7o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан:Гаргасан алдаагаа дахин давтахгүй байхад анхааран ажиллах ёстой

2018-10-08 11:31:28

“Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы хэлсэн үгийг хүргэе.

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Та бид машин хөлөглөсөн хэрнээ морь тэрэгнээс ч удаан зорчиж, нийтээрээ бөглөрч,нийгмээрээ бухимдаж ихэнх цаг хугацаагаа машин хөлөглөж бус харин машинд хүлүүлж, эрүүл мэнд, эдийн засаг, цаг хугацаагаараа хохирсоор удаж байна.

Нийслэлийн зам, тээврийн хөдөлгөөнийг оновчтой зохицуулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандарт, хүртээмжийг сайжруулах, хот төлөвлөлтийн гажуудлыг засах, зөв гарц, шийдлийн талаар нэгдсэн ойлголцолд хүрэх зорилгоор хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл, төрийн холбогдох байгууллагуудын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэд оршин суугчидтайгаа нээлттэй зөвлөлдөхөөр энд хүрэлцэн ирлээ.

Зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн УИХ-ын эрхэм гишүүдэд талархаж байгаагаа нийслэлчүүдийн нэрийн өмнөөс илэрхийлье. Ялангуяа УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, саяхан нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн олонхийн итгэлийг хүлээж нийслэлийн МАН-ын даргаар сонгогдсон Д.Сумьяабазар болон Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нар нийслэлчүүдийн болон Зам тээврийн салбарын өмнө тулгамдсан асуудлын шийдлийг хайх эл зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн нь нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Улаанбаатар хотын түүхийг эргэн харвал 1954-2012 он хүртэлх хугацаанд хотын төлөвлөлтийг таван удаа өөрчилж байсан баримт бидний өмнө байна. Дээрх төлөвлөлтүүд тухайн цаг үетэйгээ зохих хэмжээнд нийцсэн шийдэл байсныг үгүйсгэх аргагүй юм.

Өнөөдрийн Улаанбаатар хотын хүн амыг 1986 онтой харьцуулахад 70 хувиар өсөж өдгөө 1.4 сая гаруй хүнтэй болжээ. Үүн дээр нэмээд түр оршин сууж байгаа хүмүүс, хөдөө орон нутгаас бүртгэлгүй шилжиж ирсэн иргэд, гадаадын зочид, төлөөлөгч, жуулчдын тоог нэмбэл 2 сая орчим хүн хотын хөдөлгөөнд их бага хэмжээгээр оролцож байна.

Хотын хүн ам өсөж, өргөжсөн ч харамсалтай нь төлөвлөлт, зохион байгуулалтын хяналтгүй тэлэлт явагдсны улмаас өнөөдөр хүнд ээлтэй бус хортой, иргэдийнхээ амь, эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц болжээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг 2013 онд УИХ-аар баталсан хэдий ч уг ерөнхий төлөвлөгөө дуусах дөхөж буй энэ цөг мөчид хотын амьдрал хүнд, гарц шийдэл тодорхойгүй хэвээр байна. УИХ-аар баталсан дээрх ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт, хэрэгжилтийг бид бодитойгоор дүгнэж, цаашид гаргасан алдаагаа дахин давтахгүй байхад анхааран ажиллах ёстой.

Учир нь яг энэ цаг үед нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний ажлыг хийж эхлээд байгаа.

Цаашид та бид хот төлөвлөлт, хот байгуулалтаа хийж хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, үндэсний баялаг бүтээгчид, барилгын компанийн төлөөллүүд, иргэд, оршин суугчдаа урин оролцуулж, ул суурьтай тооцоо судалгаа, дэвшилт техник технологид үндэслэн авто зам, дэд бүтцийн сүлжээг бий болгосон иргэнд ээлтэй, эрүүл хотыг байгуулах шаардлага тулгараад байна.

Үүний зэрэгцээ иргэд та бид авто замын нөхцөл байдлаа зөвөөр үнэлж ойлгон замын хөдөлгөөнд бухимдалгүй оролцох, нийтийн тээврээр ая тухтай, эрсдэлгүй зорчих шийдлийг хамгийн боломжит хувилбараар яаралтай гарган, цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна.

Учир нь нийслэл Авто замын хөгжлийн газартай ч тэр нь зөвхөн зам төлөвлөх зам барих, засах асуудал хариуцаад хүн, хөдөлгөөн хоёроо мартсан, нийслэлийн Нийтийн тээврийн газар байдаг ч энэ зөвхөн хэдэн автобусны маршрут, буудал, мөнгө гурав яриад зам, тээврийн хөдөлгөөний нийтлэг бодлого, үйлчилгээний чанар, стандартаа бүр орхигдуулсан, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй, тэр нь хэдэн камерын дэлгэц, гэрэл дохио хянадаг цөөн хүнтэй, хүн хүч нь хүрдэггүй, эрх мэдэл нь байдаггүй.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр улс болон нийслэлийн жил бүрийн төсөвт багагүй хөрөнгө суулгаж, авто зам, уулзварыг засаж, өргөтгөн шинэчилж, автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оролцуулах, нийтийн тээвэрт тусгайлан нэг эгнээг чөлөөлж зорчуулах зэрэг шат дараатай ажил хийж байгаа ч өнөөдөр иргэд, та бидний хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна

Нарийвчилсан тооцоо судалгаа, тоон болон шинжлэх ухаанч аргачлалд суурилсан, амьдралын хэмнэл, цаг үеийн өөрчлөлттэй уялдсан зөв зохицуулалт хийгдээгүйн улмаас өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болохоор байна.

Дараагийн нэг шалтгаан нь газартай холбоотой мэдээллийн сан нэгдмэл биш, газрыг төлөвлөлтгүй олгосон явдал нь өнөөдрийн замын ачаалал, хүндрэл үүсгэх нөхцөлд хүргэжээ.

Та бүхэн мэдэж байгаа. Бид хотод автозогсоол байгуулах, зам гүүр барих, байгуулах гэхэд газар олдохгүй нөхцөлд орчихоод байга ань нууц биш. Үүнээс үүдэлтэй замын байгууламжийн хүрэлцээ тээврийн хэрэгслийн өсөлтийг гүйцэхгүй байгаа юм.

Улаанбаатар хотод 536 171 автомашин бүртгэлтэй. Улсын дугаарын хязгаарлалт, бусад шалтгаанаар үүдэн ойролцоогоор 350 000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд өдөр тутам оролцдог гэсэн судалгаа бий.

Дундаж буюу 1600сс моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд нэг цаг сул зогсоход 0.8 литр шатахуун зарцуулдаг. Тэгвэл дээрх 350 000 автомашин ганцхан цагт 512.4 сая төгрөгийг шатааж байна. Хөдөлгөөний ачаалал багатай долоо болон наймдугаар сарыг тооцолгүй үлдсэн арван сард үржүүлбэл 110.4 тэрбум төгрөгийн шатахуун үргүй зарцуулж байна.

Та бид ийм хэмжээний мөнгөөр ойролцоогоор 250 хүүхдийн ортой 27 цэцэрлэг барьж болно. Гэвч ийм хэмжээний мөнгийг нийтийн тээврийн цогц шийдэл, хот төлөвлөлт, хөдөлгөөн зохицуулалтыг анхнаас нь буруу хийсний улмаас хотын зам дээр үргүй зарцуулж байна.

Улаанбаатарын нийтийн тээвэр иргэн таньд тогтсон цагтаа хүрч, чиглэлийн дагуу, аятай тухтай үйлчилгээ үзүүлж чадаж байна уу. Чанар, хүртээмж нь бусад улсын хотуудын жишигт нийцэж байна уу. Мэдээж үгүй.

87.9 тэрбум.

Энэ бол нийслэлийн Тээврийн газарт төсвөөс олгож буй татаас. Өнгөрсөн хугацаанд нийтийн тээвэрт төлбөрийн цахим систем нэвтрүүлж, парк шинэчлэл хийх гээд олон арга хэмжээ авлаа. Хотынхоо нийтийн тээвэрт илүү ухаалаг, дэвшилт технологи нэвтрүүлэхийг цаг үе болон нийгэм биднээс шаардаж байна.

Тооцоо, судалгаа байхгүй, сэтгэл хөөрлөөр хандаж гаргасан шийдвэрүүд иргэдийг хохироож, төсвийн хөрөнгийг үргүйдүүлж, эцсийн үр дүнд нийтээрээ “шаварт унадгийг” бид өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа.

Тиймээс нийслэлийн ИТХ иргэдээсээ санал асууж, хамтдаа гарц хайхаар эрэлхийлж байна.

Хот төлөвлөлтийг хоосон цаасан дээр хийсвэр төсөөлж, ерөнхий төлөвлөгөө нэрээр ерөнхийд нь бүдүүвчлээд дунд нь эзэнгүйдүүлж биш нухацтай тооцож, нарийвчлан төлөвлөж, хатуу хянаж, зөв хэрэгжүүлдэг больцгооё.

Иймд нийслэлийн ИТХ-ын дэргэд Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтүүдээ урьж Хот төлөвлөлт, судалгааны институт байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж боддог.

“Хийх хүнд арга олддог, хийхгүй нэгэнд шалтаг олддог” гэж Монголчууд бид ярьдаг. Нөхцөл байдал хэдий хүндхэн байгаа ч аргыг нь олж ажиллахыг хаана хаана эрмэлзэх хэрэгтэй. Үүний тулд л бид эл зөвлөгөөнөөс тодорхой үр дүн хүлээж байна.

“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлийг гаргахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлон хэлэх байна. Та бүхэнд амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Шинээр хотын төвд гаднаа зогсоолгүй өндөр барилга барьсан барилгуудын 1-2 давхарыг зогсоол хийх захирамж гаргах хэрэгтэй байна. Зогсоолын төлбөрөөр зардлаа нөхнө биз
2018/10/08 203.169.48.146
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Сурагчдыг ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд 12-р сарын 15-наас 2-р сарын 15 хүртэл амраах нь зөв үү.

Нийт санал өгсөн: 15