-15o
Улаанбаатар хот
mobile menu

Вьетнам улстай ялтан солилцох хэлэлцээрийг дэмжлээ

2018-10-10 15:52:42

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.
 


Монгол Улсын гадаад харилцаа тэлэхийн хэрээр иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж хилийн чанад дахь өөрийн орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт этгээд түүнчлэн ялтан шилжүүлэх зэрэг асуудлаар олон улсын эрх зүйн салбарт хамтын ажиллагаа өргөжсөөр байгааг танилцуулгын эхэнд тэмдэглэв. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх асуудал нь хоёр талын гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хэрэгждэг. Монгол Улс нь гадаад орнуудтай ялтан шилжүүлэх тухай бие даасан, хоёр талт 5 гэрээ, мөн ялтан шилжлүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 4 гэрээг байгуулсан байдаг аж. Одоогийн байдлаар “Ялтан шилжлүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа бол “Ялтан шилжлүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг сайд танилцуулсан. Манай улс БНСВУ-тай “Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”-г Улаанбаатар хотноо 2000 онд байгуулсан. Танилцуулж буй хэлэлцээрийн төсөл нь харилцах төв байгууллагууд, ялтан шилжлүүлэх хүсэлт гаргах, уламжлах, хүсэлтийг ял шийтгэсэн улсын төв байгууллага хянах, хүсэлтийг шилжүүлэн авах тал хянах, хүсэлтийг шийдвэрлэх болон татгалзах үндэслэл, ялтанг эх оронд шилжүүлэх үйл явц, зардал зэрэг асуудлыг тусгасан 19 зүйлтэй юм байна.

 Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, С.Эрдэнэ нар асуулт асууж, тодруулга хийлээ. Хэлэлцээрийн хүрээнд шүүхээр шийтгүүлэн хорих ял эдэлж байгаа иргэдийг харилцан шилжүүлэх асуудлыг тэгш эрхийн зарчмаар шийдвэрлэнэ гэдгийг Ц.Нямдорж сайд тайлбарлаад ялтан шилжлүүлэх ажлын явц урт хугацаанд үргэлжилдэг онцлогтойг хэлэв. Ял эдэлж буй иргэнийг шилжүүлэх эсэхийг тухайн улс бие даан шийдвэрлэдэг гэлээ. Өнөөдрийн байдлаар хилийн чанадад 174 монгол иргэн тухайн улсынхаа шүүхийн шийдвэрээр ял эдэж байгаа бол гадаадын 19 иргэн шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсад хорих ял эдэлж байгаа аж.  Үүнээс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хоёр иргэн манай улсад ял эдэлж байгаа бол тус улсад хорих ял эдэлж байгаа монгол иргэн байхгүй гэв. Гэхдээ тус улс руу зорчих Монгол Улсын иргэдийн хөдөлгөөн сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд дээрх төрлийн хэлэлцээрийг улс орнуудтай байгуулах нь монгол иргэдийн эрх ашгийг хилийн чанадад хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.


Хэлэлцээрийг зөвшилцөх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, С.Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 245