8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобусаар үнэгүй зорчдог иргэдийн тоо цөөрсөн ч компаниудад олгодог мөнгөн дүн нэмэгджээ

2018-10-08 13:21:12

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулан, хүртээмжийг нэмэгдүүлэхээр нийслэлийн ИТХ-аас “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд”  зөвлөгөөн зохион байгуулж байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэгч агентлаг, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, иргэд оролцож байна.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат зөвлөгөөний үеэр нийтийн тээврийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар 945 автобус нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Гэвч чиглэлийн маршрут бодит орчинд төдийлэн нийцэхгүй байгааг зөвлөгөөнд оролцож буй иргэд шүүмжлэв. Мөн үйлчилгээний салбарын соёл эрс дордсоныг ч хэллээ. Тиймээс орчин нөхцөл, үйлчилгээний чанар, стандартыг шаардлагатай байгааг онцлов.

Нийслэлийн Тээврийн газар төсвөөс жилд 83 тэрбум төгрөгийн татаас авдаг. Сүүлийн жилүүдэд төлбөргүй зорчдог иргэдэд олгодог нөхөн олговрын зардал буурсан ч тээврийн компаниудын ажилласан цагт тооцон олгодог машин цагийн зардал эрс нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, машин цагийн зардал нөхөн олговрын буурсан хэмжээнээс илүү хурдацтайгаар өссөнөөс нийт зардал өсчээ гэж дүгнэж болно. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл хотын төсөвт их дарамт учрах эрсдэлтэй. Тиймээс уг асуудлыг нухацтай хэлэлцэж, даруй арга хэмжээ авах шаардлагатайг оролцогчид хэлэв.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл