8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Баттөр: Амбицтай том зорилт тавьж, үйл ажиллагаагаа тэлэх стратеги барьж өрсөлдөх чадвартай болно

2018-07-20 16:00:00

 

-Агаарын тээврийн либералчлалын талаар сүүлийн үед нэлээд ярьж байна. Саяхан УИХ Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод өөрчлөлт оруулсан. Тийм болохоор шууд асуудалдаа оръё гэж либералчлалыг та хэрхэн харж байна вэ? Агаарын тээврийн салбарыг чөлөөт өрсөлдөөнд оруулснаар Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг Та хэрхэн төсөөлж байна вэ? Мөн зарим хүмүүс эсэргүүцэж байгааг юу гэж үзэж байна вэ?

Дэлхий даяар л нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт элдэв хязгаарлалт, хориг саадыг багасгаж, чөлөөт өрсөлдөөний хэв загварт орж байгаа. Агаарын тээврийн салбарт ч мөн адил ийм байдалтай байгаа. Манай улсын хувьд УИХ-аас Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр Сөүл, Бээжингийн чиглэлд хоёрдогч тээвэрлэгч оруулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл талуудын агаарын харилцааны хэлэлцээрээр нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай нь уялдуулан зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзан тохирох бөгөөд дээрх тоонуудын хүрээнд өөр агаарын тээвэрлэгч нэмж явж болохоор болж байгаа. Ер нь бол зах зээлийн эрэлт хэрэгцээ нь байхад нийлүүлэлтийг нь хязгаарлачихсан байсан болохоор ингэж бодлогоо өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Олон нийт жуулчид гэлтгүй бүх зорчигчдод зуны улиралд суудал олдоц муу, тийзний үнэ өндөр энэ нь МИАТ компаниас хамаарч байна гэсэн шүүмжлэлд бидний зүгээс ч олигтой хариулт хэлэхэд хэцүү л байгаа. Бид нийлүүлэлтийг хангаж чадахгүй байгаа нь үнэн. Зүйрлэж ярих юм бол 100 метрийн гүйлтийн уралдааны замын гараан дээр зогсчихсон мөртлөө гүйхгүй гээд байдаг, тэгээд замаа чөлөөл гэхээр үгүй гээд зогсоод байгаатай агаар нэгэн болчоод байгаа юм. Нийлүүлэлтийг бид онгоцны тоогоо нэмэгдүүлж байж л хангана. Гэтэл дээр хэлсэнчлэн бид өөрсдөө улирлаас хамааралтай ачаалалтай учраас зунаас бусад үед нь онгоцуудаа яах вэ гэдэг том асуулт байгаа. Дэлхий даяар зуны улиралд нислэгийн тоо нэмэгдэж өвлийн улиралд багасдаг учраас нойтон түрээсийн асуудал ч өөрөө хүнд болдог. Тиймээс одоо харин агаарын харилцааны хэлэлцээрт оруулах өөрчлөлтийн тоон дээр улирал, улиралдаа тохирсон суудлын тоо, давтамж тохирох нь зүйтэй гэж харж байна. Бидний хувьд зунаас бусад үед нь онгоц ашиглалтаа нэмэгдүүлэх, бусад чиглэлээ ашигтай болгох, шинэ ашигтай чиглэл нээх зэргээр үйл ажиллагаагаа эрс сайжруулах шаардлагатай байна. Төр засаг олон жил биднийг харж үзсэн одоо болно гэж үзэж байна. Бид ч одоо бие даах болсон. Яг үнэндээ статистик харах юм бол хөрш зэргэлдээ Эрхүүгээс илүү гарахгүй байдалтай л байна шүү дээ. Тайлан баланс харах юм бол бид ердөө нэг онгоцны зээлийн төлбөр төлөх гэж л ажиллаж байгаа компани мэт байна шүү дээ. Хатуухан хэлэхэд манай хамт олны хүч хөдөлмөр зээл төлөхөд л шингэж байна. Хэн ийм онгоц худалдаж авах санааг гаргаж байсан юм ер нь, гэхдээ хэн байх нь надад одоо хамаагүй л дээ. Дахиж ийм алдаа гаргаж л болохгүй. Одоо нэгэнт бодлого тодорхой болж, өөрчлөгдсөн учраас бид түүнийг дагах, өөрийн бодлого стратегээ яаралтай эргэн харах ёстой. Монгол Улсын эдийн засагт бол либералчлал мэдээж эерэг нөлөөлөл үзүүлнэ. Эдийн засгийн өсөлт өөрөө МИАТ компанид эерэг нөлөөлөл үзүүлдэг учраас бид хүссэн хүсээгүй чөлөөт өрсөлдөөнд орох болно иргэддээ мөн үйлчлэх болно. Энэ бол манай компанид том сорилт болно.Бид чадахын төлөө зүтгэх ёстой, чадах ч ёстой гэж үзэж байгаа.   

