8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар санхүүжилтээ салхинд хийсгэсээр байх уу

2018-10-11 08:54:00

Энэ оны хүүхэд хамгааллын төсөвт тусгагдсан 6.4 тэрбум төгрөгийн 3.7 тэрбум төгрөгийг байгууллагын эд хогшил, үйл ажиллагаанд зарцуулсан гэх шүүмжлэл Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг нэлээд асуудалд оруулсан. Тодруулбал,  Хүүхэд хамгаалахад 1.4 тэрбум төсөвлөдөг байсныг эмэгтэй гишүүдийн санаачлагаар 2018 оны төсөвт таван тэрбумыг нэмж, 6.4 тэрбум төгрөг болгосон. Гэтэл үр ашиггүй зарцуулалт хийсэн гэсэн мэдээллээр сошиолаар нэг хөвөрлөө. 

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг нэлээд шүүмжилж  “Хүүхэд хамгааллын чиглэлд өнгөрсөн жил эмэгтэй гишүүд баахан хөөцөлдөж байж, 5 тэрбумаар нэмэгдүүлж батлуулсан. Тайлан дээрээ 3.7 тэрбум төгрөг эд хогшил авсан гэж буулгасан байна. Үүнийгээ яг одоо тайлбарла. Тайлангаас харахад бодитой зүйл алга. Сургалт, семинар гэсэн ерөнхий санаанууд байгаад байна. Яг хүүхэд хамгаалсан ажил огт алга” хэмээн нэлээд шүүрхэн шүүмжлээд авсан. Ерөнхийлөгчийн энэхүү шүүмжлэлийн хариуд ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх " 3.7 тэрбум төгрөгөөр тавилга авна гэж юу байх вэ. Тавилгад бид 192.5 сая төгрөг зарцуулсан” хэмээн торох юмгүй хариулж байна лээ. Гэтэл үнэн нөхцөл байдал дээрээ хүүхдийн эрх өдөр бүр, цаг минут тутамд  зөрчигдөж байна. Өдөр алсгалгүй 0-16 насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн харамсалтай эмэгнэлтэй мэдээллүүд ар араасаа цуварсаар байна. Нөхцөл байдал ийм байхад “ГБХЗХГ-аас манай байгууллага энэ жил ингэж ажиллалаа. Улс орон даяар хүүхэд рүү чиглэсэн урьдчилан сэргийлсэн ийм ажил хийлээ” гээд тайлан тавиад сууж байхын оронд эд хогшил худалдаж авсанаа тайлбарлаад сууж байх ч гэж дээ. Буруу гажуу зүйлсийн сөрөг үр дагавар, хор хөнөөлийг суртачлан таниулж, жигшүүлэх талын ажлыг цаг, минут тутамд хийх ёстой. Тэгж байж бид ирээдүй хойч үеээ аварч үлдэнэ.Гэтэл энэ үндсэн үүргээ  Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар биелүүлж чадаж байна уу.

Хамгийн сүүлд гэхэд 14 настай охиноо ээж нь БНХАУ-ын Эрээн хотод зочид буудалд мөнгөний барьцаанд үлдээсэн эмэгнэлтэй хэрэг гарлаа. Буудлын барьцаанд үлдсэн бяцхан охин тэнд байх хугацаандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн ноцтой үйлдэл ил болсон. Мөн  2015 онд 4 настай охиныг хойд эх, төрсөн эцэг нь удтал тарчлааж зодсоны эцэст охин зодуурыг дийлэлгүй амиа алдсан хэрэг гарсан.

5 настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн, 1,8 сартай хүүг хүчирхийлсэн гээд л эрүүл хүний ой ухаанд багтамгүй ноцтой хэргүүд маш олон гарч байна. Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэ бүхнээс урьдчилан сэргийлэх ямар ажил хийсэн бэ. Та бүхний хоосон лоозонгийн чинь ард хүүхдийн эрх дараах төрлүүдээр зөрчигдсөөр байна. Тодруулбал,

  1. Хүчирхийлэлд өртөж амь насаа алдах, насан туршдаа мартахгүй шарх сорви, сэтгэлийн зовлон шаналалтай үлдэж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт 28550 гэмт хэрэг гарсан байна. Үүнээс нийслэлд 20525, орон нутагт 7984 гэмт хэрэг үйлдэгдэж, бусад газарт 41 бүртгэгджээ.
  2. Эрхэм дарга нарын ажлаалаа тайлдаг хурдан морьны уралдаан. Жил бүр зохион байгуулагдаж байгаа хурдан морьны уралдаанаас болж жилд 200-300 хүүхэд мориноос унаж бэртэж байна.
  3. Зам тээврийн ослоор нас барсан хүүхдийн тоо жил ирэх тусам өсч байна. Замын цагдаагийн албаны судалгаагаар 2013 онд 37 хүүхэд зам тээврийн ослоор нас барсан бол 2014 онд 48 болж 29.7 хувиар өссэн. Гэмтсэн хүүхдийн тоо 2013 онд 197 байсан бол жилийн дараа 233 болсон байна. Тэгвэл 2016 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 418 хүний амь нас хохирсноос 48 нь хүүхэд гэсэн судалгаа гарсан байдаг.
  4. Эрүүл хүүхдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх өдөр бүр зөрчигдөж байна. Монголд 2-6 настай 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн албан бус судалгаа байна. Эдгээр 10 мянган хүүхдийн 1000 гаруй нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Үлдсэн хүүхдүүд яах вэ.

Захын жишээнээс дурьдахад л ийм байна. Энэ мэтчилэн өдөр бүр алхам тутамд энхрий бяцхан үрсийн эрх зөрчигдөж байна. 5 тэрбум төгрөгөөр төсвийг нь  нэмсэн байхад үйл ажиллагаа сайжруулахгүй бол бидний ирээдүй хойч болсон бяцхан үрсийн эрх зөрчигдсөн хэвээр л байна.  Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан та бүхэн үйл ажиллагаанд онцгой анхаарч,санхүүжилтээ салхинд хийсгэмээргүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл