8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулга: Хууль шүүх хүчний байгууллагыг талцуулж, 1.3 сая ам.долларын авлига өгөх хэмжээнд хүрсэн байна

2018-10-17 08:51:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн асуудлаар тус нэвтрүүлгийн хөтлөгч А.Бүрэнбаатартай ярилсан байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хийж хэрэгжүүлж буй ажил болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар "ОНЦЛОХ 30"  баримтыг хүргэж байна.

АТГ-ын даргыг сольж, офшорт байгаа мөнгийг оруулж ирье гэхэд ч УИХ хөдлөхгүй байна

  1. УИХ-ын дарга М.Энхболд 2019 оны улсын төсвийг 10 хувь хэмнэх ёстой гэж хэлсэн. Би Ерөнхийлөгчийн хувьд дээрх уриалгыг дэмжиж 15 хувь болгоё гэсэн.
  2. Харин Ерөнхий сайд “хувьсгал” хийнэ гэж гарч ирсэн тийм үү. Хэрэв тийм бол хувьсгалаа төсвөөс эхлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
  3.  Ченжүүд малчдын гар дээрээс жил бүр 10 мянга орчим тонн ноолуур авдаг. Махаа экспортолж, арьс ширээ боловсруулж чадахгүй байна. 
  4. Төрийн алба данхар байна гэж бүгд л шүүмжилдэг. Төрийн албан хаагч нарт зориулж барилга барихын оронд аймаг бүрт анхан шатны боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй.
  5. Энэ салбарт нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд л зөвхөн ноолуураас нэг жилд 2 тэрбум ам.доллар олох боломжтой. Ийм энгийн зүйлийг олон дахин яриад байхаар сүүлдээ залхдаг юм байна.
  6. Одоо ч болтугай төсвийн асуудалдаа анхаарахгүй бол 4, 4 жилээр Засаг солигдож, санамж нь хүртэл энэ хэмжээнд байдаг боллоо.
  7. Анх удаагаа улсын төсвийн асуудал ярихаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид гурав уулзсан. Илтгэгч нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байх ёстой байсан ч гадаадад байсан учир бид гурав уулзаж, дээр дурдсан асуудлын хүрээнд ярилцсан.
  8. Манай өнөөгийн тогтолцоо буюу 76 тойргийн асуудал бий. Би тойрогтоо ямар нэг юм хийхийн тулд, мөнгө хуваарилуулахын тулд Сангийн яам, Ерөнхий сайдаа “огцруулна” шүү гээд л дарамталж эхэлнэ.
  9. Сонгуулийн болон тойргийн тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй.
  10. Монгол Улс хөгжихгүй байх, иргэдийг хөгжүүлэхгүй байх бодлого асар гүн гүнзгий орж ирсэн талаар УИХ-ын гишүүд ч ярьдаг болсон байна.
  11. Одоо арьс ширээ боловсруулъя гэхэд юу нь болохгүй байгаа юм бэ? Энэ асуудлаар би одоо УИХ, Засгийн газартай ярилцаж, их ойр ажиллаж байгаа.
  12. АТГ-ын даргыг сольж, офшорт байгаа мөнгийг оруулж ирье гэхэд ч УИХ хөдлөхгүй байна. Санаачилсан, хийсэн бүх л ажлыг УИХ унагаж байна. 
  13. 2015 онд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Тэр үед “Шинхуа” гэж компанид Ухаа худгийн менежментээр одоогийн татвар бүрдүүлж байгаа ТОП-3 компанийн 2-т байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийг 60, 40 жилээр нийт 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан шүү.
  14. Миний өмнөх Ерөнхийлөгч энэ ардчилсан нийгмийг авчралцсан хүмүүсийн нэг атлаа тэр уул, уурхайг лиценз нэрээр авч, эзэгнэж байгаа хүмүүсийн лоббинд орсон байгаа биз. 
  15. Одоо ингээд гуравхан жилийн дараа өнөөдөр л гэхэд  ашигтай ажиллаж байгаа 6-7 тэрбум тонны нөөцтэй коксжсон нүүрсний ордыг үнэгүйгээр “Шинхуа” гэж компанид 100 жилээр өгөх гэж оруулж ирсэн шүү.
  16. Бид эндээс хөдлөхгүй л юм бол болохгүй. Уул, уурхайн баялагтай мөртлөө эзэнгүй, баялаггүй мөртлөө эзэнтэй улс орны ялгаа их байна.
  17. Би саяхан Азербайжан улсын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад айлчилсан. Тухайн улс Баялгийн сангаа яаж авч явдаг вэ гэдгийг судалсан. Зууны гэрээ гэж нэрлэгддэг энэ гэрээг хийснээр иргэд нь баялгийнхаа эзэн болж, 38.9 тэрбум ам.долларыг сандаа хуримтлуулж чадсан байна. Харин Монголын баялагтай болсон хүмүүс УИХ, Засгийн газар, шийдвэр гаргагчдыг барьчихсан.
  18. 10-аад хоногийн л өмнө байх. 1.3 сая ам.доллар БНХАУ-ын иргэний гэрээс олдсон мэдээ гарсан. Энэ бол үнэн. Ямар асуудал болов, ямар мөнгө байв гээд асуусан. Ван гэж хятадын иргэн Ян гэж өөрийн улсын иргэнтэйгээ нэгэн орд газраас болж маргасан байна лээ. Монгол хүнд байсан лицензийг эхлээд худалдаж авсан. Ингээд асар их баялаг гараад ирэнгүүт хоорондоо муудалцаад, шүүх хүчний байгууллагыг талцуулж, 1.3 сая ам.долларын авлига өгөх хэмжээнд хүрсэн байна. Бидний гэрт орж ирээд бидний баялгийг булаалдаж байна шүү дээ!Вангийн болон Янгийн талын шүүгч, цагдаа гээд байна. Нэг талынх нь цагдаагийн талыг толгойлж байгаа хүн нь социализмын үед бэлтгэгдсэн нэлээн ахмад генерал цолтой хүн байгаа  шүү. Би мэдээлэл ойр тул хүн гүтгээгүй. Эндээс бид юу болов гэдгийг харах, дүгнэх хэрэгтэй.          
  19. Ардчилал бол аливаа асуудлыг чөлөөтэй шүүмжилдэг, олон ургалч сэтгэлгээтэй нийгэм. Би Ерөнхийлөгчийн тухай бус засаглалаа эргэж харъя л гэсэн юм. Гэхдээ ард түмнээрээ хэлэлцүүлье. Ингэхдээ сонгууль явуулж байгаа юм шиг байдлаар иргэдээс асууж тогтолцоог өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. 64 гишүүнтэй бүлгийн шийдвэрээр Үндсэн хуульд гар хүргүүлж болохгүй. Эс бөгөөс Үндсэн хуулийг уул, уурхайгаар дамжуулан асар их мөнгөтэй болчихсон хүмүүс чиглүүлнэ шүү.
  20. Надад 1982 оны долоодугаар сарын 9-ний өдрийн Үнэн сонин байна. Энэ сонин дээр “Өмнөговь аймаг дахь Таван толгойн геологи хайгуулын ангийн У.Буянбаатар ахлагчтай өрмийн тавдугаар бригад Дорнод аймаг дахь геологийг удирдах газрын өрмийн мастер Сүрэнхүүгийн өрмийн нэгдсэн бригадын туршлагаар ажиллаж нэг сард баганат өрөмдлөгөөр 547 уртааш метр өрөмдөж, геологи хайгуулын удирдах газрын шинэ дээд амжилт тогтоож, их ойдоо бэлэг барилаа гэж” бичсэн байна.
  21. Энд бичсэнээр бол 1982 онд Таван толгойн ордыг өрөмдөж хайгаад олчихсон байсан байгаа биз. Гэтэл С.Баяр гэж хүн Ерөнхий сайд байхдаа 1 сая ам.доллараар өрөмдсөн гэх дүгнэлтээр “MCS”-д энэ ордоос тасдаад өгчихсөн. Эндээс л зөрчил үүссэн.
  22. Манай авлигын эх үүсвэр, уул уурхай буруу явсны жишээ гэж л яриад байгаа юм. Аль хэдийнэ 1982 онд олж нээсэн уурхайг яахаараа бид нээсэн гэж хэлээд тасдаад авчихдаг юм бэ. Яагаад хууль хүчний байгууллага ажиллахгүй байгаа вэ. Үндсэн хуулиа ийм хүмүүсээр оролдуулж болохгүй
  23. Саяхан би Эрдэнэс Таван толгойн захирал Ганхуяг гэж залууг дуудаж уулзаад, чи гайхамшигтай орд газарт очлоо шүү, ашигтай ажиллаж, иргэдэд хувьцааны ногдол ашиг өгнө шүү гэж хэлсэн. Намайг нэг компанийн тухай яриад байгаа гэж битгий ойлгоорой. Энэ бол тогтолцооны асуудал. Уул уурхайгаа лиценз нэрээр гаднынханд өгснөөр энэ мөнгө эргэж орж ирэхдээ төр, засгийн шийдвэрт нөлөөлөөд байгаа талаар л ярьж байгаа. Бид эндээс гарна. Гарах ч болно. Би итгэлтэй байгаа.
  24. Далан”, “овоолсон шороо” чинь миний үед эхлээгүй юм. Миний үед Төмөр замын бодлого батлагдсан. Дараа нь сонгууль болж, одоогийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх Зам, тээврийн сайдаар очсон. Тухайн үед бондоос 280 сая ам.долларын хөрөнгө оруулалт гарсан. Тэр мөнгөөр төмөр замын даланг бариад дуусгасан. Одоо дахиад хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм. А. Гансүхээс хойш хэд, хэдэн сайд солигдсон. Тэд бүгдээрээ төмөр зам хэрхэн тавьдгийг мэддэг. Энэ төмөр замыг үргэлжлүүлж тавих ёстой юм. Шийдвэр гарсан тул энэ хавар ажил эхлэх байх гэж харж байгаа-
  25.  Хэрэв өөрөө санаж байгаа бол одоогийн Засгийн газрыг бүрдүүлж байх үед би зөвшилцөх бичгийн хариуг хоёрхон цагийн дотор өгч Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг болон түүний Засгийн газрыг дэмжсэн. Гэхдээ ганцхан Сангийн сайд чинь л Монгол Улсын Сангийн сайд биш гэж эсэргүүцэж байсан. 
  26. Одоо юу болж байна гэхээр Сангийн сайд өөрийнхөө сонгогдсон тойрогт 52 тэрбум төгрөгийн төсөв тавьчихсан сууж байна. Тэгэхэд Ерөнхийлөгчийн жилийн төсөв 4 тэрбум төгрөг байх жишээтэй. Би энд өөрийнхөө төсвийг нэмүүлэх гэж яриад байгаа юм биш. Харин төсвийг ийм байдлаар оруулж ирэх юм бол Монгол Улс бахь байдгаараа л байна гэдгийг яриад байна.
  27. УИХ-д олон сонгогдсон, Засгийн газарт олон удаа ажилласан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Сангийн сайд сэтгэл гаргаж төсвөө батлуулъя гэсэн бол арай ч ийм юм оруулж ирэхгүй байх байлаа. Одоо гишүүдийн тойрогт хуваарилсан таван тэрбум төгрөгийг танаад түүхий эд боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй.
  28. Намайг УИХ-д үг хэлж, улсын төсөв дээр хувьсгал хийх тухай яриад гарсны дараа УИХ-ын гишүүн З.Нарантуяа Ерөнхий сайдаас асуулга асуусан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өгсөн хариултандаа бид хоёрын ярьж байгаа асуудлыг л ярьсан байна билээ. Бүсчилсэн хөгжил, ноос ноолуур, хөдөө аж ахуй, эдийн засгийг солонгоруулах… гээд л ярьж байгаа юм. Гэтэл төсөв нь ингэж орж ирж байдаг. Ер нь, Монгол Улсын Сангийн сайд мөн үү, биш үү гэдэг асуудлыг л ярих хэрэгтэй болж байгаа юм.
  29. Яагаад хүүхдийн мөнгийг эсэргүүцдэг юм. Энэ бол хүн амаа өсгөх бодлого. Яагаад Оюутолгойн борлуулалтын орлогыг Монгол банкаар дамжуулж, Монголд байлгая гэхээр Сангийн сайд нь лобби хийж байгаад кноп дараад унагаж байдаг юм. Энэ асуудлыг ярих л хэрэгтэй.
  30. Би байнга л амиа хорлосон, аваарт орсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо ярьж явдаг хүн болчихоод байна. УИХ дээр ч хаалттай ярьж байгаа. Болж бүтэж байгаа юм байгаа л даа. Өнгөрсөн 28 жилд алдаж оносон юм зөндөө л байгаа. Ямар ч байсан ардчилсан сонгууль явуулдаг боллоо. Гэтэл энэ нь эргээд мөнгөний сонгууль болчихлоо. 21 аймгаа авто замаар холбоод авч байна. Зориглоод л шийдсэн асуудал. Эрчим хүчний нүүрстэй байгаа мөртлөө эрчим хүчгүй байгаа асуудал ч бидэнд байна. Эцсийн дүндээ бодлогогүйн улмаас энэ бүх асуудал үүсэж байна. Бидэнд эрчим хүчний ч бодлого байхгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шинээр томилогдсон С.Даваасүрэн сайдыг дуудаад “Нар салхины цахилгаан станц барина гэх юм, судалгаа хаана байна” гэхэд байхгүй л байгаа байхгүй юу. Ийм л байна. Юу гэж байна вэ гэхээр дөрвөн жилийн настай Засаг маань өнгөрсөн 28 жилд дүнгээ тавиулчихаж. Энэ дүнг өөрчлөхийн тулд ард түмнээсээ асууя л гээд байгаа юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Zarim yumnuudaa nuuj hiij baigaag sain medeh hundee olon hund medegdej bolohgui nuuts. Nuguu nuusan tumur zam gazar dooguur yavj baigaa
2018/10/17 103.26.194.7
zochin
Eronhiilogch zorigtoi hodoloo ard tumen chin demjine
2018/10/17 103.26.194.233