Эсэргүүцэж гэх юм уу өөр бодолтой байгаа хүмүүсийн хувьд компанид маань тодорхой хэмжээний протекционист үзэл хэвшсэн байж магадгүй юм. Гэхдээ тэдний буруу биш ээ.Манай хамт олон бас л хүнд хэцүү замыг туулж байж өдий хүрсэн шүү дээ. Тэдний үгийг сонсох л ёстой.

-Туркиш Айрлайнес компанитай холбоотой хэвлэлээр гардаг зүйлд та юу гэж хариулах вэ? Танай компаниас хамаараад туркиш жижиг онгоцоор нисч, Бишкек дээр замдаа зогсож байна гэх зэргээр асуудал зогсонги байдалтай байна гэдэг дээр ямар тайлбар хийх вэ?

Бид мэргэжил нэгт нэг салбарын компаниудын хувьд уулзаж ярьсан. Саяхан тэдний тээврийн яам, иргэний нисэхийн бодлогын агентлагын болон Туркиш Айрлайнес-ийн албаны хүмүүс ирж би хэлэлцээрт орсон. Нислэгийн тоо нэмэх, суудлын хязгаарлалтыг байхгүй болгох зэрэг асуудал дээр талуудын судалгаа дэндүү өөр дүнтэй байгаа юм. Бүр тэгийн хоёр талд нэмэх хасах тэмдгийн зөрүүтэй байхад асуудлыг аль нэг талд нь шийдэж болохгүй л дээ. Тиймээс тоо судалгаа хийдэг аргачлалдаа байна уу юундаа байна, хамтдаа хамтран судлахаар тохирсон. Жишээ нь хэлэлцээрийн явцад би ийм санал хэлж байгаа юм “Та нар долоо хоногийн 3 нислэгийн 500 хүнээ том онгоцоор,Бишкект буухгүйгээр 2 нисчилдээ, танай нислэг зорчигчдод тухгүй байна” гэхээр тэд “270, 280 зорчигчийн суудалтай том онгоцоор нисэхээр суудал дүүрэхгүй алдагдалтай” гэж хариулж байгаа юм.  Тэр том компани долоо хоногийн 50-60 хүний алдагдлаа тооцож байхад бидний тооцоо бүтэн нислэгийн чиглэлээ алдаж магадгүй бүр цаашлаад бүтэн тив алдаж магадгүй гэж гараад байхад нэгдсэн ойлголтод хүрэх боломжгүй байна л даа. Энийгээ сайн ойлгуулсан. Тэд маань ч ойлгож хамтран судлахаар болсон.

-Засгийн газраас баталсан 2018-2020 онд хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалтанд МИАТ компани багтсан. Та захирлын хувьд компанийнхаа хувьчлалын талаар ямар бодолтой байдаг вэ?

Засгийн газраас хөрөнгийн биржээр тодорхой хувийг нээлттэй хувьчлана гэж шийдвэрлэсэн. Өнөөдөр мөн дэлхий даяар л компаниуд биенийгээ худалдаж авах, нэгдэж нийлэх аргыг маш өргөн хэрэглэж байгаа. Мөн хөрөнгийн бирж дээр нээлттэй гарч хөрөнгө босгох нь түгээмэл болоод байна. Хувьцаагаа багцалж зарж хүний ноу хауг ашигладаг болсон. Тиймээс бид чөлөөт өрсөлдөөнд орохын тулд бидэнд парк нэмэгдүүлэх хөрөнгө хэрэгтэй, бидэнд ноу хау, менежмент хэрэгтэй. Тэгэхээр тодорхой хувьцаагаа нээлттэй арилжиж хөрөнгө босгох нь бидний сонирхолтой нийлж байна. Гагцхүү компанийн хувьцааг өндөр үнэ хүргэн зарж хөрөнгө босгоход, компани зах зээлийн зарчмаар шийдвэрээ гаргаж чаддаг байхад, үндэсний тээвэрлэгч статус хэвээр байхад компаний ажиллагсдын эрх ашиг хамгаалагдсан байхад онцгой анхаарах ёстой. Дан ганц “биржээр нээлттэй зарахаар шударга” гэсэн зарчмаар хандаж болохгүй хувьцаагаа амжилттай зарахад олон хүчин зүйл нөлөөлдөг гэдэгт мөн анхаарах ёстой.

Та МИАТ компанийн захирлаар томилогдсоноос хойш хэвлэлийнхэнд тоймтой ярилцлага өгөөгүй байх аа. Шуудхан асууя. Таныг ажлаа хүлээн авахад компанийн нөхцөл байдал ямар байв? Товчхондоо ажлаа юунаас эхлэв?

Юуны өмнө нислэгийн аюулгүй байдал, компанийн санхүүгийн нөхцөл байдалтай танилцахаас ажлаа эхэлсэн. Компани маань өнгөрсөн жил ашигтай ажилласан боловч нийт балансаар нь авч үзэхэд хуримтлагдсан алдагдалтай, эзний өмч хасах баланстай байна. Түүнчлэн ихээхэн хэмжээний өр төлбөртэй байгаа нь онгоц худалдан авах үед үүссэн зээл болон алдагдалтай ажиллаж байх үеийн татвар хураамжийн болон бусад төрлийн өр төлбөрүүд юм. Манай компани нислэгийн хувьд улирлаас хамааралтай 7-9 олон улсын чиглэлд үндсэн болон нэмэлт, мөн тооны чиглэлийн тусгай нислэг, дээр нь нойтон түрээсээр нислэг үйлдэж орлого олдог. Үүнээс гадна онгоцны хүнд, хөнгөн засварын болон газрын үйлчилгээнээс тодорхой орлого орж ирдэг. Гэхдээ олж байгаа орлогодоо ямар зардал гаргаж байна гэдгээ ажил бүрээр нь хэлтэс бүрээр нь шинжлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Үндсэндээ зардал-үр дүнгийн шинжилгээ, орлогын менежмент болон Yield management хийж ашгийн түвшинг нэмэгдүүлэх юм. 2-3 чиглэл маань боломжийн сайн ашигтай. Харин бусад чиглэлийн нислэгүүд маань зардлаа дөнгөж нөхөх төдий эсвэл алдагдалтай байдаг. Гэхдээ мөн л улирлын хамааралтай. Тиймээс юуны өмнө шинээр нээсэн болон алдагдалтай чиглэлүүдийг судалж мониторинг хийсэн.

Судалгааны үр дүн юу гэж гарсан бэ?

Энэ судалгааны эцсийн үр дүн хараахан гараагүй байгаа. Гэхдээ эхний ээлжийн үр дүнд шинээр нислэг нээхдээ хийж буй маркетингийн бодлого, бизнес төлөвлөлт, зах зээлийн шинжилгээ судалгаа, зах зээлийг идэвхижүүлэх стратеги, төлөвлөгөө хангалттай хэмжээнд хийгдэхгүй байна гэж үзсэн. Тухайлбал, СВОТ шинжилгээний давуу талууд нь манайд төдийлөн ач холбогдолгүй, судалгааны тоонуудын бодит эсэх нь эргэлзээтэй ч юмуу, эсвэл шинэ нислэгийн чиглэлийн сонголтыг зөв хийсэн эсэх, шинэ чиглэлд нислэг үйлдэхдээ агаарын хөлгийн сонголтыг эргэн харах гэх мэт асуудлууд байна. Ер нь аливаа ажлыг амжилттай хийхэд баримтлах нэг гол зарчим бол шийдвэр гаргахын өмнө дүн шинжилгээ,  судалгааг маш сайн хийх, ашигтай байх бүхий л деталиудыг нарийвчлан шалгах, хэрэв тодорхой хугацааны дараа өгөөжөө өгч эхлэхээр харагдаж байгаа бол тэр хугацаа нь мөн тодорхой байх. Өөрөөр хэлбэл урьдчилсан ТЭЗҮ-г маш сайн хийх ёстой гэсэн зарчим байдаг.

МИАТ ТӨХК-ийн үе үеийн удирдлагууд Европын чиглэлийг алдагдалтай гэж дүгнэдэг. Та түрүүн алдагдалтай хуучин чиглэлүүдэд мөн судалгаа хийж байгаа тухай дурдсан. Алдагдалтай чиглэлүүдийн хувьд ямар дүгнэлт гарсан бэ?

Хуучин боловч алдагдалтай байгаа чиглэлүүдийг мөн нарийвчлан судлах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Үүнд манай Төлөөлөгчийн газруудын гүйцэтгэх үүргийг сайжруулахаар ажиллаж байна. Жишээ нь олон жил алдагдалтай ажиллаж ирсэн Москва, Берлиний чиглэлийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа. Аерофлот Берлиний захын нисэх буудалд буудаг, гэтэл манай МИАТ хотын төвд шахуу байдаг Тегел нисэх буудалд буудаг. Энд маш их потенциал байна. Москвад сайн сурталчилгаа хийснээр ОХУ-ын иргэдийг замаасаа авах том бололцоо бий гэж харж байгаа. Үүнийг сайн судалж, сурталчилж, сайжруулснаар олон жил алдагдалтай байгаа энэ чиглэлийг яваандаа ашигтай болгох боломж харагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор компанийнхаа  зар сурталчилгааны бодлогыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Өнөөдөр манай компани Монголдоо хангалттай танигдсан учраас дотоод зах зээл дээрээ хандсан сурталчилгаагаа онлайн борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор www.miat.com цахим хуудас руугаа хандаж хийнэ. Иймээс бид суудал захиалгын цахим хуудсаа амьд ажиллагаатай болгох тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Тун удахгүй энэ ажил маань бэлэн болно.

Та бид хоёрын ярилцаж байгаа энэ цаг үе бол манай улсын хувьд жуулчин хамгийн их ирдэг аялал жуулчлалын оргил үе. Танай компанийн тийзний үнийг өндөр байнагэж их шүүмжилдэг. Та энэ шүүмжлэлийг хэрхэн харж байна? Тийзний үнийг буулгах талаар Таньд тодорхой төлөвлөгөө байна уу?

Манай компанийнхан зорчигч үйлчилгээний програм хангамжаа богино хугацаанд бүрэн ашиглалтад оруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Олон улсын жишигт нийцсэн Суудал захиалгын шинэ програм хангамжтай болсноор эрэлтээс хамаарч үнэ, тариф өөрчлөгддөг болсон. Өөрөөр хэлбэл програм автоматаар өөрөө тооцоолж зохицуулаад үнэ, ангиллаа өөрчилдөг болсон. Зуны оргил ачааллын үед тийзний үнэ нэмэгддэг нь чөлөөт зах зээлийн зарчмаар эрэлт нэмэгдсэнээс шалтгаалж байгаа. Хэн эрт захиална тэр хямд тийз авдаг болсон гэсэн үг. Гэхдээ бид энийг зүгээр хараад суух бус өөр олон аргуудыг судалж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Жишээ нь үнэ нэмэгдэж байгаа учраас бизнес болон энгийн ангиллын дундах экономи плас маягийн ангилал бий болгохоор судлаж байна. Энэ нь бизнес ангиллын бүртгэлийн дараа бүртгүүлэх, онгоцонд суух, бизнес лоунжаар үйлчлүүлэх, магадгүй ачааны хэмжээ ч нэмэгдэх зэрэг давуу тал үүсгэх ёстой гэж харж байгаа. Үүнээс гадна тарифийн хувьд ачаагүй зорчигч, бага ачаатай зорчигч гэх мэтээр шинэ ангилал үүсгэж тийзний үнэ бууруулах судалгаа хийж байгаа. Мөн Пусаны чиглэлд Айр Пусан гэдэг хямд үнийн компани нисдэг. Тэд онгоцонд ундаа сэндвич талхтай өгдөг гэж байгаа юм. Тэгээд хүн нисээд байгаа юм чинь бид бас яагаад адилхан байж болдоггүй юм. Мөн Бээжингийн шөнийн юм уу нэмэлт нислэгт ч гэсэн хоолны зардлыг хасч тийзний үнийг хямдруулж болно гэж үзэж байгаа. МИАТ бүтэн сервисийн компани болохоор хямд үнийн компанитай адил байж болохгүй гэсэн тайлбар хэлдгийг би хүлээж авахгүй. Эцсийн дүндээ хэрэглэгч хаан гэдэг зарчмаар тэд л сонголтоо хийх болно.  Тэгээд ч манайх зарим нислэг дээр л ийм үйлчилгээ төлөвлөж байгаа болохоос бүгдэд нь биш л дээ.

МИАТ компанийн гадаад дахь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанд хүмүүс мөн л шүүмжлэлтэй ханддаг. Утсаа авдаггүй, асуултанд хариулдаггүй гэх мэтээр. Та Төлөөлөгчийн газруудынхаа үйл ажиллагааг сайжруулах талаар ямар арга хэмжээ авч ажиллах вэ? Та чинь саяхан чуулган дээр бүр татан буулгах тухай ярьсан байх аа.

Тиймээ би чуулган дээр тэгж хэлсэн. Гэхдээ бодлоо л хэлсэн юм. Хэрэв энэ байдлаараа ажиллах юм бол ийм төлөөлөгчийн газар байх шаардлагагүй гэж үзэж байгаагаа хэлсэн. Татан буулгах эрх нь надад байхгүй л дээ. Одоогийн байдлаар Төлөөлөгчийн газрын ажилтнуудад албан даалгавар гаргаж, ажлаа сайжруулах үүргүүд өгөөд байгаа. Нислэгийн чиглэл алдагдалтай байгаа зэрэг асуудал тэдэнтэй ч бас холбоотой. Тиймээс тэд байя гэж бодож байгаа бол ажлаа эрс сайжруулах ёстой. Юуны өмнө тухайн суугаа орныхоо талаар судалгаа хийх үүргийг өгсөн. Мөн тухайн улс дахь гэрээт Борлуулагч Агентуудын гэрээг дүгнэж, анализ хийж хэвших шаардлагатай байна. Суудал блоклогддог түүнээс үүдээд суудал бүрэн зарагдахгүй байх асуудал бас агентуудтай холбоотой учраас гэрээг нь дүгнэдэг байх ёстой. Суугаа орны иргэдийн хамгийн ихээр орж сонирхдог суудал захиалгын веб сайтууд болон аялал жуулчлалын оператор компаниудын судалгаа, жагсаалт гаргах, тухайн улсын дотоодын төлбөрийн картуудыг нэвтрүүлэх зэрэг ажлууд хийгдэж байгаа. Үүний зэрэгцээ ажлын байрны тодорхойлолтыг нь нарийвчлан хэлний өндөр мэдлэгтэй байх, ажилтнууд бие биенээ орлон ажиллах чадвартай байх зэргээр шаардлагыг өндөрсгөн орон тоог нь цөөрүүлэх, хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Суудал блоклогддог гэснээс суудал хоосон явдаг асуудал хэвлэлээр яригдаад байгааг юу гэж тайлбарлах вэ?

Тийз олдохгүй хэрнээ суудал хоосон явж байна гэсэн шүүмжлэл гардаг. Мөн зөндөө л тайлбар хийгдэж, бид бүр фэйсбүүкээр зурган тайлбар хийсэн. Гэхдээ энэ дээр бас дутуу хэлсэн байна лээ. Жишээ нь зарим үед виз гараагүй ч юм уу бусад тодорхой шалтгааны улмаас группээрээ захиалсан байсан хүмүүс 10-аараа явж чадахгүй асуудал гардаг. Мөн манайд нөөц аеродром байдаггүй нь үүнд бас нөлөөлдөг. Цаг агаар муу Улаанбаатарт бууж болохгүй үед бид Хөх хот эсвэл Эрхүү нисэх шаардлага гардаг. Иймээс тэр хүрэх нөөц шатахуун тээж явах шаардлага гардаг нь жингийн хязгаарлалт хийхэд хүргэдэг. Фэйсбүүкээр бичигдсэн комментууд дээр бусад улсын онгоцууд дүүрэн явж л байдаг гэж бичсэн байна лээ. Үнэн л дээ гэхдээ тэд өөрийн улс дотроо хажуу дахь хотод нь нөөц буудал нь байгаа тул очоод л буучих учраас манайхаас бас өөр байна л даа. Гэхдээ ингээд тайлбар хэлээд суух биш жингийн тооцоолуураа эргэн харах ёстой. Олон нийтийн сүлжээгээр бичигдсэн комментуудыг бид анхааралтай харж ажилдаа ашиглах ёстой. Нөөц буудал гэснээс шинэ нисэх буудал ашиглалтад орохоор одоогийн энэ буудлаа нөөц буудал болгох ёстой гэдгийг энэ дашрамд хэлье гэж бодож байна. Одоогийн буудлаа түшиглээд олон улсын нисгэгч, үйлчлэгч бэлтгэдэг сургалтын төв болгоход тийм их хэцүү санагдахгүй байна. Харин ч маш их боломж харагдаж байна. Учир нь манай өмнөд хөршийн агаарын тээвэр маш хурдацтай хөгжиж, одоо нисгэгчийн хомсдолд орж эхлээд байгааг мэргэжилтнүүд хэлж байна. БНХАУ-ын тэнгэрт сургалтын байтугай нислэгийн зам, зай олдохгүй байхад манай энд эрх чөлөө байна. Тиймээс бид энэ боломжийг ашиглах ёстой. Үүний оронд зүгээр нэг хороолол ч юм уу өөр юм баривал маш харамсалтай байна. Ямар хоосон газар мундсан биш дээ. Нэг байгуулсан юм аа эвдэх хэрэггүй л гэж хэлэх гэсэн юм. Суудал блоклодог асуудлын хувьд гадаад дотоодын борлуулагч нараас гадна манай өөр дээр ч асуудал байгаа тухай яригдаж байгаа. Компанийн нэг хэсэг нь ажилдаа сэтгэлээсээ хандан, нэр нүүрээ хамгаалах гэж хичээн ажиллаж байхад нөгөө нэг хэсэг нь огт хамаагүй мэт байж хэрхэвч болохгүй л дээ. Хэрэв тийм юм байгаа бол хатуу хариуцлага тооцож ажиллах болно. 

МИАТ компани орон нутгийн нислэг үйлддэггүй тул дотоодын зах зээл дээр бус олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Та бүхэн дэлхийд дээгүүр орох томоохон авиакомпаниудтай Монголын жижиг зах зээл дээр хүч тэнцвэргүй өрсөлдөж байгаа гэдгийг мэднэ. Таныг санхүүч, эдийн засагч хүний хувьд асууж байгаа юм шүү.  Тэгэхээр Та энэ хүч тэнцвэргүй тулаанд ямар стратеги барьж ажиллаж байна вэ?

Маш чухал ажил хэргийн асуулт байна. Юуны өмнө бид агаарын тээврийн зах зээл дээр ижил төсөөтэй компаниудтай харьцуулахад хаана байна гэдгээ нэн яаралтай тодорхойлох шаардлагатай. Иймд эхний ээлжинд бидэнтэй газар зүйн байрлал, цөөн хүн амтай зэргээрээ төстэй Исланд эйр болон нислэгийн чиглэл, агаарын хөлгийн тоогоороо яг ижил Эйр Нюгини компанийн захирлуудтай уулзаж туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Манай улс далайд гарцгүй бол Исланд Улс эх газарт гарцгүй. Гэхдээ тэд Америк тив, Европыг Атлантын далайгаар холбосон нислэгүүдийг маш амжилттай үйлдэж байна. Тэд ердөө 15 жилийн өмнө манайхаас цөөн агаарын хөлөгтэй, 400 мянган зорчигч тээвэрлэдэг байсан бол өнөөдөр 32 агаарын хөлгөөр жилд 3,6 сая зорчигч тээвэрлэх хэмжээнд хүрсэн байна. Тиймээс тэдний амжилтад хүрсэн туршлагыг яаралтай судлах ёстой. Эйр Нюгини компанийн хувьд 4 ширхэг Бойнг 737, 2 ширхэг Бойнг 767 онгоцтой буюу манайхтай яг ижил агаарын хөлгийн парктай. Бидэнтэй адил тэд ч гэсэн одоо зорчигч тээврээс гарч ачаа тээвэрт шилжиж байгаа Бойнг 767 онгоцуудаа хэрхэн өөр маркаар солих вэ гэсэн асуудал тулгарч байгаа болохоор хамтдаа хамгийн зөв гарцыг олж болох юм. Карго тээвэрлэх боломжтой өргөн биетэй алсын зайн нислэгийн онгоц байх уу эсвэл түлш бага зарцуулдаг нарийн биетэй алсын зайн нислэгийн онгоц байх уу гэдгийг судалж шийдвэрлэх шаардлагатай байгаа. Миний хувьд энэ асуудлыг карго ачааны өсөлт ирээдүйд хэр нэмэгдэх вэ гэдгийг тооцоолсны үндсэн дээр шийдвэрлэх ёстой гэдэг байр суурьтай байгаа тул энэ чиглэлээр судлагаа хийх үүргийг өгсөн байгаа. Карго тогтмол дүүрэн явах тооцоолол гарахгүй бол түлш бага зарцуулдаг нарийн биетэй алсын зайн нислэгийн онгоц сонгох нь зүйтэй. Ачаа тээвэрлэлтийн бодлогын хувьд карго ачааны тусгай онгоцтой болох хувилбар ч гарч болохыг үгүйсгэхгүй. Эцсийн дүнд тоо л бидэнд үнэнийг хэлнэ. Манай компанийн тавих томоохон зорилтын нэг бол эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа БНХАУ болон Азийн орнуудыг ОХУ, Европтой холбох гэж харж байгаа. Миний хувьд урт болон дунд хугацаандаа компани маань амбицтай том зорилт тавьж, үйл ажиллагаагаа тэлэх стратеги барьж өрсөлдөх чадвартай болно гэж үзэж байгаа. Ингэхдээ мэдээж үр ашиггүй зардлыг багасгаж, маш зөв дунд, урт хугацааны стратегийн төлөвлөлт хийх, түүнийгээ хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн бид гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд олон улсын агаарын тээвэрлэгчдийн сүлжээнд элсэх зорилт тавин ажиллаж байгаа. Эхний ээлжинд Connect One World сүлжээний удирдлагуудтай уулзаж яриа хэлцэл хийсэн, удахгүй элсчих байх гэсэн итгэлтэй байгаа. Гадаад орнуудаас Монгол Улсад суугаа ЭСЯ-д, дотоодын болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай уулзалт хийж дахин санхүүжилтийн болон менежментийн асуудлаар санал солилцож байна.

Та улирлаас хамааралтай гэж дээр хэллээ. Үүнийг багасгах тал дээр ямар ажлууд хийж эхлээд байна вэ?

Манай компанийн хувьд нислэг төлөвлөлтөө нарийвчлах зайлшгүй шаардлага байсан учир 7 хоног бүр төлөвлөлтийн гүйцэтгэлийг хянаж анализ хийн түргэн шуурхай арга хэмжээ авдаг хэлбэрт шилжиж байгаа. Мөн төлөвлөлтөө сайжруулах ажлын хүрээнд слот эрт авах, өвөл зуны нислэгийн хуваарийг маш эрт гарган мөрдүүлэх шаардлагатай. Түүнчлэн агаарын хөлгийн ашиглалтыг жигдрүүлэх үүднээс оргил ачааллаас бусад үед аялал жуулчлалын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж тусгай нислэгүүдийн тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал өвлийн улиралд ОХУ-ын Сибирээс манай Азийн чиглэлийн нислэгүүдэд ялангуяа Бангконг, Гонконг уруу ОХУ-ын иргэдийг тээвэрлэх, аялал жуулчлалын өвлийн багцуудыг нэвтрүүлэх хэрэгтэй байгаа. Үүнд ОХУ-ын аялал жуулчлалын агентлагуудтай холбоо тогтоох, манай улс, ОХУ-ын сурагчдын амралтыг зөрүүлэх шийдвэр гаргуулах зэргээр ажиллахаар төлөвлөж байгаа. Өнгөрсөн өвөл Бангконг уруу нислэг хийсэн. Гэвч шинэ жил, сурагчдын амралтын үеэр суудал олдохгүй байсан, мөн түүнээс үүдээд үнэ нэмэгдсэн боловч бусад үед нь суудал дүүргэлт хангалтгүй байснаас, мөн онгоцны сонголт оновчтой байгаагүйтэй холбоотой гэж дүгнэж байгаа. Иймээс шинэ жилээс бусад үеийн суудал дүүргэлтийг сайжруулж ачааллыг жигдлэх үүднээс аялал жуулчлалын компаниудтай эртнээс хамтран ажиллаж, хямд үнэтэй групп тариф санал болгохоор ажиллаж байна. ОХУ-ын сурагчдын өвлийн амралтыг өөрийнхөөсөө зөрүүлснээр оросуудыг Улаанбаатараар дамжуулж Бангкок уруу хүргэх боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.

Та гадаад зах зээлээ тэлэх талаар нэлээн судалгаа шинжилгээтэй ажиллаж байгаа юм байна гэж Таны ярианаас ойлголоо. Тэгвэл компанийн засаглал, дотоод бүтэц зохион байгуулалтын хувьд ямар байр суурьтай байгаа вэ? Учир нь сүүлийн үед  МИАТ компанийн хувьчлалын асуудал нэлээн яригдаж байгаа.

Дотоод ажлын хувьд албан бичиг төлөвлөлтийн шат дамжлагыг багасгах, гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоо нэвтрүүлэх, хүний нөөцийн бодлогоо эргэн харж, сайжруулах, үүнд агаарын хөлгийн ахмад, ахлах үйлчлэгч, ахлах мэргэжилтэн нарыг ажилласан жилээс гадна ажилдаа гаргасан амжилт, хичээл зүтгэлийг нь үнэлж дэвшүүлдэг, мөн алдаа дутагдал гаргавал бууруулдаг карьерийн тогтолцоотой болох зэрэг ажлыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Мөн хүний нөөцийн бодлогоо шинэчлэх ажлын хүрээнд ирээдүйн Миатчуудыг бэлтгэх хөтөлбөр боловсруулж байгаа. Үүнд хүүхэд залуучуудад ирээдүйн мэргэжлээ сонгоход нь санаа болох мөн компаниа сурталчлах зорилгоор “МИАТ-Тур” нэртэй хүүхэд залуучуудад зориулсан МИАТ компанитай танилцах сургалтын хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. Агаарын тээврийн зах зээл нисгэгчдийн хомсдолд орж байгаа энэ үед МИАТ компани залуу халаагаа бэлтгэх алсын зорилго үүнд мөн хамаарч байгаа. Түүнчлэн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, ажилдаа эзний ёсоор хандах, компанидаа, хамтран ажиллагсаддаа хүндэтгэлтэй ханддаг уур амьсгал бий болгох зорилгоор Компанийн ёс зүйн дүрмийг сайжруулахаар ажиллаж байна. Сургалтад суусан болон томилолтоор ажилласан тайлагналтыг хэвшүүлж, нэгдсэн хэв загварт оруулахаар ажиллаж байгаа. Үүнээс гадна зардал бууруулах ажлын хүрээнд өр авлагаа тууштай барагдуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Компани дээр түлшний сав, сумлагч автомашин зэрэг ашигладаггүй хөрөнгүүд байна. Үүнийг зүгээр хадгалаад байх бус яаралтай зарах эсвэл ашиглах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Худалдан авах ажиллагаанд үр ашиггүй зүйл нэлээд байгаа тул төлөвлөлтөө сайжруулах шаардлагатай. Компанийн сургалтыг оновчтой зөв зохицуулснаар зардлыг бууруулах боломж харагдаж байгаа. Тухайлбал сургалтын газар, байршил болон сургалтад хамрагдах ажилтнуудыг оновчтой сонгох судалгаанууд хийх үүрэг өгсөн. Үүнээс гадна хөөрөлтийн жингийн хязгаарлалтын тооцооллыг нарийвчлах, суудлын хязгаарлалтад ордог суудлын тоог нарийн судлан, үүнд мөн зардал-үр дүнгийн шинжилгээ хийж шийдвэрлэнэ. Мөн аудитаар илэрсэн зөрчлийн мөрөөр ажиллах, дотоод аудит, хяналт шалгалтыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх, гарсан алдаа зөрчлийг цаг тухайд нь засч залруулах, дахин гаргахгүй байхад онцгой анхаарч ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байгаа. Ирэх жилүүдэд буюу ялангуяа 2019-2021 онд шинэ нисэх буудалд шилжин нүүх, шинэ онгоцууд хүлээн авах, зээлийн том эргэн төлөлттэй холбоотойгоор компанийн зардал огцом нэмэгдэнэ. Мөн жижиг компани тул шатахууны үнийн өсөлт, нийгэм эдийн загсийн байдал зэрэг гадны нөлөөлөл шууд мэдрэгддэг. Тиймээс дээр дурдсан зүйлүүдээс гадна үйлчилгээний бусад орлогыг нэмэгдүүлэх, орлогын төрөлжилтийг сайжруулах шаардлага байгаа учраас мэдээллийн технологи яаралтай нэвтрүүлэх, процес инженерчлэл хийх, суудал дүүргэлтээ сайжруулах, код хуваалцах гэрээнүүдийг сайжруулах, мөн эрсдлийн менежмент хийх ёстой. Хэрэглэгч хаан, сэтгэл ханамжийн судалгаа, санал гомдлын шийдвлэрлэлтэд маш их ач холбогдол өгч байгаа. Тэндээс бидний ажлын гол үнэлгээ гарч ажил сайжруулахад маш их түлхэц болно. Нисгэгчид, бүхээгийн ажилтнууд болон үйлчилгээний ажилтнуудын нормын хувцасны асуудал олон жил шийдэгдээгүй ирснийг шийдвэрлэж байгаа. Компанийн брендингийг сайжруулах ажлын хүрээнд үндэсний хувцастай болох асуудлыг судалж байгаа. Mileage гэх мэт Loyalty program-уудыг нэвтрүүлэх, кредит картны төлбөрийн хураамжийг бууруулах, Блю скай картаас гадна гишүүнчлэлийн клуб картууд бий болгохоор ажиллаж байна. Маш товчхондоо хувьчлалын өмнө буюу компаниа үнэ хүргэхийн тулд бид компанийхаа үнэлгээг сайжруулах, засаглалаа сайжруулах ёстой.

МИАТ ТӨХК-ийн гал голомтоо бадараасны 62 жилийн ой тохиож байгаа. Тиймээс  энэ дашрамд нийт МИАТчууддаа болон үе үеийн ахмадууддаа ойн баярын мэндийг хүргье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл