Шатахууны үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь нийгмийн бичигдээгүй хууль. Өнөөдөр шатахууны үнийн талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо шатахууны үнийн нэмсэнтэй холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АМГТГ-аас өчигдөр хийсэн мэдээллийг Засгийн газрын байр суурь хэмээн МҮЭХ үзэж байгаа тул энэ янзаараа Засгийн газрыг дорвитой арга хэмжээ авахгүй нь хэмээн дүгнэжээ. Иймд дараах саналуудыг гаргаж байгаагаа МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдэгдлээ. Манай улсын шатахууны нийт хэрэгцээний 60 хувь нь дизель, 32 хувь нь АИ-92, үлдсэн хувийг А 80 түлш эзэлдэг. Иймд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх суурь нөхцөл болдог, нийт иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 бензиний үнэд Засгийн газар татварын бодлогоор үнийг зохицуулах.
Ингэхдээ шатахуун импортлогчид уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдийн дизель түлшний хэрэглээнээс олдог өндөр ашгаа тооцоод багахан хувьд буюу иргэдийг хямд АИ-92 шатахуунаар хангасан алдагдлаа нөхөх зарчмаар явах боломжтойг санууллаа. Мөн дизель түлшний нийт хэрэглээний дөрвөн хувийг нийтийн тээврийн салбарт зарцуулдаг тулд энэ 4 хувьд зохицуулалт хийх замаар нийтийн тээврийн үнийг нэмүүлэхгүй байх. Товчхондоо Онцгой албан татварын хувийг шинэчлэх замаар үнэд нөлөөлөх бодлого явуулах хэрэгтэй байна гэсэн юм.