Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт энэ сарын 7-нд нөхөн сонгууль явуулахаар УИХ-ын тогтоол гаргасан ч Цэцийн шийдвэрээр хүчингүй болоод байгаа. Харин Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэдгээ УИХ дахь хоёр намын бүлэг мэдээлсэн.УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх нь хүлээж авахыг дэмжсэнгүй. Гэхдээ УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар шийдэх бөгөөд хэрвээ Байнгын хорооны дүгнэлтийг дэмжвэл уг асуудлыг Цэцийн Их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. Тус асуудлыг шийдвэрлэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлсэн үг олны анхаарлыг багагүй татлаа. Ингээд УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх үеэр гишүүд юу гэж хэлсэнийг хүргэж байна.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН-ын Засгийн газар 3.5 тэрбум ам.долларын зээл нэмж авч, Монгол хүн бүрийг 22 сая тѳгрѳгийн ѳртэй болгосноос ѳѳр юу хийсэн юм бэ. Ховд аймагт нэг байшин барьсан, тэр нь шорон. Хэнтий аймагт мөн адил. Хэнтий аймгийн эмнэлгийг МАН барьсан гэвэл эндүүрэл. Түүнийг 2014 онд барьсан юм. 120 айлын орон сууц барих шийдвэрийг 2016 онд ТОСК-оос шийдвэр гаргаад барьсан юм.
Мөн тус аймгийн Биндэр, Ширээт суманд хоёр сургууль барьж 2013-2014 онд ашиглалтад оруулсан. Та нар зүгээр тууз хайчилсан. Тийм учраас та нар ард түмний сонголтын өмнө очиж чадахгүй байна. Тэндээс удаа дараа сонгогдсон танай намын дарга ичих нүүрээ элгэндээ наагаад Хэнтийд очиж чадахгүй байна. Та нар авсан зээлээрээ юу хийсэн юм бэ?
-Өр зээл тавьсан ах нараасаа асуу. Тэр үед яагаад юу ч хийгээгүй юм бол. Тийм их мөнгө зээлсэн юм бол яагаад ажил хийгээгүй юм. 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд баталсан Сонгуулийн тухай хуулийг хэрэглэж УИХ тогтоол гаргасан. Гэтэл Үндсэн хуулийн Цэц уг тогтоолыг хууль зөрчсөн байна гэж үзсэн. Харин Хэнтий, Ховд аймагт юу барьсан тухай асуудал яриагүй байна.
-Б.Пүрэвдорж гишүүнд хэлэхэд миний хувьд Цэцэд зааварчилсан зүйл байхгүй. Бид гаргасан УИХ-ын тогтоолоо л хамгаалж оролцсон. Өмнөх парламентын үед баталсан сонгуулийн хуулиа хэрэгжүүлсэн. Тиймээс тогтоол хууль зөрчөөгүй. Харин Сонгуулийн тухай хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн байгаа юм. Түүнээс биш МАН захиалга өгөөд асуудлыг аргалж байгаа хэрэг биш. Айж эмээсэн гэж хэлж байна. Энэ бол улстөржилтийн уянгын халилтай үг байх аа. Хэн, яаж сонгуульд ялж, хэрхэн үр дүн үзүүлэхийг хэн мэдлээ.
-Арай дэндэж байна аа Б.Пүрэвдорж оо. Чам шиг юмыг би 300, 400-гаар нь үзсэн. Юманд хэмжээ хязгаар, ёс жудаг, нас намба гэж байдаг юм шүү дээ. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Чи жаахан даруухан байж үз. Чи хэн болчхоод УИХ-д орж ирээд бүхнийг мэдээд, шүүмжлээд байгаа юм. Шүүмжилж болно оо. Гэхдээ үнэн ярь. Нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд явуулъя гэж бид санал нэгтэйгээр дэмжсэн биз дээ. Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гээд хоёр бүлэг мэдээлэл хийж байна лээ. Гэтэл өнөөдөр МАН-ын дарга айсан, Цэцийн гишүүд МАН-д үйлчилдэг тухай яриад эхлэв. Жаахан цадигтай байвал яасан юм бэ. Хэн болчхоод ийм зүйл яриад байгаа юм. Арай дэндэж байгаа юм биш үү. Юм хэлэлгүй л яах вэ. Цадигтай, баримттай яриач дээ.