8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Монголын ихэр охид Бельги улсын сонгуульд өрсөлдөж, Дэлхийн залуучуудын шинэ аваргатай болсон өдөр

2018-10-12 18:40:00

Ачаалалтай ч гэсэн амжилт дагуулсан шинэ долоо хоногийн ажлын өдрүүд ийнхүү дуусаж байна. Та энэ долоо хоногт төлөвлөсөн ажлуудаа дуусган, амралтын өдрөөр юу хийхээр төлөвлөж сууна уу. Хайртай гэр бүлтэйгээ энэ амралтын өдрөө халуун ам бүлээрэй сайхан өнгөрүүлээрэй. Хэн бүхний хувьд  хамгийн чухал зүйл бол гэр бүл шүү дээ. Энэ их ажлын дундуур “Бид ер нь амьдрах гэж ажиллаад байна уу?, ажиллах гэж амьдраад байна уу? гэсэн бодол хааяа таньд төрж байна уу . Тэгвэл амралтын энэ өдрүүдээ хайртай ханьдаа гэр бүлдээ зарцуулаарай. “Өргөн орчлонд хүн хайраар л дутаж болохгүй” гэсэн сайхан үг байдаг шүү дээ. Дэргэдээ байгаа бүхнээ хайрлаарай. Амралтын өдрүүдэд цаг агаар тогтнуун байх  тухай ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэлсэн тул агаар салхинд хайртай гэр бүлтэйгээ хамт гарч, амралтын өдрөө аятай тухтай өнгөрүүлээрэй. Ингээд үдэш бүхнийхээ энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тоймоо хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ч.Хүрэлбаатар сайдын өөрийнх нь тойрогт хамгийн их буюу 50 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн "ОНЦЛОХ ИШЛЭЛ"-ийг хүргэж байна. 

  • Дэлхий нийтийн санхүү, эдийн засгийн төсөөлөл ийм бараан байхад Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл нь хэт өөдрөг, айсуй хямралыг огт тооцоогүй, бодит амьдралаас тасарсан, 2020 оны сонгуульд нөлөөлөх талаар илүүтэй бодсон, ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн болжээ.
  • Маш олон жил давтагдаж байгаа сонгуулийн өмнөх жил гишүүдийг аргадаж, тойрогт нь хийх хөрөнгө оруулалтыг өсгөх замаар “авлигаддаг” зуршлаас Засгийн газар татгалзаагүй байна. 2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 72 гишүүнийхээ хэл амыг дарахын тулд 1 сая төгрөгөөр эхэлсэн “гишүүний мөнгө” гэгдэх тухайн тойрогт хийгдэх хөрөнгө оруулалт өнөөдөр 5 тэрбум төгрөгт хүрч 5000 дахин өсчээ.
  • Улсын төсөв нэгэнт төлөвлөгдсөний дараа гишүүд сонгогдсон тойрогтоо зураг төсөв нь ч гараагүй барилга байгууламж нэмүүлж байна.
  • УИХ-ын гишүүн Ч.Улааны хэлснээр шинээр эхлүүлэхээр төсөвлөсөн 570 барилгын 66 хувь нь буюу 375 барилга огт зураг, төсөвгүй байгаа нь төсвийн тухай хуулийн 29.4-ийг зөрчиж байна.
  •  Хөдөө орон нутагт баригдах нэг объектын жишиг өртөг ойролцоогоор 1 тэрбум гэж багаар тооцоход дор хаяж 400 тэрбум төгрөг хэмнэж болохоор байна. Зураггүй, төсөвт өртөг нь тодорхойгүй барилга байгууламж олон жил дамнан, жил ирэх бүр өртөг нь нэмэгдэж төсөвт дарамт учруулдаг. Хууль зөрчсөн эдгээр объектуудыг ард түмэн “гишүүний мөнгө” гэж нэрлэж заншжээ. Эдгээр 375 барилгыг төсвийн төслөөс хасах саналтай байна.
  • Олон жилийн туршлагаас харахад сонгогчид ийм зүйлсээр сонгосон УИХ-ын гишүүнээ дүгнэхээ больчихсон. Эрхэм гишүүд Та бүхэн асуудалд эрүүл ухаанаар хандаж төсвийг айсуй санхүүгийн хямралд улсынхаа эдийн засгийг бага өртүүлэх, тэсэж үлдэх тал руу хандуулбал зохистой байна. 
  •  2019 оны төсвийн төсөл маш их шүүмжлэл хүлээхээр, муу боловсрогдсон байна. Боловсруулсан хүмүүс нь илт ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдсөн байгааг гишүүд хэлж, шүүмжилж байгаа нь сайшаалтай.
  • Сангийн сайдын өөрийнх нь тойрог Увс аймагт бусад аймгуудаас 10 дахин их хэмжээгээр буюу 52,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн байна гэдэг бол ичгүүргүй, ёс зүйгүй үйлдэл.
  • Миний зүгээс 2019 оны төсвийн төсөлд өгөх шүүмжлэл, санал цөөнгүй байна.
  • Юуны өмнө эдийн засаг сайжрах замдаа орсон гэж дүгнээд, их зардал төсөвлөөд байгааг шүүмжилье.
  • Хэрвээ эдийн засгийн үзүүлэлтүүдээ тогтож харвал сайжирсан зүйл огт байхгүй, инфляци өссөн, төгрөгийн ханш эрс суларсан байдалтай байна. Харьцуулахад, инфляци 2015 оны эцэст 1,9 хувьтай байсан бол өнөөдөр он дуусаагүй байхад 8,8 хувь болж өсжээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны 6 дугаар сард 1950 байсан бол өнөөдөр 2552 болж 602 төгрөгөөр суларсан байна.
  • Бензин шатахууны үнэ 19-30 хувиар өсчихөөд байхад салбарын сайд, Засгийн газар хариу үйлдэл үзүүлэх чадваргүй суусаар байна.
  • Дараагийн хэлэх зүйл бол өр! Хоёрхон жилийн өмнө одоогийн эрх барьж байгаа МАН өрөөр айлган байж 2016 оны сонгуулиар Засгийн эрх авсан. \
  • Сүүлийн 2 жил нийт өр буурах биш эсрэгээр нэмэгдсэн байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын өр 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол одоо 21.1 их наяд төгрөгт хүрсэн.
  • Өр нэмж тавихгүй, зээл авахгүй гэж байсан эрх баригчид “Мазаалай” бонд 500 сая ам.доллар, “Хуралдай” бонд 600 сая ам.доллар, “Гэрэгэ” бондоор 800 сая ам.доллар зээлчихээд байна. Өр дарагдсангүй, эсрэгээр нэмэгдчихээд байхад “өр дарлаа” гэж яриад байгаагийн учрыг ойлгохгүй байна.
  • 2021 оноос бондуудын бүтэн төлбөрүүд хийгдэж эхэлнэ. Энэ нь түүхий эдийн үнийн уналтын мөчлөгтэй давхцахаар байгаа. Дээр нь дэлхийн эдийн засаг урьд хожид үзэгдээгүй том хямралтай нүүр тулж магадгүй.
  • Жил болгон төсвийг алдагдалтай баталсаар байгаагаас Засгийн газрын өр маш их хэмжээгээр нэмэгдсэн байна. 
  • 2016 оны 6 дугаар сарын байдлаар Монгол банк 430 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан бол 2018 оны 9 дүгээр сарын 10-ны байдлаар Төв банкны үнэт цаасны өрийн үлдэгдэл нь 4 их наяд 276 тэрбум төгрөг байгаагаас дотоод өр ямар их хэмжээгээр өссөн болохыг харцгааж байгаа байх.
  • 2019 оны төсөвт хууль зөрчсөн зүйл заалтууд их оржээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.3, Төсвийн тухай хуулийн 6.2.2 болон 22, 29.4 дэх заалтууд ноцтой зөрчигдөж байгааг засахгүйгээр энэ төсөв батлагдаж болохгүй.
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “төсөв алдагдалгүй байх ёстой” гэж ярьдаг, шаарддаг байснаа Сангийн сайд болоод өөрөө төсөв зохиох болохоороо 5,4-8 хувийн алдагдалтай төсөв өргөн барилаа.
  • Ам, ажлын зөрүүтэй байдал Монголын төрийг иргэдэд үнэгүйдүүлж байгаа гол хүчин зүйл.  
Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг Сингапурын багтай тоглоно

Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг энэ оны тав дахь олон улсын тоглолтоо өнөөдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр 19:00 цагт Сингапурын шигшээ багийн эсрэг хийнэ.

Сингапурын улсын шигшээ баг дэлхийн чансааны 166-р байранд бичигддэг. Тус багийн хувьд гол анхаарлаа “СУЗУКИ” цомын тэмцээнд хандуулж байгаа бөгөөд Монголын эсрэг хийх тоглолт тус өрсөлдөөнд бэлдэх том боломж гэдгийг хэлжээ.

Манай шигшээ баг Герман мэргэжилтэн Майкл Вайссын удирдлага дор “FIFA DAYS” буюу ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдийн хүрээнд 2018 он дуустал нийт олон улсын таван тоглолт хийж байгаагийн нэг нь Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийх тоглолт юм.

Арваннэгдүгээр сард Тайваньд зохион байгуулах Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны бэлтгэл болох юм. Тус тоглолтын дараа мөн үүний адил чансаанд нөлөөлөх нөхөрсөг тоглолтыг манай залуус Лаосын шигшээ багтай хийж ур чадвараа дээшлүүлнэ.

Монголын хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн талаар Герман мэргэжилтэн Майкл Вайсс хэлэхдээ, “Монголын шигшээ баг өдрөөс өдөрт хурдацтай сайжирч байгаа. Өмнө нь энэ шигшээ багт нэг жилд 6-7 олон улсын тоглолт хийх боломж гардаггүй байлаа. Та бүхний мэдэж байгаагаар Сингапурын шигшээ багийн туршлагатай тоглогч нар л гэхэд шигшээ багтаа 50-60 тоглолтыг хийсэн байдаг. Харин манай залуусын хувьд тийм биш. Тэдний хувьд энэ бол эхлэл. Бид Зүүн Азийн АШТ-ий эхний шатыг амжилттай давсан. Сингапурын шигшээ багийн эсрэг хийх энэ тоглолт тус тэмцээний хоёр дахь шатны бэлтгэл болох чухал тоглолт. Эцэст нь хэлэхэд Монголын шигшээ маш хурдан сайжирч байгааг дуулгахад таатай байна. Хэрвээ энэ хэвээр явж чадвал тэд тун удахгүй Ази тивд гэнэтийн бэлэг барих болно” гэжээ.

Сингапур болон Монголын шигшээ багуудын тоглолт Сингапур улс дахь 200 орчин хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнд 19:30 минутаас эхэлнэ.

Монголын хөгжөөн дэмжигчид тус тоглолтыг “myujoo.tv”-ээр шууд дамжуулалтыг хүлээн авч үзэхээс гадна “АСА Цирк”-т байрлалтай “Krone Brauhaus”-т зочилж үзэх боломжтой юм байна.

13 хүүхэд нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөж, гэмтжээ

Энэ ажлын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 1413 иржээ.  Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 1057 дуудлага байна.

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт зургаан хүний амь нас хохирч, таван хүн гэмтсэн ба нийслэлд 39 хүн гэмтэж бэртсэний 14 нь бага насны хүүхэд бөгөөд 13 хүүхэд нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртөж, гэмтжээ.

Түүнчлэн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлсэн байна.

Энэ оны эхний 9 сард улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй 55994 дуудлага хүлээн авч шийдвэрлэсэн байна. Улсын хэмжээнд Зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.2 хувиар, Улаанбаатар хотод 16.8  хувиар тус тус буурчээ.

Түүнчлэн хүний амь нас хохирсон ослын 25.9 хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос, 18.4 хувийг хурд хэтрүүлсэнээс, 46.5 хувь нь онхолдох хэлбэрээр гарчээ.

Дэлхийн залуучуудын шинэ АВАРГА Э.Энхмаа

Аргентин улсад зохиогдож буй “Буэнос Айрес-2018”  Залуучуудын III Oлимпийн наадмын хийн бууны олон улсын холимог багт Э.Энхмаа олимпийн аварга цол хүртлээ.

Тэрээр Залаан Пеклертэй учирч, нэг экипажийн хос залуус онь холбон мэргэн буудсаар Оросын А.Деревьягина, Мексикийн Рамирес Рамос нарыг 10:9 оноогоор ялж, олимпийн аварга цол хүртээд байна.

Монгол-Унгарын багийн ард 19 хос жагсаж, хүрэл медалийг Финландын Виви Кемппи- Аргентиний Факүндо Фирмапас нар зүүжээ. Арван нэгэн тамирчинтай Тeam Mongolia одоогийн байдлаар нэг алт, хоёр мөнгөн медальтай бна.

Дашрамд Э.Энхмаагийн дасгалжуулагчаар Ж.Ганхуяг ажилласан бөгөөд түүний охин  энэ жил Азийн наадмын түрүү хүртсэн юм.

Сүүлийн 9 жилд төрийн тендерийн 0.7 хувьд томоохон ААН, 99.3 хувьд нь жижиг, дунд бизнесийнхэн оролцжээ

Засгийн газраас баримтлах мөрийн хөтөлбөр болон УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт төрийн тендер шалгаруулалтын үйл ажиллагааг ил тод болгох, цахим хэлбэрээр зохион байгуулах тухай тусган хэрэгжүүлэх болсноор түүнд иргэд хяналт тавих боломж нээгдсэн.¬

Тодруулбал, 2012 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn нэгдсэн цахим системийг эрхлэн хөтөлж, төрийн тендерийн үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг нээлттэй болгожээ. Энэхүү системийн тусламжтайгаар төрийн байгууллага бараа, ажил, үйлчилгээ худалдаж авахаар зарлагдсан тендер, түүнд тавьсан шаардлага, оролцсон болон шалгарсан аж ахуйн нэгжүүдийн талаар мэдэж болно. Мөн баримт бичгээ хуурамчаар үйлдсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй, санхүүгийн тайлан хуурамчаар ирүүлсэн зэрэг тендерт зөрчилтэй оролцогчдын хар жагсаалтыг үзэх боломжтой юм. Уг вэб сайт нээгдээд нэлээн туршлагажсан тул цаашид мэдээллийн жагсаалт хэлбэрээс ахиж дүн мэдээг эрэмблэх, системчлэх, нэгтгэх, диаграммчлах, анализ дүн шинжилгээ хийхэд анхаарвал иргэдэд илүү цэгцтэй ойлголт өгөх болов уу.

Төрийн худалдан авалтын цахим сайтад мэдээлснээр, 2009 оноос хойшхи сүүлийн 9 жилд давхардсан тоогоор нийт 9,748 аж ахуйн нэгж төрийн тендерт оролцжээ. Томоохон компаниудаас, сүүлийн 9 жилд төрийн тендерт

     Шунхлай групп 10 удаа,

  Номин холдинг 8 удаа,

 Мобиком, Таванбогд, М-Си-Эс, Бодь, Макс, Монос, Моннис группүүд 5-7 удаа оролцож, тал хувьд нь л шалгарч байжээ.

