8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Сургуулийн захиралд хахуул өгсөн иргэнийг хорьж, Монголд авсан зураг тэргүүн байр эзэлсэн өдөр

2018-10-11 18:40:00

Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах цаг мөчтэй нэгэн шинэ өдөр дуусч байна. Улс төр, нийгэм, эдийн засаг гээд гадаад ертөнц хүртэл сонирхолтой, содон бас түгшээсэн мэдээллээр дүүрэн өдөр танд талархая.

Оюун уxаан ундаршгүй тул

Уншиж мэдэxэд цаг гарга

Ариун xишиг бурxныx тул

Хайр сэтгэлдээ цаг гарга... гэдэг шүлэг байдаг шүү дээ.

Өнөөдөр улс эх орны минь улс төр, нийгэмд сонсч дуулах мэдээллээр дүүрэн байлаа. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Т.Баярхүү: Сургуулийн захиралд хахуул өгсөн иргэнийг хорьсон

Нэгдүгээр сургуулийн захирлыг цагдан хорьсонтой холбогдуулан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодрууллаа. 

-Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ бусдаас хахууль авсан үндэслэлээр цагдан хоригдож шалгагдаж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Хахууль өгсөн иргэнийг бас цагдан  хорьсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа тул энэ талаар мэдээлэх боломжгүй байна. Харин сургуулийн захирал хахууль авсан асуудлаас тусдаа нэг зүйлийн талаар зайлшгүй хэлэх шаардлагатай байна. Сургуулийн захиралд хахууль өгсөн гэх үндэслэлээр нэр бүхий иргэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Иргэд хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас болж ийм нөхцөл байдалд орж байна. Хахууль өгөх гэмт хэрэг нь гурван жил хүртэл хугацаагаар хорих хатуу ял шийтгэлтэй байдаг.

-Хахууль өгсөн, авсан хоёулаа адилхан ял шийтгэгдэх хуулийн зохицуулалттай болохоор энэ төрлийн гэмт хэрэг илчлэгдэхгүй байх шиг байна. Энэ зохицуулалтыг өөрчлөх боломж байгаа юу?  

-Шинээр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 22.5 буюу “Хахууль өгөх” гэмт хэрэг нь онцлог зохицуулалтай. Эрүүгийн хуулийн 22.5-ын 3 дахь хэсэгт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан. Энэ нь хэрвээ иргэн өөрөө хүсээд, санаачлаад, зохион байгуулаад төрийн албан хаагчид хээл хахууль өгч ажил хэргээ бүтээсэн бол хуулийн энэ зохицуулалтад хамаарахгүй. Харин албан тушаалтан төрийн үйлчилгээ үзүүлэхдээ тухайн иргэнийг хясан боогдуулж аргагүй байдалд оруулсан байхыг ойлгоно. Товчхондоо иргэн  тухайн төрийн үйлчилгээг авахын тулд албан тушаалтанд хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орж хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдээд, мөн  энэ тухайгаа сайн дураараа хуулийн байгууллагад илчилж, мэдэгдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн хуулийн зохицуулалт үйлчилж байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээхгүй байхын зэрэгцээ хахууль өгч авсан төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээнэ гэж тайлбарлаж болно.

-АТГ-ын энэ баривчилгааны дараа нийслэлийн зарим сургуулийн захиралтай холбоотой авлигын асуудлыг иргэд сошиалаар хөндөж байна. Тэд энэ тухайгаа илчлэх ёстой юм байна, тийм үү?

-Хүүхдээ нэгдүгээр ангид элсүүлэх, эсвэл сургууль шилжүүлэн сургах зорилгоор сургуулийн захирал болон бусад холбогдох албан тушаалтанд хахууль өгч асуудлаа шийдвэрлүүлсэн, эсвэл энэ талаар мэдээлэл байгаа бол АТГ-т мэдээллээ ирүүлээрэй гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл сургуулийн захирал, сургалтын менежер нь таныг хүүхдээ сургуульд элсүүлэхийн тулд  хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулан хясан боогдуулах замаар хахууль авсан бол, мөн энэхүү үйлдлийг та сайн дураараа илчилж ирвэл таны авсан төрийн үйлчилгээ буюу хүүхдийг тань сургуульд нь хэвээр үлдээж танд ямар нэгэн эрүүгийн хариуцлага яригдахгүй гэсэн үг юм. Ийм учраас АТГ-т үнэн зөв мэдээлэл ирүүлж иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй. Нийгэмд, хойч үед маань асар их аюул тарих авлигын хорт үзэгдэлтэй тэмцэхэд иргэн таны оролцоо маш чухал байна. Ийм болоод удаж байна, одоо л мэдэж байгаа юм уу гэх мэт иргэдийн үзэл бодол илэрхийлсэн сэтгэгдэл нийгмийн сүлжээнд гарсныг харсан. Нэгэнт яригдаад байгаа асуудал хууль бус гэдгийг мэдэж байгаа бол яагаад чимээгүй яваад байна вэ. Та иргэний үүргээ биелүүлж, аливаа хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд гар бие оролцоно уу гэж уншигчдаас хүсч байна. Өгсөн, авсан 2-уулаа буруутаж байгаа үед хэрэг илрэхгүй гэх мэтээр олон нийтэд хуулийн зохицуулалтын талаар буруу ойлголт төрүүлж байгаа асуудал ч байна.

