8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: УЦУОШГ-аас цочир хүйтрэхийг анхааруулж, Эдийн засагчид 2019 оны төсвийн төсөлд зөвлөмж хүргүүлсэн өдөр

2018-10-08 18:45:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. 

Их хэмжээний мөнгө "завшсан" гэх Г.Батбаатар шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаад томилогджээ

БСШУС-ын сайдын тушаалаар албан тушаалаа хүлээлгэн өгөөд байсан АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргажээ. Тэгвэл энэ сарын 2-нд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатартай холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж, АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг "Ажлаас нь үндэслэлгүй халсан" хэмээн үзэж, үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарчээ.

 БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа түүнийг өнгөрсөн долдугаар сарын 10-нд үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Эрүүл мэндийн дэд сайд асан Ц.Цолмонг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Ямар шалтгаанаас болж ажлаас халсан талаар Сайд Ц.Цогзолмаа: “Г.Батбаатар гэдэг мундаг захирал байж байгаад ажлаа өгчихсөн юм шиг асуудалд хандаж байна. Төлбөр төлж мэдээлэл цацдаг, өөрийгөө хамгаалдаг асуудал хэрээс хэтэрч байна. АШУҮИС-ийн барилга барьж байгаа Япон улсын багийнхан надтай ирж уулзсан. Барилгын ажлыг хоёр сарын дотор шуурхайлан явуулах шийдвэр гаргасан. Орчин үеийн технологи бүхий эмнэлэгт ажиллах эмч, сувилагчдыг бэлтгэх ажлыг би Батбаатар захиралд хоёр жилийн өмнө даалгасан. Одоо хүртэл хэрэгжүүлээгүй байгаа юм. Олон эмчийг сургасан ч, тэр эмнэлэгт ажиллахгүй гэдэг байр суурийг бүгд илэрхийлж байна. Сайн судлаад үзвэл өөрийнхөө танил талын хүмүүсээ сургачихсан байсан. Хөрөнгө оруулалтын асуудалд санхүүгийн олон зөрчил илэрсэн. Тендер сонгон шалгаруулаагүй, банкны баталгааг хүртэл хуурамчаар үйлдээд өгчихсөн байсан. Ийм хүнд хариуцлага тооцохгүй гээд яах юм бэ. Иймд би Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонд АШУҮИС-ийг даатгасан. Үр дүн гарна гэдэгт итгэж байна” гэж хэвлэлийн хурлаар мэдэгдэж байсан билээ.

АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг ажлаас  чөлөөлөх болсон шалтгаан нь түүний хэвлэлд өгсөн ярилцлагаас улбаалсан талаар тухай үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Тэрбээр “Ц.Цогзолмаа сайд багш ажилчдад зориулж орон сууц барих миний саналыг дэмжихгүй байна. Дэмжиж туслахгүй бол саад битгий бол” гэж хэвлэлээр дамжуулан салбарын сайддаа сануулга өгсөн ч тун удахгүй ажлаасаа халагдсан. Түүнээс хойш хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж нэлээд гомдолтой яваа АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг ажлаа хүлээлгэн өгсөний хажуугаар АТГ-т шалгуулахаар болсон талаар мэдээлэл гарч байсан.

Тодруулбал, АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нар тендер будлиантуулж, банкны баталгаа хуурамчаар үйлдсэн нь ил болсон байна. Тодруулбал, тэдний хууль бус үйл ажиллагаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, дүрэм журмыг зөрчсөн асуудал дотоод аудитын шалгалтаар илэрсэн гэсэн мэдээлэл гарсан. 

Тодруулбал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр олон тэрбум төгрөгний тендер зарлаж, гэрээ байгуулан санхүүжилт олгон төсвийг зориулалтын бусаар шалгалтаар илэрчээ. Тэд “Хай ресурс” компанитай тохиролцон 358.5 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг хуурамч материал бүрдүүлэн байгуулсан байсан нь ил болж байсан. Мөн Баянзүрх дүүргийн 12-р хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй АШУҮИС-ийн Шинэ цогцолборын сургалтын тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг явуулахдаа “Хай ресурс ХХК”-ий удирдлагатай тохиролцон Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэлийн баталгааг хуурамчаар үйлдэж тухайн үед АШУҮИС-ын захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, Хангамж  үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Ц.Батхуяг нар 358.5 сая төгрөгний гэрээ байгуулсан нь тогтоогтоод байгаа ч шүүхийн шийдвэрээр буцаад ажилдаа орохоор болсон аж. 

