МАН-ын бүлгийн хуралдаан дууслаа. Өнөөдрийн хуралдаанаар Монгол банкны төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн танилцуулгыг хэлэлцэх байсан ч Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нар томилолттой яваа учир хойшлуулжээ. Харин "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын танилцуулгыг хэлэлцсэн байна.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Өнөөдрийн байдлаар МУ-ын хэмжээнд 900 гаруй мянган хүүхэд хүүхдийн мөнгө авч байна. Энэ нь 80 хувь нь авч байна гэсэн үг. Судалгаагаар 80 хувьдаа хүрэхгүй цаана нь авахгүй хүмүүс байдгийг ХНХЯ-ын сайд хэлж байсан. Ойролцоогоор 20 орчим хувь нь авахгүй дансанд үлддэг байна. Валютын сантай тохиролцсоны үндсэн дээр 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгохыг тохиролцсон байдаг. Зарим гишүүдийн зүгээс энэ тохиролцоондоо хүрэх нь зөв гэсэн саналыг хэлж байна. Зарим нь батлагдсан төсөвдөө багтаагаад хүссэн хүүхэд бүрт олгох нь боломжтой гэдэг саналыг хэлсэн. Ингээд гишүүд нэлээн ярилцсаны эцэст хүссэн хүүхэд бүр хүүхдийн мөнгө авах хуулийн төслийг Төсвийн байнгын хороо руу шилжүүлж, эцэслэн шийднэ гэсэн тохиролцоонд хүрсэн. Авах ёстой, зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгогдож байгаа юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олговол ойролцоогоор 27 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарна. Өнөөдөр 27 тэрбум төгрөгийг олох боломж бол бий. Гэхдээ ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Тиймээс тохиролцсон тохиролцоондоо хүрэх хэрэгтэй. Гурван өөр эх үүсвэр дээр тодорхой төсвүүд тавигдсан юм билээ. Намын мөрийн хөтөлбөрт суусан үзэл бодлын чанартай арга хэмжээнүүд гээд тэрэн дотроо Увс гэхчлэн янз бүрийн аймгуудад төсөв тавигдсан. Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсгийнхэн үүнийг нягталж үзээд бүлгийн хуралд танилцуулна" гэв.