8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ бүгд өсч байгаа. Гэтэл иргэдийн бодит орлого огт өсөхгүй байна

2018-10-09 08:25:00

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тухай, 2019 оны нэгдсэн төсвийн дагалдах хуулиудын хүрээнд Сангийн сайд болон холбогдох албаны хүмүүсийн мэдээлэлийг сонслоо. Мөн орон нутгийн сонгуулийн үр дүнгийн  талаар ярилцлаа. Улмаар  2019 оны нэгдсэн төсвийн асуудлаар завсарлага авсан үндэслэл, орон нутгийн сонгуулийн асуудлаар УИХ дахь бүлгийн даргаД.Эрдэнэбат, Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын хамт мэдээлэл хийлээ.

ХАНШ, ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМААРЧ  БАРААНЫ ҮНЭ ӨСЧ БАЙХАД ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЛТ ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЭЛ 

-2019 оны нэгдсэн төсвийн тухайд хэд хэдэн зүйл дээр анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 22 дугаар заалтыг зөрчиж, гадаадын зээл тусламжийн хөтөлбөр, төслүүд төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжиж хэрэгжих ёстой. Гэтэл энэ удаад ганцхан сайдад төвлөрүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл. 2019 оны төсөв маш өндөр төсөв орлого, зарлага талаасаа ч тэр маш өндөр. Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуульд зориулагдсан хэт хөөсөрсөн төсөв болж хувирч байна. Иймэрхүү төслийн нөхцөл байдал 2010-2011 онд эдийн засгийн огцом өсөлтийн илэрч байгаад, инфляцийн огцом өсөлт, үнийн огцом хөөрөгдөлт, Монгол Улсын тансаг хэрэглээг өдөөсөн үйл явц болж өнгөрсөн. Энэ байдал 2019 онд давтагдах нөхцөл үүссэн байна.

Ялангуяа 11 их наядын зардал улс орны өнөөгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Төсвийн өндөр зардал, орлогын хэмжээгээр өнөөдрийн Монгол Улсын эдийн засаг дахь бүтээгдэхүүний үнэ, инфляцийн өсөлт, ам.долларын ханш сүүлийн ганцхан сарын дотор маш том хэлбэлзэж байгаа нь том жишээ гэж харж болохоор байна. Ирэх жилийн төсөвт тусгагдах ёстой хэд хэдэн зүйл ойлгомжгүй хэвээр үлдэж байна. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрийн сангаар дамжуулсан ажлын байрыг ямар бодлогоор Монгол Улс цаашид нэмэгдүүлэх чиг хандлагыг барих нь тодорхойгүй. УИХ-ын даргын индэр дээрээс хэлсэн үг болох урсгал зардлыг нийт 10 хувиар багасгах ёстой гэсэн төсөв эсрэгээрээ орж байгаа зэрэг олон зүйлүүдийг ярих нөхцөл байдал үүсч байгаа. Ер нь төсөвтэй холбоотой манай гишүүдээс тавьсан саналуудыг бид ажлын хэсгээрээ дамжуулаад, төсвийн том ажлын хэсэгт өгнө. 

Үнэ ханшны тухай асуудлаар Засгийн газрын гишүүнээс асуусан боловч "Монгол банк үүнийг хариуцна" гэсэн битүү хариулт өгсөнд эмзэглэж байгаа. Өнөөдөр Засгийн газар, Монголбанкны хооронд уялдаа холбоогүй байгаагаас бол эдийн засагт үл ойлгогдох байдал үүссэн. Ганцхан сарын дотор ам.долларын ханш 22 төгрөгөөр хэлбэлзлээ. Дизель түлшний үнэ нэр сарын өмнө 2125 байсан бол өнөөдөр 2245, АИ92 бензиний үнэ сарын өмнө 1820 байсан бол өнөөдөр 1885 бол 65 төгрөгөөр, АИ95 бензиний үнэ 2160-аас 2215 болж  55 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Үнийн энэ огцом хөөрөгдөлд ард түмний нуруун дээр ачаа болж очиж байна. Үнийг дагаад хэрэглээний үнэ улам бүр өсч байхад Засгийн газар нь үүнд хариулт өгч чадахгүй сууж байгаа нь дэндүү хариуцлагагүй, бодлогогүй байгаагийн илрэл гэж харж байна. 

С.ЭРДЭНЭ: САНГИЙН САЙДААС АРДЧИЛСАН НАМЫН ЗАСГИЙН ГАЗАР ЯГ ЯМАР ӨРИЙГ ДАРЖ, БАРАГДУУЛСАН ЮМ ГЭЖ АСУУХААР, ХЭЛЖ МЭДЭХГҮЙ СУУГААД БАЙНА

-Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногт намын шинэчлэлийн ажлын хүрээнд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох, сунгаант сонгуулийг эхлүүлсэн. Одоогийн байдлаар нэр дэвшигчид маань зүүн гурван аймгаар яваад хуралдаануудаа амжилттай хийгээд, өнөөдөр Дорноговь аймаг руу явж байгаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сунгаанд 21 аймаг, 9 дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны даргыг сонгох сонгууль болно. Улмаар арваннэгдүгээр сарын 04-нд эцсийн дүн гараад, сонгуулийн дүнг зарлах юм.

Хуулийн дагуу өчигдөр буюу аравдугаар сарын 07-нд зарим газруудад нөхөн сонгууль явагдлаа. Сүхбаатар аймагт явагдсан нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Батсуурь 70.8 хувийн саналаар ялалт байгууллаа. Мөн өнөө өглөөнөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээллийг МАН-аас цацаж байна.

Тухайлбал, Дорноговь аймгийн дөрвөн хэсэг дөрвөн хэсэг дээр санал хураалт бүгд саналын ирц хүрээгүй. Тиймээс дахин санал хураалт явахаар хойшлоод байгаа. Гэтэл эдгээр газруудад МАН ялсан мэтээр худал мэдээлэл цацаж байгаа нь эрх барьж байгаа нам аргаа барсан улс төр хийж байна гэж хэлэхээс өөр арга алаг.
Бүлгийн өнөөдрийн хурал дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болоод холбогдох газар хэлтсийн дарга нар оролцож, 2019 оны төсөвтэй холбоотой асуудлаар ярилцлаа. Өнөөгийн Засгийн газрын хувьд маш их мөнгөтэй баян Засгийн газар байгаа.

Харамсалтай нь Засгийн газар бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байна. Нийгэм эдийн засгийн зөв хуваарилалтуудыг хийж чадахгүй байгаагаас болж өнөөдөр нийгэмд дандаа сөрөг үр дагаврууд гараад байна. Тухайлбал, 2016 онд 1.2 хувийн инфляцитай эдийн засаг хүлээлгэж өгсөн бол өнөөдөр 9 хувьд хүрчихлээ. Бензин шатахууны үнэ яаж нэмэгдэж байгааг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Өнгөрсөн шөнө гэхэд л 60 төгрөгөөр нэмэгдсэн байна. Монголбанкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаасны өр авлагуудыг харахаар 4 их наяд 554 төгрөг хүрч өссөн дүнтэй байна.  Энэ бүгдээс харж байхад Сангийн сайдын яриад байгаа зүйлд итгэх итгэл туйлын бага байна. 2017 онд Улсын төсвийг 2.8 их наядын алдагдалтай, 2018 онд 2.4 их наядын алдагдалтай баталсан. Харин 2019 оны орж ирсэн төсөл 1.8 их наядын алдагдалтай байхаар орж ирж байна. Тэгвэл гурван жилийн нийлбэр дүнгээр аваад харахаар 7 их наяд төгрөгийн алдагдалтай төсвүүд батлагдсан байна. Төсвийн алдагдал гэдэг бол өр.

Гэтэл ийм их өр үйлдвэрлэчихээд, Засгийн газрын үнэт цаас болон Монголбанкны үнэт цаасны 2016 онтой харьцуулсан дүн нь 4 их наяд гаруй төгрөгөөр өссөн дүнтэй байгаа. Гэтэл Сангийн сайд маань бараг өргүй болсон гэж худлаа  мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Өнөөдөр бүлгийн хурал дээр өрийн асуудлаар тодруулж асуусан. Та Ардчилсан намын Засгийн газар тавьсан өрийг дарж, барагдуулсан гэж ярьсан. Яг ямар өрийг дарсан юм гэж асуухаар хэлж мэдэхгүй суугаад байна. Ийм хий хоосон улс төржиж асуудалд ханддаг Сангийн сайдыг би цаашдаа байж болохгүй гэж харж байгаа. Тиймээс Сангийн сайдтай тооцох тооцоо, хариуцлагыг бид нэхнэ. Сүүлийн үед өрөөр улс төр хийж, шоудах гэсэн оролдлого их гарч байна.  Хоёрхон жилийн дотор Засгийн газрын өрийг 3.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлчихээд яг юу хийв гэдэг нь тодорхой бус байна.

Б.ПҮРЭВДОРЖ: 80 САЯ АМ.ДОЛЛАРААР ДӨРӨВХӨН МАХНЫ ҮЙЛДВЭР БАРЬЖ ШАХАХ ГЭЖ БАЙНА

-2019 оны төсөв дээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тал дээр нэг ч төгрөгийн төсөв суулгаагүй байна. Үе үеийн Засгийн газар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмждэг байсан. Гэтэл төсвийн орлогын 82 хувийг татвараар бүрдүүлнэ гэж байгаа юм. НӨАТ-ын систем ажилд орсоноор далд орлого ил болсон. Үүнтэй холбоотойгоор жижиг дунд үйлдвэрээсээ татвар хураалт сайн байгаа. Тэгвэл ажил нь явахгүй байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж татварын бааз суурийг нэмэгдүүлэх тал дээр ажиллах ёстой. Харамсалтай нь энэ ажлаа Засгийн газар, Сангийн яам хийж чадсангүй. Одоо гайгүй үйл ажиллагаатай байгаа аж ахуйн нэгжүүдийг харахаар Чингис бонд, Хөгжлийн банкнаас зээл авсан л газрууд байгаа.750 мянган иргэн малынхаа үр шимээр амьдарч байгаа. Тиймээс ч махны үйлдвэрлэлийг дэмжих тал дээр ямар бодлого байгаа эсэхийг тодруултал энэ талын бодлого огт алга. Харин Хятадын зээлээр дөрвөн үйлдвэр барьж байна гэж хариулсан. Гэтэл нэг үйлдвэрийг нь 18.9 сая ам.доллар буюу нийтдээ 40 тэрбум төгрөгөөр нэг үйлдвэр барина гэсэн үг. Тэгвэл энэ хэмжээний үйлдвэрийг 4.8 тэрбум төгрөгөөр буюу 10 дахин бага төсвөөр барина. Тэгэхээр 80 сая ам.доллараар дөрөвхөн үйлдвэр барьж шахах биш зөрүү мөнгөөр нь махны үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулах боломжтой асуудал.

Сүүлийн үед валютын ханш асар их нэмэгдэж байгаа. Учир нь Монголбанкны Ерөнхийлөгч маш хариуцлагагүй ажиллаж байгаа. Тэр хүн зөвхөн ганцхан үзүүлэлтээ сайжруулахын тулд өнөөдрийг хүртэл ажилласан. Өөрөөр хэлбэл, валютын нөөцөө нэмэгдүүлсэн гэдэг сайн нэр зүүхийн тулд бусад бүх үл ажиллагаагаа хаяж байгаа. Сүүлийн үед Монголбанк бүх телевизээр ашигтай ажиллаж байгаа гэж сурталчилгаа явуулдаг болсон. Гэтэл Монголбанк ашигтай ажиллах ямар ч шаардлага байхгүй. Ашгийн төлөө биш байгууллага. Энэ байдалдаа хэзээ дүгнэлт хийх юм бэ.

САЯХАН 1.3 САЯ АМ.ДОЛЛАР НЭГ ХУРАНДААГИЙН ГЭРЭЭС ОЛСОН

Монголбанкны Ерөнхийлөгч авлигачдын төлөө маш сайн ажиллаж байна. Авлигачид авлига авсан мөнгө дансанд байршуулахгүй гэртээ аваачаад гудсан доогуураа ам.доллар болгож хадгалдаг. Саяхан 1.3 сая ам.доллар нэг хурандаагийн гэрээс олсон. Монголбанкны Ерөнхийлөгчийн буянаар тэр хүн нэг валютаа гэртээ нэгсар  хадгалахад л 130 сая төгрөгийг ашиг олж байна. Тиймээс валютын ханшийн өсөлт, шатахууны үнийн асуудалд  Монголбанкны Ерөнхийлөгч тодорхой хариуцлага хүлээх ёстой. МАН-ын Засгийн газар, УИХ хариуцлага тооцож ажиллах ёстой.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Шатахууны үнэ нэмэгдсээр байна. Одоо яг яах ёстой юм бэ. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа та бүхэн яг юу хийх гэж байна вэ?

Д.Эрдэнэбат: Шатахууны үнэ өөрөө валютын ханштай холбоотой зүйл. Тиймээс бид Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Энэ долоо хоногт УИХ-аар асуулгыг оруулж хэлэлцүүлэх гэтэл Монголбанк, Сангийн яам хоёр асуулгын хариу мэдээллийг бэлтгэж өгөөгүй байна. Ирэх долоо хоногт гол асуудал энэ сэдэв байх болно. Хэрвээ Засгийн газар болон Монголбанк тодорхой хариу өгч чадахгүй валютын ханшийн хэлбэлзэл өсөөд байх юм бол бид Засгийн газрыг огцруулах асуудлыг дахин тавихаас өөр арга байхгүй. Монголбанкны бодлогын алдаатай зүйлийг хэлэхээс өөр арга байхгүй байна. Бид энэ сэдвээр бүх байгууллагатай харилцан ойлголцож ажиллаж, энэ төлөв байдлыг зөв зохистой зүйл руу оруулахад хамтарч ажиллах болно.

С.Эрдэнэ: Ганц шатахууны үнэ шатахууны үнэ биш. Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бүгд өсч байгаа. Гэтэл иргэдийн бодит орлого огт өсөхгүй байна. Тиймээс иргэдийн амьжиргааны өртөг өдөр ирэх тусам муудаж байна. Энэ нөхцөл байдлыг бид зүгээр хараад суухгүй. Эрх баригчдаас шаардах зүйлээ шаардаад л явна. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл төрийн болон төрийн бус байгууллагууд бусад улс төрийн намуудтай зөвшилцөөд, дараагийн улс төрийн шийдвэртэй алхмыг хийх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Eerdene hezeenees ard tumend sanaa tavidag boltson jum. Tuntiij targalaad, hazaryn tsaanaas hamar, nud n haragdahgui boltloo hulgailchaad.
2018/10/09 88.130.50.248
Мувд
Угаасаа Хүрэлсүх шатахуун импортлогчид өрөнд орсон гээд нэмэхийг зөв гэж зөвшөөрсөн шүүдээ тэрийгээ хийж байна
2018/10/09 202.9.41.253
  • Recent
  • Most Read
  • Most Comment