөгөөд өдөрт дунджаар 4500 орчим, жилдээ 1.2 сая орчим бүртгэгдсэн аж. Улс орны хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахгүй байгаа төдийгүй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан хууль тогтоомжуудын уялдаа, хэрэгжилтийг хангахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай хэмээн үзэж төслийг боловсруулжээ.

1997 онд батлагдсан хуульд зөвхөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хамаарч байсан бол төслөөр зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нэмж, өргөжүүлсэн байна. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн таван чиглэл байхаар төсөлд тусгажээ. Тодруулбал, уламжлалт чиглэлүүд буюу ерөнхий, тусгай, нэг бүрчилсэн чиглэлээс гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэл болон гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг нэмж тусгаж, чиглэл бүрийг хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой тусгасан байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт үргэлжлүүлэн төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийлээд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийг дайчлах, уриалахад хэвлэл мэдээллийн байгууллагууд тун чухал үүрэг гүйцэтгэнэ. Өмчийн хэлбэр үл харгалзан хэвлэл мэдээллийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд оролцдог, хувь нэмрээ оруулдаг байх нь зүйтэй. Олон нийтэд хүртээмжтэйгээр мэдээ мэдээллээ түгээдэг хэвлэл мэдээллийн байгууллагууд хуульчилсан үүрэгтэй байх нь зүйтэй гэж үзэж байна. Хуулийг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагаас мэдээ мэдээлэл бэлтгээд олон нийтэд түгээх гэхээр МҮОНРТ-ээс бусад хэвлэлд төлбөр төлөх болдог. Тиймээс бүх нийтийн төлөөх, нийгмийн аюулгүй байдлын төлөө хэвлэл мэдээллийн бүх байгууллага тодорхой үүрэг хүлээж, холбогдох байгууллагаас бэлтгэж өгсөн мэдээ, нэвтрүүлгийг олон нийтэд үнэ төлбөргүйгээр түгээх үүргийг хүлээлгэх нь зүйтэй” гэв. Тэрбээр энэ нь өмчид халдаж буй хэлбэр биш гэдгийг онцолсон. Нийтийн өмч болсон долгионыг ашиглан үйл ажиллагаа явуулдгийн хувиар хэвлэл мэдээллийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд үр нөлөөтэйгөөр оролцоотой байхыг хуульчлах саналыг хэллээ.

Ийнхүү төслийн талаар хэлэлцээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 8 дугаар сарын  22-ны өдрийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан оролцсон байна.

Үндсэн хуулийн цэцийн дээр дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаатар нар тодруулга хийж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, С.Бямбацогт нар санал хэлэв.

Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох хуулийн дагуу УИХ-ын нөхөн сонгуулийн товыг 14 хоногийн дотор зарлахаар УИХ-ын тогтоолыг батлуулсан. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн баталсан. Уг тогтоол нөхөн сонгуулийг эхлэх өдөр болон санал авах ажиллагааг явуулах өдрийг тогтоосон хоёр заалттай бөгөөд тухайн сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлагын талаар тусгайлан зааж төрийн албан хаагчийн эрхийг хязгаарласан заалт уг тогтоолд байхгүй гэв. 2015 оны арванхоёрдугаар сард УИХ-ын баталсан Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлсэн болохоо Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд тайлбарласан гэлээ.

Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуульд оролцох төрийн албан хаагчид тухайн оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай заасан байгааг Л.Мөнхбаатар гишүүн дурдаад “Нөхөн сонгуульд оролцох бол үүнтэй холбоотой зохицуулалтыг тусгайлан тусгаагүй байгаа юм. Тиймээс нөхөн сонгуульд оролцох хүсэлт бүхий төрийн албан хаагчдын талаарх зохицуулалтыг хуульд тусгахаар холбогдох төслийг боловсруулах нь зүйтэй” гэдэг саналыг хэлэв. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлт гарсан даруйд Төрийн байгуулалтын байнгын хорооноос холбогдох судалгааг хийн ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн тухай гурван хуулийн төслийг боловсруулан, үр нөлөөний судалгаа хийлгэхээр Засгийн газарт хүргүүлээд байгаа талаар Д.Лүндээжанцан гишүүн танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны үеэр ээлжит сонгуулийн үеэр иргэд сонгогдох эрхээ эдлэх боломжтой, харин нөхөн сонгуульд бол энэ эрхийг нь эдлэх боломжгүй болж байгааг хэлэлцсэн гэв. Иймд бусад орны ээлжит болон нөхөн сонгуультай холбоотой эрх зүйн зохицуулалтыг судалгаа хийсэн байна. УИХ дээрх тогтоолыг Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн баталсан, харин Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн зарим зүйл, заалттай зөрчилдөж байна гэж үзвэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж нээлттэй гэдгийг тэрбээр тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төрийн албан хаагч аль нэг шатны сонгуульд оролцох бол 6 сарын өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх зохицуулалтыг өөрчилж, 3 сар болгох нь зүйтэй гэдэг саналыг хэллээ.

Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд ийнхүү санал хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

Хохимой толгой хэлбэртэй солир манай дэлхийтэй ойрхон өнгөрнө

Сансар судлалын дуран авайд хохимой толгой шиг хэлбэртэй харагддаг солир манай дэлхийтэй ирэх арваннэгдүгээр сарын 11-ний өдөр ойрхон өнгөрөхөөр болжээ. Эрдэмтдийн тооцооллоор 25 сая км-ийн зайтай өнгөрөх аж.

Анх энэхүү солир 2015 оны аравдугаар сард мэдэгдэж байсан бөгөөд “ТВ145” гэх нэршил өгсөн байна. Солирыг АНУ-ын Сансар судлалын агентлаг буюу НАСА, Европын сансар судлалын агентлагийн эрдэмт хамтран судлахаар болжээ.

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр 48-д бичигдэж байна

Монгол Улс Фрейзерийн хүрээлэнгийн эдийн засгийн эрх чөлөөний индексээр энэ онд 162 улсаас 48 дугаар байрт бичигджээ. Санал асуулгыг 2016 оны мэдээлэлд үндэслэн гаргасан байна. 

Монгол Улс боломжит 10 онооноос 7,40 оноо авч, Угандагаас бага зэрэг давуу байжээ. Харин Багамын арлууд, Гамби, Филиппин, Бельги, Словак, Итали, Никарагуа, Польш, Франц зэрэг улс Монгол Улсын өмнө жагссан байна. 

Өнгөрсөн жилтэй харьцуулахад Монгол Улсын дүн 0,01 пунктээр дээшилсэн ч байр нь урагшлаагүй байна. Хөрш орнуудаас Орос 87 дугаарт, Хятад 108 дугаарт, Казахстан 68 дугаарт жагсчээ. 

Бамбаруушийг байгальд нь тавилаа

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарамын ойролцоо өчигдөр өглөөний 08:00 цагийн орчимд баавгайн бамбарууш орж ирсэн тухай нийслэлийн шуурхай удирдлагын төвд мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орны газрын мэргэжилтнүүд очиж, зориулалтын багажаар барьж, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргэн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр ямар нэгэн өвчин илрээгүй байна. Мөн биед нь ямар нэгэн шарх сорвигүй байсан тул салбарын эрдэмтэн, судлаачидтай зөвлөлдсөний үндсэн дээр өчигдөр оройн 18:30 цагийн орчимд байгальд нь эргүүлэн тавилаа.

Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд өнгөрсөн хавар төрсөн бамбарууш тул өөрөө бие даан амьдрах бүрэн чадвартай болсон гэдгийг хэлж байсан юм.

Өчигдөрийн олдсон бамбарууш нь МУ-ын Засгийн газрын тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн төл юм байна.

Он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрт могой, өмхий хүрэн, буга зэрэг зэрлэг амьтан орж ирсэн 30 гаруй дуудлага ирсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ТЕГ-ын 2 ажилтан битүүмжилсэн хайрцгийг аваад явжээ

БГД-т байрлах "Голомт" хотхонд яг одоо ТЕГ-аас баривчлагаа хийж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 1.3 сая ам.долларыг хуулийнханд хахуулаар өгөх гэж байсан хятадуудыг баривчлахаар ийнхүү ирээд байгаа аж. Хэдийгээр уг хэргийг АТГ-аас шалгаж байгаа ч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, улстөрчидтэй холбогдсон томоохон хэрэг учраас ийнхүү ТЕГ-аас оролцож байгаа гэнэ. 

Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр ямар нэг баривчилгаа  хийгээгүй. Олон улсын тагнуулын байгууллагатай хамтран ажиллагаа явуулж, бичиг баримтууд хураан авсан гэсэн юм. Мөн ажиллагаа явуулахдаа Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд Голомт хотхоны С блокийг хамгаалалтад аван ажиллагаа явуулсан. Тус барилгад хүмүүсийг нэвтрүүлэхгүй, харин дотроос гаргаж байсан юм.  Ажиллагаа цаг гаруйн хугацаанд үргэлжилсэний эцэст Тагнуулын ерөнхий газрын хоёр ажилтан битүүмжилсэн хайрцгийг машинд ачсан байна. 

АТГ 1.3 сая ам.долларын асуудлаар тайлбар хийнэ

Цагдаагийн удирдах албан тушаалтнууд болон АМГТГ-ын дарга нар хятадуудаас их хэмжээний мөнгө буюу 1.3 сая ам.доллар авсан хэрэгт шалгагдаж байгаа. Энэ хэрэгт олон хүн хамсаатан болж байгаа бөгөөд цагдаагийн удирдах албан тушаалтнуудаас эхлээд шүүхийн шинжээчид, цаашлаад УИХ-ын хоёр гишүүн ч холбогдсон гэх мэдээлэл өчигдөр гарсан юм.
Тиймээс АТГ-аас 1.3 сая ам.долларын асуудлаар албан ёсны мэдээ, тайлбар гаргахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment