8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: “Магнай Трейд” ХХК-ийн захирлыг суллаж, ЭТТ-гоос 1072 хувьцааг худалдаж авна гэх мэдээлэл худлаа гэв

2018-10-10 18:40:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн долоо хоног танд талархая. Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байх нь ээ. Тиймээс гэр бүлдээ цаг гаргаарай гэж зөвлөмөөр байна. Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. 

1.3 сая ам.долларын хэрэгт нэр холбогдсон хурандаа Ч.Болдбаатар гэж хэн бэ

Энэ сарын эхээр ЦЕГ-т удирдах алба хашдаг Б гэгчийн гэрээс нийт 1.3 сая доллар буюу /гурав орчим тэрбум төгрөг/-ийг АТГ-ынхан хураасан гэх мэдээлэл гарч олны анхаарлыг татсан. Тодруулбал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэр Салхитын мөнгөний орд газрыг булаацалдсан хятадуудын бусдад их хэмжээний авлига өгсөн байж болзошгүй хэргийг АТГ-ынхан шалгах явцдаа Б-ийн Баянгол зочид буудлын дэргэдэх “220 к резиденс” байрнаас дээрх мөнгийг олж бэлнээр хурааж битүүмжилсэн нь ил болоод байгаа. Одоогийн байдлаар тус 1.3 сая долларыг юунд зарцуулах гэж байсан нь тодорхойгүй байгаа.Тус хэргийг шалгах явцад тэд УИХ-ын нэр нөлөө бүхий хоёр гишүүнтэй холбогдсон байжээ. Энэ нь хятадууд гишүүдийн оролцоотойгоор Тавантолгойн нүүрсний уурхайн хажууд байх их хэмжээний нүүрсний нөөцтэй орд газрын ашиглалтын лицензийг хууль бус аргаар авахаар санаархаж байсан ил болоод байгаа аж. Хуулийн байгууллага УИХ-ын нэр бүхий хоёр гишүүнийг уг хэрэгт хэрхэн холбогдож буй асуудлыг нарийвчлан шалгаж, үнэхээр 1.3 сая долларын хэрэгт холбогдсон эсэхийг баттай мэдэж  тогтоосны дараа нэрийг нь зарлах юм байна. Харин уг хэрэгт Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатарыг шалгаж эхэлсэн байна. Тэрбээр дундын зуучлагч нартай холбоо тогтоосон нь Гүйцэтгэх ажиллагааны баримтаар тодорхой болсон гэнэ. Ингээд 3 орчим тэрбум төгрөгний хээл хахуулын хэрэгт нэр холбогдсон Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатарын талаар тодорхой мэдээлэл хүргэе.

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ХУРАНДАА Ч.БОЛДБААТАР ГЭЖ ХЭН БЭ

Ч.Болдбаатар нь Төв аймгийн Зуун мод суманд 1972 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн.  Цагдаагийн дээд сургуулийг 1993 онд дүүргэжээ. Анх Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст томилогдон ажлынхаа гарааг эхлэж байсан. 2003-2006 онд Эрүүгийн цагдаагийн газрын тасгийн даргын алба хашиж байгаад 2006-2010 он хүртэл Дундговь аймгийн цагдаагийн хэлтсийн даргын албан тушаалд томилогджээ. 2010-2012 он хүртэл Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын албыг хашиж байсан нэгэн. Ч.Болдбаатар хурандаагийн  төрсөн эмэгтэй дүү Ч.Энхтуяа гэж прокурор байдаг талаар эх сурвалж мэдээлэл өглөө. Дүүгийнх нь нөхөр мөн л прокурор н.Батболд бөгөөд нийслэл болон дүүргийн прокурорын газар албан тушаал хашдаг юм байна. 

Одоогоос дөрвөн жилийн өмнө Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгон өөр­чилж, даргыг нь Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Нийс­лэлийн Засаг даргатай зөв­шилцөн томилж байсан.  Ингэхдээ анх удаа Цагдаагийн газрын даргыг нээлттэй сонгон шал­гаруулж, зургаан хүн нэр дэвшин цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар томилогдож байсан түүхтэй. Түүнд 2014 оны аравдугаар сарын 15-нд албан ёсоор  Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл цагдаагийн хурандаа Ч.Болд­баа­тарт батламжийг нь гардуулж өгч байсан.

Тэрээр үүрэгт ажлаа хүлээж авсны дараа “Миний төлөө саналаа өгсөн нийслэлийн иргэддээ талархаж байна. Эрүүл аюулгүй Улаанбаатарыг бүрдүүлж, өөрийн дэвшүүлсэн Иргэний төлөө-Найрсаг цагдаа хөтөлбөрийг хэрэгжүүлэн та бүхэнтэй хамтран ажиллах болно” гэдгээ онцлон хэлж байсан.

Одоогоос хэдэн жилийн өмнө удирдах алба хашиж байхдаа нэр нь сэвтээгүй цөөхөн хурандаа нарын нэг хэмээн мэргэжил нэгт хүмүүс түүнийг үнэлдэг байсан. Гэтэл тэрбээр маш том хэмжээний авлигалын хэрэгт нэр холбогдлоо. Тус хэргийг хэрхэн шийдэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

С.Эрдэнэ дэлхийн эдийн засгийг захирах гэнэ

Долларын ханшийн савлагаа, шатахууны үнийн өсөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан инфляци хөөрөгдөж, эдийн засгийн зарчмаар томоохон хөдөлгөөн мэдрэгдэж байна. Харин үүнийг эрх баригчдын эдийн засаг руу чиглүүлж буй бодлоготой холбон тайлбарлаж, улстөр хийх нь манайхны хувьд бол гаршсан үзүүлбэр. Сөрөг хүчний зүгээс энэ нийтлэг жишгээр асуудалд хандаж, АН ын дарга С.Эрдэнэ шатахууны үнийг буулгахгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авч, улстөрийн дараагийн нүүдлээ хийхэд бэлдэж байгаагаа илэрхийлсэн. Энэ удаа тэдний олзолж авсан “боломж” нь эмч багшийн цалингийн хэрүүлээс илүү өргөн хүрээг хамарсан шатахууны үнийн өсөлт, ханшийн савлагаа байгаа нь тэдэнд нэлээд итгэл өгч, урмыг нь сэргээжээ.Гэтэл шатахуунаар барьцаалж “Засаг”-аа огцруулах тухай мэдэгдэл хийхээсээ өмнө үл ялиг эрүүлээр сэтгэсэн бол, “боломж” гэж харсан энэ сэдэв нь үнэндээ дунд сургуулийн сурагчдад хүртэл анзаарагдахаар ичгэвтэр “булхай” байв.  

Өнгөрсөн долоо хоногт Москвад болсон “ОХУ-ын эрчим хүчний долоо хоног” олон улсын чуулганд 70 гаруй орны төлөөлөгчид оролцож,2040 он хүртэлх газрын тосны үнийн хэтийн төлвийг хэлэлцжээ. Чуулганы үеэр яригдсан гол сэдэв нь нефтийн үнийн өсөлт. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тос 85 ам.доллараар худалдаалагдаж байгаа нь, 2014 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа ийм хэмжээнд хүрсэн дүн юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин чуулганы үеэр хэлсэн үгэндээ, газрын тосны үнийн өсөлтөд зах зээлийн шалтгаанаас гадна, геополитикийн хүчин зүйл нөлөөлж байгааг илэрхийлсэн.

Тодруулбал, Ираны талаар гаргаж буй Вашингтоны хууль бус шийдвэр нь дэлхийн эдийн засагт хохиролтой байгааг хойд хөршийн төрийн тэргүүн дурдаад, Хойд Африкт улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор олборлолт саарч, Венесуэл олборлолтоо багасгасан нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөх шалтгаан болсон гэдгийг мэдэгдсэн юм. Шатахууны үнийн өсөлтийн шалтгаан товчхондоо энэ.

Гэтэл үүнийг импортын шатахуунаас 100 хувь хараат жижиг орны Засгийн газрын тэргүүнд нялзааж, огцруулах үндэслэл болгон босгож ирэх нь сөрөг хүчний хувьд хэр бодитой “боломж” юм бол. Мэдээж сөрөг хүчний гаргаж ирсэн сэдэв юу байх нь хамаагүй уухайлан түрэхээр тохиролцож, хоолондоо хүрэхээр анаж суугаа дараагийн ээлжнийхэн олонхийн бүлэгт ч бий. Муугаар бодож Засаг уналаа гэхэд дараагийн Засгийн газар шатахууны үнээ буулгаад өгөөч гэж Путинээс гуйх уу, түрүүний бөөс тархинд гарчихаагүй цагт “хуц” л гэх болов уу.

Магадгүй, дараагийн Засаг байгуулагдлаа гэхэд бүр ч аймшигтай тавилан хүлээж байхыг үгүйсгэхгүй. Учир нь АНУ өнгөрсөн наймдугаар сард Иранд тавьсан хоригоос шалтгаалан дэлхийн зах зээл дээрх нефтийн ханш цаашид ч өсөх хандлага ажиглагдаж, дэлхийн эдийн засгийг түгшээж байна. Одоогоор 85 ам.доллараар худалдаалагдаж байгаа нэг баррель газрын тос энэ сарын сүүлээр 90 ам.долларт хүрэх төлөвтэй бол 2018 оны сүүл гэхэд 100 ам.долларт хүрнэ гэсэн олон улсын шинжээчдийн судалгаа бий. Эндээс харахад АН-ын дарга Эрдэнэ Засгийн газрыг огцруулах үндэслэлдээ, “цаашид шатахууны үнэ өссөөр байвал” гэдэг өгүүлбэр “шигтгэж” өгсөн нь нэг баррель газрын тос 100 ам.долларт хүрэх шинжээчдийн судалгаагаар “барьцаалсан” сүрдүүлэг байлаа.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дунд болон урт хугацаанд ямар байхыг төсөөлдөг ОПЕК-ийн "World Oil Outlook 2018" тайланд дурдсанаар 2023 онд гэхэд газрын тосны эрэлт өсч, хоногт 104.5 сая баррельд хүрэх төлөвтэй гэжээ. Харин урт хугацаанд буюу 2040 он гэхэд газрын тосны эрэлт өдөрт 14.5 сая баррель болон өсч, хоногт 111.7 сая баррельд хүрэх таамаг дэвшүүлсэн байна.

Газрын тосны чиглэлийн дэлхийн хэмжээний судалгаа тайланд хэрэглээг иймэрхүү байдлаар төсөөлж байгаа учраас энэ хэрээр үнэ өсөх дүр зураг бий болж байна. Харин бид, Оросууд найтаахад хэвтэрт орж, үхлүүт болдог эдийн засгаа өөрсдөө түшиж өндийлгөдөг болохын тулд шатахууныхаа дотоодын нийт хэрэгцээний ядаж 50 хувийг хангадаг болох ёстой. Анхны Ерөнхийлөгч  Очирбат дээлийнхээ энгэрийг газрын тосоор мялаасан 20 жилийн “тэртээгээс” үлгэр домог мэт яригдсаар ирсэн Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил энэ Засгийн газрын үед ямар ч байсан эхэлсэн сайн мэдээ бий. Энэтхэгийн Засгийн газрын зээлээр баригдаж байгаа энэхүү бүтээн байгуулалтын ажил Тавантолгойн төмөр, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор шиг намрын шамрагатай хамт шуурганд замхрах вий гэсэн болгоомжлол нийгэмд байв.Тэгвэл ямар ч байсан, Дорноговь аймгийн Алтанширээд баригдаж байгаа Газрын тосны үйлдвэр байгуулах бүтээн байгуулалтын ажил өнөөдөр ч хуваарийн дагуу явагдаж байна. Мэдээж үйлдвэр барих ажил амаар хийгдэж, цаасан дээр зурагдсан хэвээрээ байгаа бол өөр хэрэг. Гэтэл стратегийн хувьд улс оронд онцгой чухал үүрэг бүхий нэг ч гэсэн бүтээн байгуулалт баригдаж байгааг дүрс бичлэг, зураг хөрөгнөөс тодорхой харж болно.

Мэдээж энэ бүхнийг У.Хүрэлсүх алтан загасны өвгөн шиг Энэтхэгт гүйж очоод бүтээчихээгүй ч, түүний тэргүүлсэн Засгийн газрын үед ажил хэрэг болж байгаа учраас үлдсэн хоёрхон жилд эхэлсэнээ дуусгах “боломж” олгох нь сөрөг хүчний хувьд үүрэг нь.Харин чадахгүй бол ард түмэн өөрсдийн хүслээр дүнгээ тавих цаг тун ойрхон байна.

Цагдаагийн эргүүлийн автомашиныг бүрэн шинэчлэх шаардлагатай байна гэв

Цагдаагийн албанд хэрэглэгдэж буй тусгай хэрэгсэл, тоноглосон автомашинуудыг харуулсан Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр боллоо. Цагдаагийн ерөнхий газрын Авто бааз нь албаны болон тусгай зориулалтын автомашины засвар үйлчилгээг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх, үйлчилгээнд явж байгаа автомашинуудад холбогдох хууль, дүрэм, журмын дагуу стандарт, норм, нормативыг мөрдөж ажиллах, инженер, техникийн ажилтнууд, цагдаа, жолооч, засварчид мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэн ажилладаг байна. Тус бааз нийт хөдлөх бүрэлдэхүүний 69 хувь нь БНСУ, 11 хувь нь ОХУ, 8 хувь нь БНХАУ, 10 хувь нь Япон, 2 хувь нь Герман, 0.2 хувь нь Чех улсад үйлдвэрлэгдсэн автомашинуудаар үйлчилдэг аж.

Цагдаагийн ерөнхий газрын автобаазад өнөөдрийн байдлаар ашиглагдаж байгаа нийт нийт машинуудын 37 хувь нь 5 хүртэл жил, 45 хувь 6-10 жил, 12 хувь нь 11-15 жил, 6 хувь нь 16-аас дээш жилээр үйлчилгээнд ашиглагдаж байгаа автомашинууд байдаг аж. Техник үйлчилгээ засвар үйлчилгээний хэлтэс нь өнгөрөн гурван жилд давхардсан тоогоор 8157 автомашины засвар үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хийж, албаны бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа аж. 

Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр бүх төрлийн автомашинуудаа үзүүлэхээс гадна хээрийн гал тогоо, явуулын засвар үйлчилгээ, хөдөө орон нутагт ажиллаж байгаа алба хаагчид усанд орох душ, ОО-ийн асуудлыг шийдсэн зөөврийн тоноглосон автомашиныг хүртэл тус баазын засварчид өөрийн гараар бүтээсэн байна. Албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ биелүүлэхэд арын албанд ажиллаж байгаад автобаазын засварчидын нөр их хөдөлмөрийг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Учир нь эдгээр засварчид байхгүй бол хэдэн жилийн өмнөх шигээ цагдаа морь унаж эргүүл хийх, тав зургаан хороонд нэг эргүүлийн машин ажиллах,  гэмт хэргийн гаралт ихсэх байлаа. Эдгээр алтан гартай засварчидын ачаар цагдаа саадгүй албан үүргээ гүйцэтгэж байна. Цагдаа нар хөдөө орон нутгийн замд ажиллах үедээ унтаж амрах боломжтой зөөврийн амралтын өрөө мөн зам тээврийн ослыг бүрэн хянах боломжтой камержуулсан өрөөг хүртэл тус баазын засварчид зураг төслөө гаргаад өөрсдийн гараар бүтээжээ. Энэ мэтчилэн автобаазын засварчид өөрсдийн хүчин чадлаа бүрэн дайчлан ажиллаж байгаа ч гэсэн яах аргагүй автобаазын шинэчлэл хэрэгтэй байгааг Автобаазын дарга Ү.Зоригтбаатар тодотгож хэллээ. ЦЕГ-ын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж. Эрдэнэ болд ”Өнөөдөр монгол цагдаа улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ биелүүлэхэд албаны болон тусгай зориулалтын автомашинаар хангах ажлыг өөрсдөө нөөц боломжид тулгуурлан хангалттай төвшинд хийж гүйцэтгэдэг.  Цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэж байгаа эргүүлийн автомашинуудыг парк шинэчлэл бүрэн хийх шаардлагатай байгаа.Манай жижүүрийн машинуудын 24 цагаар тасралтгүй явдаг учраас  их муудсан.

Энэ бааз дээр байгаа машинууд нийслэл хотын эргүүлд гардаг. Нийтдээ 68 машин гаргах ёстой. Гэтэл 20 гаруй машин гарч чадахгүй байна. Муудсан машиныг манай засварын ажилчид өдөр шөнөгүй засч ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа. Бидний гол зорилго бол эхний ээлжид гэмт хэрэг болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг эргүүлийн автомашинаа шинэчлэх шаардлагатай байгаа. Энэ асуудлаа  холбогдох газруудад хандсан. Бид өөрсдийнхөө хүчээр боломжийн зүйлийг хийж байгаа хэдий ч хүртээмж маш муу байгаа. Нэг машин 5-6 хооронд ажилладаг учраас хүртээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай байгаа” гэв.

Буудлын барьцаанд үлдээсэн охиныг хүчирхийлсэн хэрэг гарчээ

БНХАУ-ын Эрээн хотод эцэг, эх асран хамгаалагч нь тухайн байрлаж байсан зочид буудлынхаа төлбөрийг төлөлгүйгээр бичиг баримтаа барьцаанд нь үлдээж, охиноо орхиод ор сураггүй алга болсон хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан аж.  Улмаар охиноо хараа хяналтгүйгээр үлдээснээс болж охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Урд хөршид барьцаанд үлдсэн гурван хүүхдийг эх оронд нь авчрахын тулд ГБХЗХГ-аас тодорхой зардал гаргасан талаар мэдээлэл өгсөн юм. Мөн зочид буудалд барьцаанд үлдсэн хүүхдийн төлбөрт 3,5 сая төгрөгийг төлж байж хүүг авчирчээ. Хүчирхийлэлд өртсөн охины эцэг эхийн сургийг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна. Охины хэлснээр монгол ээж, хятад аавтай бөгөөд ээж нь  Баянзүрх дүүргийн харьяат гэнэ. Уг хэргийг Дорноговь аймгийн ГБХЗХГ, Нийслэлийн ГБХЗХГ-тай хамтран хүүгийн нөхцөл байдлыг тодруулах, ар гэрийнхнийг нь олж тогтоох ажлыг хийж байгаа аж.  

“Магнай Трейд” ХХК-ийн захирлыг “Жаст”-ын асуудлаар түр саатуулан суллажээ

“Mагнай Трейд” компанийн захирал Р.Ганзоригийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулсан тухай мэдээлсэн билээ. Тэгвэл түүнийг ийнхүү саатуулсан нь шатахууны үнийн асуудал биш аж. Учир нь  “Жаст” группын асуудалтай холбоотой байсан ба түүнээс “Жаст” групптэй холбоотой зарим нэг асуудлаар байцаалт аван түр саатуулаад буцаасан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. 

МҮЭХ: Шатахууны үнэ он гарсаар 3 удаа нэмэгдлээ

Шатахууны үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь нийгмийн бичигдээгүй хууль. Өнөөдөр шатахууны үнийн талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо шатахууны үнийн нэмсэнтэй холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АМГТГ-аас өчигдөр хийсэн мэдээллийг Засгийн газрын байр суурь хэмээн МҮЭХ үзэж байгаа тул энэ янзаараа Засгийн газрыг дорвитой арга хэмжээ авахгүй нь хэмээн дүгнэжээ. Иймд дараах саналуудыг гаргаж байгаагаа МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдэгдлээ. Манай улсын шатахууны нийт хэрэгцээний 60 хувь нь дизель, 32 хувь нь АИ-92, үлдсэн хувийг А 80 түлш эзэлдэг. Иймд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх суурь нөхцөл болдог, нийт иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 бензиний үнэд Засгийн газар татварын бодлогоор үнийг зохицуулах.

Ингэхдээ шатахуун импортлогчид уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдийн дизель түлшний хэрэглээнээс олдог өндөр ашгаа тооцоод багахан хувьд буюу иргэдийг хямд АИ-92 шатахуунаар хангасан алдагдлаа нөхөх зарчмаар явах боломжтойг санууллаа. Мөн дизель түлшний нийт хэрэглээний дөрвөн хувийг нийтийн тээврийн салбарт зарцуулдаг тулд энэ 4 хувьд зохицуулалт хийх замаар нийтийн тээврийн үнийг нэмүүлэхгүй байх. Товчхондоо Онцгой албан татварын хувийг шинэчлэх замаар үнэд нөлөөлөх бодлого явуулах хэрэгтэй байна гэсэн юм. 

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид бухимдав

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр мэдээллээ. Хүүхэд бүрд ижил гараа олгоё хэмээн нэрлэсэн уг шаардлага нь ирэх оны төсөвт хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг 5.98 тэрбум төгрөг хэвээр үлдээхийг шаардаж байгаа аж.

2019 оны Улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээний төсөвт уг санхүүжилтийг 2.6 тэрбум болгон бууруулсан байгаа нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг цаашид хаах бодлого баримталж, хүүхэд хамгааллын эсрэг төрийн бодлого явуулж байна гэдгийг тэд онцолсон. Өнгөрсөн онд улсын төсөвт 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгаж байсан бөгөөд улсын хэмжээнд 431 төвд 5275 хүүхэд хамрагдаж, 1024 ажлын байр бий болжээ.

Төр жил бүр 80 тэрбум төгрөгөөр шийдэх асуудлыг Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид 5.8 тэрбум төгрөгт шийдэж, төрд ирэх хүнд ачааллыг бууруулж, хүүхэд хамгааллын бодлогыг бодитоор хэрэгжүүлдэг гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолсон. 

Манай улсын 174 иргэн гадаадад ял эдэлж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Бүгд найрамдах социалист Вьетнам улстай байгуулах ялтан солилцох хэлэлцээрийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 75 хувийн саналаар тус төсөл дэмжигдлээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Монгол Улсын хэчнээн иргэн гадаадад ял эдэлж байгаа талаар тодруулахад,  ажлын хэсэг хариулт өгөв.  Монгол Улсын 174 иргэн гадаадад ял эдэлж байгаагийн дийлэнх нь буюу 115 нь БНХАУ-д, БНСУ-д 18, Макаод 12, ОХУ-д ес, Турк улсад ес, Казахстанд зургаа, АНУ-д гурав, Сингапурт гурав, Чех улсад хоёр, Бельги улсад хоёр, Шведэд хоёр, Словак улсад нэг, Японд нэг, Унгарт нэг, Польш улсад нэг, Тайландад нэг  иргэн хоригдож байна.  Тэгвэл гадаадын 19 иргэн  манай улсад ял эдэлж байгаагаас хоёр нь Вьетнамын иргэн байгаа аж.

5000-6000 иргэн хувьцааны данс нээлгэжээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжиж эхлэх тухай төр, засгийн тогтоол, шийдвэртэй холбоотойгоор олон нийтийн үнэт цаасны данс нээлгэх нь идэвхжээд буй.

Энэ оны эхний хагас жилд сард дунджаар 5000-6000 иргэн данс нээлгэж байсан бол наймдугаар дугаар сард дээрх тоо 8902-т хүрсэн. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сард 24 682 иргэн дансаа нээлгэжээ. Үүнийг харгалзан Монголын хөрөнгийн бирж үнэт цаасны дансны бүртгэлийг гүйцэтгэх “Millennium CSD” системийг ирэх арваннэгдүгээр сарыг дуустал амралтын өдрүүдэд ажиллуулахаар боллоо.

Г. Занданшатар: Оюутолгойн гэрээг сайжруулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Оюутолгойн гэрээг сайжруулах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлээд олон удаагийн яриа хэлэлцээг Рио тинто болон Оюутолгойтой хийсээр ирсэн. Удаан хугацааны яриа хэлэлцээний үр дүнд бид Монгол Улсын ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах, Монгол Улсад үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулах гэсэн таван үндсэн зарчмаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар болсон"  гэлээ. 

1072 хувьцааг худалдаж авна гэх мэдээлэл худлаа

Өчигдөр олон нийтийн сүлжээнд "1072 хувьцааг өндөр үнээр худалдаж авна" гэх цуурхал тарж, иргэдийг багагүй төөрөгдүүлэв. Сая саяар үнэлэгдэх үнэ хэлсэн уг мэдээлэл худал гэдгийг Эрдэнэс Тавантолгой компаниас албан ёсоор мэдэгдэж байна. 

1072 хувьцаа нь одоогоор эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа. Тэгэхээр хувьцааг худалдаж авна гэсэн мэдээлэл нь залилангийн гэмт хэргийн шинжтэй байгааг тус компанийн мэдэгдэлд дурдсан байна. Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлагын мэдээллээр энэ оны сүүлээр 1072 хувьцааг "амилуулж", иргэдэд ногдол ашиг тараана. Одоогоор хувьцааны данс нээх ажиллагаа үргэлжилж буй юм.

Бага насны хүүхэд 5 давхараас унаж амиа алджээ

Энэ сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн XV хороонд байрлах “Рапид” харш хотхоны орон сууцны таван давхраас дөрвөн настай хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Хэргийг одоогоор харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.  Мөн цагдаагийн байгуулагаас бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг эцэг, эхчүүдэд анхааруулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment