7o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: "Магнай Трейд" группийн захирлыг цагдан хорьж, Хил давуулж хүн худалдаалсан 2 этгээдэд ял оноосон өдөр

2018-10-09 18:45:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж төрөөд хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ц.Эрдэнэбаяр: Ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт шатахууны үнэд нөлөөлж байна

Шатахууны үнийн өсөлтийн талаар  Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийж байна. Мэдээллийн манай сайт шууд дамжуулж байна.

АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр" Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай .Дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд нөлөөлж ирсэн. Манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж худалдаа хийдэг. Тиймээс ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт шатахууны үнэд нөлөөлж байна" гэлээ.

Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай. Товчхондоо Орост найтаахад Монголд ханиалгадаг гэсэн үг. Тиймдээ ч дэлхийн зах зээлд дээрх газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компани аашаа хэрхэн хувирна, түүнээс шууд хамаарсаар ирсэн. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрчээ. Энэ өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компани энэ оны 10 дугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмэв. Ингэснээр Аи92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болжээ. Өөрөөр хэлбэл энэ үнээр манай улсад шатахуун нийлүүлэгдэж буй гэсэн үг. Дээр нь ам.долларын үнийн өсөлтөөс үүдэж, өдөр тутмын хэрэглээ болсон шатахууны үнэ нэмэгджээ.

Дашрамд дурдахад энэ сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дундажаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А80 автобензин 98, Аи92 бензин 34, дрзелийн түлш 33, ТС1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна гэх мэдээллийг  Ашигт малтмал, газрын тосны газраас өгсөн юм. 

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад ийнхүү хариулсан юм. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Шатахууны үнийн өсөлтийг тогтоохын тулд Засгийн газраас цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

- Газрын тосны бүтээгдэхүүний хангамж үнийг тогтворжуулах зөвлөл бий. Энэ зөвлөлийг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд ахалдаг ба төрийн болон төрийн бус байгууллага аж, ахуй нэгжүүдийн төлөөлөл орж ажилладаг. Уг зөвлөл нь газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшлийн иргэний нийгмийн хамтарсан зөвлөл. Уг зөвлөлийн 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр хуралдаж зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжид “2018 оны 5,6 дугаар сард ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлсэн шатахууны хил үнийг нэмэгдсэнийг харгалзан онцгой албан татварын тухай хуулийн дагуу авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тогтоолын төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулахаар болсон. Тиймээс дизель түлш, АИ 95, АИ 92 шатахууны онцгой албан татварын хувь хэмжээнд зохицуулалт хийхээр ажиллахаар болсон” гэж тусгасан.

Үнийн зөвлөл зургадугаар сараас хойш огт хуралдаагүй  гэж сонссон. Шатахууны үнийг нэмэхээсээ өмнө хуралдах боломж байгаагүй юм уу?  

- Үнийн зөвлөл тодорхой үнийг тогтоодог, дүн тавьдаггүйг ойлгоорой. Харин зөвлөмж гаргадаг. Зөвлөмжийн дагуу холбогдох харьяа байгууллага, Засгийн газар руу саналаа хүргүүлдэг. Монгол улс нефть бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор гаднаас авдаг. 

Нефть импортлогч компаниуд 30-40 хоногийн өмнө хямд үнээр авч нөөцөлсөн шатахууныхаа үнийг нэмж үнэтэй зараад байна гэх хардлага байна. Үүнд хэрхэн  хяналт тавьж байна вэ?

- Төрийн зүгээс аж, ахуй нэгж импортлогч компаниудын толгойг илээд байдаггүй. Бид тодорхой хуулийн дагуу ажилладаг. Аж, ахуй нэгжүүд татан авалтаа бууруулбал хомсдол бий болно. Хомсдол бий болбол аюултай.  АИ 80, АИ 92 онцгой албан татвар 0 байгаа. Бид ажиллаж байна. Нөөцийг бүрдүүлэх агуулгын тоо хэмжээг өсгөх гэх ажлыг явуулж байна. Цаашид гадаад зах зээлээс шалтгаалж үнэ өссөн тохиолдолд буурахаар нь дагаж буулгуулна.  

Г.Лхагва: Айраг сумын иргэд 12 жил химийн бодисоор амьсгалж байна

Дорноговь аймгийн Айраг сумын иргэд өнөөдөр эрүүл мэндээр ноцтой хохирч байгаа нутгийн иргэд мэдээлэл хийсэн юм. Учир нь тухайн аймгийн нутаг 6 баяжуулах үйлдюэр үйл ажиллагаа явуулдаг аж. Тус үйлдвэрүүд нь химийн гаралтай бүтээгдэхүүн ашигладаг, мөн үйлдвэрээр гарсан хог хаягдлаа ил хаядгаас бол нутгийн иргэд, хүн мал химийн хортой бодисоор амьсгалж эрүүл мэндээрээ хохирч байгаагаа тэд онцолсон юм. 

Эх орон хамтын хүч ТББ-ын тэргүүн Г.Лхагвагаас дараах асуултад хариулт авлаа.

-Дорноговь аймгийн Айраг суманд үйлд ажиллагаа явуулдаг баяжуулах үйлдвэрүүдийн талаар мэдээлэл өгнө?

-Би өнөөдөр хэвлэлийн хурал хийх хүртлээ холбогдох албаны хүмүүстэй ярьж, албан бичиг хүргүүлж, олон арга хэмжээг хэрэгжүүлсэн. Гэсэн өнөөдрийг хүртэл дорвитой шийдэлд хүрч чадахгүй, асуудал улам хүндэрч иргэд химийн хортой бодисоор амьсгалж байна. Баяжуулах үйлдвэр нэмж байгуулагдах гэж байна. Тийм учраас бид олон нийтэд энэ талаар мэдээлж, яг ийм асуудалд орсон өөр орон нутгийн иргэд байвал бидэнтэй холбогдоосой гэж хүсэж буй юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 20 баяжуулах үйлдвэр ажилладагГэтэл энэ 20 баяжуулах үйлдвэрийн 6 нь Айраг сумын нутаг дэвсгэрт, сумынхаа төвд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. “Хэрлэн импекс”, “Яаньтай уул”, “Айраг металлург их фрофект”, “Алраг ахас”, МДМУ, “Хур газар” ХХК-иуд хууль бусаар үйл ажиллагаагаа явуулж байна.

-Айраг сум хэчнээн хүн амтай бэ. Иргэдийн биед ямар шинж тэмдэг илэрч байна вэ?

- Айраг сум бол 4,000 гаруй иргэнтэй, том сумын тоонд ордог. Энэ сумын иргэдийн амьдралд цаашид сөрөг нөлөө гарч, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учрах аюултай нөхцөл байдал үүсээд байна. Айраг суманд үйл ажиллагаа явуулж буй баяжуулах үйлдвэр нь химийн хоёрдугаар зэргийн хортой бодисыг ангижруулаг болгож баяжмалаа гаргахдаа хэрэглэдэг. Тэр баяжмалаас гарч буй хог хаягдал нь бүгд ил задгай байж байдаг. Хог хаягдлаа дуртай газраа замбараагүй хаяж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулна. 

Бид химийн бодисоор амьсгалж байна. Иргэдийн хоолой өвдөх, хоолой аргах, аманд гашуун хортой зүйлс амтагдах, агаарын тоосжилт ихэссэн. Их хэмжээний тоосжилт, химийн бодисын үнэр тогтмол гаргаж, агаарын чанарт мэдэгдэхүйц аюултай сөрөг нөлөөлж байгаагаас гадна, химийн бодистой аюултай хог хаягдлаа ил задгай буюу сумын хогийн цэгт хаяж ирсэн. Малын уушги устах, үхжсэн байдал байна. 

2006 онд бичиг баримт нь бүрэн гүйцэт гараагүй байхдаа ажлаа эхлүүлсэн байдаг. Бид хэчнээн тэмцээд одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна. Ийм нөхцөл байдалд ард иргэд хэр удаан амьдрах вэ. Бидний сүүлийн тавьж буй санал бол бид Айргийг нүүлгэх үү, эсвэл тэнд байгаа үйлдвэрүүд нүүх үү гэдэг дээрээ тулж ирээд байна. 

-Энэ болж байгаа нөхцөл байдлын талаар аймаг, сумын удирдлагуудад хандаж үзсэн үү? 

-Сумын Засаг дарга удирдлагууд эрүүл орчинд амьдрахыг шаардахаар газар нутгаа зарсан компаниудынхаа талд орж юу ч хэлдэггүй. Бидний шаардлагыг нь ч хүлээж авдаггүй. 

-Танай сумын иргэд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа юм байна. Шаардлагадаа юу юу тусгаад байна вэ? 

-Дээрх компаниуд химийн хорт бодис ашиглан 12 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж иржээ. Ард иргэдийн эрүүл мэндэд заналхийлсэн байна. Тиймээс 4000 гаруй иргэнд үнэ төлбөргүй үзлэг оношлогоог баяжуулах үйлдвэрийн компаниуд болон ЭМЯ, төр засаг хийж өгөхийг хүсч байна.

Төр нь ард иргэдэд хяналтаа тавьж чадахаа больсон юм байна. Хууль нь хэрэгждэггүй, эрхзүйн орчин ч гэж алга. Суманд очиж нийтийн сонсгол хийж холбогдох яам, газрууд нь зохион байгуулж Айраг сумыг аюулгүй бүсэд нүүлгэх эсэх шийдвэрийг газар дээр нь гаргах ажлыг энэ ондоо багтааж зохион байгуулахыг Засгийн газраас шаардаж байна.

Сумын Засаг дарга хандив нэрээр 25 орчим сая төгрөг авчээ

Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалд хүргүүлжээ. 

Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан нь иргэн, аж ахуйн нэгжүүдээс хандив авсан гэх гомдол, мэдээллийг хянан шалгасан байна. 

С.Баярсайхан нь тус аймгийн төвд сумын соёл урлагийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулж “Шижир Аранжин” ХХК-иас 10 сая, Баянхонгор хайрхан уулын тахилгын арга хэмжээнд зориулж “Сод Мичид” ХХК-иас 300 мянга, “Монгол болгар гео” ХХК-иас 150 мянга, тус сумын “Хөгжлийн төвийн барилга”-ын засвар үйлчилгээний зардалд зориулан “Хонгор Манхан” ЗБН-өөс 15 сая төгрөгийн хандив, санхүүгийн туслалцааг тус тус авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд дээрх зөрчлийг гаргасан С.Баярсайханд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалтыг үндэслэн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаарх хариуг Авлигатай тэмцэх газарт ирүүлэхийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас хүсэв.

Түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохдоо Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлж, цаашид уг зөрчлийг давтан гаргуулахгүй байх, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан байна.

Фэйсбүүк корпораци “Portal”, “Portal+” гэсэн 2 ухаалаг яригч гаргажээ

Фэйсбүүк корпораци “Portal”, “Portal+” гэсэн хоёр ухаалаг-яригч гаргаснаа даваа гарагт танилцуулжээ. Тус компаниас мэдээлснээр, эдгээр төхөөрөмж нь “Messenger” программын тусламжтайгаар видео холбоо тогтоох зориулалттай бөгөөд хувийн мэдээллүүдийг хадгалах хэд хэдэн үйлдэлтэй аж.

“Portal” ухаалаг-яригчийн дэлгэцийн диагналь нь 10 дюйм буюу 25,4 см бол “Portal+”-ийнх -15,6 дюйм буюу 39,6 см байна. Уг төхөөрөмжүүдэд суурилуулсан программ хангамжийн тусламжтайгаар видео дуудлагаар ярилцаж байх үед өрөөнд хэдэн хүн байгааг тодорхойлох боломжтой аж. “Portal”, “Portal+”-ийн чанга яригчууд нь мөн ярьж буй хүнийхээ дуу хоолойн сонсогдох байдлыг нэмэгдүүлдэг байна. Мөн долоон төхөөрөмжөөр нэгэн зэрэг дуудлага хийж хоорондоо ярилцах боломжтой.

Ухаалаг-яригчуудыг дуу хоолойгоор удирдаж болохоос гадна цаг агаарын мэдээ үзэж, бараа бүтээгдэхүүн захиалан, гэрийн автомат системүүдийг удирдаж болно.

Шуурхай: "Магнай Трейд" группийн захирлыг цагдан хорьжээ

Магнай Трейд" группын захирлыг цагдаагийн байгууллагаас цагдан хорьсон талаар мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, ЦЕГ-ын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өчигдөр саатуулсан байна. Чухам ямар шалтгаанаар ийнхүү цагдан хорьсон нь одоогоор тодорхойгүй байна. 

НӨАТ: Супер шагнал 150 сая төгрөгийн азтан 21-нд тодорно

Татварын ерөнхий газар НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлыг сар бүр зохион байгуулдаг.  Есдүгээр сарын сугалааны тохирол энэ сарын 21-ны ням гарагт "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдахаар болжээ. Есдүгээр сарын 1-30 хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн иргэд сугалаанд оролцох эрхтэй болох юм. Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 19447, 200 мянган төгрөгийн азтан 1970, нэг сая төгрөгийн азтан 196, таван сая төгрөгийн азтан 20, арван сая төгрөгийн нэг азтан нийт 21634 иргэн азтан болсон юм. Харин супер шагналын эзэн тодроогүй.

Энэ удаагийн сугалаагаар супер шагнал 150 сая төгрөг болон нэмэгдсэн.

Хил давуулж хүн худалдаалсан 2 этгээдэд ял оноов

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн иргэн Б.Батзаяа, Э.Оюундарь нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.Батзаяа, Э.Оюундарь нарыг хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн, хоёр буюу түүнээс олон хүнийг, насанд хүрээгүй хүнийг улсын хил давуулан үйлдсэн гэмт хэрэгт буруутайд тооцсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10-д зааснаар шүүгдэгч Б.Батзаяаг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5.6 жилийн хорих ял, шүүгдэгч Э.Оюундарийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5.1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Долоо хоногт эрүүгийн 336 хэрэг шалгажээ

Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 35 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 4 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 18 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 6 хэрэг хүлээн авсан бөгөөд 336 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Хэрэг бүртгэлтийн 4 хэрэг нээж, прокурорын тогтоолоор 4 хэрэг буцсан байна. Одоогоор ажиллагаанд 315 хэрэг байна.

МУИС, ШУТИС, ХУИС-ийн тодорхойлолтыг хуурамчаар үйлджээ

Эрүүгийн цагдаагийн албанаас БНСУ-ын виз мэдүүлсэн иргэдийн материалыг шалгаж ноцтой зөрчлүүд илрүүлжээ. Шалгалтаар долоон аж ахуйн нэгж, 11 иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байна.

Тэд голдуу төрийн байгууллагын болон ТББ-ын тодорхойлолт, дансны хуулга, мэдүүлэг, банкинд 5 сая төгрөг байршуулсан талаарх гэрээ, нийгмийн даатгалын гэрчилгээний тодорхойлолт, МУИС, ШУТИС, ХУИС-ийн оюутан мөн гэсэн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх нь түгээмэл байжээ.

БНСУ-ын Элчин сайдын яамнаас 800 гаруй иргэн виз мэдүүлсэн бөгөөд тэдний дунд хуурамч материал бүрдүүлсэн тохиолдол байснаас цагдаагийн байгууллагад ханджээ.

Цаашид ч энэ төрлийн зөрчил гарч болзошгүй байгааг хуулийнхан онцолж байна. Учир нь виз нь буцаагдсан иргэд хялбар аргаар дахин авахын тулд зараар хүмүүстэй холбогдож хуурамч баримт худалдан авдаг байна.

Л.Сосорбарам мөнгөн медалийн эзэн боллоо

"BUENOS-AIRES 2018" Залуучуудын гуравдугаар наадам амжилттай үргэлжилж байна. Залуучуудын III Oлимпийн наадмын анхны МӨНГӨН медалийг жүдогийн тамирчин Ганбүргэдийн Тэмүүжин эх орондоо авчирсан билээ. Тэгвэл жүдо бөхийн 52 кг-д өрсөлдсөн Л.Сoсoрбарам Куба, Мадагаскар, Узбекстаны өрсөлдөгчдөө цэвэр ялж , аваргын төлөө Оросын И.Хубуловад ялагдан , мөнгөн медалийн эзэн боллоо. 

С.Эрдэнэ: Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ бүгд өсч байгаа. Гэтэл иргэдийн бодит орлого огт өсөхгүй байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тухай, 2019 оны нэгдсэн төсвийн дагалдах хуулиудын хүрээнд Сангийн сайд болон холбогдох албаны хүмүүсийн мэдээлэлийг сонслоо. Мөн орон нутгийн сонгуулийн үр дүнгийн  талаар ярилцлаа. Улмаар  2019 оны нэгдсэн төсвийн асуудлаар завсарлага авсан үндэслэл, орон нутгийн сонгуулийн асуудлаар УИХ дахь бүлгийн даргаД.Эрдэнэбат, Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын хамт мэдээлэл хийлээ.

ХАНШ, ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМААРЧ  БАРААНЫ ҮНЭ ӨСЧ БАЙХАД ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЛТ ӨГЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЭЛ 

-2019 оны нэгдсэн төсвийн тухайд хэд хэдэн зүйл дээр анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Тодруулбал, Төсвийн тухай хуулийн 22 дугаар заалтыг зөрчиж, гадаадын зээл тусламжийн хөтөлбөр, төслүүд төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжиж хэрэгжих ёстой. Гэтэл энэ удаад ганцхан сайдад төвлөрүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл. 2019 оны төсөв маш өндөр төсөв орлого, зарлага талаасаа ч тэр маш өндөр. Өөрөөр хэлбэл, 2020 оны сонгуульд зориулагдсан хэт хөөсөрсөн төсөв болж хувирч байна. Иймэрхүү төслийн нөхцөл байдал 2010-2011 онд эдийн засгийн огцом өсөлтийн илэрч байгаад, инфляцийн огцом өсөлт, үнийн огцом хөөрөгдөлт, Монгол Улсын тансаг хэрэглээг өдөөсөн үйл явц болж өнгөрсөн. Энэ байдал 2019 онд давтагдах нөхцөл үүссэн байна.

Ялангуяа 11 их наядын зардал улс орны өнөөгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Төсвийн өндөр зардал, орлогын хэмжээгээр өнөөдрийн Монгол Улсын эдийн засаг дахь бүтээгдэхүүний үнэ, инфляцийн өсөлт, ам.долларын ханш сүүлийн ганцхан сарын дотор маш том хэлбэлзэж байгаа нь том жишээ гэж харж болохоор байна. Ирэх жилийн төсөвт тусгагдах ёстой хэд хэдэн зүйл ойлгомжгүй хэвээр үлдэж байна. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрийн сангаар дамжуулсан ажлын байрыг ямар бодлогоор Монгол Улс цаашид нэмэгдүүлэх чиг хандлагыг барих нь тодорхойгүй. УИХ-ын даргын индэр дээрээс хэлсэн үг болох урсгал зардлыг нийт 10 хувиар багасгах ёстой гэсэн төсөв эсрэгээрээ орж байгаа зэрэг олон зүйлүүдийг ярих нөхцөл байдал үүсч байгаа. Ер нь төсөвтэй холбоотой манай гишүүдээс тавьсан саналуудыг бид ажлын хэсгээрээ дамжуулаад, төсвийн том ажлын хэсэгт өгнө. 

Үнэ ханшны тухай асуудлаар Засгийн газрын гишүүнээс асуусан боловч "Монгол банк үүнийг хариуцна" гэсэн битүү хариулт өгсөнд эмзэглэж байгаа. Өнөөдөр Засгийн газар, Монголбанкны хооронд уялдаа холбоогүй байгаагаас бол эдийн засагт үл ойлгогдох байдал үүссэн. Ганцхан сарын дотор ам.долларын ханш 22 төгрөгөөр хэлбэлзлээ. Дизель түлшний үнэ нэр сарын өмнө 2125 байсан бол өнөөдөр 2245, АИ92 бензиний үнэ сарын өмнө 1820 байсан бол өнөөдөр 1885 бол 65 төгрөгөөр, АИ95 бензиний үнэ 2160-аас 2215 болж  55 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Үнийн энэ огцом хөөрөгдөлд ард түмний нуруун дээр ачаа болж очиж байна. Үнийг дагаад хэрэглээний үнэ улам бүр өсч байхад Засгийн газар нь үүнд хариулт өгч чадахгүй сууж байгаа нь дэндүү хариуцлагагүй, бодлогогүй байгаагийн илрэл гэж харж байна. 

С.ЭРДЭНЭ: САНГИЙН САЙДААС АРДЧИЛСАН НАМЫН ЗАСГИЙН ГАЗАР ЯГ ЯМАР ӨРИЙГ ДАРЖ, БАРАГДУУЛСАН ЮМ ГЭЖ АСУУХААР, ХЭЛЖ МЭДЭХГҮЙ СУУГААД БАЙНА

-Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногт намын шинэчлэлийн ажлын хүрээнд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох, сунгаант сонгуулийг эхлүүлсэн. Одоогийн байдлаар нэр дэвшигчид маань зүүн гурван аймгаар яваад хуралдаануудаа амжилттай хийгээд, өнөөдөр Дорноговь аймаг руу явж байгаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сунгаанд 21 аймаг, 9 дүүргийн эмэгтэйчүүдийн холбооны даргыг сонгох сонгууль болно. Улмаар арваннэгдүгээр сарын 04-нд эцсийн дүн гараад, сонгуулийн дүнг зарлах юм.

Хуулийн дагуу өчигдөр буюу аравдугаар сарын 07-нд зарим газруудад нөхөн сонгууль явагдлаа. Сүхбаатар аймагт явагдсан нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Батсуурь 70.8 хувийн саналаар ялалт байгууллаа. Мөн өнөө өглөөнөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээллийг МАН-аас цацаж байна.

Тухайлбал, Дорноговь аймгийн дөрвөн хэсэг дөрвөн хэсэг дээр санал хураалт бүгд саналын ирц хүрээгүй. Тиймээс дахин санал хураалт явахаар хойшлоод байгаа. Гэтэл эдгээр газруудад МАН ялсан мэтээр худал мэдээлэл цацаж байгаа нь эрх барьж байгаа нам аргаа барсан улс төр хийж байна гэж хэлэхээс өөр арга алаг.
Бүлгийн өнөөдрийн хурал дээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болоод холбогдох газар хэлтсийн дарга нар оролцож, 2019 оны төсөвтэй холбоотой асуудлаар ярилцлаа. Өнөөгийн Засгийн газрын хувьд маш их мөнгөтэй баян Засгийн газар байгаа.

Харамсалтай нь Засгийн газар бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байна. Нийгэм эдийн засгийн зөв хуваарилалтуудыг хийж чадахгүй байгаагаас болж өнөөдөр нийгэмд дандаа сөрөг үр дагаврууд гараад байна. Тухайлбал, 2016 онд 1.2 хувийн инфляцитай эдийн засаг хүлээлгэж өгсөн бол өнөөдөр 9 хувьд хүрчихлээ. Бензин шатахууны үнэ яаж нэмэгдэж байгааг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Өнгөрсөн шөнө гэхэд л 60 төгрөгөөр нэмэгдсэн байна. Монголбанкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаасны өр авлагуудыг харахаар 4 их наяд 554 төгрөг хүрч өссөн дүнтэй байна.  Энэ бүгдээс харж байхад Сангийн сайдын яриад байгаа зүйлд итгэх итгэл туйлын бага байна. 2017 онд Улсын төсвийг 2.8 их наядын алдагдалтай, 2018 онд 2.4 их наядын алдагдалтай баталсан. Харин 2019 оны орж ирсэн төсөл 1.8 их наядын алдагдалтай байхаар орж ирж байна. Тэгвэл гурван жилийн нийлбэр дүнгээр аваад харахаар 7 их наяд төгрөгийн алдагдалтай төсвүүд батлагдсан байна. Төсвийн алдагдал гэдэг бол өр.

Гэтэл ийм их өр үйлдвэрлэчихээд, Засгийн газрын үнэт цаас болон Монголбанкны үнэт цаасны 2016 онтой харьцуулсан дүн нь 4 их наяд гаруй төгрөгөөр өссөн дүнтэй байгаа. Гэтэл Сангийн сайд маань бараг өргүй болсон гэж худлаа  мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Өнөөдөр бүлгийн хурал дээр өрийн асуудлаар тодруулж асуусан. Та Ардчилсан намын Засгийн газар тавьсан өрийг дарж, барагдуулсан гэж ярьсан. Яг ямар өрийг дарсан юм гэж асуухаар хэлж мэдэхгүй суугаад байна. Ийм хий хоосон улс төржиж асуудалд ханддаг Сангийн сайдыг би цаашдаа байж болохгүй гэж харж байгаа. Тиймээс Сангийн сайдтай тооцох тооцоо, хариуцлагыг бид нэхнэ. Сүүлийн үед өрөөр улс төр хийж, шоудах гэсэн оролдлого их гарч байна.  Хоёрхон жилийн дотор Засгийн газрын өрийг 3.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлчихээд яг юу хийв гэдэг нь тодорхой бус байна.

Б.ПҮРЭВДОРЖ: 80 САЯ АМ.ДОЛЛАРААР ДӨРӨВХӨН МАХНЫ ҮЙЛДВЭР БАРЬЖ ШАХАХ ГЭЖ БАЙНА

-2019 оны төсөв дээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тал дээр нэг ч төгрөгийн төсөв суулгаагүй байна. Үе үеийн Засгийн газар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмждэг байсан. Гэтэл төсвийн орлогын 82 хувийг татвараар бүрдүүлнэ гэж байгаа юм. НӨАТ-ын систем ажилд орсоноор далд орлого ил болсон. Үүнтэй холбоотойгоор жижиг дунд үйлдвэрээсээ татвар хураалт сайн байгаа. Тэгвэл ажил нь явахгүй байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж татварын бааз суурийг нэмэгдүүлэх тал дээр ажиллах ёстой. Харамсалтай нь энэ ажлаа Засгийн газар, Сангийн яам хийж чадсангүй. Одоо гайгүй үйл ажиллагаатай байгаа аж ахуйн нэгжүүдийг харахаар Чингис бонд, Хөгжлийн банкнаас зээл авсан л газрууд байгаа.750 мянган иргэн малынхаа үр шимээр амьдарч байгаа. Тиймээс ч махны үйлдвэрлэлийг дэмжих тал дээр ямар бодлого байгаа эсэхийг тодруултал энэ талын бодлого огт алга. Харин Хятадын зээлээр дөрвөн үйлдвэр барьж байна гэж хариулсан. Гэтэл нэг үйлдвэрийг нь 18.9 сая ам.доллар буюу нийтдээ 40 тэрбум төгрөгөөр нэг үйлдвэр барина гэсэн үг. Тэгвэл энэ хэмжээний үйлдвэрийг 4.8 тэрбум төгрөгөөр буюу 10 дахин бага төсвөөр барина. Тэгэхээр 80 сая ам.доллараар дөрөвхөн үйлдвэр барьж шахах биш зөрүү мөнгөөр нь махны үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулах боломжтой асуудал.

Сүүлийн үед валютын ханш асар их нэмэгдэж байгаа. Учир нь Монголбанкны Ерөнхийлөгч маш хариуцлагагүй ажиллаж байгаа. Тэр хүн зөвхөн ганцхан үзүүлэлтээ сайжруулахын тулд өнөөдрийг хүртэл ажилласан. Өөрөөр хэлбэл, валютын нөөцөө нэмэгдүүлсэн гэдэг сайн нэр зүүхийн тулд бусад бүх үл ажиллагаагаа хаяж байгаа. Сүүлийн үед Монголбанк бүх телевизээр ашигтай ажиллаж байгаа гэж сурталчилгаа явуулдаг болсон. Гэтэл Монголбанк ашигтай ажиллах ямар ч шаардлага байхгүй. Ашгийн төлөө биш байгууллага. Энэ байдалдаа хэзээ дүгнэлт хийх юм бэ.

САЯХАН 1.3 САЯ АМ.ДОЛЛАР НЭГ ХУРАНДААГИЙН ГЭРЭЭС ОЛСОН

Монголбанкны Ерөнхийлөгч авлигачдын төлөө маш сайн ажиллаж байна. Авлигачид авлига авсан мөнгө дансанд байршуулахгүй гэртээ аваачаад гудсан доогуураа ам.доллар болгож хадгалдаг. Саяхан 1.3 сая ам.доллар нэг хурандаагийн гэрээс олсон. Монголбанкны Ерөнхийлөгчийн буянаар тэр хүн нэг валютаа гэртээ нэгсар  хадгалахад л 130 сая төгрөгийг ашиг олж байна. Тиймээс валютын ханшийн өсөлт, шатахууны үнийн асуудалд  Монголбанкны Ерөнхийлөгч тодорхой хариуцлага хүлээх ёстой. МАН-ын Засгийн газар, УИХ хариуцлага тооцож ажиллах ёстой.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Шатахууны үнэ нэмэгдсээр байна. Одоо яг яах ёстой юм бэ. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа та бүхэн яг юу хийх гэж байна вэ?

Д.Эрдэнэбат: Шатахууны үнэ өөрөө валютын ханштай холбоотой зүйл. Тиймээс бид Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Энэ долоо хоногт УИХ-аар асуулгыг оруулж хэлэлцүүлэх гэтэл Монголбанк, Сангийн яам хоёр асуулгын хариу мэдээллийг бэлтгэж өгөөгүй байна. Ирэх долоо хоногт гол асуудал энэ сэдэв байх болно. Хэрвээ Засгийн газар болон Монголбанк тодорхой хариу өгч чадахгүй валютын ханшийн хэлбэлзэл өсөөд байх юм бол бид Засгийн газрыг огцруулах асуудлыг дахин тавихаас өөр арга байхгүй. Монголбанкны бодлогын алдаатай зүйлийг хэлэхээс өөр арга байхгүй байна. Бид энэ сэдвээр бүх байгууллагатай харилцан ойлголцож ажиллаж, энэ төлөв байдлыг зөв зохистой зүйл руу оруулахад хамтарч ажиллах болно.

С.Эрдэнэ: Ганц шатахууны үнэ шатахууны үнэ биш. Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бүгд өсч байгаа. Гэтэл иргэдийн бодит орлого огт өсөхгүй байна. Тиймээс иргэдийн амьжиргааны өртөг өдөр ирэх тусам муудаж байна. Энэ нөхцөл байдлыг бид зүгээр хараад суухгүй. Эрх баригчдаас шаардах зүйлээ шаардаад л явна. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл төрийн болон төрийн бус байгууллагууд бусад улс төрийн намуудтай зөвшилцөөд, дараагийн улс төрийн шийдвэртэй алхмыг хийх болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Сурагчдыг ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд 12-р сарын 15-наас 2-р сарын 15 хүртэл амраах нь зөв үү.

Нийт санал өгсөн: 16