-Ер нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг авлигаас ангид байлгах тал дээр урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

-АТГ-аас нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилийн сургуулийн өмнөх буюу төрийн өмчийн цэцэрлэгүүдийн элсэлтийг Нийслэлийн боловсролын газар 100 хувь цахимаар зохион байгуулах болсонтой холбогдуулан Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь хэсэгт заасны дагуу цахим бүртгэл болон элсэлт, элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, урьдчилан сэргийлэх шат дараалсан ямар арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудад харьяаллын дагуу элсэх элсэгчдийн тоон мэдээг бодитой гарган харьяаллын бус элсэлтийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, боломжтой орон тоон дээр тодорхой шалгууртай нэгдсэн арга хэмжээний хүрээнд ил тод зохион байгуулах, энэ талаар олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллах зөвлөмж хүргүүлсэн. Бид хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь очиж танилцаж байгаа. Цаашдаа эрэлт, хэрэгцээ ихтэй үүнээсээ шалтгаалаад авлига, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсч байгаа сургуулиудын элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтад оруулж олон нийтэд ил тод зохион байгуулдаг болгох чиглэлээр БСШУСЯ-тай хамтран ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар санхүүжилтээ салхинд хийсгэсээр байх уу

Энэ оны хүүхэд хамгааллын төсөвт тусгагдсан 6.4 тэрбум төгрөгийн 3.7 тэрбум төгрөгийг байгууллагын эд хогшил, үйл ажиллагаанд зарцуулсан гэх шүүмжлэл Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг нэлээд асуудалд оруулсан. Тодруулбал,  Хүүхэд хамгаалахад 1.4 тэрбум төсөвлөдөг байсныг эмэгтэй гишүүдийн санаачлагаар 2018 оны төсөвт таван тэрбумыг нэмж, 6.4 тэрбум төгрөг болгосон. Гэтэл үр ашиггүй зарцуулалт хийсэн гэсэн мэдээллээр сошиолаар нэг хөвөрлөө. 

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг нэлээд шүүмжилж  “Хүүхэд хамгааллын чиглэлд өнгөрсөн жил эмэгтэй гишүүд баахан хөөцөлдөж байж, 5 тэрбумаар нэмэгдүүлж батлуулсан. Тайлан дээрээ 3.7 тэрбум төгрөг эд хогшил авсан гэж буулгасан байна. Үүнийгээ яг одоо тайлбарла. Тайлангаас харахад бодитой зүйл алга. Сургалт, семинар гэсэн ерөнхий санаанууд байгаад байна. Яг хүүхэд хамгаалсан ажил огт алга” хэмээн нэлээд шүүрхэн шүүмжлээд авсан. Ерөнхийлөгчийн энэхүү шүүмжлэлийн хариуд ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх " 3.7 тэрбум төгрөгөөр тавилга авна гэж юу байх вэ. Тавилгад бид 192.5 сая төгрөг зарцуулсан” хэмээн торох юмгүй хариулж байна лээ. Гэтэл үнэн нөхцөл байдал дээрээ хүүхдийн эрх өдөр бүр, цаг минут тутамд  зөрчигдөж байна. Өдөр алсгалгүй 0-16 насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн харамсалтай эмэгнэлтэй мэдээллүүд ар араасаа цуварсаар байна. Нөхцөл байдал ийм байхад “ГБХЗХГ-аас манай байгууллага энэ жил ингэж ажиллалаа. Улс орон даяар хүүхэд рүү чиглэсэн урьдчилан сэргийлсэн ийм ажил хийлээ” гээд тайлан тавиад сууж байхын оронд эд хогшил худалдаж авсанаа тайлбарлаад сууж байх ч гэж дээ. Буруу гажуу зүйлсийн сөрөг үр дагавар, хор хөнөөлийг суртачлан таниулж, жигшүүлэх талын ажлыг цаг, минут тутамд хийх ёстой. Тэгж байж бид ирээдүй хойч үеээ аварч үлдэнэ.Гэтэл энэ үндсэн үүргээ  Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар биелүүлж чадаж байна уу.

Хамгийн сүүлд гэхэд 14 настай охиноо ээж нь БНХАУ-ын Эрээн хотод зочид буудалд мөнгөний барьцаанд үлдээсэн эмэгнэлтэй хэрэг гарлаа. Буудлын барьцаанд үлдсэн бяцхан охин тэнд байх хугацаандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн ноцтой үйлдэл ил болсон. Мөн  2015 онд 4 настай охиныг хойд эх, төрсөн эцэг нь удтал тарчлааж зодсоны эцэст охин зодуурыг дийлэлгүй амиа алдсан хэрэг гарсан.

5 настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн, 1,8 сартай хүүг хүчирхийлсэн гээд л эрүүл хүний ой ухаанд багтамгүй ноцтой хэргүүд маш олон гарч байна. Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар энэ бүхнээс урьдчилан сэргийлэх ямар ажил хийсэн бэ. Та бүхний хоосон лоозонгийн чинь ард хүүхдийн эрх дараах төрлүүдээр зөрчигдсөөр байна. Тодруулбал,

  1. Хүчирхийлэлд өртөж амь насаа алдах, насан туршдаа мартахгүй шарх сорви, сэтгэлийн зовлон шаналалтай үлдэж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт 28550 гэмт хэрэг гарсан байна. Үүнээс нийслэлд 20525, орон нутагт 7984 гэмт хэрэг үйлдэгдэж, бусад газарт 41 бүртгэгджээ.
  2. Эрхэм дарга нарын ажлаалаа тайлдаг хурдан морьны уралдаан. Жил бүр зохион байгуулагдаж байгаа хурдан морьны уралдаанаас болж жилд 200-300 хүүхэд мориноос унаж бэртэж байна.
  3. Зам тээврийн ослоор нас барсан хүүхдийн тоо жил ирэх тусам өсч байна. Замын цагдаагийн албаны судалгаагаар 2013 онд 37 хүүхэд зам тээврийн ослоор нас барсан бол 2014 онд 48 болж 29.7 хувиар өссэн. Гэмтсэн хүүхдийн тоо 2013 онд 197 байсан бол жилийн дараа 233 болсон байна. Тэгвэл 2016 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 418 хүний амь нас хохирсноос 48 нь хүүхэд гэсэн судалгаа гарсан байдаг.
  4. Эрүүл хүүхдээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх өдөр бүр зөрчигдөж байна. Монголд 2-6 настай 10 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн албан бус судалгаа байна. Эдгээр 10 мянган хүүхдийн 1000 гаруй нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Үлдсэн хүүхдүүд яах вэ.

Захын жишээнээс дурьдахад л ийм байна. Энэ мэтчилэн өдөр бүр алхам тутамд энхрий бяцхан үрсийн эрх зөрчигдөж байна. 5 тэрбум төгрөгөөр төсвийг нь  нэмсэн байхад үйл ажиллагаа сайжруулахгүй бол бидний ирээдүй хойч болсон бяцхан үрсийн эрх зөрчигдсөн хэвээр л байна.  Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан та бүхэн үйл ажиллагаанд онцгой анхаарч,санхүүжилтээ салхинд хийсгэмээргүй байна.

Хууль бус үр хөндөлтөөс болж 2 эмэгтэй умайгаа авахуулах хагалгаанд оржээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас хууль бус үр хөндөлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай  хэвлэлийн бага хурал хийлээ. Шалгалтын зорилго нь   хууль бус үр хөндөлтийн тохиолдлыг илрүүлэх, тэмцэх, давтан болон аюултай үр хөндөлтөөс сэргийлэх, бууруулах зорилгоор  Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр ажилладаг улс болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт хийлээ. Хяналт шалгалтад нийт 46 эмнэлгүүд хамрагдлаа.

Эмчилгээний хяналтын чиглэлээр гарсан зөрчлүүд: Тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулдаггүй, Тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр үйл ажиллагаа явуулж байгаа Энхлэг, Сүйжин, Ач арвижих,  Ди Эл Өү, Энхмөнхманал  эмнэлэгүүд; Эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан Бяцхан гүнж, Цэцэгс ,Сэцэнгоо эмнэлэг,  Хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал хүндэрч ирсэн үйлчлүүлэгчийн тохиолдлыг судлахад ЭХ хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газруудад эхний 8 сарын байдлаар 21 тохиолдол бүртгэгджээ. Шалтгааныг тодруулахад  Эрээнээс-3, интернетээр-2, Нарантуул зах -3, Зүүн хараагийн захаас 4, хувь хүнээс-2  үйлчлүүлэгч зулбуулах эм авч уусан байна. ЭХ хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Амгалан амаржих газарт үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай цоорсон 2 тохиолдлыг мэс заслын аргаар эмчилсэн байна.

 Баянзүрх дүүрэгт байрлах Энхийн төлөө эмэгтэйчүүдийн /8 ортой/ магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан эмнэлэгт  үйлчлүүлэгч  Н нь 2018 оны 4 дүгээр сарын 5-нд үзүүлж онош нь  4-5 долоо хоногтой жирэмсэн эхэд  эмийн зулбаа хийсний улмаас, хүндрэл гарч эмнэлэгт  хандсан.Зөрчил дутагдал гаргасан этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу 4 хуулийн этгээд, 3 эмчид 2.900.0 төгрөгийн шийтгэлийг оногдуулан ажиллалаа.

Иргэдэд сэрэмжлүүлэхэд:Үр хөндөлт дотроо хоёр янз бий. Эмийн үр хөндөлт болон багаж аргаар. Эмийн аргаар бол гурван өдрийн хугацаа шаардагдана. Багаж аргаар бол ердөө тавхан минут. Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмсэн болоход ямар нэгэн асуудал үүсдэг. Үргүйдлийн асуудалтай болсон байдаг. Мөн жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх тал дээр илүү анхаарч, мэдлэгтэй болмоор байна. Ийм хэцүү зүйл хийхгүйн тулд гэр бүл төлөвлөлтөө сайн зохион байгуулж байгаарай гэж хүсэж байна. Зөвшөөрөгдсөн эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч үр хөндөлт хийдэг. Учир нь энэ нь эхийн биед сөрөг нөлөө ихтэйгээс гадна, бүрэлдэж бий болсон хүнийг алж байгаагаас өөрцгүй хэрэг тул аль болох үр хөндөлт хийлгэхгүй байхыг зөвлөж байна.   

Улмаар хууль бусаар үр хөндүүлэхэд хүндрэл гарч ирсэн 21 эмэгтэйчүүдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан. Хоёр эмэгтэй умайн авахуулах хагалгаанд орсон аж.  Мөн Өргөө" амаржих эмнэлгийн эмч нар 6-12 жилийн хугацаанд өөрсдийнхөө нэр дээр тусгай зөвшөөрөл авч давхар ажиллаж байсан нь судалгаагаар тогтоогдсон. Энэ нь тодорхой хэд хэдэн хуулиудыг зөрчсөн нь илрээд байна. Хувийн эмнэлгүүд дээрээ давхар мөнгөөр үздэг ч юм уу тийм ашиг сонирхлын зөрчил илэрч байхыг үгүйсгэхгүй. Одоогоор таван эмч тогтоогдоод байгаа. Тэдний мэдээллийг НЭМГ-т хүргүүлжээ. 

Замын цагдаагийн алба хаагчид хүн амины хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэв

Энэ сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд хүний амь насыг хохироон хэргийн газраас зугтаасан хүнд гэмт хэрэгтнийг  замын цагдаагийн алба хаагчид  илрүүлжээ.

Тодруулбал, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран гудамж замд хяналт шалгалт хийж байх хугацаандаа мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай шалгаж илрүүлсэн байна.

Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Фото: Монгол орны баруун хязгаарт авсан гэрэл зураг тэргүүн байр эзэллээ

Олон улсын гэрэл зурагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг “All About Photo” уралдааны 2018 оны шагналтнуудыш тодруулсан байна. Тус уралдааны тэргүүн байранд  Их Британий гэрэл зурагчин Тарик Зайдигийн Монгол орны баруун хязгаарт авсан  Казах өндөр настан анч бүргэд, ач хүүтэйгээ морины нуруун дээр байгаагаар дүрслэгдсэн гэрэл зураг тэргүүн байранд орсон байна. Тэргүүн байранд орсон гэрэл гэрэл зурагчныг $5,000-ын мөнгөн шагналаар шагнасан байна. 

1-р байр

2-р байр

3-р байр

4-р байр

5-р байр

Та МӨНГӨӨ АВТОМАТААР ХУРИМТЛУУЛАХ боломжтой

Төрийн банкнаас танд  Автомат хуримтлалын үйлчилгээг санал болгож байна. Төрийн банк Монголын зах зээлд анх удаа энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.

Автомат хуримтлалын үйлчилгээ нь таны төгрөгийн данснаасаа хийж буй төлбөрийн гүйлгээний бутархай дүнг мянгатаар бүхэлчлэн тооцож, зөрүү дүнгээр хуримтлалын хадгаламжийн дансанд автоматаар шилжүүлдэг үйлчилгээ юм. Та хялбар аргаар хуримтлал үүсгээд, нэмээд хүү тооцуулан авах боломжийг бүү алдаарай.

Харилцагч та иргэний үнэмлэхтэйгээ Төрийн банкны дурын салбар нэгжид ирж үйлчилгээнд бүртгүүлээрэй. Хэрэв та Гялсбанк үйлчилгээг ашигладаг бол өөрийнхөө эрхээр нэвтэрч орон энэхүү үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.statebank.mn/w/mn/m566 линкээр болон Төрийн банкны өөрт ойрхон салбар, нэгжээс авна уу. Мөн Төрийн банкны мэдээллийн төв 1800-1881 утаснаас лавлана уу.

Захуудад шаардлага хүргүүлжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/204 дүгээр Тушаалын дагуу иргэдийн эрүүл, ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хороо Цайз орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд мод, нүүрс худалдаалдаг захуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, ил задгай худалдааг цэгцлэх, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан өнгөрсөн наймдугаар сараас эхлэн шат дараатай арга хэмжээг авч байна.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон Газрын албаны холбогдох мэргэжилтнүүд орж байгаа бөгөөд Цайз, Доной, Цолмонбадрах болон Мон жайт захуудад хуулийн хүрээнд зохих ёсны саналыг тавьж, шаардлага хүргүүлж ажиллаж байна.

ЦЕГ: Зээл гаргана зээл, виз гаргана гэх зараас болгоомжил

Залилах гэмт хэрэг энэ оны эхний 9 сарын байдлаар 3924 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1995 гэмт хэргээр буюу 2 дахин өсчээ.

Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа хэргийн 450 хэрэг буюу нийт хэргийн 11 хувь нь визтэй холбоотой, 449 хэрэг буюу 11.4 хувь нь гар утастай холбоотой, 336 хэрэг буюу 8.6 хувь нь автомашинтай холбоотой, 278 хэрэг буюу 7.1 хувь нь цахим ашиглаж, 75 буюу 1.9 хувь нь ажил, сургууль, цэцэрлэгт оруулж өгнө гэж, 49 буюу 1.2 хувь нь хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ашиглаж,17 буюу 0.4 хувь нь тендер авч өгнө гэж залилсан байна. 

Сүүлийн үед виз гаргаж өгнө, виз мэдүүлэх, хөнгөлттэй зээл авахад зуучилна, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Тухайлбал: Пирамид тогтолцооны аргаар мөнгө босгож залилсан гэмт хэрэгт 14,000 орчим иргэн 26 тэрбум төгрөгөөр, визтэй холбоотой гэмт хэрэгт 805 иргэн 300 орчим сая төгрөгөөр өртөж хохирсон байна.

Залилах гэмт хэргийн суурь шалтгаан нь иргэдийн эрхзүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, аливаа ажлыг хялбараар бүтээх гэсэн хэрэгцээ шаардлагыг гэмт этгээдүүд ашиглаж байна.

Богино хугацаанд өндөр ашиг олох бизнест хамтран ажиллах санал тавьсан байгууллага, хувь хүний эрх бүхий байгууллагаас өгсөн тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүчинтэй зөвшөөрөл, байгаа эсэхийг лавлах, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээс зөвлөгөө авах, төрийн үйлчилгээг хууль дүрэмд заасны дагуу авах, холбогдох хууль эрхзүйн актыг судалж шийдвэр гаргаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
hahuuli ugsun geh irgeniig horidog bolih heregtei, avsaniin horildoo, tegehgui bol 2laa helehgui naad avilgal chin buur nuugdmal bolno shdee
2018/10/12 1.25.87.23