О.Алтансүх: 3.7 тэрбум төгрөгөөр тавилга авна гэж юу байх вэ, 192.5 сая төгрөгөөр авсан

Энэ оны хүүхэд хамгааллын төсөвт тусгагдсан 6.4 тэрбум төгрөгийн 3.7 тэрбум төгрөгийг байгууллагын эд хогшил, үйл ажиллагаанд зарцуулсан гэх шүүмжлэл Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг асуудалд орууллаа. Тэгвэл энэ асуудалд тус газрын дарга О.Алтансүх мэдээлэл өглөө. О.Алтансүх дарга хэлэхдээ "Хүүхэд хөгжил хамгааллын зардалд 2018 онд 6.4 тэрбум төгрөг баталсан. Үүнээс 3.7 тэрбум төгрөгөөр нь тавилга авсан мэт ойлгогдохоор мэдээллийг нийгмийн сүлжээнд бичсэн байгааг хараад олон хүн асуулаа. Уг төсвийн 2.4 тэрбум төгрөгийг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн гэр бүлийн газар хэлтсүүдэд хуваарилсан. Хүүхэд хамгаалахад 1.4 тэрбум төсөвлөдөг байсныг эмэгтэй гишүүдийн санаачлагаар 2018 оны төсөвт таван тэрбумыг нэмж, 6.4 тэрбум төгрөг болгосон. Энэ зардлыг Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт 2.4 тэрбумыг, ХНХЯ-нд 700 сая төгрөг, ГБХЗХГ-т 667 сая төгрөг, харьяа байгууллага болох Найрамдал, Өнөр бүл, хараа хяналтгүй хүүхдийн Нарт хангай төв, 108 хүүхдийн тусламжийн төв, Хамгаалах байрны ажилд нийтдээ 789 сая төгрөгийг зарцуулсан байна. Хамгийн гол нь дээрх таван салбарт 1.4 тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Ингээд нийтдээ 6.4 тэрбум болж байгаа. Сошиалаар 3.7 тэрбум төгрөгийг эд хогшил тоног, үйл ажиллагаанд зарцуулсан гэж шүүмжлээд байна.  3.7 тэрбум төгрөгөөр тавилга авна гэж юу байх вэ. Гэтэл үйл ажиллагаа гэдгийг нь орхиод 3.7 тэрбумыг тавилгад зарцуулсан гэх мэтээр ойлгогдуулахаар тараагаад байна. Тавилгад бид 192.5 сая төгрөг зарцуулсан. Гэхдээ энэ нь түрүүний ярьсан хамгаалах байрны ор дэр, хөнжил, хогшлууд байгаа" гэв. 

Ч.Хүрэлбаатар: Ирэх онд Эдийн засгийн өсөлттэй, төсвийн алдагдал багатай, экспорт ихтэй жил байна

Өнгөрсөн 7 хоногт УИХ чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцсэн юм. Энэ үеэр ирэх оны төсвийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад "Манай улс өрийн гол дарамтаа 2018 онд даван тууллаа. 2019, 2020 онд манай улсын хувьд хүлээгдэж байгаа гадаад, дотоодын томоохон өр байхгүй. Харин 2019 онд зээлийн хүүнд 865 тэрбум төгрөг төлнө.  2016 онд Засгийн газрын өр ДНБ-ий 80 орчим хувьд хүрээд байсан. Энэ өрийн хэмжээг 2018 оны төгсгөлд 63 хувь, 2019 оны төгсгөлд 55.4 хувьтай байхаар бууруулж байгаа. Өрийн дарамтгүй болгох зорилготой, өрийн хэмжээ ДНБ-ий 40 хувь байх ёстой.Хэдийгээр өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 55.4 болж буурч байгаа ч эдийн засагт эмзэг байдал, тодорхой хэмжээгээр дарамт авчрах байдал үүснэ.

 Тиймээс бид цаашид өрийн хэмжээг үргэлжлүүлж бууруулах зорилготой байгаа. Ингэхийн тулд төсвийн алдагдлыг өр үүсгэж санхүүжүүлэхгүй байх зарчмыг баримтална. Үүнээс гадна орлогын хэмжээг 3.2 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, зарлагыг хоёр их наяд төгрөгөөр нэмсэн.

Энэ зардлын 720 тэрбум төгрөг нь цалин тэтгэвэр, үлдсэн хэсэг нь утааг бууруулах, аймаг орон нутгийн хөрөнгө оруулалт зэрэг ажил багтаад байна. Ирэх онд Эдийн засгийн өсөлт 8 хувьтай, төсвийн алдагдал багатай, экспорт ихтэй жил байна. Монгол төгрөг, юань, рубль, вонын эсрэг чангарч байгаа. Харин долларын эсрэг 5 хувиар унасан. Дэлхийн худалдааны дайнтай холбоотойгоор долларын ханшийн савлагаа нэлээд оронд болж байна.

Дэлхийн 180-аад орны 85 хувийнх нь мөнгөн тэмдэгт долларын эсрэг унасан. Энэ бол түр зуурын үзэгдэл гэж харж байна. Тиймээс бид нэг долларыг төсөвт 2530 төгрөгөөр тооцлоо. 

