8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Оюу толгойд осол гарч, Н.Цэрэнбат сайд агаарын бохирдлыг бууруулах шийдлийн талаар мэдээлэл хийсэн өдөр

2018-10-16 18:45:00

Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ "Монголын нэг өдөр" тойм мэдээллээ хүргэх гэж байна.

Н.Цэрэнбат: 100 гаруй мянган айлын янданд төхөөрөмж суурилуулах нь агаарын бохирдлыг бууруулах зөв шийдэл

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр утаа бууруулах чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа энэ үеэр онцолсон юм.

Мөн тэрбээр  "Нэгдүгээрт бид эрүүл мэндийн асуудлыг ярина. Улаанбаатарын иргэдийн 52.9 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй байна. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэнд ямар үнэ цэнэтэй юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгааг хөндлөнгийн байгууллага судалсан байна. Бидний эрүүл мэнд маш чухал. Гэтэл Улаанбаатар хотын иргэдийн 52 хувь нь, хүүхдийн 24 хувь нь амьсгалын замын өвчлөлтэй. Зүрх судасны эмгэг 20 хувь. Нийслэлийн хүн амын нас баралт 9 хувьтай байна. Уушиг зүрхний хавсарсан өвчний нас баралт 28.8 хувьтай, уушигны хавдар өвчлөл 39.9 хувьтай байна. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой дүүрэгт амьдарч байгаа хүүхдийн уушигний багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдээс 40 хувиар бага байна. Энэ нь хүүхдүүд багаасаа ийм суурь өвчтэй болж байна гэсэн үг. Агаарын бохирдлоос үүдэлтэй. Агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллын 220 мянган гаруй айл өрхийн галлагаанаас, 10 хувь нь тээврийн хэрэгслээс, 6 хувь нь дулааны цахилгаан станцуудаас, 4 хувь нь хөрсөн дээр тогтсон бохирдлоос бий болж байгаа.  Улаанбаатар хотын хүн ам жил ирэх бүр нэмэгдэж байна. Захиргааны аргаар арга хэмжээ авч байгаа ч шилжин суурьшиж байгаа иргэдийн тоо буурахгүй байна.

100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулж, агаарын бохирдлыг дорвитой бууруулна гэж тооцоолж байгаа. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах шийдэл. Энэ мөнгөөр 900 айлын орон сууц барьж, 4,000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй.

Тиймээс аль болох эрүүл мэнддээ хохирол багатай үр дүнтэй аргыг хэрэглэх гэж байна. Математик утгаар агаарын бохирдлыг бууруулах шийдлийг сонгосон гэдгийг хэлмээр байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нам даралтын зуухнуудыг хэрэглээг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг 10 орчим хувиар бууруулах болсон" гэсэн юм.

Чөлөөтийн тамирчид ДАШТ-ийг зорилоо

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид энэ сарын 19-25-нд Унгарын нийслэл Будапештэд болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордов. Харин бүсгүйчүүд нөгөөдөр буюу 18-ны өглөө Будапештийг зорино.

Эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм. Манай тамирчдаас гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу 10 дахь удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөхөөр болж байна. Тэгвэл гавьяат тамирчин Г.Мандахнаран долоо, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамрчин П.Өнөрбат зургаа, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн, Г.Наранчимэг, Э.Нарангэрэл тав, ОУХМ Б.Шоовдор дөрөв, Т.Түвшинтулга, Н.Золбоо, Э.Сумъяа, А.Батцэцэг гурав, ОУХМ Ө.Батзул, Э.Даваачимэг хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглоно. Харин Т.Тулга, Б.Бямбадорж, Л.Төртогтох, Э.Гантуяа, Х.Болортуяа гэсэн таван тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм.

БУДАПЕШТЭД ЗОДОГЛОХ МАНАЙ ТАМИРЧДЫН ДАШТ-Д ОРОЛЦСОН БАЙДАЛ:

ЭРЭГТЭЙЧҮҮД:

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр - Тав дахиа (“Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Парис-2017”, “Будапешт-2018”)
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга - Гурав дахиа (“Будапешт-2016”, “Парис-2017”, “Будапешт-2018”,
65 кг: Төмөр-Очирын Тулга - Анх удаа (“Парис-2018”)
70 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж - Анх удаа (“Парис-2018”)
74 кг: Ганзоригийн Мандахнаран - Долоо дахиа (“Хернинг-2009”, “Стамбул-2011”, “Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Парис-2017”, “Будапешт-2018”)
79 кг: Пүрэвжавын Өнөрбат - Зургаа дахиа (“Хернинг-2009”, “Стамбул-2011”, “Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Будапешт-2018”)
86 кг: Оргодолын Үйтүмэн - Тав дахиа (“Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Парис-2017”, “Будапешт-2018”)
92 кг: Лувсандоржийн Төртогтох - Анх удаа (“Парис-2018”)
97 кг: Өлзийсайханы Батзул - Хоёр дахиа (“Парис-2017”, “Будапешт-2018”)
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо - Гурав дахиа (“Стамбул-2011”, “Парис-2017”, “Будапешт-2018”)

ЭМЭГТЭЙЧҮҮД:

50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл - Тав дахиа (“Хернинг-2009”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Парис-2017”, “Будапешт-2018”)
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Гурав дахиа (“Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Будапешт-2018”)
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Хоёр дахиа (“Парис-2017”, “Будапешт-2018”)
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Гурав дахиа (“Ташкент-2014”, “Парис-2017”, “Будапешт-2018”)
59 кг: Баатаржавын Шоовдор - Дөрөв дэхээ (“Лас-Вегас-2015”, “Будапешт-2016”, “Парис-2017”, “Будапешт-2018”)
62 кг: Энхбатын Гантуяа - Анх удаа (“Будапешт-2018”),
65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа - Анх удаа (“Будапешт-2018”)
68 кг: Соронзонболдын Батцэцэг - Зургаа дахиа (“Хернинг-2009”, “Москва-2010”, “Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Будапешт-2018”),
72 кг: Очирбатын Насанбурмаа - 10 дахиа (“Гуанжоу-2006”, “Токио-2008”, “Москва-2010”, “Стамбул-2011”, “Страткон-2012”, “Будапешт-2013”, “Ташкент-2014”, “Лас-Вегас-2015”, “Парис-2017”, “Будапешт-2018”),
75 кг: Гилэгжамцын Наранчимэг - Тав дахиа (“Будапешт-2005”, “Гуанжоу-2006”, “Баку-2007”, “Лас-Вегас-2015”, “Будапешт-2018”)

М.Анхцэцэг: Биеэ тэнхрүүлээд Токиогийн олимпийн бэлтгэлдээ орно

Хүндийн өргөлтөөр тамирчин М.Анхцэцэг амаржиж, хүүтэй болжээ. Тэрбээр УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргалтай ханилсан юм.Хосууд  энэ сарын 3-ны өдөр анхны хүүгээ өлгийдөн авсан билээ.  

Тэрбээр "Хүү, бид хоёрыгоо сарнайнд умбуулж хүлээж авсан хамгийн сайн хань, сайн аав чамдаа баярлалаа, хязгааргүй их хайртай шүү. Мөн чин сэтгэлээсээ тусалж эсэн мэнд амаржуулж хөөрхөн үртэй минь уулзуулсан Гурван гал эмнэлгийн хамт олон тэр дундаа эх барих эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон болон Үйлст, Мэндбаяр эмч нартаа гүнээ талархал илэрхийлье.Тамирчин хүн бэлтгэх хийж байхдаа янз бүрийн  өвдөлтийг тэсээд гардаг. 

Харин хүүхэд төрүүлэхэд мэдрэгдсэн тэр өвдөлт, мэдрэмжийг давахад хэцүү байсан. Гэхдээ хүүгээ тэврээд тэр бүх өвдөлтийг мартсан.

Биеэ тэнхрүүлээд Токиогийн олимпийн бэлтгэлдээ орно оо” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. 

Л.Эрдэнэ: Иргэдээс ирсэн санал гомдолын хүрээнд намайг дуудаж байцаалт авсан

АТГ-аас “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг авлигын хэргээр саатуулсан талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Түүнийг Эрүүгийн хэргийн  22.4-т зааснаар бусдаас хээл хахууль авсан гэдэг үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж байгаа. Өнгөрсөн баасан гарагт түүнийг 48 цаг саатуулах хугацаа дуусч Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих хүсэлтээ харьяа дүүргийн шүүхэд хүргүүлсэн ч Баянголын шүүхээс Л.Эрдэнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн батлан даалтад гаргаад байгаа юм. Энэ талаар Шинэ эхлэл сургуулийн захирал Л.Эрдэнэ “Иргэдээс ирсэн санал гомдолын хүрээнд намайг дуудаж байцаалт авсан. АТГ-т иргэнээс ирсэн гомдол мэдээллийн хүрээнд нэр дурьдагдсан хүнээс байцаалт мэдүүлэг авах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг намайг 30 хоногоор баривчилсан юм  байхгүй. Өнөөдөр би ажлаа хийгээд өрөөндөө сууж байна.Надад ямар нэгэн авлига авсан зүйл байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Анхаар: "Ханару" сүлжээ дэлгүүрээс мэрэгч амьтны баас их хэмжээгээр илэрчээ

