“Худал Үнэн хоёр” гэх эртний нэгэн домгоор өнөөдрийн “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Домогт “ Худал: “Өнөөдөр сайхан тогтуун өдөр байна” хэмээн үнэнээр хэлж гэнэ. Үнэн эргэн тойрноо ажин харвал үнэхээр л сайхан өдөр болж байв. Нэгэн худгийн дэргэд ирэх хүртлээ тэд хамтдаа их л удаан алхжээ. Худал “Энэ худгийн ус их дулаан байна. Хамт усанд оръё” гэж дахин үнэнээр хэлэв. Үнэн эргэлзэнгүйгээр худгийн усанд гараа дүрж үзвэл үнэхээр л бүлээхэн сайхан байв. Тэд хувцсаа тайчин, хамтдаа худгийн усанд булхажээ. Тэгтэл Худал уснаас гэнэтхэн гараад Үнэний хувцсыг өмсөөд зугтчихжээ. Уурлаж хилэгнэсэн Үнэн араас нь ухасхийн гарч Худлаас хувцасаа буцаан авахаар хөөв. Гэвч чармай нүцгэн Үнэнийг харсан хүмүүс түүнд туслах нь бүү хэл хорсол жигшил, ичгүүрээр булан нүүрээ буруулцгааж байв. Хөөрхий Үнэн ичсэндээ худагтаа буцан орж нүцгэн биеэ нуух болов. Тэр цагаас хойш Худал хорвоо ертөнцөөр Үнэний хувцасыг өмсөн явж, нүцгэн Үнэнийг харах дургүй хүмүүсийн дур хүсэлд нь нийцэн амьдардаг болжээ.
Өнөөдөр хэвлэлийн хуудаснаа
Д.Хаянхярваа: Увс аймагт 52.8 тэрбум төгрөг хуваарилсан гэх асуудлыг ажлын хэсэг нягтална
МАН-ын бүлгийн хуралдаан дууслаа. Өнөөдрийн хуралдаанаар Монгол банкны төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн танилцуулгыг хэлэлцэх байсан ч Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нар томилолттой яваа учир хойшлуулжээ. Харин "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын танилцуулгыг хэлэлцсэн байна.
Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Өнөөдрийн байдлаар МУ-ын хэмжээнд 900 гаруй мянган хүүхэд хүүхдийн мөнгө авч байна. Энэ нь 80 хувь нь авч байна гэсэн үг. Судалгаагаар 80 хувьдаа хүрэхгүй цаана нь авахгүй хүмүүс байдгийг ХНХЯ-ын сайд хэлж байсан. Ойролцоогоор 20 орчим хувь нь авахгүй дансанд үлддэг байна. Валютын сантай тохиролцсоны үндсэн дээр 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгохыг тохиролцсон байдаг. Зарим гишүүдийн зүгээс энэ тохиролцоондоо хүрэх нь зөв гэсэн саналыг хэлж байна. Зарим нь батлагдсан төсөвдөө багтаагаад хүссэн хүүхэд бүрт олгох нь боломжтой гэдэг саналыг хэлсэн. Ингээд гишүүд нэлээн ярилцсаны эцэст хүссэн хүүхэд бүр хүүхдийн мөнгө авах хуулийн төслийг Төсвийн байнгын хороо руу шилжүүлж, эцэслэн шийднэ гэсэн тохиролцоонд хүрсэн. Авах ёстой, зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгогдож байгаа юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олговол ойролцоогоор 27 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарна. Өнөөдөр 27 тэрбум төгрөгийг олох боломж бол бий. Гэхдээ ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Тиймээс тохиролцсон тохиролцоондоо хүрэх хэрэгтэй. Гурван өөр эх үүсвэр дээр тодорхой төсвүүд тавигдсан юм билээ. Намын мөрийн хөтөлбөрт суусан үзэл бодлын чанартай арга хэмжээнүүд гээд тэрэн дотроо Увс гэхчлэн янз бүрийн аймгуудад төсөв тавигдсан. Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсгийнхэн үүнийг нягталж үзээд бүлгийн хуралд танилцуулна" гэв.
“Сентерра гоулд” компани Бороогийн уурхай, Гацууртын ордыг заржээ
Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг Канадын Сентеера гоулд компани манай улсад эзэмшиж байсан Бороогийн алтны уурхай болон Гацууртын алтны ордоо зарсан тухай мэдээлэл гарч эхэллээ. Дээрх ордуудыг Сингапурын “OZD ASIA PTE Ltd” хэмээх хувийн компани 35 сая ам.доллараар худалдаж авсан талаар гадаадын хэвлэлүүдэд онцолжээ. OZD нь Монголд үйл ажиллагаа явуулдаг “Boroo Gold”, “Centerra Gold Mongolia” компаниудыг 100 хувь эзэмшдэг “Centerra Netherlands” компанийг гаргасан бүх хувьцаа, өр төлбөрийн хариуцлагатай нь хамт худалдаж авсан аж. Харин олны анхаарлыг татаад байгаа OZD ASIA PTE-ийн гүйцэтгэх захирлаар Эрдэнэбаатарын Дөлгөөн гэж Монгол залуу ажиллаж байгаа талаар албан бус эх сурвалж мэдээлэл өглөө. Э.Дөлгөөн өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. Э.Дөлгөөн нь Блүүмбэрг телевизийн Монгол дахь салбарын захирал Э.Долгионы төрсөн дүү аж.
ОРОН НУТАГ: Увс аймагт шатахууны үнэ литр тутамдаа 60-100 төгрөгөөр нэмэгджээ
Тэгвэл орон нутаг шатахууны үнэ дахин нэмэгдсэн байна. Тодруулбал, Увс аймагт бензин шатахууны үнэ дахин нэмэгджээ. Ингэснээр одоогоор А 92 бензин 2150 төгрөг, А 80 бензин 1970 төгрөг болж литр тутам нь 60 төгрөгөөр нэмэгдсэн байна. Дизель түлш 90 төгрөгөөр нэмэгдэж нэг литр нь 2330 төгрөг болжээ. Увс аймагт бензин шатахуун жижиглэнгээр болон бөөнөөр худалдаалдаг долоон компани үйл ажиллагаа явуулдаг. Тэд бүгд шатахуун үнэ тодорхой хэмжээгээр нэмсэн аж.
Энэ талаар нутгийн иргэд " Шатахууны үнэ амралтын өдрөөр 60-100 төгрөгөөр нэмэгдчихлээ. Шатахууны үнэ нэмсэн гэх сургаар худалдаа үйлчилгээ эрхлэгчид бараа бүтээгдэхүүн дээрээ 100-250 төгрөг нэмж борлуулж байна. Зөвхөн манай аймагт шатахуун нэмэгдсэн юм биш. Хоёр гурван аймагт шатахуун үнэн гэнэт нэмэгдсэн гэх яриа гарч байна" гэж ярьж байна.
Он гарсаар шатахууны үнэ 3 удаа нэмэгдсэн гэх мэдээллийг өнгөрсөн 7 хоногт Монголын Үйлдвэрчний эвлэлээс өгсөн билээ. Мөн Шатахууны үнийн өсөлтийн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийсэн. АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр" Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай .Дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд нөлөөлж ирсэн. Манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж худалдаа хийдэг. Тиймээс ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт шатахууны үнэд нөлөөлж байна. Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай. Дэлхийн зах зээлд дээрх газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компани аашаа хэрхэн хувирна, түүнээс шууд хамаарсаар ирсэн. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрчээ. Энэ өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компани энэ оны 10 дугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмсэн.Ингэснээр Аи92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болжээ. Өөрөөр хэлбэл энэ үнээр манай улсад шатахуун нийлүүлэгдэж буй гэсэн үг. Дээр нь ам.долларын үнийн өсөлтөөс үүдэж, өдөр тутмын хэрэглээ болсон шатахууны үнэ нэмэгдсэн" гэх мэдээллийг өгсөн билээ.
Б.Махбалаас гадна өөр нэг хүнийг яллагдагчаар татжээ
Зам тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн наймдугаар сард хүн амины онц ноцтой хэрэг гарсан билээ. Тус хэрэгт ЗТХ-ийн яамны Г-г Төрийн удирдлагын хэлтсийн дарга Б.Махбал олон удаа цохиж өшиглөсний улмаас амийг нь бүрэлгэсэн гэх хэргийг шалгаж дууссан байна. Улмаар яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлэхэд бэлэн болсон байгаа гэв. Уг хэрэгт Б.Махбалаас гадна нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд түүнийг батлан даалтад гаргаж, Б.Махбалыг цагдан хорьсон хэвээр байна. Тодруулбал, тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л-ийг яллагдагчаар татсан байна.
Зам тээврийн ослын талаарх үнэн зөв мэдээллийг худалдаж авна
Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослыг харсан хүмүүсээс мэдээлэл авахаар болсон байна. Тодруулбал, 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 17:40 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвийн урд замд 20-30 орчим насны эрэгтэй нь улсын дугаар тодорхойгүй Toyota Pruis маркийн автомашинд мөргүүлжээ.
Энэ ослын талаар харсан хүн байвал 88106295, 88051171, 99127110 утсаар холбоо барихыг зөвлөлөө. Хуулийн дагуу мэдээллийн нууцыг хадгалж, үнэн зөв мэдээллийг худалдаж авна гэв.
АНХААР: Эрэн сурвалжилж байна
2018 оны 10-р сарын 15-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, улмаар машинтай зугтах үйлдэл гаргаж цагдаагийн алба хаагчийг чирж унаган гэмтээн хэргийн газраас зугтаасан байна. Улмаар тээврийн хэрэгслээ орхин “Гүнт”-ын уулруу зугтаасан байна. /Цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа/ Уг хэрэгт - 1973 оны 06 дугаар сарын 22 өдөр төрсөн 45 настай, эрэгтэй Бадамын Энхбаяр - 1993 оны 03 дугаар сарын 27 өдөр төрсөн 25 настай, эрэгтэй Түвдэндоржийн Лундаа нарыг эрэн сурвалжилж байна. Уг хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа Б.Энхбаяр нь урд нь Залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаж мөрдөн шалгах ажиллагааны үед оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан этгээд аж.
Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 500 гаруй хүн, 260 гаруй машин механизм ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр “МАК” ХХК-ийн “Евро блок” болон тус компанийн “Хөх цав” цемент, шохойн үйлдвэртэй танилцлаа.
2015 онд ашиглалтад орсон “Евро блок” үйлдвэр хоногт 900 шоо метр блок үйлдвэрлэж, импортын хэрэгцээний 30 орчим хувийг хангахуйц байгаа юм.
Манай улсын цементийн хэрэгцээ жилд 1.8 сая тонн байдаг, үүний нэг сая тонн-ыг импортоор оруулж ирдэг үе саяхныг болтол байсан. Засгийн газар дотоодын барилгын материалын үйлдвэрүүдийг бодлогоор дэмжсэний үр дүнд манай улс өнөөдөр 1.4 сая тонн цемент үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болоод байгаа юм. Жилд сая тонн цемент, 100 мянган тонн шохой үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж буй “Хөх цав” үйлдвэр 2017 оноос ажиллаж буй ажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд дараа нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд ажиллаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг өнгөрөгч зургадугаар сард тавьсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэд бүтэц буюу автозам, төмөр зам, цахилгаан дамжуулах шугамын ажил нийт 40 хувьтай явж байна. Энэхүү бүтээн байгуулалтад 500 гаруй хүн, 260 гаруй машин механизм ажиллаж байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулсан байна.
Баянзүрх ууланд модноос дүүжлэгдсэн байсан хүүгийн амийг аварчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрх хайрхан” ууланд 10 дугаар сарын 14-ний өдөр 13:00 цагийн орчим 3 хүүхэд гараад 2 хүүхэд нь буцаад ирсэн 5 настай, эрэгтэй хүүхэд сураггүй болсон тухай дуудлага тухайн өдрийн 20:55 цагт ОБЕГ-т иржээ.
Энэ дагуу Аврах ангийн 6 алба хаагч, нэмэлт дуудлагаар НОБГ-ын 54 алба хаагч, ҮАБ-ын 24 алба хаагч, Нийслэлийн Цагдаагийн газрын 5 алба хаагч, БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 75 алба хаагч, ар гэрийнх нь 5 хүн, нийт 169 хүн, 15 техник хэрэгсэл, 1 эрэлч нохойтойгоор эрэн хайжээ.
Ингээд гэрээсээ 2 км орчим зайд “Баянзүрх” хайрханы хойд талд “Хар хошуу” гэдэг газраас БЗД-ийн 11 дүгээр хорооны оршин суугч Т /5 настай, эрэгтэй/-г хаднаас унаж хөлөө хугалж модноос дүүжлэгдсэн осголтын байдалтай байхад нь олж, анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн байна.
Залуучуудын зуны олимпоос Т.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ
Аргентин улсын нийслэлд болж байгаа “Буэнос-Айрес-2018” залуучуудын зуны III олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-д Тамирын Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр, энэ удаагийн залуучуудын олимпийн наадмаас Монголын тамирчдын дөрөв дэх (Э.Энхмаа буудлагын холимог багийн төрөлд алт, Г.Тэмүүжин, Л.Сосорбарам жүдо бөхөөр мөнгөн медаль хүртсэн) медалийг авч байгаа төдийгүй чөлөөт бөхийн тамирчдаас дараалсан медалийн буухиаг үргэлжлүүлж байна. Тухайлбал, Б.Батцэцэг “Сингапур-2010”-аас алт, Б.Дөлгөөн “Наньжин-2014”-өөс мөнгөн медаль хүртсэн бол Т.Оюун-Эрдэнэ Буэнос-Айрест хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Буэнос-Айресын дэвжээнд нийт таван барилдаан хийж медаль хүртсэн бөгөөд хэсгийн барилдаанд Мексикийн Сандра Елена Менчаса, Кубын Камила Рамиресийг тус бүр цэвэр, Румын улсын бөх Амина Роксана Капезаныг 4:2-оор ялсан ч энэ жилийн өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Зоу Шинруд оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ оны өсвөр үеийн Африкийн наадам болон тивийн аварга Нигерийн Сунмисола Балогуныг оноогоор цэвэр (15:4) ялснаар хүрэл медалийн эзнээр тодорлоо.
“Шинэ эхлэл”-ийн захирал Л.Эрдэнийг батлан даалтанд гаргажээ
АТГ-аас “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг авлигын хэргээр саатуулсан билээ. Түүнийг Эрүүгийн хэргийн 22.4-т зааснаар бусдаас хээл хахууль авсан гэдэг үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж байгаа. Өнгөрсөн баасан гарагт түүнийг 48 цаг саатуулах хугацаа дуусч Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих хүсэлтээ харьяа дүүргийн шүүхэд хүргүүлсэн ч Баянголын шүүхээс Л.Эрдэнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзсэн байна. Улмаао түүний батлан даалтад гаргажээ.
Машиндаа нууж явсан 30 гаруй тарвагыг илрүүлжээ
СХД-ийн 22 дугаар товчооны цаана буюу аюулгүйн тойрог дээр Тээврийн цагдаагийн хэлтсээс шинэ хяналтын хэлтэс байгуулан ашиглалтад оруулжээ. Энэ хэлтэс нь зам тээврийн зөрчлийг илрүүлж газар дээр нь арга хэмжээ авах ёстой аж. Хуучин энэ уулзвар дээр замын цагдаагийн алба хаагчид 24 цаг машинтай зогсч албан үүргээ гүйцэтгэдэг байсан бол энэ жилээс эхэлж ийнхүү өөрийн гэсэн шинэ байртай болсон байна.
Ер нь зам тээврийн зөрчил улирлын чанартай байдаг. Намар ургац хураалтын үед даац хэтрүүлэх, өвөл малын хулгай ихэсдэг учраас хулгайн мал, мах оруулах, түүнчлэн хууль бусаар агнасан тарвага, тарваганы мах оруулахыг завдсан зөрчлүүд байнга гардаг байна. Энэ сарын 09-нд гэхэд автомашиндаа 30 гаруй тарвага нууж оруулж ирэхийг завдсан хэргийг илрүүлсэн байна.
Замын цагдаагийн ахлагч Д.Батчулуун уг постон дээр эргүүл гүйцэтгэдэг бөгөөд тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нийт 800 гаруй тарвагыг хууль бусаар нийслэл рүү оруулж ирсэн байна. Хүмүүс ачааны бус суудлын машинд нууж хотруу оруулахыг их санаархдаг.
Гурван жилийн өмнө Завхан аймгаас хууль бусаар агнасан 360 тарвага нууж ачиж явсан зөрчлийг илрүүлж байсан. Мөн 2016 онд Говь-Алтай аймгийн Цогт сумаас нэг тонн адууны мах ачсан гэсэн гарал үүслийн бичигтэй тээврийн хэрэгслийг шалгахад махны доор 110 тарвага нуусан байсныг илрүүлсэн. Махаар өнгөлөн далдалт хийж олон тооны тарвага хууль бусаар тээвэрлэх тохиолдол их гарсан” гэв.
Шуурхай: Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирлыг баривчилжээ
АТГ-аас нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ, "Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэ нарыг мөн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулан шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлэл хүргэж байсан билээ. АТГ-аас амралтын өдөр бас нэг баривчилгаа хийсэн байна. Торуулбал, Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Д.Бямба-Очирыг баривчилсан байна. Д.Бямба-Очир ТИС төгссөн инженер мэргэжилтэй, 23 жил “Дулааны сүлжээ” компанид ажилласнаас 2001 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажилласан байна. Түүнийг хахууль өгсөн хүнтэй нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ
Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж эхэлсэн. Мөн нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.
Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн. Тэгвэл үүний дагуу энэ сарын 15-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжиж байна.