  Нийтдээ нэр бүхий томоохон аж ахуйн нэгжүүд 66 тендерт оролцсон байна.

Хувилж үзвэл, сүүлийн 9 жилийн төрийн тендерийн 0.7 хувьд томоохон аж ахуйн нэгжүүд, 99.3 хувьд нь жижиг, дунд бизнесийнхэн оролцжээ.

Жижиг, дунд бизнесийг бодлогоор дэмжин хөгжүүлэхэд төрийн тендер тустай дэмтэй нь мэдээж боловч зохист харьцаа нь арай л алдагдаж туйлширч давжаарсан бололтой. Үүний уршгаар тендер олон дахидаг, гүйцэтгэл нь хугацаандаа хийгддэггүй, он дамжин сунжирдаг, барилга байгууламжийн чанар чансаа гологддог, хөрөнгө мөнгө дутаж гацдаг, хаягддаг зэрэг жижүүрийн хүндрэлээс шалтгаалж үргүй зардал нэмэгдэх, жил бүр төсвийн зардал хэтрэх шалтгаан болдог байхыг үгүйсгэх аргагүй юм.

Тиймээс тухайн салбартаа үйл ажиллагаа нь тогтмолжиж мэргэшсэн, туршлагатай, өрсөлдөх чадвар суусан, санхүүжилт, хүний нөөц бүрдсэн үндэсний хувийн хэвшлийн томоохон компаниудыг төрийн томоохон багц тендерүүдэд илүүтэй татан оролцуулж, тэдгээрийг дагалдуулан жижиг, дунд бизнесийг хөгжүүлдэг туршлагыг судлаж хэрэгжүүлмээр. Төрийн тендер бүрийн гүйцэтгэл стандартад бүрэн нийцсэн чанартайн зэрэгцээ үр дүнтэй, иргэдийн сэтгэлд хүрсэн шударга өгөөжтэй, хувийн хэвшилд тодорхой хэмжээний ашигтай, бүхэлдээ улс орны хөгжилд түлхэц болж байвал сайнсан.

Монголын ихэр охид Бельги улсын сонгуульд өрсөлдөж байна

Монгол ихэр охид Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар нь Бельги улсын CD&V намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Охидын талаарх товч танилцуулгыг хүргэхэд Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар 26 настай. Хоёулаа хуульч мэргэжилтэй. Мэргэжлээрээ Бельги улсын хуулийн компанид ажилладаг. Бельгийн СD&V намын гол 10 хүний жагсаалтад орсон гайхалтай охид аж.  Одоогоор Д.Золжаргал хотод 6, Д.Төгсжаргал дүүрэгт зургаад оржээ. Ихэр охид хоёулаа хуулийн мастер хамгаалсан аж. Д.Золжаргал “Vrije Universiteit Brussel” сургуулийг 2010-2016 онд Master in International and European Law, 2015-16 oнд Master in Taхаtion Law-ыг хамгаалсан бол Д.Төгсжаргал Vrij Universiteit Brussel сургуулийг 2010-2016, Master in Taхаtion Law 2015-16, Master in Economie Law-ыг тус тус хамгаалжээ.

Охид хэлний маш өндөр мэдлэгтэй бөгөөд дунд суруульд сурч байхдаа англи хэл дээр илтгэл тавих уралдаануудад амжилттай оролцож байжээ.

Д.Золжаргал 2009 онд Финлянд улсын Тэмпер хотод болсон Олон улсын Лионс клубээс зохион явуулсан англи хэл дээр илтгэл тавих уралдаанд Англи, Герман, Финлянд, Бельги орны оролцогчдоос тэргүүлж ялагч болж байсан юм.

”Айлуудын янданд утаа шүүгч суулгахаар 54 тэрбум төгрөг төсөвлөсөн”

Агаарын бохирдлыг бууруулахад 200 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаад байна. Энэ хөрөнгөөр сайжруулсан түлшний үйлдвэр барихаас гадна гэр хорооллын 100 мянган айлын янданд утаа шүүгч байрлуулахаар болсон талаар өчигдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ингэж мэдэгдэв.

Янданд суурилуулах шүүгч тус бүрийн үнэ 200 ам.доллар байх юм. Салбарын сайд Н.Цэрэнбат “Нэг удаа шүүлтүүр тараах гэж байгааг шүүмжилж байгаа. Тэгвэл иргэдийн эрүүл мэндийг хамгаалах асуудлаар олигтой алхмуудыг одоо хийж чадахгүй юм бол хэзээ хийх юм бэ” гэв.

Төр засгаас тараахаар бэлтгэсэн утааны шүүлтүүрийн давуу талууд:

  • Бар кодтой бөгөөд смарт аппликэшнтэй юм байна. Үүнийг нь Цахилгаан түгээх сүлжээ компани нь хянаад явах юм.
  • Утааны шүүлтүүрийг айлуудад үнэгүй тараана. Гэхдээ үндсэн үнийг төрөөс татаас хэлбэрээр төлнө.
  • Хятадын Haier компанид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа бөгөөд компанийн зүгээс үйлдвэрлэлийн баталгаа өгчээ.
  • Компанийн зүгээс ирэх долоо хоногт Монголд ирж бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулж, Ерөнхий сайдтай уулзах юм байна.
  • Энэхүү индукцин шүүлтүүрийг 100 мянган янданд байрлуулахад утааны хор багасна гэж тооцоолжээ.
  • Нэг айлыг 80 саяар байранд оруулах боломжгүй учир 500 мянган төгрөгөөр яндангийн шүүлтүүр тавих одоогийн нөхцөл байдалд бүрэн тохирно гэж үзжээ.

Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Бид 200 гаруй гэрт судалгаа хийсэн. Судалгаанд хамрагдсан айлууд өөр радиуст байна. Тэгээд 18 төрлийн зуухыг хэрэглэж байна. Ингээд ямар ч стандартгүй байгаа учраас яндан дээр нь индукцин шүүлтүүрийг нь тавья гэдэгт санал нэгдсэн. Өнгөрсөн жил Монгол Улсын утаанд зарцуулсан бүх мөнгийг 50 сая төгрөгийн үнэтэй байшинд өгөхөд 4,000 айлыг орон сууцтай болгох юм.

4,000 айлыг орон сууцанд оруулчихаар цаана нь үлдсэн 196 мянган айл гал түлж байна. Ингээд л утааг бууруулах ажлын үр дүн гарахгүй. Тиймээс гэр хороолол дахь дэд бүтэц, орон сууц барих ажлаа эрчимжүүлье гэсэн юм. Нэг байрыг нэг жил орчим барина. Нэг жил алдах гээд байна шүү дээ. Богино хугацаанд ажлаа хийе. Харин урт хугацаандаа орон сууц барьж, дэд бүтцийнхээ асуудлыг шийдье л гэж байгаа юм” гэлээ.

Урсгал сөрсөн жолоочийн эрхийг 3 сараар хасаж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 2015 оны 7 сард шинэчлэн батлагдсан. Уг хууль дээр жолооч эсрэг урсгал сөрсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулж байсан. Харин Зөрчлийн тухай хууль 2017 оны 7 сараас хэрэгжиж эхэлсэнтэй холбондуулан дээрх заалтад өөрчлөлт орсон. Тодруулбал, урсгал сөрсөн жолоочийн жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож байгаа юм.

Тиймээс, замын цагдаагийн газраас автозамын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрвөл Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу жолоочийг 50 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч байгаа аж.

Иймд, замын цагдаагийн албан хаагчид урсгал сөрсөн жолоочийг зогсоон торгох арга хэмжээ аван, жолоодох эрхийг тань газар дээр нь 3 сараар хүчингүй болгож, харьяа дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлдэг болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл