ЭМЯ-наас сувилагч мэргэжилтэн бэлтгэх “1:2” зорилт дэвшүүлсэн талаараа хэвлэлийн бага хурал хийлээ. Манай улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гардан хийдэг сувилагч нарын тоо дутагдалтай байгаа. Судалгаанаас харахад нэг эмчид 1.2 сувилагч ногдож байгаа ажээ. Энэ тоог ойрын таван жилд нэмэгдүүлж 1:2 гэсэн харьцаатай болгох зорилтыг ЭМЯ-наас дэвшүүлсэн юм байна. Энэ зорилгынхоо хүрээнд үндсэн гурван ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Юуны өмнө сувилагч мэргэжил эзэмшсэн боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа, лицензийн хугацаа нь дууссан 10 гаруй мянган хүн байгаа бөгөөд тэднийг эргэж мэргэжлээрээ ажиллах боломжоор хангах юм байна. Үүний тулд сувилагч нарыг дахин мэргэшүүлэх 14 хоногийн сургалтын хөтөлбөрийг бэлэн болгожээ.
Манай улсын хэмжээнд анагаахын мэргэжилтэн бэлтгэдэг 12 их, дээд сургууль бий. Эдгээр сургуулиудад сувилагчийн анги нээх, хэрвээ сувилагчийн ангитай бол уг ангид суралцаж байгаа оюутнуудыг төв болон хөдөө орон нутгийн эмнэлгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, дадлагажих боломжоор хангах юм байна. Сувилагч нарыг бэлтгэх багш нарыг тусгай хөтөлбөрөөр бэлтгэх ажиллуулахад дэмжлэг үзүүлэхээр болж эхний сургалтыг хийхэд бэлэн болжээ. Ингэснээр 2020 он гэхэд “1:2” зорилтынхоо 50 хувьд хүрсэн байна гэдгийг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Оюунханд онцоллоо.