Н.Энхбаяр Шадар сайд болох эсэх асуудал улс төрийн хүрээнд нэлээд яригдаж байгаа. ЗГХЭГ-аас энэ сарын 01-ны өдөр Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг авахаар АТГ-т хүргүүлсэн байгаа. АТГ-ын ямар хариу өгсөн гэдгээс Н.Энхбаярын Шадар сайд болох хувь заяа шийдэгдэхээр болсон.
АТГ-ын дарга Н.Ганболд 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр 01/1043 дугаартай албан тоот бичгийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонгод хаяглан хариу ирүүлсэн байн. Тус хариуг бүрэн эхээр нь хүргэе. “Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Намбар овогтой Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасны дагуу хянан үзэхэд Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 1/184 дугаартай албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн 2016 оны хоёрдугаар сарын 4-ний 15/131 дугаартай албан бичгээр тус тус ирүүлсэн лавлагаагаар нэр дэвшигч Н.Энхбаярын Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялтай байдал дуусгавар болоогүй байна.
Нэр дэвшигч Н.Энхбаяр нь ялтай байх хугацаандаа Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчиж Гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан мөнгө угаасан, гэрээгээр халхавчлан бусдын өмч хөрөнгийг залилсан бусдаас их хэмжээний хээл хахууль авсан хэргүүдэд холбогдон шалгагдаж байгаа зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1,3-т зааснаар тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг бий болгож байна.
Монгол Улсын Шадар сайд нь улс төрийн албан тушаал болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг баримтлан уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д зааснаар ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй тохиолдолд тухайн албан тушаалд томилохыг хориглосон байна.
Дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Намбар овогтой Энхбаярыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нь тогтоогдож байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй байна" гэжээ.