БНСУ-аас хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэн, хадгалах хугацааных нь бичгийг өөрчлөн борлуулдаг байсан БНСУ-ын иргэн  Пак Дун Вон гэгчийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Тус Солонгос иргэн манай улсад хуурамч хугацаа нь дууссан бүтээгдэхүүн оруулж ирэхээс гадна Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын сүлжээ хүнсний дэлгүүр болон хятад, солонгосын хөрөнгө оруулалттай томоохон ресторануудад тэдгээр бараагаа нийлүүлдэг байсан нь нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар ил болсон байна. Мөн БНСУ-ын иргэн  Пак Дун Вон гэгч нь "Ханару" гэх сүлжээ дэлгүүрийг ажиллуулдаг байсан аж. Тус сүлжээ дэлгүүр нь баруун дөрвөн замд буюу “Нарантуул” зочид буудлын эсрэг талд байрладаг аж. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хил гаалиар нэвтрүүлэхдээ 40 тоннын контейнерийн 80 хувьд нь нууцалж оруулж ирдэг байсан гэнэ. Шалгалтын явцад 2014, 2015 онд хугацаа нь дууссан далайн гаралтай бүтээгдэхүүний хугацааг өөрчлөн, худалдаалж байсан аж.

Энэ талаар НМХГ-ын байцаагч Х.Чимгээ хэлэхдээ “Манай НМХГ-т 10 дугаар сарын 15-ны өглөө нэгэн иргэн гомдол гаргасан. Гомдол гаргагч  нотлох баримтын хамт авчир өгсөн. Бид уг мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийхэд далайн гаралтай бүтээгдэхүүн болон хиам зэрэг 2016 онд дууссан 10-иад төрлийн хүнсний бүтээгдэхүүн байна. Тус дэлгүүрийн худалдагч үйлдвэрлэсэн цаг хугацааг нь захиралынхаа үүрэг даалгаврын дагуу огноог нь өөрчилсөн гэж хэлсэн. Мөн  агуулах нь стандартын шаардлагад нийцэхгүй байгаа. Мэрэгч амьтны баас их хэмжээтэй байсан. Тиймээс агуулахыг  битүүмжилнэ” хэмээн хэллээ.

Эл мэдээлэлтэй холбогдуулан “Босоо Хөх Монгол” бүлгэм /ТББ/-ийн гишүүдийн төлөөлөл газар дээр нь очжээ. Энэ талаар “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг нар  дараах мэдээллийг өглөө.

Г.ГАНХУЯГ: ЭДГЭЭР ЗАРЖ БАЙГАА БҮТЭЭГДЭХҮҮН ДОТОР ҮНЭР ОРЖ МУУДСАН БҮТЭЭГДЭХҮҮН Ч БИЙ

“Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг “Манай  бүлгэмд Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байгаа тухай гомдол иргэдээс ирсэн. “Ханамара” сүлжээ дэлгүүрийн агуулахад 2014, 2015, 2018 онд хугацаа нь дууссан их хэмжээний загас, наймаалж, далайн байцаа зэрэг далайн гаралтай бүтээгдэхүүн байсан. Эдгээр зарж байгаа бүтээгдэхүүн дотор үнэр орж муудсан бүтээгдэхүүн ч бий. Мөн тус газар ажилладаг худалдагч нь НМХГ-ын байцаагчид гомдол гаргасан байна. Гэтэл хэдхэн хоногийн дараа тус сүлжээ дэлгүүрийн захирал гомдол гаргасан хүнийг ажлаас нь халсан байна. Эдгээр хугацаа нь дууссан бүтээгдэхүүн гаалиар орж ирдэг. Тэгэхээр гаалийн байгууллагын ажилчидтай хуйвалдсан байна. Тэгэхээр хяналт шалгалтаар ямар байцаагч шалгаж оруулж ирсэн нь ил болох байх. Мөн мэдээлэл өгсөн хүн болон хэргийг шалгаж байсан төрийн албан хаагч хүртэл ажлаас халагдсан байна" гэж ярилаа.

 Нэмэлт мэдээлэл дуулгахад: Монголд үйл ажиллагаа явуулдаг ихэнхи солонгос хоолны газрууд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн гэдгийг нь мэдэхгүй тус сүлжээ дэлгүүрээс бүтээгдэхүүнээ худалдаж авдаг байсан аж. Тус дэлгүүрээс хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаж авсан ресторан, дэлгүүрүүдтэй холбоо тогтоож, бараа бүтээгдэхүүнийг хурааж, битүүмжлээд байгаа аж.Тиймээс БНСУ-д үйлдвэрлэсэн далайн гаралтай болон бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, мөн өргөн хэрэглээний амтлагч худалдаж авахдаа анхаарал сэрэмжтэй хандахыг анхааруулж байна

Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ

Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын халдлагад өртөж биедээ хүнд гэмтэл авсан цагдаагийн алба хаагчийг өнөөдөр 11.00 цагийн үед яаралтай хагалгаанд оруулсан. Гэвч дөнгөж сая хагалгаа амжилтгүй болж нас баржээ.

Оргон зайлсан гэмт этгээдүүд цагдаагийн алба хаагчийг таван км газар машинаараа чирснээс болж тархи нь бяцарч биедээ хүнд гэмтэл авсан талаар эмчлэгч эмч нь ярьжээ. Ар гэрийнхэн нь гадагшаа явж шаардлагатай гэсэн бүх эмчилгээг хийлгэх хүсэлтэй байгаа ч эмч нар хөдөлгөөнгүй байлгах шаардлагатай, тээвэрлэлт хийх боломжгүй гэсэн хариу өгсөн тухай мэдээлж байсан юм.

Үхрийн цул мах нэг кг 9330 төгрөгийн үнэтэй байна

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.1, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн цул махны үнэ 1.6 хувь, адууны ястай махны үнэ 5.0 хувь, ямааны ястай махны үнэ 3.2 хувиар буурсан байна. Ажиглалтаар хонины ястай махны үнэ 0.8 хувь, үхрийн ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн цул махны үнэ 0.5 хувь, адууны ястай махны үнэ 2.1 хувиар буурсан бол, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

Мөн нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6210 төгрөг, үхрийн /ястай/ мах 7690 төгрөг, үхрийн цул мах 9330 төгрөг, адууны /ястай/  мах 5775 төгрөг, ямааны /ястай/ мах 4550 төгрөгийн үнэтэй байв.

Иргэдийн картын мэдээллийг хуулбарлан авч бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн иргэдийн банкны картын туузан мэдээлэл, нууц үгийг хуулбарлан авч хууль бусаар ашиглаж байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тус хэлтэст “Өөрөө ямар ч гүйлгээ хийгээгүй байхад банкны данснаас зарлага гараад байна” гэх мэдээлэл иргэдээс иржээ. Уг мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж сэжигтэй этгээд Н, Э нарыг холбогдуулан шалгасан байна. Тэднийг Улаанбаатар хотын төвд байрлах ресторануудад үйлчлэгч, зөөгчөөр ажилд орж үйлчилгээний төлбөрөө картаар хийсэн иргэдийн картын туузан мэдээлэл, нууц үгийг хуулбарлан авч, түүнийгээ ашиглан бэлэн мөнгөний машинаас мөнгө гаргаж авдаг болохыг шалгалтын явцад тогтоожээ.

Н, Э нар нь нийт 16 иргэний банкны картын мэдээллийг тусгай төхөөрөмж ашиглан хууль бусаар олж авсан болохыг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Оюу толгойн гүний уурхайд автомашин шатсан осол гарчээ

Өмнөговь аймагт “Оюу толгой” ХХК-ийн гүний уурхайд LO-055 улсын дугаартай JCВ загварын дугуйт ачигч аравдугаар сарын 15-ны өглөөний 09.30 цагт шатсан ноцтой осол гарсан байна. Дугуйт ачигч шатах үед аврах баг шуурхай ажиллаж тус бүсээс 505 уурхайчинг аюулгүй гаргасан байна. Ослын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн баг ажиллаж байгаа аж. 

