Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Урандөш гэдэг газар, тус аймгийн төвөөс урд зүгт 20 км-т, өндөр настны сувилалд эмчлүүлж байсан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Б иргэн алга болжээ.
Энэ тухай дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 13 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 25 хүн дөрвөн техник хэрэгслээр хоёр өдрийн турш эрэн хайх ажиллагаа явуулсан байна.
Эрлийн үр дүнд иргэн Б-г алга болсноос нь хойш гурав хоногийн дараа Эрчим багийн Хийморийн-Овоо гэдэг газраас эсэн мэнд олж, сувиллын газрын даргад хүлээлгэн өгчээ. Тэрбээр Мөрөн сумын Ахмад настны асрамжийн газар амьдардаг байна.