Н.БАЯРТСАЙХАН: Сорилтын үед Эдийн засгийн тэнцвэр чухал

Төв банк жил бүр УИХ-ын намрын чуулганы эхэнд ирэх ондоо баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг өргөн барьдаг. Өнгөрч буй нэг жилийн хугацааны мөнгөний бодлогын хэрэгжилт, эдийн засгийн цаашдын төлөв болон 2019 онд авч явуулах үйл ажиллагааны  талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханаас тодруулан ярилцлаа.

-Дэлхийн томоохон улс гүрэн хоорондох худалдааны зөрчил маргаан, дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн уналт, нефтийн үнийн өсөлт гээд гадаад орчинд нөхцөл байдал сөрөг хандлагаар хурдтай өөрчлөгдөж байна. Яг нэг жилийн өмнө Та сэргэлт ажиглагдаж буй таатай цаг үед “Цаашдын өсөлт хөгжлийн суурь болох бодлогын реформуудаа хийх цаг” гэж мэдэгдэж байсан. Бид одоо сорилтод хэр бэлэн болсон бэ?

-Монголбанк энэ нэг жилийн хугацаанд санхүүгийнхээ тогтолцооны дархлааг сайжруулах реформуудыг хийх, валютынхаа нөөцийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодит эдийн засгийн сэргэлтийг дэмжих, тогтвортой байдлыг хангахад бодлогоо чиглүүлсэн. Үр дүнд нь олон эерэг өөрчлөлт гарч байгаа хэдий ч, одоо нөхцөл байдал биднийг илүү хурдтай бөгөөд шургуу ажиллахыг шаардаж байна. Ер нь аливаа реформ хууль эрх зүйн орчин, дүрэм журмын шинэчлэлээс эхэлдэг. Иймд бид Төв банкны тухай хуулийн шинэчлэлээс эхэлсэн. Шинэ хуулиар Монголбанкны хараат бус байдлыг баталгаажуулж, засаглал, шийдвэр гаргах тогтолцоог сайжруулснаар илүү хариуцлагатай ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй болсон. Түүнчлэн Банкны тухай хуулийг дагалдах 30 орчим журам шинэчлэгдэж байна. Арилжааны банкуудад олон улсын стандартаар активын чанарын иж бүрэн үнэлгээ хийж дууссанаар санхүүгийн тогтолцоо илүү дархлаатай байх суурь нь бэхжиж байна гэж ойлгож болно. Одоо банкууд эрсдэлийн сангаа нэмэн байгуулж, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа тул эдийн засагт доргилт, чичиргээ үүслээ ч эрсдэл даах чадвар нь өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд дээшилсэн. Түүнчлэн, харилцагч, хадгаламж эзэмшигчдийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд хямралын үеийн төрийн оролцоог илүү тодорхой болгож УИХ-аас “Банкны салбарын тогтвортой байдлын тухай” хууль батлан гаргалаа. Одоо “Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай” хуулийн төслийг боловсруулж байна. Санхүүгийн салбар эрүүл, найдвартай байсан цагт хувийн хэвшлийн санхүүжилтийн нөхцөл бололцоо сайн, Монголын эдийн засаг илүү бат бэх, тулгарах сорилтод бэлэн байна гэсэн үг. Иргэд, компани, аж ахуйн нэгжүүд ч бас дор бүрнээ санхүүгийн сайн менежменттэй байж эрсдэлд бэлтгэлтэй байх нь чухал.

-Хэдийгээр эдийн засгийн гадаад орчинд “цаг агаар” муудах шинжүүд илэрч байгаа ч Монголын эдийн засаг 6.4%-ийн өсөлттэй явна. Эдийн засаг маань түүхий эдийн үнийн уналтыг дагаад огцом унах эрсдэл бий юу?

-Өсөлт хэрхэн бий болсон үйл явцыг зөв тайлбарлаваас илүү тодорхой ойлгогдоно. 2016 онд эдийн засаг царцанги гэж хэлж болох байдалд орж, зээлийн өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлт, үнийн өсөлт бүгд сөрөг хандлагатай байснаас гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын орох урсгал бараг хаагдаж, өрхийн болон аж ахуйн нэгжүүдийн орлого хумигдсанаар татварын орлого буурч байсныг хүмүүс мартаагүй санаж байгаа. Харин 2017 онд уул уурхайн салбар сэргэж экспортын орлого өмнөх жилийнхтэй харьцуулахад 1.3 тэрбум ам.доллараар нэмэгдэхийн зэрэгцээ өмнөх онд 26 сая ам.доллар байсан ГШХО 1.4 тэрбум ам.долларт хүрч өсөн, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээр 700 гаруй сая ам. долларын санхүүжилт орж ирсэн. Үнэ ханш ч тогтворжиж, эдийн засагт итгэл сэргэж, мөнгөний бодлогыг эдийн засгийг дэмжихэд чиглүүлсний үр дүнд банкны салбарын зээл олголт нэмэгдэн, 2017 онд 1.2 их наяд төгрөгөөр буюу 10% өссөн. Эдгээр санхүүжилт эдийн засагт шингэснээр өсөлт эрчимжиж, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр зэрэг зарим салбар эдийн засаг зогсонги байсан өмнөх оны бага сууриас 15-20% эрчимтэй өсч эхэлсэн. Гэхдээ агшилттай салбарууд ч бас байв.

Тэгвэл 2018 оны хувьд өсөлт тогтворжин, тархалт нь ч жигдэрч барилгынхаас бусад салбар өсөлттэй боллоо. Экспорт, ГШХО үргэлжлэн нэмэгдэж, банкны салбарын эх үүсвэр өсөхийн зэрэгцээ эдийн засагт итгэл дээшилсний үр дүнд зээл олголт ч нэмэгдсэнээр мөнгөний нийлүүлэлт 20 орчим хувь өслөө. Хэдийгээр өмнөх зун ган болж, залгаад зуд нүүрлэснээс үүдэлтэйгээр ХАА-н салбарын өсөлт саарсан боловч, Оюу толгойн баяжмал дахь алтны агууламж нэмэгдсэн нөлөөгөөр уул уурхайн салбарын өсөлт эерэг болсон. Боловсруулах болон худалдаа, тээврийн салбарын хувьд экспорт болон ГШХО-ын идэвхжилийн дам нөлөө, банкны зээлийн өсөлтөөр тэтгэгдэж байна. Бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж, салбаруудын өсөлт жигдэрч байгаа нь татварын орлого, тэр дундаа ААНОАТ-ын орлого 30 орчим хувиар өссөнөөс харагдана. Иймд экспортын бүтээгдэхүүний үнэ зарим талаар унаж байгаа хэдий ч, 2019 онд уул уурхайн бус салбарт өсөлт хадгалагдах дүр зурагтай байна. Харин 2020 оноос цааш бизнесээ төлөвлөхдөө гадаад орчны нөлөөг сайтар тооцож үзэх хэрэгтэй байгаа юм.

-Монголбанк энэ онд эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлж, урт хугацаанд тогтвортой байх орчныг бүрдүүлэх зорилт тавьж ажилласан. Эдийн засгийн хэтийн төлөв, тулгарч буй сорилтыг хэрхэн төсөөлж байгаа вэ, ийм үед ямар бодлого баримтлахыг чухалд үзэж байна вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч, эдийн засгийн нэг гол хөдөлгүүр доголдох байдал мэдрэгдэвч эдийн засгийн сэргэлт инерциэ тодорхой хугацаанд хадгалагдах тул тормоз гишгэсэн мэт огцом зогсохгүйг онцлох нь зүйтэй. Эдийн засгийг дэмжих бусад хөдөлгүүр болсон ГШХО болон банкны салбарын зээл нь өсөлтийг санхүүжүүлсээр байх болно. Тухайлбал, энэ онд 50% нэмэгдэж 1.1 тэрбум ам.долларт хүрсэн Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 2019 онд ч энэ түвшиндээ хадгалагдах батлагдсан хуваарьтай. Мөн сүүлийн 2 жилийн бодлогын реформ, эдийн засгийн сэргэлт нь Монгол улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах нөлөөтэй байсан бөгөөд Оюу толгойгоос гадна 400 гаруй сая ам.долларын ГШХО 2018 оны эхний 8 сард орж ирсэн байна. Цаашид ч зээлжих зэрэглэлээ дээшлүүлэх, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй байх нь мэдээж чухал. Банкны салбарын хувьд, эрсдэлийн сангуудаа байгуулж, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх ажил жигдэрснээр зээлийн тасалдал үүсгэхгүй. Засгийн газрын төсвийн төсөлд тусгасан цалингийн өсөлт, хөрөнгө оруулалтын зардлуудын өсөлт нь эдийн засгийг дэмжих нөлөөтэй гэж үзэж байна. Мөн ханшийн өөрчлөлтөөс гадна хэрэглээний зээл болон валютын зээлийн талаар явуулж буй макро зохистой бодлого нь эдийн засгийн дотоод болон гадаад тэнцлийг алдагдуулахгүй байхад түлхэц үзүүлнэ.

Иймд бидний сүүлийн тооцооллоор эдийн засгийн өсөлт 2019 онд 5.0%-8.5% орчимд хадгалагдах төсөөлөлтэй байна. Гэхдээ түүхий эдийн зах зээл тодорхой бус байгаа энэ нөхцөлд өндөр өсөлт гэхээсээ илүүтэйгээр эдийн засаг тэнцвэртэй байж, аливаа гэнэтийн шок чичиргээнд автахгүй байх нь чухал. Ингэснээр тогтвортой өсөлт бий болох, өсөлт ард иргэдийн амьдралд хүртээмжтэй байх нөхцөл бүрдэнэ. Мөнгөний бодлогын хувьд бодлогын хүүний зээл болон хүүнд нөлөөлөх суваг хүчтэй хэвээр байгаа. Үүн дээр нэмээд макро зохистой бодлогын хэрэгслүүдийг мөнгөний бодлоготой хослуулж хэрэгжүүлж эхэлснээр бодлогын нөлөөллийг дээшлүүлэхийн зэрэгцээ эрсдэлийг хязгаарлах боломжийг нэмэгдүүлж байна. Энэ үед өсөлтийг санхүүжүүлэх нэг гол суваг болох банкны салбарын зээлийг эдийн засгийг тэнцвэртэй байлгахад чиглүүлнэ. Тухайлбал, хэт хурдтай өсч байгаа хэрэглээний зээлийг тогтвортой бөгөөд эрсдэл хуримтлуулахгүй түвшинд хязгаарлан барих, санхүүгийн нөөцийг бизнес эрхлэгч ААН-ууд руу чиглүүлэх бодлогыг баримтална. Энэ нь өрхийн өрийг хэт өндөр түвшинд хүргэхгүй байх, ирээдүйд өсөлт бий болгох бизнесийн хөрөнгө оруулалтыг дэмжих, банкны балансыг илүү эрүүл байлгах, хэрэглээг зохистой байлгах зэрэг давхар олон эерэг нөлөөтэй бөгөөд эдийн засаг тэнцвэртэй байхад чухал юм.

-Эдийн засаг 6% өсч байгаа хэдий ч бараа үйлчилгээний үнэ өссөөр байна. Шатахууны үнэ өсөхийн зэрэгцээ төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа нөхцөлд инфляци Төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж чадах уу?

-Инфляци өнгөрсөн оны 2-р хагасаас өсч, сүүлийн байдлаар /2018.08 сар/ улсын хэмжээнд 6%, Улаанбаатарт 6.4% байна. Дефляциас гарч, инфляци Төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж байгаа нь нэг талаас эдийн засаг сэргэж, зогсонги байдлаасаа гарсны илэрхийлэл юм. Харин зарим сард үнийг өдөөж байгаа хүчин зүйлс нь ихэвчлэн цаг агаарын нөлөө, татварын өөрчлөлт, нефтийн үнэ зэрэг нийлүүлэлтийн гаралтай тул мөнгөний бодлогоор хариу үйлдэл үзүүлэх шаардлага бага байв. Төв банкны 8%-ийн инфляцийн зорилт маань бодлогын хүүг бууруулж 10% хүргэж бодит эдийн засгийг дэмжих бололцоог олгосон. Цаашид төрийн албан хаагчын цалин нэмэгдэх боловч ирэх оноос макро зохистой бодлогоор хэрэглээний зээлийн хурдтай өсөлтөд хязгаарлалт тавиад эхлэх тул инфляцид үзүүлэх эрэлт талын дарамт тэнцвэржих болно. Эдийн засагт сэргэлт бий болоод тийм ч урт хугацаа өнгөрөөгүй тул халалтын шинж тэмдэг бага, эрэлтийн гаралтай инфляцийн дарамтыг шингээх орон зай бий бөгөөд Төв банк дунд хугацаанд инфляцийн зорилтот түвшнийг хангахад чиглэсэн бодлого баримтална.

-АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогынхоо хүүг нэмэгдүүлж, ам.долларын ханш чангарах хандлага үргэлжилж, хөгжиж буй орнуудын валютын ханш сулрах хандлага ажиглагдаж байна. Энэ үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтвортой байлгах ямар арга хэмжээ авах вэ?  

-Ханшийн өөрчлөлт нь инфляцид ч, санхүүгийн тогтвортой байдалд ч чухал нөлөөтэй тул огцом савлагаа үүсгэхгүй байх тал дээр Төв банк анхаарч ажилладаг. Харин сүүлийн 2 улиралд ажиглагдсан ам.долларын эсрэг төгрөгийн ханшийн сулралтыг төлбөрийн тэнцэл буюу эдийн засгийн суурь хүчин зүйлстэйгээ нийцтэй хөдөлж байна гэж үзэж байгаа. Төлбөрийн тэнцэл алдагдалтай үед ханшийг тогтмол байлгахыг зорин хүчээр барих гэж оролдох нь алсдаа илүү сөрөг үр дагавартай. 2018 оны хувьд Чингис, Димсам бондын гадаад төлбөр хийгдсэн, мөн эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор импорт 40 гаруй хувийн өсөлттэй явж ирлээ. Импортыг задалж үзвэл олон жил үйл ажиллагаа нь царцанги байсан ААН-ууд хөдөлж, техникийн шинэчлэл хийж эхэлж буй нь илт мэдрэгдэж байна. Цаашдаа валютын орлого, өсөлтийг бий болгох тоног төхөөрөмж, бүтээн байгуулалтад ашиглах материалууд нь ГШХО-оор санхүүжиж байгаа учир санаа зовоохгүй байгаа. Харин эдийн засаг сэргэхийн хэрээр хэрэглээний импорт 30%-ийн хурдтай нэмэгдэж байгааг интервенци хийж дэмжих нь алсдаа ханш огцом савлах эрсдэлийг хуримтлуулах тул одооноос тогтворжуулах нь зүйтэй.

 Ханш уян хатан тогтох нь шокоос хамгаалж, экспортын өрсөлдөх чадварыг дэмжиж, хэрэглээг зах зээл өөрөө үнээр зохицуулж буй нэг хэлбэр шүү дээ. Дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал оршиж буй энэ цаг үед бид валютынхаа байгаа нөөцийг гамнах учиртай. Гэхдээ үүнийг “Төв банк юу ч хийхгүй ажиглаад сууж байна” гэж ойлгож болохгүй. Өмнө хэлсэнчлэн бодлогын хүүний мөнгөний нийлүүлэлтэд үзүүлэх нөлөө сайжирснаас гадна, Монголбанк макро зохистой бодлогыг хэрэгжүүлэх мандаттай болсон тул ханшийг огцом савлуулахгүй байлгах бололцоо дээшилсэн. Гэхдээ энэ нь шууд илрэн харагдах зүйл биш.

 Төгрөг болон валютын эх үүсвэрийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг ялгаатай тогтоосон, валютын зээлийн эрсдэлийн жинг 150% болгож өсгөсөн, хэрэглээний зээл дээр 30 сарын хугацаа болоод 70%-ийн өр орлогын хязгаарлалт хийсэн зэрэг арга хэмжээ нь цаашид ханшийг тогтвортой байлгахад чухал нөлөөтэй. Эдгээр шийдвэр нь иргэд, импортын бизнес эрхлэгчид болон банкуудад шууд хүлээж авахад амаргүй тул 2019 оны эхнээс хэрэгжиж эхлэхээр тодорхой хугацаа өгсөн. Гэхдээ ханшийн огцом дарамт үүсвэл нийт эдийн засагтаа сөргөөр нөлөөлөх тул энэ бол уухаас аргагүй гашуун эм юм.

-Ирэх онд Монголбанкны хэрэгжүүлэх бодлого санхүүгийн тогтолцооны дархлааг бэхжүүлэх, цаашид эдийн засгийг тэнцвэртэй байлгахад чиглэнэ гэж ойлголоо. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн баримт бичигт өөр ямар онцлог зүйл байна вэ?

-Төв банкны тухай хуулиар Монголбанкинд ногдуулсан үндсэн зорилтын хүрээнд бид инфляцийг 8%-ийн зорилтот түвшинд хадгалж, санхүүгийнхээ тогтолцоог илүү хүчирхэг болгоход чиглэсэн арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлэх нь бидний үндсэн зорилго. Үүнээс гадна, техник технологийн дэвшил хурдацтай өрнөж, байгаль цаг уурын өөрчлөлтийн асуудлууд ч дэлхий даяар яригдаж буй энэ үед зохицуулагч байгууллагын хувьд зах зээлийн шинэ талбарыг дэмжиж хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Иймд энэ удаагийн бодлогын баримт бичигт “Тогтвортой санхүүжилт” болон “Финтек” зэрэг сэдвийг хөндсөн зорилт тусгагдсанаараа шинэлэг болж байна. Бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг оны эхэнд байгуулж, энэ сэдвээр олон улсын туршлагыг судлах, дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй энтрепренёр, хөндлөнгийн мэргэжилтнүүдийн дуу хоолой, үзэл бодлыг сонсох уулзалт, хурлуудыг хийсэн. Бодлого боловсруулагч хаалттай, хайрцаглагдсан байж болохгүй бөгөөд Монгол орны төлөө зүрх сэтгэл нь цохилж буй мэдлэг туршлагатай хөндлөнгийн мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсох учиртай. Мэдлэг мэргэжилтэй хүмүүс ч өөрсдийн дуу хоолой, мэргэжлийн бодит дүгнэлтээ нийгэмд хүргэх үүрэгтэй. Энэхүү бололцоог бид нээж өгч, бодлогодоо ч тусгаж байна. Үүнээс гадна Монголбанкнаас зохион байгуулдаг онол практикийн хурлуудад оролцох, “Мөнгө санхүү баялаг” сэтгүүлд судалгааны ажлаа нийтлүүлэх, эсвэл олон нийтэд чиглэсэн “Монголбанкны мэдээлэл” товхимолд ч ярилцлага нийтлэл хэлбэрээр санаа бодлоо хуваалцах боломжтой. Монголын нийгэмд санхүү эдийн засгийн мэдлэг боловсрол дутмаг байгаа асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн эрдэмтэн судлаач, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийн хувь нэмэр чухал юм. Төв банк бодлого шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнгээс гадна олон нийтийн санхүү эдийн засгийн  мэдлэгт хувь нэмэр оруулах нь нийгмийн хариуцлагатай байдлын илрэл гэж үзэж байгаа. Иймд “Санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-өө үргэлжлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж байна.

-Монголбанк хэвлэл мэдээлэл болон олон нийтэд илүү нээлттэй болсон нь мэдрэгддэг. 2019 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичигт олон нийттэй харилцах сувгаа хөгжүүлэх талаар ямар заалт тусгасан бэ?

-Төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх үндэс нь өөрөө нээлттэй ил тод, хариуцлагатай байх бодлого юм. Бидний боловсруулж, хэрэгжүүлж буй бодлого ил тод байснаар эдийн засгийн мэргэжилтэн, судлаач, олон нийтийн зүгээс илүү хяналттай байна гэсэн үг. Хяналттай үед шийдвэр гаргалт ч илүү рациональ байна. Энэхүү эргэх холбоо нь эцсийн дүндээ сайн бодлого шийдвэр болж хэрэгжсэнээр нийтийн эрх ашигт, нийгмийн сайн сайханд чухал тусгал нөлөөтэй. Иймд олон нийттэй харилцах нээлттэй сувгаа улам сайжруулахад Монголбанк онцгой анхаарч байна, энэ талаар зохион байгуулж хэвшсэн ажлаа цаашид үргэлжлүүлнэ. Инфляцийн тайлан, мөнгөний бодлогын мэдэгдэл зэрэг стандарт хэрэгслүүдээ сайжруулахаас гадна, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд төдийгүй олон нийтэд мөнгөний бодлогыг ойлгомжтой тайлбарлах контентууд болон сувгийг хөгжүүлэх ажил хийх болно. Зөвхөн эдийн засагчид, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдээс гадна ажил амьдралд нь мөнгөний бодлого нөлөөлдөг иргэд олон нийт, аж ахуйн нэгж компаниуд ч эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлогын зорилт, хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал. Монголчууд ажил амьдралдаа хариуцлагатай санхүүгийн шийдвэр гаргахад суурь нь болох мэдлэг, мэдээллийг Төв банк хуваалцахыг зорьж байна. Эдийн засгийн нөхцөл байдлыг хэрэглэгч, бизнес эрхлэгч, санхүүгийн байгууллага, хууль тогтоогч бүгд өөр өөрийн өнцгөөр харилцан адилгүй хардаг. Уг нь нэг л эдийн засгийн орчинд аж төрж байгаа улс тул та бид бүгд нэг зүг чигт харж, нөхцөл байдлыг бодитой үнэлж цэгнэж, тулгарч болох сорилтыг хамтран даван туулж, эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжилд хүрч чадна.

Тодорхой тайлбар өгсөн Танд баярлалаа!

Б.Жаргалсайхан: Тэтгэврийг доод тал нь 1 сая таван зуугаас 5 сая төгрөг болгох хэрэгтэй

БНН-ын дарга Б.Жаргалсайхан ирэх сонгуульд дахин хүч үзнэ гэдгээ илэрхийлсэн байна. Мөн  БНН  ялалт байгуулж чадах юм бол цалингийн доод хэмжээг 1000 ам.долларт хүргэх тухайгаа ч дурдаад авсан байна. Тэрбээр энэ талаар “Манай нам сонгуулиар ялах юм бол цалинг мянган долларт хүргэнэ. Тэгж бодож байгаа. Халамжийг болиулна гэсэн бодол байна. Тэтгэврийн санг бол улсын нэгдсэн төсвөөс салгах ёстой. Тэтгэвэр авагч нар доод тал нь сая таван зуугаас хоёр сая төгрөг болгох хэрэгтэй байна. Энэ ажлуудыг хийх төлөвлөгөө хөгжлийн хөтөлбөр боловсруулчихаад байна. Би одоогоос арван жилийн өмнө цалинг 300 доллар болгох хэрэгтэй гэхэд чи Жагаа худлаа яриад байна, цалин нэмж яагаад ч болохгүй гээд байсан. Засгийн газарт гишүүн болж ороод хамгийн эхэнд цалин л нэмсэн шүү дээ.  Цалинг нэмэхийн тулд наана нь тэр цалинг нэмэхийн тулд бэлтгэл ажлууд их чухал. Эдийн засгийг яаж өргөжүүлж тэлэх вэ гэдэг ажлуудыг дэс дараатай хийнэ” гэв.

Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын мэргэжлийн түвшинг тогтооно

Засгийн газраас 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газар нийт албан хаагчдынхаа ажил, мэргэжлийн ерөнхий мэдлэг, ур чадварын түвшинг тогтоох аттестатчилал буюу мэргэжлийн үнэлгээ хийх шалгалтыг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

Уг түвшин тогтоох шалгалтаар албан хаагчдын хууль тогтоомжийн хэрэглээний мэдлэг, бичгийн ур чадвар, ярилцлага, мэдээллийн технологи, гадаад хэлний мэдлэгийн түвшинг тогтоох бөгөөд шалгалтад Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутгийн нийт 300 гаруй албан хаагч хамрагдана.

Ийнхүү албан хаагчдын дунд аттестатчилал явуулснаар төрийн албаны стандартын тухай мэдлэг, чадвар болон албан хаагчдын ажлын байранд тавигдах шаардлага, харилцааны соёл, багаар ажиллах чадвар зэргийг тодорхойлж, төрийн үйлчилгээг ямар нэгэн чирэгдэлгүй, шуурхай явуулахад чухал ач холбогдолтой юм.

Гадаадын иргэн, харьяатын газар нь төв болон орон нутаг дахь 6 бүсийн газарт 300 гаруй албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэхүү түвшин тогтоох шалгалтыг тогтмол авч байхаар болжээ.

Сургуулийн орчинд 9 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдахыг хориглоно

Таван хүүхэд тутмын гурав нь илүүдэл жинтэй байна гэсэн судалгааг НЭМГ-аас гаргажээ.

 Энэ нь нөгөө л сургуулийн ойр орчим, сургуулийн гадуур ТҮЦ-нд зарагддаг түргэн хоол хүнстэй холбоотой асуудал.
Сургуулийн сурагчдын ихэнх нь түргэн хоол буюу хийжүүлсэн ундаанд дуртай байдаг байна. Аль болохгүй илчлэг ихтэй, амархан мууддаг, таргалуулдаг хоол хүнсийг авч хэрэглэдэг юм.

Өнгөрсөн жил сургуулийн ойр орчимд түргэн хоол хүнсийг хориглох шийдвэр гарч байсан. Гэхдээ хэрэгжүүлсэн эсэх нь мэдэхгүй. Энэ жил ч гэсэн хүүхдүүдэд муу гэдэг хийжүүлсэн ундаа, түргэн муудах эрсдэлтэй хоол хүнсийг хориглосон байгаа юм.

Гэвч зарим ТҮЦ-үүд, цайны газрууд мэдэхгүй зарсан хэвээрээ байгаа. Сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд хортой хоол хүнс зарж худалдаалсан тохиолдолд хуулийн хариуцлага тооцохоор болсныг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

Тодруулбал, сургуулийн цайны газар, сургуулиас 500 метрт байрлах дэлгүүр нь хийжүүлсэн ундаа, чипс, тосонд хайрсан хуушуур, пирошки худалдаалбал Зөрчлийн тухай хуулиар 3.000.000 төгрөгөөр торгох заалттай юм байна шүү.

Хүний амь нас хороохоор бэлтгэж байсан этгээдийг баривчилжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 02-ны өдөр өмнө нь удаа дараа ял шийтгэгдэж байсан эрэгтэй 46 настай “Т” гэгч нь өөрийн хамтран амьдрагч “А”-тай маргалдан хутгалж биед нь хүнд гэмтэл учруулжээ.

Улмаар хэргийн газраас оргон зайлсан аж. Мөн иргэн “Э”, “Ш”, “Х” нарын амь насыг нь хороохоор бэлтгэж байсныг нь Эрүүгийн цагдаагийн албанаас таслан зогсоож ажилласан байна.

Увс аймгийн Тариалан сумыг нүүлгэн шилжүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газраас Увс аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулж байна. Энэхүү сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны болон өндөр уулнаас аврах ажиллагаа, хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиуд өчигдөр Улаангом сумын хээрийн дадлага сургуулийн талбайд болжээ.Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 250 гаруй алба хаагч, 50 орчим техник, хэрэгсэлтэйгээр оролцсон байна.

Мөн нурангиас болон өндөр уулнаас аврах ажиллагааны дадлага сургуулиудад Увс аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах бүлгээс гадна Ховд аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, Хилийн цэргийн 0245-р ангийн алба хаагчид хамтран ажиллаж, эрэлч ноходыг оролцуулснаараа онцлог болжээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр Тариалан сумыг шинэ суурьшилын бүсэд нүүлгэн шилжүүлэх ажиллагаа, удирдах бүрэлдэхүүний сорилоор үргэлжилэх юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл