8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн эргүүлийн автомашиныг бүрэн шинэчлэх шаардлагатай байна гэв

2018-10-10 09:00:00

Цагдаагийн албанд хэрэглэгдэж буй тусгай хэрэгсэл, тоноглосон автомашинуудыг харуулсан Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр боллоо. Цагдаагийн ерөнхий газрын Авто бааз нь албаны болон тусгай зориулалтын автомашины засвар үйлчилгээг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх, үйлчилгээнд явж байгаа автомашинуудад холбогдох хууль, дүрэм, журмын дагуу стандарт, норм, нормативыг мөрдөж ажиллах, инженер, техникийн ажилтнууд, цагдаа, жолооч, засварчид мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэн ажилладаг байна. Тус бааз нийт хөдлөх бүрэлдэхүүний 69 хувь нь БНСУ, 11 хувь нь ОХУ, 8 хувь нь БНХАУ, 10 хувь нь Япон, 2 хувь нь Герман, 0.2 хувь нь Чех улсад үйлдвэрлэгдсэн автомашинуудаар үйлчилдэг аж.

Цагдаагийн ерөнхий газрын автобаазад өнөөдрийн байдлаар ашиглагдаж байгаа нийт нийт машинуудын 37 хувь нь 5 хүртэл жил, 45 хувь 6-10 жил, 12 хувь нь 11-15 жил, 6 хувь нь 16-аас дээш жилээр үйлчилгээнд ашиглагдаж байгаа автомашинууд байдаг аж. Техник үйлчилгээ засвар үйлчилгээний хэлтэс нь өнгөрөн гурван жилд давхардсан тоогоор 8157 автомашины засвар үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хийж, албаны бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа аж. 

Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр бүх төрлийн автомашинуудаа үзүүлэхээс гадна хээрийн гал тогоо, явуулын засвар үйлчилгээ, хөдөө орон нутагт ажиллаж байгаа алба хаагчид усанд орох душ, ОО-ийн асуудлыг шийдсэн зөөврийн тоноглосон автомашиныг хүртэл тус баазын засварчид өөрийн гараар бүтээсэн байна. Албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ биелүүлэхэд арын албанд ажиллаж байгаад автобаазын засварчидын нөр их хөдөлмөрийг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Учир нь эдгээр засварчид байхгүй бол хэдэн жилийн өмнөх шигээ цагдаа морь унаж эргүүл хийх, тав зургаан хороонд нэг эргүүлийн машин ажиллах,  гэмт хэргийн гаралт ихсэх байлаа. Эдгээр алтан гартай засварчидын ачаар цагдаа саадгүй албан үүргээ гүйцэтгэж байна. Цагдаа нар хөдөө орон нутгийн замд ажиллах үедээ унтаж амрах боломжтой зөөврийн амралтын өрөө мөн зам тээврийн ослыг бүрэн хянах боломжтой камержуулсан өрөөг хүртэл тус баазын засварчид зураг төслөө гаргаад өөрсдийн гараар бүтээжээ. Энэ мэтчилэн автобаазын засварчид өөрсдийн хүчин чадлаа бүрэн дайчлан ажиллаж байгаа ч гэсэн яах аргагүй автобаазын шинэчлэл хэрэгтэй байгааг Автобаазын дарга Ү.Зоригтбаатар тодотгож хэллээ. 

ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж. Эрдэнэ болд ”Өнөөдөр монгол цагдаа улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ биелүүлэхэд албаны болон тусгай зориулалтын автомашинаар хангах ажлыг өөрсдөө нөөц боломжид тулгуурлан хангалттай төвшинд хийж гүйцэтгэдэг.  Цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэж байгаа эргүүлийн автомашинуудыг парк шинэчлэл бүрэн хийх шаардлагатай байгаа.Манай жижүүрийн машинуудын 24 цагаар тасралтгүй явдаг учраас  их муудсан.

Энэ бааз дээр байгаа машинууд нийслэл хотын эргүүлд гардаг. Нийтдээ 68 машин гаргах ёстой. Гэтэл 20 гаруй машин гарч чадахгүй байна. Муудсан машиныг манай засварын ажилчид өдөр шөнөгүй засч ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа. Бидний гол зорилго бол эхний ээлжид гэмт хэрэг болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг эргүүлийн автомашинаа шинэчлэх шаардлагатай байгаа. Энэ асуудлаа  холбогдох газруудад хандсан. Бид өөрсдийнхөө хүчээр боломжийн зүйлийг хийж байгаа хэдий ч хүртээмж маш муу байгаа. Нэг машин 5-6 хооронд ажилладаг учраас хүртээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Эхлээд байгаа хэдийгээ хувийнхаа ажилд талхидагаа болимоор юм Дараа нь ажилаа хийсэн шиг хийж байж юм нэхдэг болмоор
2018/10/10 122.201.31.7