Дөнгөж сая УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. УИХ-ын дарга З.Энхболд түүнийг хууль зөрчсөн хэмээн үзэж албан тушаалаас нь эгүүлэн татах албан тоотыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Харин Улсын дээд шүүхээс түүнийг эгүүлэн татахыг зөвшөөрснөөр ийнхүү УИХ-аар хэлэлцсэн юм. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариулсны дараа санал хураалаа. Чуулганд оролцсон 44 гишүүнээс 35 гишүүн нь Цэцийн гишүүнийг эгүүлэн татахыг дэмжиж есөн гишүүн дэмжсэнгүй. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулахаар боллоо.