-10o
Улаанбаатар хот
mobile menu

ГХ-ны сайд Д.Цогтбаатар Франц улсад айлчилж байна

2018-10-09 12:43:19

Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дрианы урилгаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 10 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Франц Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Д.Цогтбаатар сайд Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дриан-тай уулзав.  Сайд нар Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэх талаар санал солилцож, хоёр талын харилцааг цаашид иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх, чингэхдээ түншлэлийн тухай замын зураглал гаргахаар тохиров.

Сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, хотын нийтийн тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж буйг Францын Европ, гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дриан тэмдэглэж, хөдөө аж ахуй, сансар судлалын салбарт цаашид онцгой анхаарч, эрчимтэй ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны хүрээнд малын эрүүл мэндийн чиглэлээр Франц Улстай үргэлжлүүлэн хамтран ажиллах, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан төслүүд хэрэгжүүлж, гуравдагч зах зээлд экспортлох асуудлыг сайд Д.Цогтбаатар тавьж, талууд хамтран ажиллахаар тогтов. Мөн соёлын салбар, түүний дотор түүх, архелогийн салбарт шинэ төслүүд эхлүүлэх, Франц Улсын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх саналыг манай тал тавьж, санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЮНЕСКО-гийн Дэд захирал Синг Цюйтай уулзаж, тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн явц, үр дүн, цаашид хамтран ажиллах салбарууд, ЮНЕСКО-д ажиллаж буй Монгол ажилтны тоог нэмэх асуудлаар санал солилцов. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын санаачлан хэрэгжүүлж буй бодлого болон бүтцийн шинэчлэлийг Монгол Улс дэмжиж буйг мэдэгдэв. Дэлхийн нийтийн энх тайван байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилготой Олон улсын шашин хоорондын яриа хэлэлцээний бага хурал Монгол Улсад 2019 онд зохион байгуулахыг мэдэгдэж, ЮНЕСКО-гоос дэмжиж ажиллахыг хүссэнээс гадна Монгол Улсын боловсролын салбарын бодлогод дүн шинжилгээ хийлгэх хүсэлтийг ЮНЕСКО дэмжиж, техникийн туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийлсэн болно. ЮНЕСКО-гийн Дэд захирал Синг Цюй Монгол Улс ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж, тус байгууллагын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа болон цаашдын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

Сайд Д.Цогтбаатар Монголд хөрөнгө оруулсан болон оруулах сонирхолтой Францын Thales, Еurotradia, CIS, Atermes зэрэг томоохон компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ Монгол Улсад Францын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны балансыг тэнцвэржүүлэх, экспортыг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

 Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн асан, тус улсын захиргааны төв нэгж Ил Дө Франс мужийн Орон нутгийн зөвлөлийн Тэргүүн дэд дарга Жером Шартьетэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар ярилцлаа. Жером Шартье нь Францын улс төр, бизнесийн хүрээнд Монгол орныг сурталчлан таниулах чиглэлээр идэвхтэй ажилладагаас гадна Монгол Улсад нийгмийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилго бүхий “Монгол андууд” хэмээх сан байгуулсан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 222