"Увс аймагт төсөвлөсөн 52 тэрбум төгрөг улсын төсөв биш “хуссан” төсөв"

Энэ сарын 10-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, төсвийн хуваарилалтын асуудлаар нэлээн шүүмжлэл өрнүүлсэн, зарим УИХ-ын гишүүдийн тойрогт таван тэрбум төгрөг төсөвлөсөн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг өөрийнхөө тойрогт 50 тэрбум төгрөг суулгасныг гишүүд болон ард түмэн нэлээд шүүмжиллээ. Тодруулбал, Үндэсний аудитын газраас уламжлал ёсоор 2019 оны төсөвт аудит хийсэн байна. Аудитын дүгнэлтээс харахад аймгуудад буюу эрхэм гишүүдийн тойрогт ойролцоогоор 5-10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн байсан ч Увс аймагт бусад аймгаас даруй 10 дахин илүү хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсаны дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн  хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа  мэдээлэл өгөхдөө “Төсвийн Ажлын хэсгээс ийм асуудал гаргасан юм билээ. Гурван өөр эх үүсвэр дээр тодорхой төсөв  тавигдсан. Намын мөрийн хөтөлбөрт туссан бүс нутгийн чанартай ажил, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв зэрэгт тусгагдсан мөнгө юм билээ. Ажлын хэсгийнхэн  нягталж, танилцуулна” хэмээн хэлсэн. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийн хуваарилалт дээр засалт хийх боломжгүй” гэсэн байдлаар асуудалд хандсан бол  Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг дээр зарим зардлыг эргэн харна хэмээн хэлсэн аж.

Тэгвэл асуудал дагуулсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өөрийнхөө тойрогт хувиарласан 50 орчим тэрбум төгрөгний талаар Ерөнхийлөгч Х.Баттулга “Олон жилийн туршлагаас харахад сонгогчид ийм зүйлсээр сонгосон УИХ-ын гишүүнээ дүгнэхээ больчихсон. Эрхэм гишүүд Та бүхэн асуудалд эрүүл ухаанаар хандаж төсвийг айсуй санхүүгийн хямралд улсынхаа эдийн засгийг бага өртүүлэх, тэсэж үлдэх тал руу хандуулбал зохистой байна. Тойрогтоо барилгын суурь цутгасан эсэхээр чинь бус улс орны тогтвортой ирээдүйд хандсан, иргэдийн орлого, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлуудаар чинь л иргэд та бүгдийг дүгнэнэ.

Товчхондоо 2019 оны төсвийн төсөл маш их шүүмжлэл хүлээхээр, муу боловсрогдсон байна. Боловсруулсан хүмүүс нь илт ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдсөн байгааг гишүүд хэлж, шүүмжилж байгаа нь сайшаалтай. Жишээлбэл: Сангийн сайдын өөрийнх нь тойрог Увс аймагт бусад аймгуудаас 10 дахин их хэмжээгээр буюу 52,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн байна гэдэг бол ичгүүргүй, ёс зүйгүй үйлдэл. Миний зүгээс 2019 оны төсвийн төсөлд өгөх шүүмжлэл, санал цөөнгүй байна” хэмээн хэлсэн. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Тиймээс тохиролцсон тохиролцоондоо хүрэх хэрэгтэй. Гурван өөр эх үүсвэр дээр тодорхой төсвүүд тавигдсан юм билээ. Намын мөрийн хөтөлбөрт суусан үзэл бодлын чанартай арга хэмжээнүүд гээд тэрэн дотроо Увс гэхчлэн янз бүрийн аймгуудад төсөв тавигдсан. Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсгийнхэн үүнийг нягталж үзээд бүлгийн хуралд танилцуулна” гэсэн тайлбарыг өглөө.

Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ихэд уурлаж “...Энэ төсөв бол улсын төсөв биш “хуссан” төсөв байна. Монгол Улсын төсөв биш гишүүдийн төсөв болсон байна. Төсвөөс хулгай хийж сонгуульд бэлдэж байна. Та нар ингэх гэж өмнөх Засгийн газрыг унагаасан байна. Аудитын ерөнхий газар нэг зүйлийг дутуу орхисон байна. Хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалтыг дахин нэг хараарай. Сангийн сайд бусад аймагт 5, 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавиад зөвхөн өөрийнхөө аймаг дээр 51 тэрбум төгрөг тавьсан байна лээ шүү. Эрх мэдлээ ашиглаж байна уу гэдэгт танай байгууллага хяналт тавих ёстой шүү. Улс төрөөс, Сангийн яамнаас ангид, илүү анхааралтай ажиллаарай” хэмээн хэлсэн нь олны анхаарлыг татлаа. Ийнхүү хэл амны бай болоод байгаа төсвийн зарцуулалтаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эргэн харна биз.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл